Б.ОД
Зам тээврийн зөрчлийн зургийг авч, илгээсэн иргэнийг урамшуулдаг болох талаар өмнө нь мэдээлсэн. Тодруулбал, “E-police” аппликэйшнээр автомашины зөрчлийг мэдээлсэн иргэнд тухайн торгуулийн мөнгөн дүнгийн 20 хувийг нь авах боломжийг бүрдүүлэхээр албаныхан ажиллаж байгаа юм.
Энэ журам хэзээ албан ёсоор хэрэгжиж эхлэх талаар ТЦА-ны Замын хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга Б.Гомбосүрэнгээс тодруулахад “Сайдын тушаалаар уг журмыг боловсруулах ажлын хэсэг ажиллаж байгаа болохоос хэрэгжиж эхлээгүй.Тодруулбал, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд идэвхтэй оролцсон иргэн, хуулийн этгээдийг 20 хүртэлх хувиар урамшуулж болох талаар заасан байдаг. Үүнийг хэрэгжүүлэхэд Хууль зүй, дотоод хэргийн сайд болон Сангийн сайдын хамтарсан тушаалаар журам гарах ёстой. Тэрхүү журмыг нь боловсруулах ажлын хэсэг одоо ажиллаж байгаа. Удахгүй батлагдана. Батлагдсан тохиолдолд иргэдийн E-police аппликэйшнд илгээсэн мэдээллээр зөрчил гаргасан тухайн иргэн торгуулиа төлөхөд 20 хүртэлх хувь нь илгээсэн иргэнд урамшуулал болж орох боломжтой болно” гэв.
2018 оноос хойш нэг иргэн хамгийн их буюу нийт 1551 зөрчлийг тус аппликэйшнээр дамжуулж мэдээлжээ. Гэвч үүнээс 711 нь баталгаажсан бол 800 гаруй нь дээрх шаардлагыг хангаагүйн улмаас хүчингүй болсон байна
Эх сурвалж:www.polit.mn