-Амралтын тэмдэглэл-               

 

Нисгэгч, зохиолч Т.Батжаргалын бичсэн тэмдэглэлийг бүрэн эхээр нь хүргэж байна.

          

1. “Яараад яахав, аяндаа хүрнэ дээ”

Нутаг сайхаан. Энэ жилийн амралтаар төрлөх Хөвсгөл нутгийн зүг хөлгийн жолоо заллаа. Дарханы замын адармаагаас зайлсхийж Архангайн засмал замаар 220 км торох юмгүй давхиад Булганы Дашинчилэн сум “Хар бухын балгас” хүрээд хойш эргэж 110 км газрыг шороон замаар 4 цаг гаран довтолгосоор Булганы төв хүрч Хөвсгөлийн засмал замд нийлэн цааш довтолгосоор зорьсон газар Тосонцэнгэл сумандаа аяны дөрөө мултлав. Хүчирхэг хөлгийн хаазыг 1500 эргэлтэнд жигд гишгэн замын дагуух “ЯАРААД ЯАХАВ, АЯНДАА ХҮРНЭДЭЭ” самбарт захирагдан наян километр цагийн хурдаар намбайтал сүнгэлнүүлсээр зорьсон газартаа ирэхэд шатахуун  чамгүй гамнасан байх нь олзуурхууштай.

Хөвсгөл аймгийн Иргэдийн нийтийн хурлын тогтоолоор 2019 онд Тосонцэнгэл сумын Соёлын төвийг Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Гавъяат жүжигчин Хилийн ба дотоодын цэргийн дуу бүжгийн чуулгын гоцлол дуучин Гомбын Өлзийсайхан агсаны нэрэмжит болгосон тул миний бие авга эгчийнхээ хөргийг хүрлээр товойлгон бүтээж цагаан гантиг самбарт шигтгэн гадна хананд залав. Г.Өлзийсайхан агсаны үр хүүхэд, төрөл төрөгсөд цуглан ёслолын арга хэмжээг зохиож сумын засаг дарга ирж талархалын үг хэлж нутаг орны сонин, хөгжлийн талаар товч ярив. Манай сумын мал сүрэг жилээс жилд өсч үржиж,  айл өрхийн тоо эрс нэмэгджээ. Сайрхууштай нь засаг дарга Ц.Мөнхөөн санаачлагаар уугуул иргэддээ өрхийн хэрэгцээний 0,7 га газрыг чөлөөтэй олгох болж ингэснээр хол газар оршин суух уугуул иргэд нутаг усандаа тэмүүлэх,  нутгаа гэсэн сэтгэл зүтгэл, идэвхийг сэргээж, ирж суурших болсон байна. Ингээд би ээж, аавын төрж өссөн, зусч намарждаг нутаг Халзан бүргэдтэй уулын салбар Баянбулагийн ам хэмээх сэрүүн сайхан хангайд гарч цөөн хоног хөдөөлөв.

 Миний эцэг эх, өвөг дээдсийн үеэс Тосны гол хэмээх энэхүү тунгалаг устай, тосон бор хөрстэй, ёстой л нарийн өвс халиурсан малын сайхан бэлчээртэй  энэ л хөндийг өгсөн, уруудан нүүдэллэж зусч, намаржиж үеийн үед мал сүргээ маллан аж төрж ирсэн билээ. Миний багад үзсэн, харсан тэр цагаас өнөөгийн хөдөөн байгаль, малчдын амьдрал, аж байдал, зан төлөв, мал маллах арга барил их өөрчлөгдсөн байх юм. 40 гаран жилийн өмнө Баянбулагийн ам, мөн түүний арын салбар ам болох Өлзийтийн амны тушаах энэ гармаар гатлахад голын ус унаж яваа морины олмыг шүргэн алдан цэлэлздэг байсан агаад голын дээд хэсэгт гарамгүй газраар ойртохын аргагүй дов сондуул, балчиг, бамбалзууртай, хөх цахалдаг, багваахай цэцэг нилд нь бүрхэн шарлаж байдаг бол одоо үгүй болжээ. Багачуул бид булан тохойд нь өдөржин булхан шумбаж тоглодог байсан элбэг устай тэр сайхан гол минь горхи болон жижгэрч урсгал нь тасалджээ. Сүүлийн үед энэ голын адаг Цогзомын ам орчмоос дээш өгсөн Хонгорын нурууны даваа хүртлэх 15 орчим км үргэлжлэх газарт 200 гаруй айл өрх гарч зусдаг, нийт 150.000 гаруй толгой мал сүрэг багшран бэлчдэг гэх судалгааг нутгийн малчин Бямбажав гуай хийжээ. Социализмийн үед тус сумын “Ардын зориг” нэгдлийн малын тоо 60,000 үүндээр  амины малын тоо толгой 10 мянга гэдэг байсан бөгөөд тэр цагт хангайн нэг айлд 50 –хан толгой мал зөвшөөрдөг байсан бол одоо мал сүрэг нь хувьд очоод 350.000 болж хэт өсөөд бэлчээр хүрэлцэхгүй нүүх ч  газаргүй чихэлдэх болсон байна. Айл, мал нь шахчихлаар энэ голд усны шувууд ч ирэх нь ховорджээ. Захиргаадалтын үед баримталж байсан бэлчээрийн хуваарь гэж байхгүй болж,  отрын бүс нутгийг айлууд өвөлжөө болгоод өмчлөөд авсан, хаваржаа, намаржаа, зуслангийн газар дундын эзэмшилд хэвээр байна. Өөр сумын нутагруу орвол хөөгдөж туугдана, гадны сумын айл оторлож ирвэл багийн дарга нар очиж мөн хөөж тууна.

2.Хонины хүн хүндгүй, хотын хүн сонин биш

Нутаг сайхаан. Ийнхүү хөдөөгийн хүн зон, айл өрх олширсон, мал сүрэг нь өсч бэлчээр хүрэлцэхгүй болсон гэх боловч айл бүрийн амьдрал сайжирч гаднаа японы пирус суудлын авто машин, солонгосын ачааны портер машин, хоёроос гурвын зэрэг хужаа мотоцикло, телевизорын тавган антен үзэгдэнэ. Өмсөж зүүх, эдлэж хэрэглэх нь ч хотын биднээс ялгарах юмгүй болж хөдөөд мөн монгол дээлээ өмсөх нь багасчээ. Хониндоо 7, 8 дугаар ангийн жаахан охид, хөвгүүд хужаа мотоциклтой чавхдаж яваа тааралдана.

