Ч.ГАНТУЛГА

 

“Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Монгол Улсын төлөө” буландаа ЦДБЭЧ-ын гоцлол дуучин, ахлах ахлагч Р.Амартөрийг урилаа. Тэрбээр энэхүү чуулгад 2006 оноос эхлэн ажиллаж байгаа юм байна.

 

Дэлхийд цэргийн чуулгатай дөрвөн орон л бий

 

Бид цэргийн байгууллага гэхээр цэргийн хуаран, цагдаа, шүүх гээд төрийн хэвшлийн байгууллага санаанд буудаг. Тэднийг үргэлж тушаалаар ажиллаж, цаг наргүй хөдөлмөрлөдөг хэмээн төсөөлдөг билээ. Тэгвэл цэргийн байгууллага мөртлөө соёл урлагийг түгээж, хосолсон энэ л мэргэжлээрээ үргэлж бахархаж явдаг алба хаагчид бол ЦДБЭЧ-ын уран бүтээлчид юм. Дүрэмт хувцсаар ижилсэн гоёж, өглөө ажил эхлэхтэй зэрэгцэж, цэргийн хүний ёсоор үүрэг даалгавар авдаг ч үндсэн ажил нь дуу хуураа бусдад түгээж, цэрэг армийн нэр хүндийг алдаршуулах юм.

Энэ жил ЦДБЭЧ-ын түүхт 90 жилийн ой тохиож байгаа билээ. Уран бүтээлчид маань ойн хүрээнд олон ажил хийж, төлөвлөсний нэг нь “Үнэ цэн” мюзикль байсан юм. Энэ бүтээлд энхийг сахиулах ажиллагаанд оролцож буй гурван найзын нөхөрлөлийн тухай өгүүлсэн аж. Харин саяхан тус чуулгын гоцлол дуучин Н.Батсайхан тоглолтоо хийсэн бол маргааш энэ удаагийн дугаарын зочин Р.Амартөр дуучин маань “Нарны дуулал” анхны бие даасан тоглолтоо толилуулахад бэлэн болоод байгаа юм. Энэхүү тоглолтод цэрэг эх орны сэдэвтэй үе, үеийн сэтгэлд мөнхөрсөн дуунууд эгшиглэх юм байна.

Дэлхийн хэмжээнд цэргийн чуулгатай Хятад, Солонгос, Орос, Монгол гэсэн дөрвөн улс бий. Тиймээс эдгээр уран бүтээлчид маань эх орондоо болон гадны улсад монгол цэргийн  сүр жавхаа, нэр хүндийг үргэлж өндөрт өргөхийг эрмэлздэг ажээ.

 

Жолооч болох мөрөөдөлтэй хүү

Р.Амартөр Завхан аймгийн уугуул. Хүүхэд нас ньТүдэвтэй суманд өнгөрчээ. 2000 он хүртэл нутагтаа ажиллаж, амьдарч байгаад тэднийх Эрдэнэт хот руу шилжсэн байна. Тухайн үед 20 настай байсан Р.Амартөр дуулах хүсэлдээ хөтлөгдөн “Эрдэнэтийн хавар” дууны тэмцээнд оролцож, шагналт байранд шалгарсан нь их урам болжээ. Удаа ч үгүй  Эрдэнэтийн театрт дуучнаар орсноор мэргэжлийн уран бүтээлч болох сууриа тавьсан байна. Ийнхүү театрт таван жил дуулаад СУИС-д элсэж, гавьяат жүжигчин Д.Банди багшийн шавь болсон аж.

