П.АМГАЛАНБАЯР
Өндөрт татсан олсон дээр өлмий дээрээ алхах охид яг л дүүлэн нисэх шувуу мэт харагдана. Тэнцвэр, ур чадвар шаардсан агаарын алхалтын гайхамшгийг түгээх охид бол Узбекистан улсын жүжигчид юм. Харин тайзны голд аварга том могойны үзүүлбэр үзүүлж байлаа. Мөн Казахстан болон манай улсын морин үзүүлбэрийн жүжигчид тун ч сонирхолтой, эр зориг, авхаалж самбаа шаардсан тоглолтыг үзүүлэх аж. Хөгжилтэй алиалагчид, амьтад, дуу хөгжмийн аялгуу хоршсон орчинд дэлхийн циркчид ийнхүү нэгэн дээвэр доор цугларчээ. Тэд орон орныхоо циркийн урлагийн гайхамшгийг Монгол бөхийн өргөөний тайзнаас хүүхэд багачууд, үзэгчдэд хүргэхээр ийнхүү бэлтгэлээ базааж байна. Энэ үеэр Казахстаны морьтон үзүүлбэрийн удирдагч Калкаманы сэтгэгдлийг хуваалцсан юм. Тэрбээр “Казахстанд морьтон үзүүлбэрээ арав гаруй хүний бүрэлдэхүүнтэй үзэгчдэд толилуулдаг. Харин энэ удаа Монголын морьтон үзүүлбэрийн жүжигчидтэй хамтарч тоглохоор бэлтгэлээ базааж байна. Би олон орноор морьтон үзүүлбэрээ үзүүлж байсан. Энэ удаад монголчуудтай уулзах гэж буйдаа баяртай байна. Би циркийн урлагтай амьдралаа холбоод 15 жил болжээ. Морин үзүүлбэр их өвөрмөц онцлогтой. Амьтантай харьцдаг учраас их цаг хугацаа, хөдөлмөр шаарддаг” гэлээ. Калкаман 2014 дэлхийн циркийн наадамд оролцож тэргүүн байр эзэлсэн авьяаслаг уран бүтээлч юм.
"Bravo circus" тоглолтод арав гаруй орны тамирчид оролцоно
"Bravo circus" олон улсын циркийн тоглолт энэ сарын 21-нд хөшгээ нээнэ. Харин 20-нд хандивын тоглолтоо хийх юм байна. ОХУ, Армени, Вьетнам, Япон, Аргентин, Казахстан, Узбекистан, Африк, Вьеатнам гэсэн арав гаруй орны циркийн урлагийн гайхамшгийг түгээгчид тоглолтод үзүүлбэрээ үзүүлэх аж. Тоглолтод сургуультай аварга могой, нохой, муур гэсэн амьтдын хөгжилтэй үзүүлбэр толилуулна. Японы жонглёрчин, Казахстан улсын жүжигчдийн морьтон үзүүлбэр үзүүлэх аж. Африкийн Гана улсаас зорин ирэх циркийн жүжигчид мөн сонирхолтой үзүүлбэр үзүүлэх юм байна. Ийнхүү "Bravo circus" тоглолтод энэ сарын 21-нд хөшгөө нээж үзэгчдэд хүрэх гэж байгаа талаар зохион байгуулагчид мэдээлэл өгсөн юм. Энэ үеэр Монголын циркчдийн холбооны тэргүүн Ч.Хатанбаатар “Монголд циркийн урлагийн тоглолт үзэгч багачуудад хүрээгүй удсан байна. Тиймээс Монголын циркийн хэсэг уран бүтээлчид нийлж "Bravo circus" нэгдэл байгуулсан. Олон улсын ур чадвар, өнгө төрх бүхий циркийн тоглолтыг Монголын үзэгч, хүүхэд багачууддаа хүргэх цаг болсон. Тиймээс Монгол бөхийн өргөөнд циркийн урлагийн гайхамшгийг түгээх зорилгоор тайз, орчинг бүрдүүлж ажиллаж байна” гэлээ.
Орон зайн гайхамшгийг мэдрүүлнэ
Циркийн урлаг уран бүтээлээ толилуулахад амьтад тухайн орчинд, жүжигчид орон зайдаа дасах хэрэгтэй болдог талаар "Bravo circus" нэгдэлийн найруулагч “Монголын шинэ цирк төв”-ийн захирал, Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Зоригт онцолж байлаа. Тиймээс циркийн жүжигчид бэлтгэл ажилдаа ийнхүү шамдан оржээ. Сүүлийн хэдэн жилд Монголд орон зай эзэлсэн тоглолт хийх боломжгүй байсан учраас Канад, Вьетнам, Беларус улсын агаарын гимнастикчдыг урьжээ. Мөн үхлийн цагариг хэмээх дэлхийд алдартай 14 метрт хамгаалалтгүй явдаг ОХУ-ын жүжигчин Андрей тоглолтод оролцож агаарын орон зайн гайхамшгийг түгээнэ. "Bravo circus" олон циркийн тоглолтод 50 гаруй уран бүтээлч оролцох юм байна. Тоглолт хоёр цаг үргэлжлэх бөгөөд арав хоногийн турш Монгол бөхийн өргөөнд толилуулах аж.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2022 ОНЫ АРАВДУГААР САРЫН 19. ЛХАГВА ГАРАГ. № 203 (6935)