Хуучин цагт хонийг ихэвчлэн мориор, эсвэл явганаар өдрийн турш даган хариулдаг байсан. Одоо гэрээсээ дурандаж байгаад хужаа мотоциклоор давхин очиж хонио нэг эргүүлсэн болоод тэр дороо буцаад давхиад ирнэ. Мөн хонь үргээх хээрийн нохой, чоногүй болжээ. Одоо цагт үдийн хонь, ямаагаа саахгүй, хурга ишгээ ялгалгүй эх сүрэгтэй нь хамт хариулдаг болсон, бэлчээрт айлын хоньд хоорондоо гүйж нийлэх нь үгүй болж нийлсэнч тэгсгээд ижил буруу мал аяндаа ялгаран бэлчдэг болжээ. Ингэж гэрээсээ хонио хариулдаг болсноор хонины хүн хүндэтгэлгүй болжээ. Хээр, ууланд эргүүтсэн төлөг, сүргээсээ хоцорсон доглон ишиг, хурга эзэнгүй орхигдсон байх нь хэд, хэд тааралдав. Одоо мал хэт олон болчихлоор мал үнэгүй болсон, өвчтэй малаа хээр бэлчээрт хаячихдаг, эзэн хүн ч тоож авдаггүй болсон байх юм. Тарга хүчтэй дээр нь нядлаад толгойноос бусдыг нь хүнсэндээ хэрэглэж болох ч одооны малчид тоож идэдгүй болсон байна. Малын хулгайн ял чангарсан, хэрэв төлөг хулгайлбал 1-2 хоёр жилийн хорих ял, торгууль, албадан хөдөлмөр эрхлүүлдэг шийтгэлтэй ч төв зам дагуу мэр сэр малын хулгай гардаг гэнэ.

Социализмын жилүүдэд мал сүрэг төрийн хамгаалалтан үнэхээр байсан юм. Аль ч сум нэгдэл, бригад бүхэнд орон тооны малын эмч, зоотехникч маш хариуцлагатай ажилладаг, хаана хэний малд ямар өвчин эмгэг гарч байгааг дор нь илрүүлж “Эмчилгээ тэжээлийн цэг”–т хүргэж өвчин эмгэгийг нь эмчилж тэжээж тэнхэрүүлдэг байсан. Манай том хүргэн Мөнхийн Бат ахынх хэдэн жил “Ардын зориг” нэгдлийн эмчилгээ тэжээлийн цэгийн мал маллаж Бөөргийн аманд зусдаг байлаа. Нэгдлийн бэртсэн гэмтсэн, сохор доголон, эргүүтсэн, чоно нохойд хазуулсан, өтсөн малыг нэг дор цуглуулж эмчилдэг байсан юм. Миний эцэг Зундуйн Түдэв нь энэ сум байгуулагдахад анхны малын эмчээр ажиллаж тулгын чулууг нь тавьсан хүн байв. Одоо эмчилгээ тэжээлийн цэг гэж байдаггүй, сумын мал эмнэлгийн алба хувьд шилжсэн, үйл ажиллагаа нь доголджээ. 1990-ээд оны эхэнд Ардчилал эхлэхэд “Малыг малчдад” гэсэн уриа лозун дэвшүүлж ард иргэд ч талархан дэмжсэн. Удалгүй өмч хувьчлал явагдаж нэгдэл, нийгмийн мал сүргийг иргэддээ тарааж өгсөн.  Ингэснээр өмч эзэндээ очсон, малаа өсгөсөн, иргэд эдийн засгийн эрх чөлөөтэй болсон гээд эерэг зүйл их байвч зэрэгцээд сөрөг зүйл ч их гарч мал аж ахуйн түүхий  эдэд суурилсан Үндэсний аж үйлдвэрийн салбараа сүйрүүлсэн билээ. Хуучин цагт хот, хүрээнээс хүн ирэхэд айл хотлоороо сонирхон шавж хол газрын сонин хачныг гайхан биширч, хүүхэд багачууд хотын боов, чихэр хүртэж баярладаг байсан. Одоо хотын хүн сонин биш болж хонь гаргаж шинэ шөл уулгаж хөл алдан хүндэлдэг тэр цаг үлгэр болжээ. Хөдөөгийн иргэд хотын сонинг тэрч бүү хэл дэлхий дахины мэдээ мэдээллийг цаг алдахгүй авдаг болжээ. Ажилсаг малч хүмүүс малаа зарж борлуулах арга ухаан сүвэгчлэнэ.

“Хонь мянга хүрэхлээр алж идэх мал олдодгүй” гэдэг үгтэй билээ.

 

3.Хонины ноос үнэгүй, үзүүрсгэн нэхийг өмсөхгүй

Зам дагуу бэлчих хонин дунд ноос нь хөндийрч хөглөрсөн төлөг, хурга олон үзэгдэнэ. Хайран ноос хаягдаж байгаад харамсан, ноосыг нь хяргаж авдаггүй юмуу гэхэд ямарч ашиггүй, та бод л доо, одоо портер машины шатахуун(солярк) манай хөдөөд нэг лятр нь 450 төгрөг болсон. Надад 70 хурга байна, эдний ноосыг хяргах гэж бөөн ажил болно, ачаад аймгийн төв оруулж заръяа гэхэд үсрээд л нэг хилийг нь 300-700 төгрөгөөр өгнө, аягүй бол авах газар ч байхгүй. Засгаас ноосны урамшуулал олгохоо больсон гэж байв. Уг нь хурганы ахрын ноосоор жинхэнэ цагаан эсгий хийдэг билээ. Түүгээр гэрийн дээвэр, туурга, гудас, эсгий гутал гээд хүнд хэрэгтэй хийхээр юм мөн ч олон байна. Хаана ч ялгаагүй хонины арьс, нэхий бол ямарч үнэгүй болсон, өлөн гэдэстэй нь хамт бол 5000 төгрөгөөр аваад арьсыг нь хог болгоод хаячихаж байгаа  гэв. Уг нь өдийд нядалсан хонины арьсыг элдэж  жинхэнэ үзүүрсгэн нэхий дээл хийж өмсдөгсөн. Гэтэл хөдөө өдөн пүүрчиг өмсч үзүүрсгэн нэхийгээ өмсөхөө больжээ. Мөн эр хургыг зуны дунд сар шувтарч наадам өнгөрсөн хойно  хөнгөлдөг болсон гэх юм. Хуучин уламжлалаар бол тав дугаар сарын сүүл, зурагдугаар сарын эхээр буюу ялаа, батгана гарахаас өмнө хургаа хөнгөлдөг уламжлалтай байсан.

