П.АМГАЛАНБАЯР

Улсын хэмжээнд урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг шинжилгээ, оношилгоог өнгөрсөн тавдугаар сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлсэн. Тиймээс бид Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвд эрт илрүүлгийн хамрагдалт ямар байгаа талаар  сурвалжилсан юм.

Эмнэлэг рүү ороход “Эрт илрүүлгийн багц” гэсэн мэдээлэл бүхий самбарыг хонгилд байрлуулжээ. Самбарт насны ангиллаар хамрагдах үзлэг, шинжилгээг бичсэн байв. Хүлээлгийн сандалд үзлэгт хамрагдах хүмүүс дарааллаа хүлээн сууж байлаа. Тэнд сууж байсан нэг эмэгтэй эход харуулахаар хүлээж байв. Түүнийг С.Золзаяа гэдэг бөгөөд Хан-Уул дүүргийн I хорооны иргэн аж. Тэрбээр  “Өглөө 09:00 цагт ирсэн. Үзлэгт хамрагдахын өмнө эмнэлгийн хүмүүс  сайн заавар, зөвлөгөө өгч байгаа нь эерэг санагдлаа” гэж байлаа.

Тус дүүргийн хувьд 17 хүртэлх насны хүүхдийн эрт илрүүлэг, оношилгоо шинжилгээг өрхийн эрүүл мэндийн төв дээрээ, 18-аас дээш насны иргэдийн шинжилгээг Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төв,  Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг болон гэрээтэй хоёр хувийн эмнэлэг дээрээ хийж байна. Мөн ЭМЯ-ны хөрөнгө оруулалтаар эрүүл мэндийг дэмжих төвийг байгуулж, эрт илрүүлгийн явцад ашиглах тоног төхөөрөмжөөр хангажээ. Эрт илрүүлгийн үзлэгийн хүрээнд  тусдаа эрүүл мэндийг дэмжих төвтэй болсон нь эмнэлгийн  амбулаторийн үзлэгтэй давхцахгүй гэдгээрээ давуу талтай байгааг үйлчлүүлэгчид онцолж байлаа. 

 

Эрт илрүүлэгт 29569 иргэн хамрагджээ

Иргэд эмнэлгийн угтах үйлчилгээ үзүүлж буй мэргэжилтнээс зөвлөгөө авч байгаа нь.

Иргэдэд харьяа бүхий өрхөөс эрт илрүүлэгт хамрагдах урилга хүргүүлж байгаа аж. Эмнэлэгт ирсний дараа цахим бүртгэл болон асуумжаа бөглөн биеийн жингийн индекс, өөхлөлт, даралтаа хэмжүүлэх юм байна. Дараа нь шээс, цус, биохимийн шинжилгээ, рентген, зүрхний бичлэг, эход үзүүлэх аж. Энэ талаар Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвийн Дэмжих төвийн эмч Т.Дэлгэрмаа “Ходоодны дурангийн шинжилгээний хүлээгдэл их байсан нь багассан. Өмнө нь тав, зургадугаар сард дурангийн асуудлаас үүдэж  үйлчлүүлэгчдийн үзлэгт хамрагдах 20 хоног нь хэтрэх асуудал байсан. Хэрэв дурангийн хүлээлт гайгүй бол тухайн хүний шинжилгээний хариу тав хоногийн дотор гарах боломжтой. Манай эрүүл мэндийн төв ходоодны дурангийн шинжилгээ хийдэг “Ирээдүй” эмнэлэгтэй гэрээтэй ажиллаж байгаа. Хоёр  газарт ходоодны дурангийн шинжилгээ авч байгаа учраас үйлчлүүлэгчид удаан хүлээх хугацаа багассан. Мөн эсийн шинжилгээний хариу 14 хоногийн дараа гардаг. Бүх үзлэг, шинжилгээ дууссаны дараа дотрын эмч дээр очиж тухайн хүнд ямар зовиур байгааг хэлж, шаардлагатай эмчилгээ, зөвлөгөө өгдөг” гэсэн юм.

Тус дүүргийн хэмжээнд энэ сарын 18-ны байдлаар 29569 иргэн эрт илрүүлгийн үзлэг, шинжилгээнд хамрагджээ. Тодруулбал, 0-5 насны 6286, 6-17 насны 7914, 18-30 насны 1854, 31-45 насны 4939, 46-60 насны 4711, 61-ээс дээш насны 3852  иргэн хамрагдсан байна. Үүнээс 18-30 насны иргэдийн хамрагдалт бага байгааг мэргэжилтнүүд онцолж байсан юм. Учир нь эрүүл мэндийн даатгал төлөгдөөгүй  байдаг аж. Мөн тус эрүүл мэндийн төв эрт илрүүлэгт дүүргийн нэгдсэн эмнэлэгт харьяалагддаг зарим хорооны иргэдийг харьяалал харгалзахгүй үзэж байна.

