Б.ДАРЬСҮРЭН
Иргэн Ч.Мөнхбаярын өмгөөлөгч Г.Баасан, А.Батдорж нар тэдний эсрэг гомдол гаргасан өмгөөлөгчдийн талаар мэдээлэл өглөө.
Өмгөөлөгч А.Батдорж "Ч.Мөнхбаярыг ЭХХШТХ-ийн 1.15 дугаар зүйлд заасны дагуу гэм буруугүйд тооцох, Эрүүгийн хэргийн тусгай ангийн 19.4.1-д зааснаар гэмт хэргийн холбогдогч биш гэдгийг нотлох баримт бидэнд бий. Тиймээс хүний эрх, эрх чөлөө, хуулиа дээдлэхийг эрхэмлэж, бидний үйлчлүүлэгч гэм буруугүйг нотлох ажиллаж байна.
Ч.Мөнхбаярт холбогдох хэрэгт зургаан удаагийн анхан болон давж заалдах шатны шүүх хурал болсон. Хурал тус бүрт нотлох баримт бүрдүүлж хавтаст хэрэгт хавсаргах үйл ажиллагаанд удаа дараа хууль бус үйл ажиллагаа өрнөж буйг шүүмжилсний төлөө биднийг ёс зүйн алдаа гаргасан хэмээж байна. Жишээлбэл, энэ хэргийн материалууд нууцлах зүйлгүй байтал "нууц"-ын ангилалд оруулсан байх тул бид дэлгэрэнгүй мэдээлэл гаргаж чадахгүй байна" гэв.
Харин өмгөөлөгч Г.Баасан "Хууль зөрчиж дураараа авирлах, нотолгоогүй хүн яллах үйлдлүүдийг Эрүүгийн хэргийн анхан болон давж заалдах шатны шүүгчид гаргаж байна. Тухайлбал, СБД-ийн ЭХАШШ-ийн Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар, шүүгч З.Болдбаатар, Д.Азжаргал, НЭХДЗШШ-ийн Ерөнхий шүүгч Ш.Бат-Эрдэнэ, шүүгч Ц.Оч, Б.Ариунхишиг, Л.Дарьсүрэн, Т.Өсөхбаяр, Д.Мөнхөө нарт хариуцлага тооцуулах гомдол гаргасан. Түүнчлэн ҮАБЗ, УИХ, Засгийн газар, Улсын Ерөнхий прокурор, АТГ-т хандаж, олон нийтийн хэлэлцүүлэг хийхийг хүссэн. Иймээс хэзээ нэгэн цагт энэ хэрэг нууцын зэрэглэлээс гарч олон нийт шударга ёс хэрхэн зөрчигдөж байсныг ойлгоно гэдэгт бид итгэлтэй байна" гэсэн юм.
Эх сурвалж: www.polit.mn