Ч.ГАНТУЛГА

 

Өглөө мандах нартай уралдан өхөөрдөм үрийнхээ үсийг самнаад, өнгө алагласан даашинз өмсгөөд цэцэрлэгт нь хүргэж өгснөөр эгэл ээжүүдийн гэгээн өглөө эхэлдэг юм. Цэцэрлэгийн хаалгаар ороход

 “Намайг дуудаж сэрээсэн гэгээн өглөө сайн байна уу

Нарны гэрэлд гялалзсан гэгээвч цонхнууд сайн байна уу”

гэсэн хүүхэд насны гэгээн дурсамж сэргээх энэ дуу эгшиглэх нь сайхан. Саяхан л унтах нойроо харамлан үүрэглэж байсан үр минь өөрийнхөө таних тэмдэгтэй шүүгээнд хувцсаа чамбай гэгч нь эвхэж хийгээд, жижигхэн гараа даллан ээжийгээ баяртай гээд ангийнхаа хаалгаар инээд цацруулан ороход санаа амар ажил руугаа явдаг билээ.

Харин багш үүрийн гэгээтэй уралдан цэцэрлэгтээ яаран ирнэ. Ажилдаа яарах ээж ааваас урьтаж цэлгэр үүдээ нээгээд бяцхан шавь нараа хүлээж сууна. Бидний үрс ээжийнхээ гараас хөтөлж ирээд багшийнхаа гараас атгаад үлддэг. Бүхий л зүйлээ эцэг эхээсээ илүү багшдаа аминчхан ярьж, өглөөнөөс орой хүртэл хормойдон дагах нь хөөрхөн. Энэ бүх хугацаанд бидний хүүхдийг харж, тэвэрч, унтуулж, хооллож, дуу шүлэг зааж ядарсан мөртлөө  орой ээж аавд нь хүлээлгэн өгөхдөө “Маргааш цэцэрлэгтээ заавал ирээрэй” гээд инээмсэглэн үдэх цэцэрлэгийн багшийн хөдөлмөрийг юугаар ч үнэлж барамгүй мэт.

Амьдралынхаа 34 жилийг бусдын хүүхдийг хөгжүүлэхэд зориулж, энэ ажилдаа чин сэтгэлээсээ дурлаж, өөрөө яг л хүүхэд шиг болчихсон “Болор-Эрдэм” цэцэрлэгийн аргазүйч, Боловсролын тэргүүний ажилтан Энэбишийн Тунгалагийг энэ удаагийн “Амьдралын тойрог” буландаа урилаа.  

 

“ЗАЛУУ БАГШ НАРАА СУРГАЖ БАЙНА

Э.Тунгалаг багшийн ажлын өглөө хүүхдүүдээ хүлээж авахаас эхэлдэг.

Өглөө бүр “Болор-Эрдэм” цэцэрлэг рүү  хүүхдээ хөтлөөд орох эцэг эхчүүдийг Э.Тунгалаг багш “Сайхан амарсан уу. Өглөөний мэнд хүргэе” гэсээр угтдаг билээ. Өөрийг нь харахад яг л жаахан хүүхэд. Хүүхдүүдээ хараад инээж байгаа нь үнэн, хөдөлгөөн нь хурдан шаламгай ажээ. Бяцхан шавь нар нь ч цэцэрлэгтээ үлдэхгүй гэж уйлахгүй багшийгаа хараад баярлаж хөөрнө. Тэрбээр хүүхдүүдээ хүлээн авч, хувцсыг нь солиод ангид нь оруулснаар ажлын өглөө нь эхэлдэг. Өглөөний ажил жигдэрч дуусахад Э.Тунгалаг багш анги бүрээр орж, хүүхдүүдийн ирцийг бүртгэж, залуу багш нартаа заавар зөвлөгөө өгнө.

