-Монгол-Японы дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд-

Д.ЦЭРЭННАДМИД

Энэ бүсгүйн тухай санаж байна л даа. Одоогоос 30-аад жилийн тэртээ Дорнод аймагт болсон их түймэрт өртөж хамаг бие нь түлэгдээд амьдрах, эсэхийн заагт зовж байсан 16-хан настай охин сайн санаат япон хүмүүсийн тусламжаар далайн цаадахь оронд эмчлүүлж эрүүл саруул болоод ирсэн тухай манай сонинд бичигдэж  байлаа.

Үүнийг бодохуйд өнөөдөр түүх болсон шиг. Бяцхан охины шаналсан сэтгэлд эдгэрнээ гэсэн галыг асааж өгсөн ачтан нь Японоос ирсэн Абэ Хироюки. Энэ хүн Монголын түлэгдсэн хүмүүст Японоос илгээсэн тусламжийг хүргэлцэн ирэх үедээ Гэмтлийн эмнэлгээр орж зөндөө өвчтөнтэй уулзсан байдаг.

Тэгээд тэднээс Г.Ганцэцэг гэдэг охиныг хараад сэтгэл нь сэмэрч түүнд туслахаар шийдсэн юм билээ.

Японы сайн санааны байгууллага  “Арслан клуб” охиныг Японд аваачиж эмчлүүлэх эдгэрэхээр нь буцаан авчирч Дорнодын Баян-Уул суманд ар гэрт нь хүргэх хамаг зардлыг тэр хүн даасан байна.

Чухам хэд хэчнээн мөнгө хөрөнгө гаргасан нь гол биш хэчнээн саяарч үнэлшгүй сайхан сэтгэл нь онцгой юм. Г.Ганцэцэг тэнд очсон өдрөөсөө япон хүмүүсийн сайхан сэтгэлийн үр шимийг хүртэж Токио хот дахь гоо сайхны нэртэй пүүс “Канебо”-д эмчлүүлж тун ч удалгүй эрүүлжиж эхэлжээ.

Тухайн үед Японы телевизээр түймрийн аюулд өртөж биеийн байдал нь маш хүнд байгаа Монголын малчин охины тухай орон даяараа мэдсэн. Дуулсан бүхэн түүнд туслахсан гэсэн сэтгэл өвөрлөж байжээ.

Түүнд туслахын төлөө зарим нь захиа, факс илгээж халуун дулаан сэтгэлийн дэм хайрлаж байсны дотроос нэгэн гэр бүл өөрсдийн зураг бүхий факс илгээж, түүнийг дэргэдээ авч чадах чинээгээрээ туслахад бэлэн байгаагаа илэрхийлсэн байдаг. Тэр нь Ида Миюүки Сан гэгчийн 2-11 насны хоёр хүүхэдтэй залуу гэр бүл байлаа.

Г.Ганцэцэг эмнэлгээс гараад тэднийд очиж бүтэн хоёр сар гаруй өөрийнх нь хүүхдүүдийн адил хайр ивээлд нь байж бүр тэнхэрсэн юм билээ.  Өнөөдөр Г.Ганцэцэг гэдэг бүсгүй “миний эв эрүүл, сайн сайхан амьдарч яваагаа тэр Японы хүмүүсийн хайр халамжийн илэрхийлэл юм шүү.

Би чинь Япон аав, ижийтэй хүн” гэж сэтгэл хөдөлгөм үгс урсгаж ярьж байна. Тэрбээр Японд байх хугацаандаа япон ахуй, зан заншлаас багагүйг сурч, япон хүүхдүүдтэй найзалж, хэл яриаг сүрхий гадарладаг  болжээ.

Мөн япончуудын цагийг ягштал барьдаг, сэтгэл санаагаа нүүр царайгаараа ил тод илэрхийлж чаддаг чанар, учирсан хүнээ анхааран сонсох хийгээд ажилсаг байдлыг нь ямар нэг хэмжээгээр таньж мэдсэн байна.

Түүнд мартагдашгүй юм зөндөө. Хөх цэнхэр далайн мандлаас гараад ирэв үү гэлтэй өглөөний наран ургахыг, Токио хотын тэнгэр баганадсан өндөр барилгууд, түмэн өнгийн гэрэл цацруулсан гудамж, талбай цэцэрлэгт хүрээлэн, Дисней Лэнд, амгалан харагдах алдартай Фүжи уул гээд л ...

 

*  *  *

Япон явахдаа дамнуурган дээр явсан охин дөрвөн жилийн дараа ингэж инээгээд буцаж ирсэн үе нь.

Г.Ганцэцэгтэй утсаар холбогдов. Уулзаж ярилцах зорилгоо хэлбэл тэр жаахан цааргалангуй байснаа

-Танайх ямар сонин юм бэ? гэж байна. Өдөр тутмын “Зууны мэдээ” гэвэл “Аан тийм, Чамайг зовлонд нэрвэгдээд зовж байхад сэтгэл санааны тус дэм болж байсан сонин шүү" гэж орчуулагч Цэцгээ эгч сануулсаан. Уулзая аа гэж уриалагхан хандав.

Тэгээд Г.Ганцэцэг манай редакцид ирсэн. Бид ярилцлаа.

-Сайхан намаржиж байна уу. Ажил амьдрал нь сайн уу?

-Сайн сайн. Сурвалжлагч та болон танай уншигчид миний туулж өнгөрүүлсэн зовлон, жаргалын тухайд гадарлах юм шиг байна.

Гэхдээ өнөөдөр Г.Ганцэцэг гэдэг хүн хэрхэн амьдарч явнав. Ямар бодол санаатай байдгийм гэдгийг мэдэхгүй байх. Тийм үү?