Гэтэл одоо зарим айл эр хургаа жаал томруулж байгаад бүр хонь хөөдөг болсон хойно нь хөнгөлбөл өсөлт бойжилт нь сайн түргэн томордог гэж үздэг болжээ.  Хаа сайгүй ямаа дийлэнх мал бэлчиж хар ялаа шиг цоохортоно. Энэ жил мал зарагдахгүй байна, уг нь ченжүүд ирэхлээрээ хонийг 1кг 6000 төгрөг, үхрийг 1кг 8000 төгрөг, ямааны мах 1кг 5000 төгрөгөөр үнэлж аваад том шаланз машинд 200-300 бог малыг давхарлан ачаад авч явдаг гэнэ. Малыг хөлөөр нь тууж замын турш хариулан таргалуулдаг туувар, тууварчны  ажил мэргэжил мартагдажээ. Дэлхийн уур амьсгалын дулаарлын нөлөөгөөр хангайд өвөл хүйтэрхээ больж азарган нэхий дээл, ямаан дах, хонин дэгтий, үнэгэн лоовууз гээд малчин монголчуудын тэсгэм өвлийн тунч  дулаан хувцас ч мартагджээ. Зуны улиралд 10-20 хоноод л хонь нуурлах ажил байдаг. Манайхан ихэвчлэн Цэнгэл нууранд хонь, үхрээ хөлөөр нь тууж очиж нуураас уулгаж хужир шүү долоолгох гэж бүтэн өдөр, хоногийн ажил болдог байсан. Одоо нуурын уснаас портер машиндаа ачиж авч ирээд хотондоо онгоцонд хийж малдаа уулгачихдаг болжээ. Нэг  тонн нуурын усыг бод, бог нийлсэн 1000 гаран мал хоёроос гурван хоног уудаг, зөөж авч ирж онгоцонд хийсэн ус, малаа хөлөөр нь тууж нуурлуулснаас чанар муу байна гэж хашир малчид нь үзэж байв. 

 Хөдөө нутагт морио унахгүй болсон хирнээ уяж уралдуулахыг хичээж зүүн аймгуудаас хурдан удмын морь, азарган үрээ авч ирэх явдал нэг хэсэг өрнөж бараг малчин бүр уяач болж үзжээ. Гэвч зэх зээлийн шалгуураар хурдан морь уяж хурдлуулах ажил нь захын хүний хийдэг ажил биш  зэгсэн бэл бэнчиндтэй, бүл чадалтай хүний хийдэг ажил болон шигшигдэж бусад нь  адуугаа сул орхин зөнгөөр нь малладаг болжээ. Хөдөө эзгүй хээр эмээлт морь унасан малчин хүн таарлдах нь эрх биш энэ нутгийн эзэн хүн нь энэ байна гэсэн шиг сайхан харагддаг билээ.

Малчин хүний хөдөлмөр мянган мэргэжлийн эзэн гэдэг билээ.

 

4.Хөдөөд бух урамдахгүй, бухын хонхор таарахгүй

Нутаг сайхаан. Зуны цаг гарахлаар бух, жолооч хоёрын жаргал эхэлдэг гэж дээхнэ үед ярьдаг байсан явган үг одоо мартагджээ. Хөдөө бух урамдахгүй болж айлын үхэр дотор нас гүйцсэн бүдүүн бух ер харагдсангүй. Зун цагт үхэр сүргийн эцэг бух гэдэг сүрлэг амьтан уул хангай цуурайдтал урамдан мөөрч газар малтан хонхойлж эрэг ирмэгийг эврээрээ сэжин ольж шороо цацлан тоос манарган сүр хүчээ гайхуулдаг  бухын хонхор хаана ч тааралдсангүй эдгэрсэн байх юм. Манай хангайд үлийн цагаан огтоно байдаггүй унаж яваа морь үлийд бүдрэх, шургах эрсдэлгүй ч үе үе тааралдах бухын хонхор дээгүүр хар гүйхээрээ яваа морьтой юутайгаа харайлган гардаг байсан бага нас санагдав. Мөн сүргийн манлай амбан шар үхэр ч харагдсангүй. Малчид эр үхрээ өсгөж томруулах  сонирхолгүй болсон нь хулгайд алдагдах эрсдэл их, баас нь дийлдэхгүй гэх юм. Хангайд аргал түлдэггүй, аргал хатаах нар гарахаа больсон гэх. Сүрэг дотор бухан бяруу, ганц нэг шүдлэн бух харагдана.  Уг нь үхэр сүргийнхээ эцэг малыг тугал, бяруу байхаас нь шинжиж бух тавьдаг байсан сайхан уламжлал одоо алдагджээ.

