П.АМГАЛАНБАЯР

 

Илбийн ухаан, хүч тамирын гайхамшгийг үзүүлэх циркийн урлагийг Монголын хөрсөнд буулгасан гавьяатай нэгэн болох Ардын жүжигчин Л.Нацагийн мэндэлсний 100 жилийн ой энэ сарын 28-нд тохиох гэж байна. Л.Нацаг нь 1972-1978 онд циркийн сургуулийн захирлаар, 1978 онд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын  Ардын циркийг санаачлан үүсгэн байгуулалцаж, жирийн ажилчин залуусыг сурган циркийн урлагт дурлуулж байсан арвин түүхтэй билээ. Түүний хөдөлмөр зүтгэлийг төр засагаас өндрөөр үнэлж 1936 онд гавьяат жүжигчин, 1972 онд Ардын жүжигчин цол олгожээ. Л.Нацаг гуайн үр хүүхдүүд өвөө, аавынхаа мэндэлсний түүхэн ойг тохиолдуулан  амьдралынх нь үнэтэй  цаг хугацааг  буулгасан гэрэл зургийн  үзэсгэлэнг толилуулах  гэж буй. Ардын жүжигчин Л.Нацаг  амьдралынхаа  ихэнх цаг хугацаа, зүрх сэтгэлээ зориулсан циркийн урлагтаа хүү Н.Болдбаатараа хөтлөн оруулсан байдаг. Мөн Н.Болдбаатарын гэргий Соёлын гавьяат зүтгэлтэн, агаарын гимнастикч Б.Оюун гэж эрхэм  бий. Циркийн урлагт  амьдралаа зориулж яваа ийм  нэгэн гэр бүлийн түүхэн жимээр аялахаар бид зорьсон юм. Ардын жүжигчин Л.Нацагийн амьдралын түүхэн замналын тухай  түүний  бэр Б.Оюунтай ярилцсанаа хүргэе.

-Ардын жүжигчин Л.Нацагийн мэндэлсний 100 жилийн ой тохиож байна. Түүний амьдралын замналыг гэрэл зургаар үзэгчдэд хүргэнэ гэлээ. Үзэсгэлэнд  хэдий цаг үеийг хамарсан  гэрэл зургууд багтсан бэ?

-Энэхүү үзэсгэлэнд Л.Нацагийн бага, өсвөр, циркийн урлагтай амьдралаа холбосон түүхэн үеүдийн гэрэл зургийг онцолно. Мөн аавын маань Завхан аймгийн Тосонцэнгэлд Ардын циркийг байгуулсан тухай, циркийн  сургуульд захирлаар ажиллаж байсан үе, хамтран ажиллаж байсан уран бүтээлчид,  гэр бүл, үр хүүхдүүдийнх нь тухай хүүрнэх гэрэл зургуудыг ч дэлгэхээр зорьж байна. Архивын матералыг үзэхэд өмнө харж байгаагүй содон зургууд гарч ирсэн. Жишээлбэл, Хятад, Втетнам, Солонгос зэрэг улсад аялан тоглолтоор явж байсан үеийн зургууд. Мөн ОХУ-ын дайны үед Улаан-Үдэд тоглож байсан, Москвад тоглож байсан том тоглолтын зургууд архивт үлдсэн байдаг.

Монголын циркийг үүсгэн байгуулагчид. Зүүн гар талаас циркийн анхны жүжигчин Д.Гомбо,  гавьяат жүжигчин Ж.Раднаабазар, ардын жүжигчин Л.Нацаг нар.

-Аав тань бага насандаа циркийн урлагийн гайхамшигт суралцахаар ОХУ-ыг зорьсон байдаг. Энэ тухай та дурсамж яриа дэлгээч?

