П.АМГАЛАНБАЯР

Монголд анх удаа болох гэж буй “Мишээл салса марафон 2022” салса бүжгийн тэмцээний талаар зохион байгуулагчид мэдээлэл өглөө. Хамгийн олон бүжигчдийг нэг дор цуглуулсан, хамгийн өндөр шагналын сантай уг тэмцээн Мишээл энтертаймент гудамжинд энэ сарын 23-нд 16:00 цагаас эхлэх юм байна. Уг тэмцээнийг Нийслэлийн аялал жуулчлалын газрын дэмжлэгтэйгээр “Мишээл” групп , Монголын салса бүжгийн холбоо  хамтран зохион байгуулж байна. Харин ерөнхий зохион байгуулагчаар  “Нью-Йорк street” болон “К-pop” ресторан ажиллах аж.

Ө.Үлэмжтөгс: “Улаанбаатар салса марафон”-ыг зохион байгуулна

Энэ үеэр тус тэмцээнийг санаачлагч  Ө.Үлэмжтөгс мэдээлэл өглөө. Тэрбээр “Мишээл энтертаймент  гудамж  үйлчилгээний төвүүдийн стандартыг мэргэжлийн түвшинд байлгах үүднээс  анхаарч ажиллаж байна. Ресторан бол зөвхөн хоол идэх биш хүмүүс хоббигоо хөгжүүлэх, цагийг зөв боловсон өнгөрүүлдэг газар гэдгийг бүжгийн тэмцээнийг сонирхон ирсэн хүмүүс харах байх. Мөн бид  “Cover night marapon”-ийг зохион байгуулахаар ажиллаж байна. Түүнчлэн ирэх хавар  Нийслэлийн аялал жуулчлалын газар, Нийслэлийн соёл урлагийн газрын дэмжлэгтэйгээр “Мишээл групп”, Монголын салса бүжгийн холбоо “Нью-Йорк street” ресторанууд хамтран “Улаанбаатар салса марафон”-ыг зохион байгуулахаар ажиллаж байгаа. Залуучуудыг амьдралын зөв хэвшилтэй, идэвхтэй хөдөлгөөнтэй байхыг уриалж  арга хэмжээнүүд зохион байгуулж байгаа Монголын салса бүжгийн холбоо болон хамтарч ажиллаж байгаа байгууллагууддаа  баярлалаа” гэлээ.

Б.Тэргэл: Мишээл энтертаймент  гудамж  дотор орчинд байгаа  мэт таатай  уур амьсгалыг бүрдүүлсэн

Тэмцээний талаар зохион байгуулалтын талаар Мишээл группийн Мишээл энтертаймент гудамжны  ерөнхий менежер  Б.Тэргэл мэдээлэл өглөө.  Тэрбээр “Мишээл энтертаймент  гудамж  бол олон улсын хоолны наадам  зохион байгуулахаас гадна,  хоолны үйлчилгээг үзүүлдэг монголын анхны аялал жуулчлалын гудамж. Манайх 15 гаруй үндсэн харилцагч,  баар, караоке, ресторантай. Мөн  15 гаруй street гудамж үйл ажиллагаа явуулж байна. “Мишээл салса марафон 2022” тэмцээнийг зохион байгуулахад street гудамжны давуу талууд онцлог болж байна. Жишээ нь “Манайх дулааны систем ашигладаг учраас өвөл, зун байсан дотор орчинд байгаа  мэт таатай  уур амьсгалыг бүрдүүлдэг. Тиймээс энэ удаагийн тэмцээнд оролцогчид гадуур хувцасгүйгээр бүжиглэх боломжтой” гэсэн юм.

Б.Булгантуяа: Тэмцээний шагнал хоёр сая төгрөг

 Харин Монголын салса бүжгийн  холбооны тэргүүн Б.Булгантуяа тэмцээний шүүлтийн   талаар  мэдээлэл өглөө. Тэрбээр “Салса бүжгийн холбоо үүсгэн байгуулагдаад арван жил болсон. Монголдоо анх удаа гудамжны  салса бүжгийн тэмцээн зохион байгуулахад хамтарч ажиллаж байгаа байгууллагууддаа баярласнаа илэрхийлье. Энэ удаагийн тэмцээн нийтийн латин бүжгийн төрөлд багтдаг  манай улсад түлхүү хөгжиж байгаа салса, кизомба,  бачата, нэрэнгэ гэсэн дөрвөн бүжгийн төрлөөр зохион байгуулагдана. Тэмцээнд 150 хос буюу 300 хүн оролцуулахыг зорьж байна.  Тэмцээн долоон үетэй.  Нэг үе нь 50 минут үргэлжилнэ. Дундаа арван минут завсарлана. Оролцогчид 50 минутын турш DJ-гээс өгсөн тухайн дөрвөн бүжгийн аяан дээр  зогсохгүй бүжиглэх ёстой бөгөөд  тэмцээнд бүртгүүлсэн хосоо солих боломжгүй.  Тэмцээнд оролцогчдын тооноос шалтгаалаад гурван зоонд хуваасан.  Нэг зоон дээр хоёр шүүгч буюу зургаан шүүгч ажиллана.  Тэмцээний шагнал хоёр сая төгрөг байна.  Тиймээс тэмцээнд оролцож, ирж үзэн  нэгэн өдөр гайхалтай дурсамжаа бүтээгээрэй”  гэж уриаллаа.

Ц.Цолмон: Салса бүжгийн холбоотой хамтарч ажиллаад дөрвөн жил  болж байна

Мөн тус тэмцээнийг санаачлан зохион байгуулж буй “Нью-Йорк  рестораны салбаруудын захирал Ц.Цолмон “Манайх салса бүжгийн холбоотой хамтарч ажиллаад дөрвөн жил  болж байна. Өмнө бид  олон жижиг эвент зохион байгуулж  байсан. Бүжгийн урлаг бол эрүүл мэндэд эерэгээр нөлөөлөхөөс гадна чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэх,  найз нөхөдтэй болох гээд олон гайхалтай чанарыг олгодог. Тиймээс энэ урлагыг хөгжүүлж яваа хүмүүстэй  хамтарч  ажиллаж байгаадаа таатай байна. Уг  салса бүжгийн гудамжны марафон тэмцээнийг   өнгөрсөн жилээс  зохион байгуулахаар санаачилсан ч цар тахлаас үүдэж  хугацаа нь хойшилсон. Тэмцээний өдөр Мишээл энтертаймент гудамж бүжгээр амьсгалах болно. Тиймээс  та бүхнийг урьж байна” гэлээ.

Эх сурвалж: www.polit .mn