Айл гэрийн гадна үхэр тэрэг үзэгдэхгүй,  оронд нь портер гэх Солонгосын ачааны төмөр хөлөг сойлттой зогсох болжээ. Соц.нийгмийн үед Нэгдэл бүр сүүн зовудтай, малчид түүхий сүүгээ тушаах хатуу төлөвлөгөө нормтой, биелүүлэх гэж чардайдаг байсан. Одоо цагт түүхий сүү авдаг газар нь байхгүй айлууд сайлаа хүчрэхгүй гээд үхрээ саахгүй туглыг нь тавьж эхлээр явуулдаг байна. Асар их баялаг зүгээр л сул хаягдаж байна. Нутаг орноос сонгогдсон төрийн түшээд нь ЖДҮ-ийн зээлийг нь хөөцөлдөөд, сум, бригадын дарга нар нь санаачлаад сүүний авсаархан машин нийлүүлж ажилсаг авхаалжтай нэгд нь арга замыг нь зааж сургаад ойр хавийн айлуудаас сааль сүүг нь хурааж авч цөцгийн тос машиндаж хот хүрээ оруулж зарж тал талын хэрэгцээг хангах ажлыг зохион байгуулж болмоор л юм. Хөдөөд өлсөж цангасан, ядарч зүдэрсэн айл амьтан, хүн байхгүй байна. Эрээн хаагдсан, эдийн засаг хямарсан, юмны үнэ өссөн гэж санаа зовж шаналсан хүн ер алга. Манай малчид малынхаа сүү шимийг бүрэн гүйцэд ашиглаж ирсэн уламжлал улам л орхигдсоор байна. Мал аж ахуйг хөгжүүлэх, аж ахуй эрхлэх талаар төрөөс бодитой дэмжлэг, бодлого алга. Малын гаралтай түүхий эд бэлтгэн нийлүүлдэг, боловсруулдаг, эцсийн бүтээгдэхүүн хийдэг Үндэсний аж үйлдвэрийн салбараа төр нь хамгаалахгүй байсаар зах зээлийн шуурганаар сүйрүүлсэн. Манай улсад малаас гардаг энэ их түүхий эд, баялагийг боловсруулах, ядаж дотоодын хэрэгцээг хангах, бүтээгдэхүүн болгохоор ажилладаг судаачид, эрдэмтэд, байгууллага гэж ер нь байна уу, тэрийг нь дэмжиж тусалдаг төр засгийн бодлого гэж байна уу гэж  өөрөө өөрөөсөө асуухад хүрч байлаа. Монгол эрдэмтэд мал аж ахуйгаас гардаг энэ их баялагаа судлаж нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж дэлхийн брэнд болгож болгохгүй нь юунд байна. Хөдөөд нь сүү тараг, цөцгийн тосоо авч хүчрэхгүй сул алдаж байхад хотын иргэд нь экологийн цэвэр хүнсний бүтээгдэхүүн, сүү, цөцгийн тосоор дутагдаж байна. Хотын гэр хорооллын хороодыг хөдөөгийн сум бригадтай нь шууд холбож мах, сүү, бяслаг, ааруул, ээзгий, цөцгийн тосоор хангах нийлүүлэлтийн сүлжээг цомхон хэлбэрээр зохион байгуулж болох юм.  Одоо улс төржин талцаж, хэдэн биенээ үгүйсгэн тэмцэлдэхээ зогсоож хөдөө аж ахуйгаа өөд татан дэмжиж хөгжих хэрэгтэй байна. Ойрын хэдэн жил 20 сая мал гадагш нь экспортлож нийт малын тоо толгойг 40 саяд баривал бэлчээрийн даацад тохирно гэж малчид өөрсдөө ярьж байна.  

Мал сүрэг бол уул уурхай шиг газрын хөрсөн дорх шавхагдадаг баялаг биш газар дээр өрөөтэй нөхөн төлждөг ил байгаа асар их баялаг билээ.

 “Буурлын буян, буянт малын хишиг” арвижих болтугай.

 

5.Хангайд хадлан гарахгүй, чоно улихгүй.

Нутаг сайхаан. “Наадмын маргааш намар” хэмээн манай хангай нутагт зуны адаг сар гармагц хадлан өвс тэжээл бэлтгэх, түлээ модоо базаах, хашаа саравчаа засах, отор нүүдэл хийх гээд их ажил өрнөдөг байсан. Айл бүхэн хадуур, шимескээ ирлэж, аяганы хийц  хүнсээ базаан майхан тогоо шанагаа ачин олон хоногоор хадланд гарч зуу, зуун бухал өвс бэлтгэж өвөлжөөндөө татан нэгээс хоёр нуруу хийдэг байсан цаг домог болжээ. Бороо хур ороод байгаа хэдийч хадлан авах хэмжээний өвс ургахгүй болж айлууд өвөлжөө, өтөг дээр ургасан шарилж лууль, халгайг хадаж авч хураан хавар үхэр малд өгдөг гэнэ. Зарим айл Сэлэнгэ мөрний зах, Ногоон арал хавиас, мөн ойн цоорхой, модны хаяанаас жаахан хадлан авдаг байна. Одооны  бухал ч гэж хулганы хөеөнөөс томгүй шахам нэг сайн тэвэр  өвсийг бухал гэдэг болж. Гэтэл  энэ нь хатахдаа түргэн, портер машинд ганцхан сэрээдээд ачихад амар хялбар гэнэ. Хэрэгцээний өвсийг зүүн аймгаас ачиж ирдэг өвсний ченжүүдээс худалдаж авдаг болжээ. Агь, гогод түүж сорс зоодой, дангиарын дугуй хийж малын тэжээл бэлтгэхээ бүр больсон байна. Сүүлийн 15 жил цагаан мөөг гарахаа байсан, дээр үеэс хоолонд хийж идэж ирсэн гичгэнэ, ямаахай ч ургахаа больсон гэх. Харин мэхээрийн гурилтай шар тос хольж таваглах айл тааралдаж байна. Хөдөөд айлууд хөргөгчтэй болсоноор мах борцлох нь багассан байна. Тэнгэр хангай сайхан байвал тавдугаар сарын сүүлчээс шинэ шөл уудаг, жилийн турш шинэ мах идэж байна. Хөдөөх айлууд идээ унд элбэг дэлбэг, чинээлэг хангалуун амьдардаг болсон байна шүү.