Харин 2006 онд тухайн үед ЦДБЭЧ-ын ерөнхий хормейстер байсан, одоо Ардын найрал хөгжмийн багшаар ажиллаж буй О.Эрдэнэцэцэг гэж найзтайгаа таарчээ. Найз нь түүнд шалгаруулалтад орох санал тавьснаар оюутны ширээнээс салаагүй байхдаа энэ том байгууллагын нэгэн эд эс болох хувь тохиосон нь энэ ажээ. ЦДБЭЧ босго өндөртэй, хүссэн хүн бүхэн орж чаддаггүй, өндөр шаардлагатай байгууллага билээ. Шалгаруулалтад орох дуучдаас эхлээд хоолойны цар хүрээ, бие бялдар, царай зүс, эрүүл мэнд гээд олон төрлийн судалгаа, үзүүлэлт, шалгалт авдаг юм байна. Эдгээр давааг давж, энэхүү албаа нэр төртэй биелүүлж яваа аавын хөвгүүн, охин тус чуулгын гол хүч нь билээ.

Дуучин Р.Амартөрд анх цэргийн байгууллагад ажиллаж, тушаал авахад хүнд, хэцүү санагдаагүй гэнэ. Харин ч дүрэмт хувцас өмсөөд өөрийгөө харахад бахархах сэтгэл төржээ. Энэ тухайгаа “Цэргийн байгууллагад ажиллаж, тушаалаас тушаалын хооронд уран бүтээлээ хийж байгаа минь миний хамгийн том бахархал. Бидэн шиг цэрэг, урлаг хоёрыг хослуулж яваа албан хаагч цөөхөн. Тиймээс ажил мэргэжлээрээ бахархаж, монгол цэргийн суу алдрыг үргэлж дээшээ өргөж явахсан гэж  хүсдэг” гэв. 

Р.Амартөр ахлагчийн хувьд хүүхэд байхдаа аав шигээ жолооч болохыг мөрөөддөг байж. Харин түүний дуулах авьяасыг харж, нээж, өдий зэрэгтэй дуучин болоход нь хамгийн том дэм, түлхэц болсон хүн нь түүний ээж юм байна. Мөн ах, дүү хоёр нь цэргийн байгууллагад ажилладаг байсан нь ч нөлөөлсөн ажээ. Түүнийг анх чуулгын босгоор алхахад даргаар нь Урлагийн гавьяат зүтгэлтэн, хурандаа  Ч.Гансүх, дэд дарга нь мөн Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч  Р.Ганбат нар ажилладаг байв. Эдгээр мундаг уран бүтээлчдээс дуучны хувьд их зүйл сурч, цэргийн албан хаагчийн хувьд тушаал, үүрэг даалгавар, хүндлэл гэж ямар үнэ цэнтэй зүйл болохыг мэдэрсэн гэнэ.

 

Энхийг сахиулсан эх орны хүү       

Дуучин Р.Амартөрийн хувьд  2018-2019 онд жил гурван сарын хугацаатай Өмнөд Судан улсад энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн билээ. Анх 2018 оны дөрөвдүгээр сард Ардчилсан Солонгос улсад болсон “Хаврын баяр”-т оролцоод иртэл бүртгэл нь эхэлсэн байв. Суданыг зорих цэргүүдийг  эхлээд эрүүл мэндийн үзлэгт оруулдаг юм байна. Эрүүл мэндээр тэнцсэнийхээ дараа хоёр сар хээрийн бэлтгэлд гарснаар хөрсөн дээрээ дунджаар 45 хэм халдаг, зун, борооны гэсэн хоёр улиралтай, ард иргэд нь дайнд нэрвэгдсэн алс Судан улсад хөл тавьсан байна. Эх орондоо хоёр сар хээрийн бэлтгэл хийхэд ерөнхийдөө тухайн улсын нөхцөл байдал, онцлог, учирч болох аюулын тухай тодорхой мэдээлэлтэй болсон тул Р.Амартөр сэтгэлзүйн хувьд харьцангуй тайван байжээ. Эрс тэс, сэрүүн уур амьсгалтай орчинд өссөн монголчуудын хувьд цаг агаарын нөхцөл л хамгийн хэцүү байсан аж.