Түүний хувьд хэдийгээр гавьяаны амралтаа авсан ч насаараа хийсэн энэ л ажлаасаа холдож чадалгүй, инээд цалгисан гэгээн танхим, бяцхан хүүхдүүддээ тэмүүлсээр энэ цэцэрлэгтэй хувь тохиолоор холбогджээ. Насаараа орон нутагт, улсын цэцэрлэгт ажилласан багшийн хувьд хувийн цэцэрлэгт ч өөрийн мэдэх бүхнээрээ туслая гэж боджээ. Харин “Болор-Эрдэм” цэцэрлэгт орж ирээд хамгийн эхэнд орчин нь таалагдсан гэнэ. Ийм сайхан орчин байхад би хүүхдүүдээ хөгжүүлж чадна гэж өөртөө итгэжээ. Энэ тухайгаа “Гавьяаны амралтаа авчихсан багшийг улсын цэцэрлэг авдаггүй. Харин манай эрхлэгчийн хувьд туршлагатай багш авна гэж надад итгэл хүлээлгэсэн. Би энэ цэцэрлэгт ажилласнаасаа хойш байнга бэлтгэл анги удирдсан. Харин энэ жилээс аргазүйч багшаар ажиллаж, залуу багш нартаа өөрийн туршлага болоод мэддэг, чаддаг бүхнээ заахаар хичээж байна” гэсэн юм.

 

ЦЭЦЭРЛЭГТ ЯВААГҮЙ ЦЭЦЭРЛЭГИЙН БАГШ 

Өдгөө СӨБ-д хүүхэд төвтэй сургалтыг чухалчилж байна.

Э.Тунгалаг багш Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын уугуул. 13 хүүхэдтэй айлын дөрөв дэх охин. Аав Энэбиш нь насаараа нэгдэлд тракторын  жолооч хийсэн тээвэрчин байсан аж. Харин ижий нь ар гэрийнхээ ажлыг  зохицуулж, 13 хүүхдээ өсгөжээ. Энэбишийнх зун нь фермд ажиллана. Аав нь хавар тариалалтын ажилд оролцож, намар нь ургац хураалт гээд хоёр сараар гэрээсээ хол явна. Энэ хугацаанд ижий нь хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгт нь зөөж, амьдрал ахуйгаа зохицуулна.

Харин Э.Тунгалагийг дөнгөж ой гурван сартай байхад нь дараагийн дүү нь төрсөн учир эмээ өвөөгийн охин болжээ. Тэрбээр 22 нас хүрч, айлын гэргий болтлоо хоёр буурлынхаа дэргэд байсан гэнэ. Эмээ нь охиндоо багаас нь “Хүнд худал хэлж болохгүй, үргэлж хүнд тусалж бай, хүний итгэлийг дааж сур, хүүхэд дээрэлхэж болохгүй, буруу зүйл хийсэн бол уучлалт гуйж чаддаг ухаантай байгаарай” гэж захидаг байжээ. Ачтай буурлынхаа захисан эдгээр сургуулийг зээ охин нь өнөөдөр ч марталгүй санаж, амьдралдаа хэрэгжүүлж яваа тухайгаа дурсамж дэлгэн ярьж байсан юм.

Багаасаа л хоёр буурайдаа эрхэлж, “Танхил охин” гэсэн өхөөрдөм нэртэй өссөн гэдэг. Эмээ, өвөө нь охиноо цэцэрлэгт явуулалгүй, өөрсдөө хүмүүжүүлсэн аж. Харин дүү нар нь бүгд цэцэрлэгт явна, өөрөөс нь илүү дуу шүлэг цээжлээд ирэхэд нууцхан атаархана. Э.Тунгалаг хааяа ээжтэйгээ хамт дүү нараа цэцэрлэгт хүргэж өгдөг байжээ. Цэцэрлэгийн хаалгаар ороход угтагч багш нь инээмсэглэн угтана. Тиймээс багаасаа л багш, тэр дундаа дунд сургуулийн багш  болох мөрөөдөл тээсэн аж.

Э.Тунгалаг наймдугаар анги хүртлээ сумынхаа сургуульд сураад 1984 оноос Баянхонгор аймгийн нэгдүгээр арван жилийг дүүргэжээ. Тухайн жил тэдний сургуульд сургуулийн багшийн хуваарь ганцхан ирсэн аж. Тиймээс багш болох мөрөөдлөө биелүүлэхийн тулд цэцэрлэгийн багш болохоор шийдсэн байна. Ийнхүү 1986-1988 онд Дархан хотын Анагаах ухааны их сургуулийг хүүхдийн сувилагч, хүмүүжүүлэгч гэсэн мэргэжлээр төгссөн байна.