Хуучин цагт намрын сар дөхөөд ирэхлээр хангайд чоно ширүүсч шөнө улих нь ихэсч хот эргэн хонь мал үргээж цочооход айлууд хотоо тойруулан мануухай босгож шөнө нь буу тавьж үргээдэг  байлаа. Хайнагтай үхэррүү чоно ордоггүй гэдэг. Манай хөх хайнаг шөнөжин хотоо тойрон мөөрч чоно дөхөхөд нохойтойгоо хамжин хөөж манаж хонодог байсан. Харин одоо манай нутагт хайнаг, сарлаг үхэр ховорджээ. Малчид хурдан буутай, хурдан унаатай, сайн дурантай түүн дээр “жи мобайл”-ын гар утастай болсон, боохой хаана үзэгдсэн, хаашаа явсан мэдээллийг тэр дороо солилцон тал бүрээс нь хужаа мотоциклотой давхиж очоод бүслэн үргээж  дор нь ангнадаг байна. Чонын эд эрхтэн үнэд орсон нь ховордох бас нэг шалтгаан болж сүүлийн үед чоно улих сонсогдсонгүй гэлцэнэ. Харин сайн тал нь адуу өсч унага төлөө бүрэн авдаг болжээ. Чоногүй болчихлоор үнэг гээч амьтан хоёр гурваар хүч хавсран ядарсан хураг ишиг, эцэнхий төлгийг шоглоод байх болсон гэлцэж байв. Нэгэн үе тасраад байсан дөрвөн нүдтэй улаан халтар зүстэй хоточ банхар элбэгшиж Түвд гарз нохойны эрлийз нохой үзэгдэж байв. Гэтэл Түвд гарз нохойтой цус холилдсон том биетой ноход хотонд сүр бараатай ч сэргэлэн зангүй, авир муу, хэрцгий ууртай, жижиг нохойг шууд барьчихдаг, их уурлуулбал эзнээч барих аюултай, малчны хотонд тиймч сайн зохихгүй амьтан гэцгээнэ. Харин хотонд дуу чимээ сайтай, их соргог сэргэлэн, хотонд гэтэх чоныг холоос угтан өөдөөс нь зоригтой тулж чангаар боргоодог, хол газар дагуулахад тавхай нь улдаж доголдоггүй, эзэндээ дуулгавартай,  номхон зантай энэ нутгийн жинхэнэ уугуул зүрх цагаан тас хар нохойн удам тасарч байгаа нь харамсмаар.

Ажилтай, анхиатай айлуудын мал өсч мянгат малчид олширсон байна. Хүн бүл цөөнтэй дундаж айл 500 толгой малтай байх агаад 400 гаруй хонь, ямаатай, 30 гаруй үхэртэй, 50–иад адуутай байна. Мал сүрэг нь 1000 хол давсан мянгат малчин айлын гадна жийп машин, хурдны морьд ачих бүрхүүлтэй ачааны машин, хаваржаа намаржаан дээрээ заамал дүнзэн байшинтай, хотод сурдаг оюутан ажил хийдэг хүүхэдүүддээ орон сууц, машин авч өгч амьдрал нь дэвжиж дээшилжээ. Харин цөөн тэмээтэй ганц нэгхэн айл “Хуурай  баян гол” -ын аманд байдаг гэх нь сонин. Гэвч хангайд тэмээг уналга ачлаганд ашигладгүй, ноосыг нь авч хэрэглэдгүй, махыг нь идэдгүй, ингээ сааж сүү хоормогийг нь ууж сураагүй, тоо толгой нь өсдөгчгүй цөөхөн тэмээ нутаг орноо чимээд сул тэнэж явдаг байна.

 

6.“Тарвага идээд таргалдаггүй, түлээ зараад баяждаггүй”  

Нутаг сайхаан. Нутагтаа ирсэн хүн байнадаа би, авга ахтайгаа нэг өдөр ууланд явлаа. Миний эцгийн төрсөн ах Жижигхэн Гомбын дунд хүү шар Сандаг гэж олон жил тэрэг барьсан тээврийн жолооч хүн байдаг. Нутаг орондоо нэр хүндтэй, ажилсаг хөдөлмөрч, хүнд тусархуу, төрөл төрөгсөддөө түшигтэй, машин тэрэг сайн засдаг, бас сүрхий анч хүн байдаг юм. Тэрээр хэдий дал гарсан гэхэд эрүүл чийрэг, хөнгөн шингэн гэж жигтэйхэн, уул өөд  тураг гөрөөс шиг шаламгай алхахад хориод насаар дүү би түүнийг гүйцэхгүй амьсгаадан  араас нь хөлсөө асгаруулан аахилж явах минь ичгэвтэр байлаа.Түүний ярих нь хуучин өндөр ургадаг байсан өтгөн сахлаг өвс ургамал ер ургахаа байсан, хээрийн амьтан ховордож туулайч үзэгдэхгүй шахам болсон. Байгал хамгааллын хууль чангарсан, тарвага агнахыг хорьсон ч нутгийн иргэд ойр хавиасаа ганц нэгийг авдаг л юм, гэхдээ гадны явуулын хүнд бол зааж өгдөггүй гэнэ. Гэсэн ч хаанахын хэн нь мэдэгдэхгүй суудлын машин, мотоциклотой хүмүүс дош сахиж байгаа нь холоос харагдаж дөхөөд очвол зайлан одно. Харин өнөө жил зуны адаг сар шувтарч  байхад хаа сайгүй ид шаагиж байдаг царцаа шаагихгүй байгаа нь сонин байв. Царцаан дууг залгуулаад бугын урамдалт эхэлдэгсэн. Гэвч манай нутагт буга гэдэг сүрлэг сайхан амьтан үзэгдэхгүй болсоор 20-иод жил болжээ. Уг нь чоно цөөрсөн, зэрлэг амьтан овоо өсөх байх, буга согоо, бор гөрөөс мэр сэр харагдах болсон, тарвага мөн өсөх хандлагатай болсон, хүмүүс бугын унасан ясан эвэр түүхээ байсан олдохчгүй болсон, цусан эвэр авсан бол шууд шоронд орно гэж тэр хүүрнэв.

