Б.ЖАВХЛАН

 

Эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх нь ноцтой зөрчигдөж байгаа иргэд болон Байгаль орчны тухай хуулиуд зөрчигдөж байгаа талаар Өвөрхангай, Баянхонгор, Архангай аймгуудад ажилласан МБОИЗ-ийн удирдах зөвлөлийн гишүүд мэдээлэл хийлээ.

Тэд Өвөрхангай аймгийн Уянга суманд 780 га ухсан, техникийн нөхөн сэргээлт хийлгэж, хүлээн авсан ч нэг ч ургамал ургаагүй. Ан амьтан амьдрах нөхцөлгүй болжээ. 80 орчим малчин өрх нутагладаг газар 1400 га газар шинээр лиценз олгосон. Мөн Өвөрхангай аймгийн Зүүнбаян улаан сумын Баруунголын 31,6 га газар эвдэрч, 2-3 гол горхи ширгэж, Онги гол руу урсдаг голын эхэнд алт угаасан ус болон хүнд металтай бодис гол даган урсаж байна.

Хангайн нуруунаас эх авч говийн Бөөнцагаан, Адгийн цагаан нууруудад усаа 300 км урсаж нийлүүлдэг стратегийн ач холбогдолтой Баянхонгорын Байдрагын голын эх дагуу 30 гаруй уурхайд олгосон лицензийгн уршгаар голын урсац 50-60см багасаж, ган гачиг нүүрлэж байна.

Архангай аймгийн Орхон голд алтны олборлолт явуулж нөхөн сэргээлгүй орхисноос болж Орхон голыг тэжээдэг есөн голын тав нь буюу Будант, Өлт, Шийрт, Өлзийт, Гүүтийн голууд ширгэж алга болсон. Мөн 2015 онд урт нэртэй хуульд журмаар өөрчлөлт оруулснаар өнөөдөр ойн сангийн 5041 га талбай, голын эх усан сангийн 7904 га талбай, гол мөрний 518.7 га талбайг хамгаалалтын бүсээс тус тус гаргаснаас дээрх байдал үүсэхэд нөлөөлсөн" гэв. Тиймээс МБОИЗ-өөс урт нэртэй хуулийг дагасан энэ журам болон хуулийн хэрэгжилтэд Засгийн газар БОАЖЯ анхаарал хандуулахыг шаардлаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ АРАВДУГААР САРЫН 26. ЛХАГВА ГАРАГ. № 208 (6940)