 

АЖИЛ АМЬДРАЛЫН ГАРААГАА II ЯСЛИАС ЭХЛЭВ    

II яслидаа 30 жил ажиллажээ.

Эмээ, өвөөгөөсөө холдож үзээгүй охины хувьд гэрээсээ хол хоёр жил сурахад үргэлж гэрээ санаад сэтгэлзүйн хувьд хүндхэн байжээ. Өнөөгийнх шиг гар утас, интернэт гэж байсангүй. Тиймээс ихэвчлэн гэр лүүгээ захидал бичнэ. Охиных нь сэтгэлийн үгээ бичсэн захидал одоо ч өвөөгийнх нь авдарт хадгалаастай хэвээр байгаа гэнэ. Э.Тунгалагийг  сургуулиа төгсөх жил ангийнхныг нь ихэвчлэн одоогийн Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд хуваарилжээ. Харин тэрбээр эмээ өвөөдөө яарсаар төрөлх нутгийнхаа II яслиас ажил амьдралын гараагаа эхэлсэн юм.

Залуухан боловсон хүчнийг анх очиход тухайн ясли нь гурван гэр бүлэгтэй, даргын өрөө, угаалга, гал тогоо гэсэн зургаан гэрээс бүрдсэн байжээ. Тохилог цэцэрлэгт ажиллана гэж төсөөлж байсан багшид энэ нь нэг ёсны ажил мэргэжлийнх нь шалгуур болсон гэдэг. Цэцэрлэгийнх нь удирдлага ч мэргэжлийн, мундаг багш ирсэн гэж түүнийг үнэлээд ахлах бүлэг болох гурван настнуудыг даатгажээ. Багш маань хүүхдүүдээ хүлээж авахынхаа өмнө эрт очиж, гал түлж гэрээ дулаацуулах үүрэгтэй. Хүүхдүүдээ халуун галаас хамгаалж, модоор тойруулан хамгаалалт хийнэ. Туслах багшийнхаа хамт дөнгөж гурван настай, жаахан хүүхдүүдээ ээлж ээлжээр тэвэрч, бүүвэйлж унтуулна. Хажуугаар нь хөгжүүлэх хичээлээ зааж, дуу шүлэг цээжлүүлнэ. Залуу хүний хувьд энэ бүхэн эхлээд түвэгтэй, хэцүү санагддаг байж. Ажлаа тараад шантраад очих бүрийд эмээ, өвөө нь “Чи одоо л шантрах юм бол цаашлаад амьдралын олон даваа нугачааг давж чадахгүй сөхөрнө. Тиймээс нэгэнт сонгосон ажил мэргэжилдээ хайртай байж, үнэнч ажилла” хэмээн захидаг байсны хүчинд өнөөдрийн Э.Тунгалаг байгууллагынхаа шилдэг ажилтнаас эхлээд хүүхдүүдийнхээ хайртай багш, эцэг эхчүүдийн итгэлт хүн болж төлөвшсөн аж.

Тухайн үед II яслийн эрхлэгч нь Пагма хэмээх эмэгтэй байжээ. Дөнгөж 20 настай шинэхэн багшийг зааж чиглүүлж, урам өгч байсан хүн нь цэцэрлэгийн эрхлэгч нь аж. Э.Тунгалаг багшийн нэг онцлог нь тэрбээр II яслиа өргөжиж, тохилог байранд орж, VI цэцэрлэг болтол нь буюу буйр сэлгэлгүй үнэнчээр 30 жил ажилласан юм. Пагма даргынх нь дараагаар тухайн яслийн эрхлэгчээр С.Шүрэнцэцэг хэмээх эмэгтэй иржээ. Э.Тунгалаг багш С.Шүрэнцэцэг эрхлэгчтэйгээ Баянхонгор аймгийн VI цэцэрлэгийн хөгжлийн төлөө амьдралынхаа 28 жилийг зориулжээ. Анх зургаан гэрээс бүрдэж байсан тус цэцэрлэг 2017 он гэхэд хоёр тусдаа байр, 34 ажилтан, найман бүлэгтэй болж өргөжсөн байна. Энэ хугацаанд шинэ байрны төсөл бичих, залуу багш нараа зааж чиглүүлэхээс эхлээд цэцэрлэгийн доторх бүхий л ажилд Э.Тунгалаг багш гар бие оролцсоор иржээ. Ийнхүү тэрбээр 2018 онд амьдралынхаа 30 гаруй жилийг зориулсан цэцэрлэгээсээ гавьяаны амралтаа авсан түүхтэй. Хэдийгээр дахиад ажиллах боломжтой байсан ч эрүүл мэндийн шалтгаанаар Улаанбаатар хотыг зорьсон байна.