Зах зээлийн эхэн үеийн шуурганд буга цусан эврээсээ, баавгай доньтноосоо, хүдэр заарнаасаа, тарвага арьснаасаа, бор гөрөөс хавар цагт цуснаасаа болж их хэмжээгээр хядуулж устгагдахад хүрсэн билээ. Мөн хэрмийг ихээр алж хөнөөжээ. Зах зээлийн эхэн үеийн шуурганд нутгийн минь ой мод ихээр сүйдэж хангайхан хөрөө, сүхээ барин модруугаа давшилж түлээ түлш, дүнзэн байшингийн торх хийж хулгайгаар зарж эх байглаа  сүйтгэсэн хойно л хууль гарч таслан зогсоожээ. Ой модны захруу ороход л хүний гараар сүйтгэгдсэн үй олон модны хожуулууд ярайж сэтгэл эмзэглүүлнэ. Ойд унаанга дархи, хуурай гишүү газрын нэг хөглөрнө, үүнийг нь зах зээлийн эргэлтэнд оруулж мөнгө болгох, орон нутагт нь эрхийг нь өгч ойг цэвэрлүүлэх нь хаана хаанаа ашигтай баймаар юм. Хотод нэг цай хоол хийх төдий жижиг ууттай түлээг 6000 төгрөгөөр зардаг. Хэрэв төрөөс шатахууны хөнгөлөлтийг нь олгоод хангайгаас ой цэвэрлэх замаар хуурай гишүү, унаанги дархийг түлшний зориулалтаар түүлгэж төв суурин газрын айл өрхийн өвлийн түлшинд хямд үнээр нийлүүлэх ажлыг зохион байгуулж болох л байхдаа. Харин баярлууштай нь манай нутгийн ойд хортон шавьж тархаагүй бололтой юм.

Ай баян буурал хангай минь. “Тарвага идээд таргалдаггүй, түлээ зараад баяждаггүй” гэдэг билээ.

 

7.Далай ээж цаазын тавцанд

Нутаг сайхаан. Монгол орны минь номин цэнхэр сувд, хараад ханашгүй, хайрлаж баршгүй чандмань эрдэнэ цэнгэг уст нуур минь. Хөвсгөл далай ээжийг зорьж ирсэн хэн бүхэн хөвөөнд нь ирж цэнгэг ариун уснаас нь алгандаа тогтоон амсч магнайдаа хүргэдэг, монгол хүн бүрийн заавал ирж үзэх газрын нэг энэ билээ. Нэгэн цагт Далай ээж цаазын давцанд гэсэн нийтлэл бичигдэж нийгмийн анхааралд орж Хөвсгөл нуур орчмын Бүрэнхаан ууланд илрүүлсэн фосфоридын ордыг ухаж ашиглахыг зогсоосон билээ. Хөвсгөл нуурын хойд эргийн дагуу хөл гишгэх зайгүй жуулчны бааз, амралтын газрууд ярайж гадаад, дотоодын жуулчид, аялагч, амрагчдад үйлчилж байна. Энэ жил дотоодын 98665, гадаадын 14050 жуулчин энд иржээ. Би ч бас далай ээжийгээ зорин ирж “Art-88” гэх маш тохилог жуулчны баазад буув. Эндээс далай ээжийн мандал алган дээр мэт ойрхон мэлтэлзэж цахлай шувууд цангинуулан шуугилдана. Энэ амралтын байр нь тохиолог, үйлчилгээ нь мэргэжлийн түвшинд, хоол нь амттай гадна дотны хэнийч сэтгэл ханамжийг бүрэн хүлээнэ.

Монгол Улсад Далайн тээвэр албан ёсоор үүсч хөгжсөний 70 жилийн ой энэ 8 дугаар сарын 20-ны өдөр  тохиож ЗТХ-ийн Яамны Далайн захиргааны газраас усан замын тээвэрчдийн баярыг Хөвсгөл далай дээр усан онгоцны парад зохион байгуулж амрагч, аялагч, нутгийн иргэдэд сонирхуулж байхтай тааралдав. Одоогоос 110 жилийн өмнө буюу 1910 онд анх Хаант Оросын худалдаачид Монголоос үхрийн авахын тулд Хөвсгөл нуурт 40 тонны даацтай, уурын хөдөлгүүртэй усан онгоц угсран тавьж Ханх, Хатгал хоёрын хооронд хөвдөг болсон. Үүгээр манай улсдаа авто тээвэр, агаарын тээвэр, төмөр замын тээврээс хавьгүй ахмад нь бөгөөд ууган тээврийн төрөлд тооцож болох юм.

Тухайн цагт Зөвлөлтөөс авдаг шатахуун, өргөн хэрэглээний барааг Ханхаас Хатгалруу саяхан болтол “Сүхбаатар” усан онгоцоор тээвэрлэж Хатгалын дамжлага бааз дээрээс баруун таван аймагруу хуваарилдаг байсан. Захиргаадалтын үед өвөл Хөвсгөл нуурын мандал хөлдөж гүйцэд хадаалсан үед мөсөн дээгүүр нь авто хөсгөөр “далайн тээвэр” гэх маш эрсдэлтэй ачаа тээвэр хийлгэдэг байсан. Олон ч машин далайн хар хилд үйж олонч жолооч эрсэдсэн эмгэнэлтэй тоо баримт байдаг. Далайн тээвэрт Хөвсгөл аймгийн авто баазын машинуудыг явуулдаг, тэднийг мөсөн дээр гарахад нь бүхээгний хоёр хаалгыг нь нугасаар нь салган авч ачаан дээр нь даруулж бөхлөөд дугуйны тормозыг нь салгаж явуулдаг байсан гэдэг. Далайн тээвэрт дайчлагдсан жолоочид Хөвсгөлийн тэсгэм хүйтэн жаварт хөлдүү мөсөн дээр задгай бүхээгэндээ азарган нэхий дээл, дэгтий өмсч дулаалж явна. Хөлдсөн нуурын мөсөн дээгүүр ачаатай машин явахад тэнгэр дуугарах мэт тас няс хийсэн асар их дуу чимээ нижигнэн нүргэлж тэр агшинд нуурын мөс цууран хагарч цөмрөн унах мэт айдас хүйдэс төрүүлэх бөгөөд зарим хашир жолооч  дээлийнхээ нудрагыг зориуд газар шүргэм урт хийлгэдэг байсан нь тулсан үед аминд ордог гэлцдэг байв. Хэдийгээр улсын комисс ажиллаж пост гарган мөсөн дээгүүр зорчих замыг нь урьдчилан сайтар шалгаж тэмдэг дарцаг хатгадаг байсан ч шөнийн таг харанхуйд гэнэт үүссэн далайн хар хэлрүү машин орчихвол бушуухан жолоогоо хаян шууд хүйтэн усруу үсрэхдээ учир зүггүй хоёр гараа савчуулах ёстой бөгөөд шалав норсон урт нудрага нь мөсний ирмэг дээр барьцалдан наалдахад нь түүнээс тас зууран чангаасаар мөсний эрмэг  дээр гарч амьд гарахыг тооцоолсон  гэдэг. Хэрэв уртын урт нудрагатай дээл өмссөн жолооч тааралдвал түүнийг далайн тээвэрт явдаг цөстэй эр гэж бахархуулах нэг ёсны иймийж байжээ.

