Б.ДАРЬСҮРЭН

Улсын бүртгэлийн байгууллагаас үндэсний энгийн гадаад паспорт захиалах иргэд цээж зургаа авч очихгүйгээр бүртгэлийн ажилтнаар зургаа даруулах үйлчилгээг өнгөрсөн сарын 30-наас үзүүлж эхэлсэн.

Тэгвэл энэхүү үйлчилгээнээс гадна өнөөдрөөс эхлэн иргэд гадаад паспортын зургаа өөрсдөө авхуулаад photo.burtgel.gov.mn хаягаар илгээх боломжтой болжээ. Гэхдээ бүртгэлийн ажилтнаар зургаа авхуулах үйлчилгээ нь хэвээр байгааг эх сурвалж хэлэв.

Ингэхдээ олон улсын иргэний агаарын тээврийн байгууллага /ИКАО/-ын стандарт шаардлагын дагуу авсан зургаа оруулах юм байна.

Анхаарах зүйлс:

  • Нүүрний хэсэг цээж зургийн 90 хувийг эзэлнэ.
  • Өөрийн нүүр царайг халхалсан нүдний шилгүй, малгай өмсөөгүй, чих, дух, хөмсөг бүрэн гарсан, дүрэмт хувцас өмсөөгүй байх.
  • Цээж зургийн арын дэвсгэр цагаан өнгөтэй байх.
  • Зургийн ард хаалга, цонх, тавилга гэх мэт зургийн чанар стандартад нөлөөлөх зүйлсийг оруулахгүй байх.
  • Зургийн хэмжээ нь 413px X 531px байх тул хэмжээ таарахгүй тохиолдолд зургийг хүлээн авах боломжгүй.
  • Сүүлийн нэг сарын дотор авхуулсан зураг байх.
  • Дүр төрхийн өөрчлөлт орсон бол холбогдох баримт бичгийг улсын бүртгэгчид өгсний дараа бүртгэл хөтлөхийг анхаарна уу.
  • Та өөрийн зургийг илгээгээгүй тохиолдолд гадаад паспорт бүртгэх боломжгүй.

Үүнээс гадна киоск машинд байршуулсан төхөөрөмжид флашаар дамжуулан зургийн файлаа дээрх цахим хуудас руу илгээж, бүртгэгчдээ очоод захиалгаа өгч болно гэв.

УБЕГ-аас өгсөн мэдээллээр гадаад паспорт захиалах хүсэлт гаргасан Монгол Улсын 16 ба түүнээс дээш насны иргэн үйлчилгээний хөлс, төлбөрийн баримтыг тушааж, өөрийн биеэр өөрт хамгийн ойр байрлах улсын бүртгэлийн нэгжид хандаж, биеийн давхцахгүй өгөгдлийн бүртгэлийг уншуулснаар бүртгэл хөтлөх боломжтой.

Харин 16-гаас доош насны иргэний хувьд түүний эцэг /эх/, асран хамгаалагч, харгалзан дэмжигч зэрэг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан захиалга өгөх бөгөөд энэ тохиолдолд хүүхэд биечлэн ирсэн бол зургийг авч, ирэх боломжгүй бол фото зургийг файлаар улсын бүртгэлийн байгууллагын photo.burtgel.gov.mn цахим хуудаст илгээнэ.

Гадаад улсад ажиллаж амьдарч байгаа Монгол Улсын иргэд хилийн чанадад ажиллаж байгаа ДТГ-аар дамжуулан гадаад паспортын захиалга өгч, фото зургаа мөн дээрх цахим хуудсаар илгээж болно.

Өнөөдрийн байдлаар гадаад паспортын захиалгын үйлчилгээг 21 аймаг, есөн дүүрэг, нийслэлийн үйлчилгээний нэгдсэн зөв төв буюу нийт 41 цэгээр үзүүлж байгаа юм.

Эх сурвалж: www.polit.mn