С.САРУУЛ

Нийслэлийн орох, гарах товчоод ирэх сарын 1-нээс цахим системд холбогдоход бэлэн болжээ. Тухайлбал энэ сарын 22-ны өдрөөс эхлэн нийслэлээс орон нутаг руу гарч буй тээврийн хэрэгслүүд товчоогоор гарахдаа бэлэн мөнгөөр төлбөр төлөхгүйгээр шууд нэвтэрдэг болсон байна.Эхний ээлжид нийслэл орчмын товчоодыг ийнхүү цахимжуулсан бол цаашид үе шаттайгаар улсын хэмжээний 33 төлбөр авах цэгийг бүрэн цахимжуулах юм байна.

Өмнө нь төлбөр авах цэгээр нэвтрэхэд нэг тээврийн хэрэгсэл дунджаар 17.4 секунд зарцуулдаг байснаас үүдэн ачаалал ихтэй үед урт дараалал, түгжрэл үүсэн иргэдийг багагүй бухимдуулдаг байсан. Одооноос эхлэн тухайн тээврийн хэрэгслийг хүний оролцоогүйгээр тусгай камер болон RFID технологи ашиглан бүртгэж, нэхэмжлэхийг араас нь илгээх юм.

 Өөрөөр хэлбэл товчоогоор нэвтэрсний дараа мессэж болон бусад хэлбэрээр тухайн тээврийн хэрэгсэл эзэмшигчид нэхэмжлэх илгээгдэх бөгөөд тэрхүү холбоосоор орж дурын банк, төлбөрийн хэрэгслээр зам ашигласны төлбөрөө төлөх боломжтой аж.  Түүнээс гадна ROADPAY.MN болон SMARTCAR.MN сайтаар нэвтэрч улсын дугаараараа хайлт хийн төлбөрөө төлж болно. Мөн тээврийн хэрэгсэл эзэмшигч нь И-Баримт аппликешний "Хялбар бүртгэл" гэсэн хэсэгт өөрийн тээврийн хэрэгслийг бүртгүүлснээр байнга дээр дурдсан холбоосоор орж төлбөр төлөхгүйгээр НӨАТ-ын урамшууллын буцаан олголтоосоо суутгуулах боломж ч бүрджээ. Энэхүү бүртгэлд өдгөө 191 мянган иргэн тээврийн хэрэгслээ бүртгүүлээд буй.

Цаашид зам ашигласны төлбөрөө цаг хугацаанд нь төлөлгүй хуримтлуулсан тээврийн хэрэгслийг товчоодоор нэвтрүүлэхгүй.Оношилгоо үзлэгт орох, тээврийн хэрэгслээ бусдын нэр дээр шилжүүлэхэд зам ашигласны төлбөрөө заавал төлсөн байх шаардлагыг тавих аж.Авто зам ашигласны төлбөр нь орон нутгийн болон олон улсын чанартай замын засвар арчилгаа, эвдрэлийг цаг алдалгүй засахад зарцуулагддаг бөгөөд дэлхийн бусад улсуудтай харьцуулахад манайд энэ төрлийн төлбөр харьцангуй хямд буюу зам арчлалтын нийт төсвийн 15-20 хувьд ч хүрдэггүй гэлээ.

Төлбөрийн харилцааг шийдэх гурван арга:

-Дугаар таних системээр дугаарыг таньж, жолооч банкны картаа бүртгүүлсэн тохиолдолд автоматаар мөнгө шилжинэ.

-И-баримт болон бусад төлбөрийн хэрэгсэл рүү нэхэмжлэл үүсгэж шийднэ.

-Е-Mongolia болон smartcar системд нэхэмжлэл үүснэ.

Эх сурвалж: www.polit.mn