Энэ жил Хатгалын төвөөс Жанхайн амралт жуулчны бааз хүртэл 45 км хатуу хучилттай засмал замыг “Азийн хөгжлийн банкны” зээлийн хөрөнгөөр барих ажил хийгдэж байна. Амрагчид Хөвсгөл далайн хөвөөнд сайхан амраад буцаад л авто машинаар олон цаг  давхихад хол замд хэн хүнгүй их ядардаг. Тэгэхлээр цаг хугацааг товчилсон, тав тухтай, хямд өртөгтэй агаарын тээврийн үйлчигээг бий болговол аялал жуулчлалд чухал дэмжлэг болох юм. Гэтэл Хөвсгөл аймгийн Хатгал суманд дунд оврын агаарын хөлөг бууж хөөрөх нислэгийн зурвас, цагт 50 зорчигч нэвтрүүлэх хүчин чадалтай аэропортыг аль 2012 онд ИНЕ-ын хөрөнгөөр барьж бэлэн болгосон ч одоо хир нь ашиглалтгүй байна. Энэ бол аялал жуулчлал эрхлэгчид, агаарын тээврийн компаниудын харилцан уялдаа муугаас аль аль нь байгаа боломжоо ашиглаж чадахгүй байгаа нэг жишээ юм. Аялал жуулчлалыг хөгжүүлэхэд нэгдүгээрт жуулчны баазуудад стандартын дагуу боловсон жорлон, халуун ус, саун, хог хаягдлыг зайлуулах асуудлыг нэн тэргүүнд шийдэх, хоёрдугаарт орон нутгийн нислэг үйлчилгээг тогтмолжуулах нь чухал гэж уулзсан хүн болгон ярьж байв. Харин Монгол Улсын Ерөнхийлөгч “Хөвсгөл нуурыг хамгаалах цогц ажил” санаачилж байгаа нь цаг үеээ олсон арга хэмжээ болж байна. Миний харснаар нэн тэргүүнд Хөвсгөл нуурын хамгаалалтыг хуульчлах хэрэгтэй юм. Тухайлбал хүмүүс нуурын усанд шалдан нүцгэн биеэр орох, биеэ угаах, сэлэх, эрэгт ойрхон гар нүүр угаах, хоол унд хийх, архидах, хог хаяхыг хуульчлан хорих, усан онгоц, завины стандарт шаардлагыг хатуу тавьж хуульчилж өгөх хэрэгэтэй болсон байна. Мөн манай иргэдэд зөв аялж зугаалах соёлд сургаж, сахилга бат, ухамсарыг дээшлүүлэх соён гэгээрүүлэх ажлыг эрчимтэй явуулах хэрэгтй байна. Эс бөгөөс Хөвсгөл нуурын эрэг хөвөө хариуцлаггүй амралтын гарзууд, соёлгүй амрагч зугаалагчдын хөлд Туул голын эрэг шиг бохирдож далай ээж цаазын тавцанд очиход ойртжээ.

Монгол Улсын Засгийн газраас ирэх 2023-2024 оныг “Монголд зочилох жил” болгон зарласан бөгөөд үлэмж тооны жуулчид Хөвсгөл нууранд ирэх нь тодорхой билээ.  

 Хатан далай ээж минь тунгалаг мэлмийд хир буртаг бүү тусаг.  

 

8.Агаарын тээвэр холдож, авто тээвэр ноёлжээ.

Нутаг сайхаан. Дэлгэр мөрний дэлгүүхэн хөвөө, Мөрөн хот бол миний эхээс унасан газар угаасан ус минь билээ.  Амралтын хоногууд өндөрлөхөд төрлөх Мөрөн хотдоо зочлов. Мөрөнгийн агаар, ус, салхи ямар ариухан тансаг билээ. Өглөө эртийн нар агаар нь хачин сайхан тунгалаг намуухан, хүн зон олны амьдрал цаанаа л нэг тайван амгалан. Миний төрсөн газар болоод ч тэрүү, зундаа өдөр бүр түр зуурын адар бороо асгаран ордог хурын усанд хөрс, шороо нь  угаагдсаар  атгаад авахад  ариуханаас ариухан байдаг билээ. Жилээс жилд Мөрөн хот өргөжин хөгжиж, хүн зон нь олширч, зах хязгаараа тэлжээ. Мөрөнгийн гудамжнууд нь цэлгэр өргөн бөгөөд айл бүр данагар том заамал дүнзэн байшин барьсан харагдана. Манай Хөвсгөлчүүд хэзээний элбэг хангалуун, хөдөлмөрч, ажилсаг, авхаалжтай, сэргэлэн, дайчин ард түмэн билээ. Мөрөнгийн төвд олны хөлд дарагдсан “Далай ээж” гэж хүнс, барааны их том  зах байна. Энд орон нутгийн иргэд болон хол ойрын аялагч, гадаад дотоодын жуулчид олноор тааралдаж ороод гардаг, их бага худалдаа наймаа хийдэг гол газар юм. Гагцхүү тус захын тохижилт, зохион байгуулалт гэж хэрэг алга. Үе үеийн аймгийн удирдлага, эндээс сонгогдсон төрийн түшээд нь анхаардаг ч болоосой. Ядаж өмнөх 4 замын уулзварыг нь өргөсгөж, авто машины зогсоолыг засч, захын үүд хавийг нь тохижуулж, барааны лангуу тавиурыг нь цэгцэлдэг болоосой.  Хоймор нутгийн олны хөл холхидог гол газрын нэг нь энэ “Далай ээж” зах байна.