 

“Ходоодоо дурандуулж байгаа хүмүүсийн оношийг харахад цоо эрүүл хүн байхгүй”

40-өөс дээш насны иргэд жил бүр ходоодоо дурандуулах хэрэгтэй. 

Бид цааш дурангийн шинжилгээний өрөөнд зөвшөөрөл авч орсон юм. Биднийг ороход дурангийн эмч П.Хайдав үзлэгээ хийгээд дуусаж байлаа. Харин сувилагч эмэгтэй багажаа цэвэрлэж байв. Энэ үеэр П.Хайдав эмч “40-өөс дээш насны иргэд жил бүр ходоодоо дурандуулах хэрэгтэй. Хавдрын урьтал өвчин хүний бие организмд байдаг. Үүнийг удаан хугацаанд эмчлээгүйгээс ходоодны шарх үүснэ. Ходоодны шарх хүндрэхээр хавдар болдог. Ходоодны шарх ихэвчлэн хеликобактериас үүсэх нь бий. Хеликобактери их хэмжээний давс ялгаруулж, давс нь ходоодны салстыг гэмтээдэг. Тиймээс хоолондоо давс бага хэрэглэх хэрэгтэй. Эрт илрүүлгийн хүрээнд ходоодоо дурандуулж байгаа хүмүүсийн оношийг харахад цоо эрүүл хүн байхгүй байна. Ходоодны шарх үүсэж байгаа хэд хэдэн шалтгаан бий. Нэгдүгээрт, стресстэй холбоотой. Мөн эмийг эмчийн жоргүйгээр хэрэглэх нь эрсдэл учруулж байна. Ямар ч өвчний үндсэн шалтгааныг эмчлэхгүй бол өвчин намдаах эм хэрэглээд эдгэрдэггүй. Залуучуудын дунд ходоодны шарх ихэссэн. Энэ нь бэлэн гоймон, давсны хэт их хэрэглээ гэсэн хоолны буруу зуршилтай холбоотой” гэдгийг хэлж байлаа.

Зүрхний бичлэг хийсний дараа эмнэлгийн дотоод сүлжээгээр тухайн хүний оношийг эмч рүүгээ илгээдэг байна.

Харин зүрхний бичлэг хийлгэж байгаа хүмүүсийн хувьд зүрх нь дэлссэн, зүрхний цохилтын тоо буурсан шинж тэмдэг давамгайлж буйг зүрхний бичлэгийн сувилагч С.Батцэцэг хэлж байлаа. Тэрбээр зүрхний бичлэг хийсний дараа эмнэлгийн дотоод сүлжээгээр тухайн хүний оношийг эмч рүүгээ илгээдэг байна. Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвийн хувьд факс системийг ашиглаж байгаа нь  бусад эмнэлгээс анхдагч болжээ. Факс систем нь тухайн дүрс оношилгооны зургийг чанарын өндөр түвшинд хадгалж дамжуулдагаараа онцлог гэдгийг тус Эрүүл мэндийн төвийн Мэдээлэл технологийн албаны ажилтан Б.Түвшинжаргал хэлж байсан юм.

Эрт илрүүлгийн шинжилгээнд хамрагдсан иргэд бүх шинжилгээгээ өгч дууссаны дараа дотрын эмчид бүх мэдээлэл нь очдог байна. Тиймээс бид дотрын их эмч А.Төмөртогтохтой уулзсан юм. Тэрбээр “18-аас дээш насны иргэд дүүргийн эмнэлэгт эрт илрүүлэгт хамрагдаж байгаа. 18-30 насны үйлчлүүлэгчдийн хувьд холестерин өндөр гарч байна. Харин 31-ээс дээш насны хүмүүст бамбайн зангилаа зонхилж байна. 30-аас дээш насны иргэдэд элэгний өөхжилт их байгаа нь хөдөлгөөний хомсдолтой холбоотой. Мөн ходоодны шарх, шархлаа их байна.  Өдөрт дунджаар 35-40 үйлчлүүлэгчийн шинжилгээний хариу гардаг” гэж байлаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ АРАВДУГААР САРЫН 21. БААСАН ГАРАГ. № 205 (6937)