Б.ОД

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас сурагчийн дүрэмт хувцасны үнийн өсөлттэй холбогдуулан хяналт, шалгалт хийсэн байна. Шалгалтаар “Монголын оёдлын нэгдсэн холбоо” НҮТББ-ын гишүүн аж ахуй эрхлэгчид нь 2022-2023 оны хичээлийн жилд худалдаалагдах сурагчийн дүрэмт хувцасны үнийг тохирч нэмсэн байж болзошгүй үйлдэл илэрчээ.

Тодруулбал, үндэсний үйлдвэрлэгчид дүрэмт хувцасны үнэ зохиомлоор нэмсэн зөрчлийг хоёр сарын хугацаанд шалгасан байна.

Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.7 дугаар зүйлийн 1.1.1-ийг зөрчсөн  нь тогтоогдсон тул “Шилмэл загвар” ХХК, “Өүлэн менч” ХХК, “Бүтээлч-Үйлс” ХК-иудыг тус бүр өмнөх жилийн борлуулалтын орлогын гурван хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгожээ.

2020 оны наймдугаар сард бага ангийн эрэгтэй хүрэм 38-43 мянган төгрөг байсан бол энэ жил 75-78 мянган төгрөг болж өсчээ. Мөн дунд ангийн эмэгтэй хантааз хоёр жилийн өмнө 45-51 мянган төгрөг байсан бол 2022 оны наймдугаар сард 95-103 мянгаар худалдаалж байна. Ийнхүү иж бүрэн дүрэмт хувцасны үнэ 2020-2022 онд 50-85 мянган төгрөгөөр өссөн статистик бий.

Эх сурвалж:www.polit.mn