 

СУРГАЛТЫН  МАТЕРИАЛАА ӨӨРИЙН ГАРААР БЭЛДДЭГ

 

1980-аад оны цэцэрлэгийн багш нар ихэвчлэн хүүхдэд дадал хэвшил олгох аргазүйг чухалчилдаг байжээ. Мөн багш төвтэй сургалт илүү дэлгэрч байв. Харин 2019 оноос хойш хүүхдийн суурь хөгжил дээр нь төвлөрч хөгжүүлэх, хүүхэд төвтэй сургалтын арга барилыг илүүд үздэг болсон тухай ахмад багш маань онцолж байсан юм. Тэрбээр дөнгөж ажилд орсон шинэхэн багш байхдаа эцэг эхчүүдэд сургалт зохион байгуулдаг байв. Эрүүл мэндийн харьяа ясли байсан учир гар угаах арга барилын тухайд өөрөө гарын авлага хийж, хичээл заана. Энэ ажил нь ч үр дүнгээ өгч эцэг эхчүүд хүүхдийнхээ ариун цэвэрт ихээхэн анхаарч, үр дүнгээ өгч байсан гэнэ.

Цэцэрлэгийн багш нарын хувьд хүүхдүүдээ сургах гол зэвсэг нь зурж будах бэлдэцүүд. Тухайн үед өнөөгийнх шиг өнгөт принтерээр хэвлэнэ гэж байсангүй. Бүх хичээлийн хэрэглэгдэхүүнээ өөрийн гараар зурж, хайчилдаг байжээ. Зургаа муухай болгохгүйн тулд номоо цонхон дээр тавиад гэрэлтүүлнэ. Бэлдэцээ цэцэрлэг тарсны дараа ангидаа үлдэж хайчилна. Эсвэл гэртээ авч очоод нөхөр, хүүхдүүдээ дайчилна. Бичгийн цаас байхгүй учир ватум цаас аваад нэг бүрчлэн зүснэ. Энэ мэт 1980, 1990-ээд оны багш нар бүх материалаа өөрийн гараар бэлддэг, уйгагүй хөдөлмөрч байсан байна.

Э.Тунгалаг багш “Би дөнгөж 20 настай II яслидаа очиж байсан. Өөрөө бараг хүүхдээрээ, хүүхэд төрүүлээгүй байсан учир эхний жил арга барил жаахан дутсан тал бий. Харин 1989 онд том охиноо төрүүлчихээд эргээд ажилдаа ороход нэг л өөр мэдрэмж төрж, хүүхдүүдээ харахаар л хайр асгараад байдаг байсан. Гэхдээ би өөрийнхөө хүүхдүүдэд бус өрөөлийн хүүхдүүдэд илүү сэтгэл гаргасан байж магадгүй. Энэ нь сайн хань, хадмуудын буян байж дээ гэж боддог” гэсэн юм. Э.Тунгалаг багшийн насны хань нь модны үйлдвэрийн мужаан Л.Цэрэнсоном гэж сайхан эр байв.

 

ШИФИЛЖ ТАНИЛЦСАН ЗАЯАНЫ ХАНЬ

 

Ханьтайгаа 1988 онд танилцаж дөрвөн охинтой болов.