-Аав багаасаа толгой дээрээ зогсох, годройтож эргэх зэрэг дасгалыг чадмаг хийхээс гадна  утсан хөгжмийг сайн тоглодог. Биеийн тамир, урлагт авьяастай нэгэн байсан гэдэг. Мөн Ардын жүжигчин С.Гэндэн гуайн “Вангантай танилцсан минь” номонд “Н.Ванганы дүү Нацаг их хөдөлгөөнтэй хүүхэд байсан. Гэрийнхээ баганаар авираад тооноор гараад явчихдаг. Сэргэлэн цовоо, хөгжимд авьяастай хүүхэд байсан гэж бичсэн” байдаг. Аав 12 настайдаа монгол циркийг үүсгэн байгуулж, анхлан санаачилсан, “уран” биеийн тамирын багш Ж.Раднаабазар гуайтай уулзсанаар циркчин болох гараа нь эхэлсэн байдаг. Тэгээд Ж.Раднаабазар, Д.Гомбо нартай ОХУ-ын Москва хотод Бүх холбоотын циркийн урлагийн сургуульд суралцахаар болжээ. Энэ үедээ Ж.Раднаабазар, Д.Гомбо хоёр  аав ээж дээр нь очиж зөвшөөрөл аваад хамтдаа 1936 онд Москваг зорьсон байдаг. Тэд хоёр жилийн дараа сургуулиа амжилттай дүүргэж эх орондоо ирээд улсын наадмын урлагийн үзлэгт оролцож эхэлсэн түүхтэй.  Мөн Монголын урлаг соёлын төлөөлөгчдийн хамт эх орноо төлөөлөн Дэлхийн залуучууд оюутны анхдугаар наадам болон олон  орны тоглолтод оролцож эх орныхоо нэрийг өндөрт өргөж явсан удаатай. Үүний дараагаар 1940 онд циркт хүүхдүүд сонгон шалгаруулж аваад, тэдэнд өөрсдөө зааж сургаснаар 1941 онд анхны жүжигчид нь бэлэн болсон байдаг. Ийнхүү анхны тоглолтоо  Яармагийн задгай циркийн талбайд тогложээ. Тухайн үед ЗХУ-аас мэргэжилтнүүд ирж ажилласан байдаг. Тэр үеэс Ж.Раднаабазар, Д.Гомбо, Л.Нацаг нар бусад жүжигчидтэй хамтран ажиллахын зэрэгцээ Москвад сурч эзэмшсэн чадвараа бусдад зааж сургаж, уран бүтээл хийхэд нь дэмжиж ажиллажээ. Ж.Раднаабазар гуай баавгай сургаж, илбэ үзүүлдэг байсан гэдэг. Циркийн урлагт агаарын үзүүлбэр их чухал. Аавын хувьд энэ үзүүүлбэрт илүү мэргэшсэн, чадварлаг үзүүлдэг байжээ. Тухайн үед гарч байсан үзүүлбэрийн бичлэгүүд түүхийн архивт хадгалагдаж үлдсэн байна. Үүнээс  харахад  агаарын гимнастик, тэнцвэр, гээд аавын оролцоогүй үзүүлбэр байгаагүй юм билээ. Мөн Ж.Раднаабазар, Д.Гомбо, Л.Нацагийг Монголын циркийг үндэслэн байгуулсан тулгын гурван чулуу гэж  тэмдэглэн бичсэн нь  бий. Түүнчлэн аав багш нартайгаа хамтран өөрийн төрсөн нутаг болох Завхан аймгийн Тосонцэнгэл суманд  Ардын циркийг байгуулсан. Ингэхдээ мод боловсруулах үйлдвэрийн дэргэд  ажилладаг  залуучууд болон ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдээс шалгаруулж авсан байдаг.

-Циркийн урлагийн гайхамшгийг шавь нартаа хэрхэн зааж, сургадаг байсан бол. Энэ тухай тэмдэглэл ч юм уу үлдсэн болов уу?

-Циркийн үзүүлбэрүүдэд ашиглах аппарат, хэрэгслийн зураг төслийг өөрөө гаргаж, зохион бүтээж, хамт хийдэг байсан гэдэг. Энэ тухай хамт ажиллаж байсан хүмүүс нь “Л.Нацаг багш гарын ур дүйтэй. Сэтгэн бодох чадвар сайтай хүн байсан. Аливаа үзүүлбэрийг дэглэхдээ тухайн жүжигчин ямар үзүүлбэрийг илүү сайн гаргаж чадах вэ гэдгийг сайн ажиглаж, сонгож чаддаг. 50 хүрсэн хойноо ч шавь нартаа үзүүлбэрийг нь өөрийн биеэр  үзүүлдэг байсан. Энэ нь  их сонирхолтой байхаас гадна багшийгаа хараад урам авдаг байсан. Бэлтгэлээ чанартай хийлгэхийн тулд их анхаардаг байсан” гэдгийг  шавь нар нь дурсан ярьсан байдаг. Алдартай алиалагч Данзан гуайн хүү Энхээ аавын шавь. Тэрбээр  4-5 настайгаасаа циркт  бэлтгэл хийж эхэлжээ. Бэлтгэлээ хийж байгаад гар нь цуцаж уйлахад нь аав баавгайтай чихэр  халаасандаа хийж  ирээд  “Энэ дасгалаа сайн хийчихвэл нэг чихэр өгнө  шүү” гэж аргаддаг байсан гэдэг. Хожим Д.Энхээ олон сандал давхарлаад дээр нь  үзүүлбэр үзүүлдэг чадварлаг жүжигчин болсон доо.

-Монголд шинэ цирк байгуулагдахад Л.Нацагаар ахлуулсан жүжигчдийг Румын руу явуулж байсан гэдэг?