-Тиймээ. Энэ үүднээс л өөрийг чинь манай сонины хүндтэй зочны нэг гэж үзээд уншигчидтайгаа уулзуулах гэсэн юм шүү дээ.

-Миний хувьд хэн нэгэнд амархан олдоод байдаггүй хувь заяатай хүн л дээ. Одоо би 45 настай, хоёр хүүхэдтэй. Тэд хоёулаа дунд сургуульд сурдаг. Нөхөр маань хувиараа хөдөлмөр эрхэлдэг. Нийслэлийн жирийн л нэг өрх айл.

-Хаана ажиллаж байна вэ?

-Одоо олон улсын төслийн байгууллагад ажилладаг. Үндсэн мэргэжил маань Япон хэлний багш, орчуулагч. 1998-2016 онд жуулчдад хөтөч хийж байлаа.

-Ямар сургууль хаана төгсгөсөн бэ?

-Уг нь би Монгол Улсын их сургуулийн гадаад харилцааны ангид суралцаж байсан юм. Тэр үедээ  “Соёл-Эрдэм” дээд сургуулийн багш нэг япон хүнтэй уулзаж тэр хүний зөвлөснөөр тэдний сургуульд шилжин суралцаж байгаад төгсгөсөн. Бас дахиад япон хүний тус дэм хүртсэн гэсэн үг л дээ.

-Япон хүний тус дэм гэснээс нэг зүйлийг товчхон эргэж дурсмаар байна. Тэр нь өөрийн чинь Японд эмчлүүлж байсан тухайд ...?

-Монголд тусламж хүргэхээр ирсэн дунд Абэ Хироюки гэдэг хүн намайг Япон руу авч явж эмчлүүлсэн. Эмнэлгийнхэн нь ч маш сайхан  хүлээж авсан.

Тэр дотроос Минь Шимүзи, Абэ гээд өгөөмөр сэтгэлтэй эмч нарын тусыг би насан туршдаа мартахгүй. Тэд намайг очсоноос хойш олон хоног гэртээ харилгүй миний дэргэд байсан гэсэн.

Маш олон хүн надад хандаж байсан даа. Санжаасүрэнгийн Зориг агсан хүртэл надтай уулзаж хамт зургаа авахуулж байв. Бас Кёкүшүзан Д.Батбаяр, УИХ-ын гишүүн С.Билэгсайхан нар уулзаж эрүүл энх болохыг ерөөж байсан юм.

-Өөрийг чинь бас япон аав, ижийтэй болсон гэдэг билүү?

-Эмнэлгээс гараад гадуур эмчлүүлэх үедээ Ида Миюүнигийн гэр бүлийнхэн намайг гэртээ байлгаж асарч тэтгэж бүтэн хоёр сар болсон. Өөрийнх нь хүүхэд шиг байдаг байлаа.

Тиймээс тэднийгээ япон аав, ижий гэдэг болсон юм даа.

-Тэдэнтэйгээ нэг удаа ирэхэд нь уулзаж чадаагүй юм гэсэн ...?

-Тиймээ. Анх ирэхэд нь холбоо харилцаа авч чадаагүйгээс болоод уулзаж амжаагүй юм. Дараа нь ирэхэд нь уулзсаан. Одоо ч захидлаар байнга харилцдаг. Япон явах бодол ихээ. Сүүлийн хоёр жил чинь ковид  гээд саадтай байлаа.

Ачтай тустай эмч нартайгаа, япон аав, ижийтэйгээ бас хоёр дүүтэйгээ очиж уулзана аа.

-Эмчлүүлээд ирэхэд чинь хүмүүсийн хандлага ямар байсан бэ?

-Манай аав, ижий, төрөлх Баян-Уул сумынхан, ах дүүс бүгд бөөн баяр угтсан. Сонин хэвлэлийнхэн, телевизийнхэн хэл ам сугалчих гээд л. Япон Монголын харилцаанд тун чухал үйл явдал болсон учир кино хийнэ гэцгээсэн. Гэхдээ манай монголчууд зарим юманд хачин ханддаг нь надад ажиглагдсан.

-Тэр тухайгаа хэлж болох уу?

-Зарим нэг сонинд гэхэд тэр охиныг Монголд эмчилж чадахгүй учир Япон руу явуулсан гэж бичсэн байв. Тийм биш ээ. Намайг Япон явах хүртэл эмчилж амьд мэнд байлгасан нь Монголын эмч нарын маань ач юм шүү. Бас япон аав, ижийг ирэхэд уулзаж амжаагүйг Г.Ганцэцэг хүний тусыг мартжээ гэх утгатай юм ч гарсан л даа.

Миний алс газарт хүний нутагт эмчлүүлж ирсэн нь бусдад жирийн хэрэг мэт бол надад онцгой хувь заяаны оноолт юм. Тиймээс энэ тухай зүгээр амны зугаа болгож ярих юм ердөө ч биш.

Бас нэг юм хэлэхэд би одоо гадаадын байгууллагад ажиллаж байна. Гадаадын байгууллага бол хүний төрх байдал биш ажил гүйцэтгэх чадвараар үнэлдэгээрээ монгол байгууллагаас ялгагддаг.

-За баярлалаа.

-Би ч гэсэн намайг эрүүл саруул болгож амьдрал бэлэглэсэн сайхан сэтгэлтэй япон хүмүүстэй маань сониноор уулзах завшаан олгосонд баярлаж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ АРАВДУГААР САРЫН 21. БААСАН ГАРАГ. № 205 (6937)