Хөвсгөл нутгийн баян хангай  хишиг буянаа харамгүй өгч Мөрөнгийн зах, дэлгүүрүүдэд энэ жилийн шинэ жимс нэрс, үхрийн нүд, хад жимс зарагдаж, шинэхэн жимс хантлаа идсэн нил хөх ягаан уруул амтай багачууд, хүүхдүүд гүйлдэнэ. Мөн хуш модны боргоцой болон цайруулсан самар ихээр зарагдана. Баян хангайнхаа өгөөжийг айл өрх бүхэн хүртэж өвлийн турш идэх жимсний чанамалаа базааж авч бас нийслэл хотруу илгээнэ. Хорт хавдрын эсийг дарангуйлах ач холбогдолтой гээд гишүүний чанамал ихээр хийж хүнсэндээ хэрэглэх болжээ. Дээхэнэ үед нийслэл хотруу тогтмол нисдэг байсан рейсийн онгоцонд манай нисэхийнхэн битон сав дайж шинэ жимс захиж авахуулдаг байсан бол одоо хот хоорондын автобусанд дайж явуулдаг болжээ. Нийслэл хот Мөрөн хоёрын хоороонд жуулчны тохилог автобусаар өдөр бүрийн өглөө, өдөр, оройн тогтмол цагт том хүн нэг талдаа зорчиход 60.800 төгрөг, хоёрын зэрэг тээшийг үнэгүй тээвэрлэнэ. Харин Мөрөнгөөс Улаанбаатар нисэх онгоцоор зорчиход “АэроМонгол” компани нэг хүний нислэгийн тийзийг 570.000 төгрөгөөр борлуулдаг байна. Ийм өндөр үнэтэй байхад агаарын тээврийн үйлчилгээ  ард түмнээс улам л холдсоор жирийн иргэдийг хол замд газраар олон цаг авто хөсгөөр зорчихоос өөр сонголтгүй болгожээ.

Аялал жуулчлалын гол бүс нутагт агаарын тээвэр чухал хэрэгтэй байлаа ч нислэгийн давтамж цөөн, тийз өндөр үнэтэй байгаа нь гол бэрхшээл нь болж байна. Үүнийг шийдэх гарц, арга зам байсаар байхад салбарын яамд, агентлагууд олж хардаггүй, мэргэжлийн хүний үгийг сонсдоггүй, судалгааны бүтээлийг тоодоггүй зэрэг хөшүүн хойрог, хүнд сурталтай, бүтээлч сэтгэлгүй байна. Энд дурьдагдсан зүйл ганц манай нутагт биш Монгол орны хаа сайгүй ийм байна. Монголчууд малын буян, байглийн хишиг энэ хоёрын хүчинд хэзээ ч өлсөж, турш үхэхгүй билээ. Олон улсын эдийн засгийн хатуу хоригт орсон хойд хөрштэй яг одоо харилцан ашигтэй эдийн засаг хамтын ажиллагааг өрнүүлж  ялангуяа хил орчмын хот, мужуудтай манай хангайн аймаг, сумдыг шууд худалдаа эхийх эрх олж өгч  тэдэнд дутагдалтай байгаа мах болон арьс, нэхий, ноосон бүтээгдэхүүн гаргаж оронд нь шатахуун, бараа материалын солилцоог олон улсын худалдааны дүрмэнд захирагдалгүй хийх боломж гарц байж л таараа. Манай улсаас малын мах, арьс ноосон эдлэлийн бүтээгдэгхүүн нийлүүлэхэд гол хүндрэл учруулдаг ОХУ-ын импортын 70% -ийн татварыг бууруулах  алтан боломж энэ цаг үед үүсч байгааг төр засаг анзаарч сүйхээтэйхэн хөдлөх цаг болсон байна. Манай ЖДҮ-т үйлдвэрлэсэн нэхий дээл, хантааз, малгай, бээлий, хүзүүний ороолт, резин углааштай эсгий гутлыг  өвөл нь туйлын урт бөгөөд хахир хүйтэн Сибирийн бүс нутгийн иргэд дуртай худалдан авах нь дамжиггүй.

Соц.нийгмийн үед манай ахмад үеийнхэн Монгол Улсыг 25 сая толгой малтай болгосон ба жил бүр 10 сая мал төллүүлж, мөн улсын бэлтгэлд 10 сая мал нядалж хойд хөршрүү экспортлож оронд нь хэрэгтэй зүйлээ авж энэ улс орныг хөгжүүлсэн. Тэгвэл одоо л малчдаа анхаарч, хөдөө аж ахуйгаа дэмжиж, энэ салбарт өргөн мэдлэг, нарийн мэргэжил, ажил амьдралын арвин туршлага хуримтлуулсан хүмүүсийг төрийн бодлого тодорхойлох, хууль тогтоох, гүйцэтгэх засаглалд түлхүү ажиллуулж байж л энэ улс орон хөгжин дэвшиж, хүн ардын амьдрал ахуй чинээлэгжиж, хувь заяа өөдлөн бэхжих нь гарцаагүй билээ. Монгол орон шиг мал, байгал хоёр нь хүн ардаа тэжээж тэтгээд авдаад явдаг улс орон дэлхийд тун цөөхөн билээ. Нийгмийн сүлжээгээр тараадаг Эрээн хаагдаад, эдийн засаг сүйрээд, юмны үнэ өсөөд өлсөж үхэх дөхлөө гэдэг үг хөдөөд шал худал байна.

Монголын их амар амгалан, хязгааргүй эрх чөлөө хөдөө л байна.

Ингээд  хөглөгөр их тайга нь хөшилдөж хөх ус нь мэлтэлзсэн төрлөх нутагтаа ирсэн миний амралтын хоног дуусч их хотынхоо зүг хөлгийн жолоогоо эргүүллээ.

2022.08.24 Мөрөн хот

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин. 2022.10.4 №194, 10.7№197, 10.13 №199, 10.14 №200.