-Шинэ цирктэй болоход агаарын зай эзэлсэн том хэмжээний үзүүлбэр хэрэгтэй болсон юм билээ. Тиймээс тухайн үед Соёлын яам, Намын төв хороо, сайд нарын зөвлөл  хуралдаж тогтоол шийдвэр гарган монголын циркийг цааш хөгжүүлэхэд том циркт тохирсон хэмжээний уран бүтээл хийх  шаардлагатай байна гэж үзсэн. Тиймээс  хаан  үзүүлбэр гэгддэг агаарын үзүүлбэрийг Монголд нэвтрүүлэх ажлыг  аавд  хариуцуулж өгсөн байдаг. Тэд Румынд очоод  өглөөд нь орой тоглох үзүүлбэрийнхээ бэлтгэлийг хийж, тоглолтынхоо дараа агаарын гимнастикийн үзүүлбэрийнхээ бэлтгэлийг хийдэг байсан гэдэг. Тэр үед манай найз Д.Сүхбаатар хамт явж байсан юм. Тэрбээр энэ тухай “Бид тухайн их ачаалалтай ажилладаг байсан. Л.Нацаг багш биднийг сэтгэлээр их дэмжинэ. Монголоос галт тэргээр Румын руу явах замдаа тухайн үед цирк хэрхэн байгуулагдаж байсан,  орон нутагт хэрхэн бригадаар явж тоглолт үзүүлдэг байсан тухайгаа ярьж өгдөг байсан” хэмээн дурсан ярьж байсан удаатай. Тэд  Румынаас ирснийхээ дараа “Үүрийн цолмон” нэртэй агаарын политын үзүүлбэрийг Монголдоо үзүүлж байсан. Энэ нь Монголын  циркийн урлагийн  түүхэнд бичигдэх чухал үйл явдал болсон юм.

-Л.Нацаг хүүхдүүдээсээ таны хань Н.Болдбаатарыг циркийн жүжигчин болгосон. Энэ тухай таны хань хэрхэн дурсаж, ярьдаг байв?

-Хань маань “Аав хүүхдүүдээсээ намайг сонгож циркийн урлагт оруулсан нь миний ирээдүйг харсан хэрэг байх. Би дунд сургуульд байхдаа хөлбөмбөг тоглож байгаад хичээлээ тасалчихсан юм. Тэр үед  сургуулийн захирал өрөөндөө дуудаад  миний хувийг хэргийг гаргаж ирээд “Энийг аваад аав дээрээ оч” гэлээ. Хичээлээ тасалсныг мэдээд хувийн хэргийг минь өгөөд аав руу явуулж байгаа юм байна. Аав намайг загнах болов уу гэж  бодсоор очлоо. Гэтэл аав маань намайг  циркийн сургуульд дагуулж очоод “Өнөөдрөөс эхлээд энд сурахаар болсон”  гэж байсан тухай дурсаж байсан юм. Хань маань илбийн үзүүлбэрээс бусад циркийн гол таван  төрлийг төгс эзэмшсэн. Монголд хүч тамир, морьтон, илбэ ухаан гэсэн гурван гайхамшгийн үзүүлбэр бий. Үүний хүч тамир,  морьтны гайхамшгийн  үзүүлбэрт хань маань тоглосон. Монголд энэ үзүүлбэрийн  анхдагч жүжигчин нь Хөдөлмөрийн баатар, гавьяат жүжигчин Д.Дамдин, Г.Доржнамжил, Н.Болдбаатар  гурав юм.

-Та агаарын гимнастикчин  мэргэжилтэй. Аавын тань хувьд хэрхэн зааж зөвлөдөг байв?

-Манай гэр Сайншандад байдаг байсан. Би тухайн үед долоон настай л байсан байх. Тэр үед манай аймагт циркийн  тоглолт ирлээ. Өмнө циркийн тоглолт үзэж байгаагүй учир их сонирхолтой санагдаж байсан. Гадаа, доторх бүхий л тоглолтыг нь алгасахгүй үзсэн юм. Тэр үед  хожим надад циркийн урлагийн А үсгийг заасан Гавьяат жүжигчин О.Цэрэндулам багш,  ирээдүйд миний хадам аав болох Л.Нацаг нар тоглолтод оролцсон байдаг. Ийнхүү би циркийн урлагтай анх танилцахдаа энэ хоёр хүний уран бүтээлийг үзэж таарсан нь  гайхалтай хувь тохиол гэж боддог. Би 1966 циркийн урлагтай амьдралаа холбосон. Агаарын гимнастикчин мэргэжилтэй. Би Монголын циркийн 40 жилийн ойгоор  циркийг  агаараар тойрч  эргэлдэх үзүүлбэрийг  хамтран тоглогчтойгоо үзүүлсэн юм. Тухайн үед бэлтгэл хийж байхыг аав маань хараад  “Сайн байна” гэж баяр хүргэж байлаа. Харин тоглолтоо  үзүүлээд ёслоход хүндэтгэлийн суудалд сууж байсан аав маань цэцэг бариад над руу гүйж ирснийг нь би хэзээ ч мартдаггүй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ АРАВДУГААР САРЫН 26. ЛХАГВА ГАРАГ. № 208 (6940)