Онгоцноос буугаад хэсэг амарсны дараа шууд үүрэгт ажилдаа оржээ. Р.Амартөр ахлагчийг очих үед цаг үеийн байдал харьцангуй тайван үе байсан ч бослого, буун дуу тасралтгүй үргэлжилдэг байсан гэнэ. Цэргүүд 24 цагаар харуулд гарна. Тухайн цагт болсон бүхий л үйл явдлыг цаг алдалгүй мэдээлэх үүрэгтэй. Өөрийн дураар гал нээх, ямар ч үед харуулын байраа орхиж явах эрхгүй. Цэргийн хуаранд гар утас ашиглахыг хориглодог учир цэргүүд хоёр сар болж байж гэр лүүгээ нэг удаа 5-10 минут ярьдаг байжээ. Энхийг сахиулах ажиллагаанд явж байсан тухайгаа “Үүрэг гүйцэтгэж байгаа цэргүүдийн хувьд эх орон, гэрээ санах нь их. Ялангуяа ар гэрт нь ямар нэгэн таагүй асуудал гарсан тухай мэдээ дуулдвал сэтгэлээр уначих гээд байдаг. Тиймээс ар гэр баттай, санаа зовинох асуудалгүй бол монгол цэргүүд маань хаана ч гологдохгүй тэсвэр тэвчээр хатуужилтай” гэсэн юм.

 

Монгол цэргүүд дүрвэгсдийн хуарангийн аюулгүй байдлыг хамгаалдаг байв

 

Орон орноос энхийг сахиулахаар ирсэн цэргүүд хэдийгээр яс үндэс, хэл соёл, үзэл бодол өөр ч дэлхийн энх тайван гэдэг ганцхан өгүүлбэр дээр нэгдэж чаддаг байжээ. Манай монгол цэргүүдийн хувьд цэргийн бааз болон дүрвэгсдийн хуарангийн аюулгүй байдлыг хамгаалах үүрэгтэй ажилладаг байсан гэнэ. Энэ хугацаанд хамгийн тэвчээртэй, дасан зохицох чадвартай, хүлээсэн үүргээ мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэж чаддаг, хамгийн найдвартай нь монгол цэргүүд гэж удирдах түвшний зүгээс манай цэргүүдийг үнэлдэг байжээ. Энэ утгаараа НҮБ-д манай энхийг сахиулагчид хамгийн өндөр үнэлгээтэй явдаг юм байна.

Ямарваа хурал болоход үргэлж “Монголын цэргүүд хамгийн шилдэг нь” гэж дүгнэдэг тухай энхийг сахиулагч Р.Амартөр онцлон ярьж байсан юм. Жил гурван сар гэдэг хүний амьдралын багагүй хугацаа. Энэ хугацааг дайны халуун цэг дээр үүрэг гүйцэтгэж өнгөрүүлнэ гэдэг мэдээж амаргүй даваа. Харийн дайсны тавьсан сум, элдэв халдлагад өртөхгүй байна гэсэн баталгаа огт байхгүй. Гэвч тэнд очсон цэргүүд аюулаас хэзээ ч зугтааж, хулчийдаггүй ажээ. Учир нь эх орноо төлөөлөөд ирсэн учир ухрах зам байхгүй гэж өөрийгөө хурцалдаг тухай ахлах ахлагч маань ярьж байсан юм. Тиймээс ч олон аавын хөвгүүд эрэлхэгээр тулалдаж, итгэл төгс үүргээ гүйцэтгээд ирдгийн нэг том жишээ нь ЦДБЭЧ-ын гоцлол дуучин Р.Амартөр юм.

