Б.ОДМАГНАЙ

Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр жолооч бэлтгэх сургалтын үйл ажиллагаатай холбоотой  мэдээлэлд Монголын Авто сургалтын байгууллагуудын нэгдсэн холбооноос тайлбар, мэдээлэл хийлээ. Монголын Авто сургалтын байгууллагуудын нэгдсэн холбооны удирдах зөвлөлийн дарга н.Болдмөнх  " Жолоочийн эрхийн шалгалт авах, үнэмлэх олгох нь хуулиараа Цагдаагийн байгууллага хариуцдаг. Сургалтын үйл ажиллагаа ХНХЯ-нд хамаарагддаг. Зам тээврийн осолд холбогдож байгаа жолооч бүр мэдлэг чадвар муутай, жолооч бэлтгэх сургалт чанаргүй байна гэсэн ерөнхий буруу ойлголт олон нийтийн дунд тарсан. Манай улсад жолооч бэлтгэх сургалтын тогтолцоо, сургалт болон шалгалт авах үйл ажиллагаа бүхэлдээ төрийн хяналтад явагддаг. Мэдлэг ур чадваргүй хүн жолоодох эрхийн үнэмлэх авах боломжгүй. Монгол Улсын хувьд зам тээврийн ослын гол шалтгаант нөхцөл нь явган зорчигч болон жолоочийн буруутай үйлдэл гэх судалгаа байна. Жолооны сургалтын чанар муу гэдэг нь өрөөсгөл ойлголт. Сургаж чадахгүй байсан бол хүмүүс шалгалтад тэнцэхгүй. Монгол Улсын хууль тогтоомжийн хүрээнд тодорхой цагийн сургалтад хамрагдаж, урьдчилсан болон улсын шалгалт өгч тэнцсэн тохиолдолд жолооны эрхийн үнэмлэх авдаг. Жолооч хүний замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрмийн ур чадварын асуудал нь цаг үргэлж мэдлэг ур чадвараа сайжруулж байх ёстой үргэлжилсэн үйл ажиллагаа бөгөөд энэ нь хувь хүнээс хамаардаг. Та өнөөдөр жолооч болчхоод дүрмээ эргэж судлахгүй бол гурван сарын дараа замын хөдөлгөөний шалгалтад тэнцэхээргүй хэмжээнд очдог. Эсвэл жолооч болчхоод тээврийн хэрэгслээ барихгүй удсан тохиолдолд эргээд машин барих ур чадвар нь сулардаг. Зам тээврийн ослын хэдэн зуун шалтгаан бий. Нийтлэг шалтгаан нь явган зорчигчийн буруутай үйлдэл байдаг. Мөн техникийн замын нөхцөл байдал зэрэг хөндлөнгийн олон хүчин зүйл ослын шалтгаан болдог.  Замын хөдөлгөөний дүрмийн мэдлэгийг үе шаттайгаар буюу СӨБ, бага, дунд, ахлах ангид нь системтэй олгох шаардлагатай байна. Манай холбооноос энэ талаарх саналаа төрийн байгууллагуудад тавьсан" гэсэн юм.

Эх сурвалж: www.polit.mn