“Оюу толгой” компани боловсрол, хүний хөгжилд чиглэсэн үйл ажиллагаагаа сургууль, цэцэрлэгийн барилга барьж, тохижуулахаас эхлээд сургалтын хөтөлбөр хамтран боловсруулах, тэтгэлэгт хамруулах зэргээр өргөн хүрээнд зохион байгуулдаг билээ.

Манай компаниас зарладаг тэтгэлэгт хөтөлбөрүүд нь ахлах ангийн сурагчийн ширээнээс ажлын талбарт гарах хүртэлх бүхий л түвшнийг хамардаг онцлогтой. 2010 оноос хойш өнөөг хүртэл нийтдээ 3.732 гаруй оюутан, залууг хөтөлбөрүүддээ хамруулаад байна.

Бид 2022-2023 оны хичээлийн жилд гурван төрлийн хөтөлбөрөө зарлаж байна. Шинэ хичээлийн жилд нийт 135 оюутан, сурагчийг шалгаруулан авна. Өргөдлийг 2022 оны аравдугаар сарын 17-ны өдрөөс эхлэн 2022 оны арван нэгдүгээр сарын 15 хүртэл хүлээн авна.

• Залуусын хөгжлийн хөтөлбөр: ЕБС-ийн төгсөх ангийн сурагчдыг чадваржуулах зорилготой Залуусын хөгжлийн хөтөлбөрт 1,330 гаруй оюутан, сурагч хамруулаад байна. 2022-2023 оны хичээлийн жилд Улаанбаатар хотын 50 сурагч, Өмнөговь аймгийн Даланзадгад, Ханбогд сумын 50 сурагчийг найман долоо хоногийн турш хувь хүний хөгжлийн сургалтад хамруулна.

Хөтөлбөрийн шалгуур үзүүлэлт:

- Монгол улсын иргэн байх

- Улаанбаатар хот болон Өмнөговь аймгийн Даланзадгад, Ханбогд сумын

ЕБС-ийн XII ангийн сурагч байх.

• Дотоодын тэтгэлэгт хөтөлбөр: Уул уурхайн чиглэлээр амжилттай суралцаж байгаа оюутнуудад санхүүгийн дэмжлэг үзүүлэхээс гадна тэдний сурч хөгжих боломжийг дэмжих зорилготой юм. “Оюу толгой” 2011 оноос өнөөг хүртэл дотоодын тэтгэлэгт хөтөлбөртөө 376 оюутан хамруулаад байна. 2022-2023 оны хичээлийн жилд 25 оюутан шалгаруулна.

Тэтгэлэгт дараах зүйлс багтана:

- Сургалтын төлбөр

- Сар бүрийн тэтгэмж (стипенд)

- Оюутны дотуур байрны төлбөр

- Залуусын хөгжлийн хөтөлбөрт суралцах боломж.

Тухайн оюутан амжилттай суралцсан нөхцөлд сургуулиа төгсөх хүртлээ тэтгэлгээ үргэлжлүүлэх боломжтой. Мөн энэ жилээс эхлэн голч оноо шаардахгүйгээр тэтгэлэгт хөтөлбөрөө зарлаж байна. Ингэснээр илүү олон оюутан материалаа ирүүлэх боломж бүрдэж байгаа бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй оюутнуудыг материалаа ирүүлэхийг тусгайлан урьж байна.

Тэтгэлгийн шалгуур үзүүлэлт:

- Монголын улсын иргэн

- Магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн оюутан байх

- Бусад тэтгэлэгт хамрагдаагүй байх

- Дараах мэргэжлийн чиглэлээр суралцдаг II-IV дамжааны оюутан байх:

1. Уул уурхайн геотехник

2. Ойн аж ахуйн инженер

3. Уул уурхайн инженер, Маркшейдэр

4. Механикийн инженер

5. Цахилгааны инженер

6. Сэргээгдэх эрчим хүч

7. Автоматжуулалт

8. Геологи

9. Баяжуулалтын технологи (хими, металлурги)

10. Логистик

11. Үйлдвэрлэлийн эдийн засагч

12. Өгөгдлийн шинжлэх ухаан/ Data Science (Хэрэглээний математик,

статистик)

13. Хууль эрх зүй

14. Боловсрол

15. Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдал

16. Мэдээлэл технологи

• Уул уурхайн геотехникийн тэтгэлэгт хөтөлбөр: Тус хөтөлбөр нь уул уурхайн үйлдвэрлэлийн геотехникийн үйл ажиллагааг төлөвлөх, гүйцэтгэх, эрсдэлээс хамгаалах хянах чадвартай олон улсад өрсөлдөхүйц уул уурхайн геотехникийн инженер бэлтгэх зорилготой. 2022-2023 оны хичээлийн жилд 10 оюутныг шалгаруулна.

Хөтөлбөрийн шалгуур үзүүлэлт:

- Монгол улсын иргэн байх

- ШУТИС-ийн I-II дамжааны оюутан байх

- Бусад тэтгэлэгт хамрагдаагүй байх

Тэтгэлэгт дараах зүйлс багтана:

- Сургалтын төлбөр

- Сар бүрийн тэтгэмж (стипенд)

- Оюутны дотуур байрны төлбөр

- Залуусын хөгжлийн хөтөлбөрт суралцах боломж

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ АРАВДУГААР САРЫН 24. ДАВАА ГАРАГ. № 206 (6938)