Үүргээ нэр төртэй биелүүлээд эх орон руугаа буцах сүүлийн орой түүний нойр ерөөсөө хүрээгүй гэж байсан юм. Гэртээ харьж, хайртай гэр бүлтэйгээ эсэн мэнд уулзаж, энхрий охидоо харна гэхээс сэтгэл нь догдлоод байж яджээ. Дайны талбараас холдож, Буянт-Ухаа онгоцны буудлын зурвас гялтганан харагдах мөчид сая л нэг санаа нь амарсан гэсэн. Энхийг сахиулагчдыг туг далбаагаа бариад онгоцноос гарч ирэхэд Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим хүндэтгэл үзүүлж, хүлээж авсан байна. Р.Амартөр дуучны хувьд дөрвөн хүүхдийн аав ажээ. Бага охиноо дөнгөж дөрвөн сартай байхад нь Судан улсыг зорьсон байна. Харин эх орондоо ирэхэд нь өхөөрдөм охин нь хөлд орчихсон “Ааваа” гээд өөдөөс нь гүйхийг хараад нулимсаа барьж чадаагүй гэсэн.

 

“Эх орныхоо үнэ цэнийг илүү мэдэрсэн”

 

Эх орноосоо холдож, дайн дажинтай газар хөл тавьсан хүн л эх орныхоо үнэ цэнийг илүү ойлгодог гэж Р.Амартөр дуучин ярьж байсан юм. Тэрбээр “Манай залуучууд Монголоос явмаар байна, амьдарч чадахгүй нь гээд эх орноо их голдог. Гэтэл манай улс шиг энх тайван, эрүүл хөрстэй, жилийн дөрвөн улиралтай, жаргалын орон дэлхийд хаана ч байхгүй юм билээ. Би Суданд үүрэг гүйцэтгэснээрээ эх орныхоо үнэ цэнийг илүү мэдэрч, монгол хүн болж төрснөөрөө бахархсан. Энэ сайхан оронд хүн болж төрсөн бол эхлээд бид эх орноо л хайрлах ёстой. Энэ тусгаар улс амар тайван байсан цагт бусад нь болно доо гэсэн бодол тээсээр эх орондоо буусан” гэж байв.

Дуучин Р.Амартөрийн хувьд ЦДБЭЧ-ийн дуучин болсноосоо хойш одоогоор хамтарсан болон хувийн уран бүтээл нийлээд  уран сандаа 700 гаруй дуутай болжээ. Хэдийгээр урын сан арвин ч, улсын байгууллагад ажиллаж байгаа учир өөрийн карьер хөөж, цомог гаргаад явах цаг хугацаа, боломж бага байдаг гэнэ. Учир нь цэргийн байгууллага учир бүхий л ажил нь тушаалын дагуу байх учиртай. ЦДБЭЧ-ын дуучны өглөө илтгэл өгч, жагссанаар эхэлдэг юм байна. Бүртгэл явагдаж дууссаны дараа хоолойн дасгалдаа ордог ажээ.Үүний дараа уран бүтээлийн бэлтгэлээ хийнэ. Ингээд цэргийн эрдмийн лекц, бие бялдрын дасгал гээд ажил өрнөнө.

Ахлах ахлагч Р.Амартөрөөс цэргийн болон урлагийн байгууллагын ажилтан байхын сайхныг асуухад “Бид урлагийн гэдэг утгаараа илүү уяхан болчихсон байдаг. Харин цэргийн байгууллагад ажилласнаараа илүү сэтгэлийн хаттай, тэвчээртэй болсон гэж боддог. Энэ хоёр чанар нэгэн биед оршино гэдэг сайхан. Мөн ямар ч уран бүтээлч манай чуулгынхан шиг тушаал авч, цастай, бороотой, шуургатай байсан ч дүрэмт хувцсаа өмсөөд гадаа дуулж, бүжиглээд зогсож чадахгүй байх. Тиймээс би чуулгынхаа бүх уран бүтээлчдээр цаг ямагт бахархдаг” гэсэн юм. Мөн урлагийн замд хөтөлж, оруулсан ээж Г.Цэцэгбадамдаа болон үе, үеийн багш нар, ЦДБЭЧ-ийн удирдлага уран бүтээлчдэдээ баярлаж явдгаа манай сониноор дамжуулан уламжиллаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ АРАВДУГААР САРЫН 27. ПҮРЭВ ГАРАГ. № 209 (6941)