1980-аад оны залуусын дунд бусад байгууллагуудтай шифийн харилцаа тогтоодог уламжлалтай байжээ. Энэ уламжлалын дагуу II яслийн багш нар модны үйлдвэрийнхэнтэй холбоо тогтоожээ. Эндээс л нэгэн айл гал голомтоо бадраасан нь Л.Цэрэнсономынх байв. Тэднийх дөрвөн охинтой бөгөөд анхны охиноо 1989 онд өлгийдөж авчээ. Э.Тунгалаг багш хэдийгээр цэцэрлэгийн багш ч гэлээ өөрийн хүүхдүүдээ ангидаа авдаггүй байж. Хүүхэд өсгөх, зөөх, харах ажлыг нь түүний хань л хичээнгүйлэн биелүүлдэг байв. Хэдийгээр гэр орондоо үзэгдсэнгүй, өөрийнхөө хүүхдүүдэд анхаарал тавьсангүй гэж зэмлэдэг ч хэзээ ч гэргийгээ дуртай ажлаас нь гар гэж хэлдэггүй байсан аж. Тийм сайн ханьтай учирсан болохоор сэтгэл тайван ажлаа хийж, хөөрхөн хүүхдүүдийнхээ гэгээн ертөнцөд жаргасан аз жаргалтай эмэгтэй болжээ.

Гэвч хүний амьдрал санаснаар болдоггүй нь харамсалтай. Түүний хань 2008 онд зуурдаар таалал төгссөн байна. Тухайн үед бага охин нь дөнгөж 35 хоногтой үлдсэн гэнэ. Энэ үеэс Э.Тунгалаг амьдралын хатуу хөтүүг үзсэн ч, шантарч бууж өгөлгүйгээр дөрвөн охиноо хүний дайтай, мэргэжилтэй хүн болгоно гэж зүтгэн энэ он жилүүдийг тэвчсэн тухайгаа ярьсан юм. Гэхдээ тэр хүнд, хэцүү цаг үеийг туулахад цэцэрлэгийн эрхлэгч С.Шүрэнцэцэг болон хадмууд нь түүнд сэтгэлийн дэм хайрлаж байсан гэнэ. Энэ тухайгаа “Ханиа алдсан эхний сарууд хэрхэн өнгөрснийг одоо ч би санадаггүй юм. Нялх биетэй байсныг хэлэх үү, их л хэцүү цаг хугацаа байсан даа. Тухайн үед манай эрхлэгч санаа нь зовоод төрөөд 56 хонож байхад минь намайг дуудаж ажилд буцаагаад оруулсан. Энэ хүн сэтгэлзүйн хувьд хэцүү байна. Ямар ч алхам хийж магадгүй гээд миний өмнөөс айсан байх. Тэр нь ч дээр болсон юм. Эргээд ажилдаа, хүүхдүүд дундаа ороод л би сэргэсэн. Мөн хадам ээж О.Норжинханд минь надад их дэм болсон. Ижий минь одоо 90 нас гарчихсан, нутаг усандаа энх тунх бий. Би эдгээр хүмүүсийн ачийг хэзээ ч мартдаггүй” гэсэн юм.

Мөн “Баянхонгор аймгийн Боловсрол шинжлэх ухааны газрын СӨБ-ын мэргэжилтэн  Б.Оюунгэрэл болон С.Шүрэнцэцэг эрхлэгч, Мөнхзул эрхлэгч, одоогийн “Болор-Эрдэм” цэцэрлэгийн эрхлэгч А.Дожил нартаа чин сэтгэлээсээ баярлаж явдаг. Та бүхэн минь намайг дэмжиж, урам өгч, урамшуулдаг учраас би өдий зэрэгтэй яваа юм шүү” хэмээн  манай сониноор дамжуулсныг нь уламжлая. Э.Тунгалаг багшийн хувьд хүүхдийн цагаан буян, цангинасан инээдээс эрч хүч, энерги авч “Цэцэрлэгийн багш” хэмээх алдраа олон шавь нарынхаа амжилт бүтээлээр мялааж яваа нэгэн. Энэ жил түүний сургуулийн өмнөх боловсролын салбарт ажиллаж буй гэр цэцэрлэгээс эхэлсэн 34 дэх намар нь билээ.  
 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ АРАВДУГААР САРЫН 24. ДАВАА ГАРАГ. № 206 (6938)