Б.ОД

ДЭМБ-ын 2021  оны тоон мэдээллээр 18 сая хүн хорт хавдраар өвчилж, 9,5 сая хүн хорт хавдрын улмаас нас барж байгаагаас умайн хүзүүний хорт хавдраар 569847 эмэгтэй өвчилж, 310 гаруй мянган эмэгтэй амиа алджээ.

Монгол улсад жилд дунджаар 300 орчим эмэгтэй умайн хүзүүний  хавдраар нас бардаг ба  тохиолдол болон нас баралтын тоогоор тэргүүлж байна. Тодруулбал, хавдраар эндэж буй  12 эмэгтэй тутмын нэг нь умайн хүзүүний  хавдраас шалтгаалдаг гэсэн харамсалтай тоон мэдээлэл бий.

Умайн хүзүүний хорт хавдрыг хянах чиглэл, хүний папиллома вирус (ХПВ)-ийн эсрэг вакциныг нэвтрүүлэх ажлыг Монгол Улс 2011-2012 онд хийж 10 мянга гаруй иргэн хамрагдсан байдаг. Тухайн онд вакциныг тухайн иргэний нас хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилан 1-3 тунгаар хийсэн ба вакцин хоорондын зайг ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу 6-12 сар байхаар зохион байгуулж байсан. Гэвч уг вакцины талаар ойлголтгүйгээс болж муйхарлан эсэргүүцэгч хэсэг бүлэг хүмүүс олон нийтийн дунд  хуурамч, нотолгоогүй мэдээлэл тарааснаас үүдэн иргэдийн вакцинжуулалт зогссон байдаг.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын (ДЭМБ)-ын Эрдэмтэдийн зөвлөлөөс 2022 оны дөрөвдүгээр сард нэг тун хийлгэсэн ч дархлал тогтоц 96-аас дээш хувь байгаа тул нэг тунгаар хийх зөвлөмж гаргасан байна. Ийн Эрүүл мэндийн яамнаас санаачлан Дархлаажуулалтын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар 2023 оноос тус вакциныг товлолт вакцинд оруулахаар төлөвлөөд байгаа юм.

Эх сурвалж:www.polit.mn