Б.НАРАНГОО

 

Буриад улсын Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонт Хоц, Намсрайевийн нэрэмжит драмын эрдмийн театрын бүрэлдэхүүн манай улсад аялан тоглолтоо хийхээр ирээд буй. Үүнтэй холбоотойгоор Буриад өв соёл, уламжлалыг таниулах үзэсгэлэн Соёлын төв өргөөнд боллоо. 

Үзэсгэлэнд буриад дээл хувцас, ширмэл оёдлон бүтээлэг, эртний дуу, шүлгийг сэргээн таниулах ном болон хуурцаг гээд 10 гаруй иргэн тус тусын бүтээлээрээ оролцож байна.

Тус үзэсгэлэнд бүтээлээ гаргасан оёдолчин Б.Доржпагма “ Буриад хувцас өмссөн хүнийг хараад уншиж болно. Эхнэр хүн өмсөх уужтай энгэр гоёлгүй хамган дээл, энгэр нь гоёлтой басган дээл, хөвгүүн хоёр ханцуйндаа эмжээртэй, эхнэртэй эрэгтэйчүүд нэг ханцуйндаа эмжээртэй дээл гэх мэтээр хүнийг хараад ялгаж мэддэг.

Буриадын хувцас нь монголчуудын хувцастай адилхан ч нарийн гоёл, хийц маягаар ялгаатай. Буриад эрэгтэйчүүдийн дээлний энгэр хурц, гурван эмжээртэй. Эмжээрийн дээд тал нь хөх болон ногоон өнгөтэй. Үүнийг цагаалж гэдэг. Цагаалж эмжээрийн дараагаар нь хар хилэнгээр өргөн эмжинэ. Түүний дараа адил хэлбэрээр улаан эдээр эмжсэн байдаг. Эрэгтэй дээлийн гурван оёдлыг дээд, дунд, доод тэнгэр хэмээнэ. Хижээл хүний нударга том залуу хүнийх бага хоёр янз байдаг" гэв.

Буриад эхнэр гэзгээ хоёр хэсэг болгон, туйв хийж гоёдог. Үсний туйвыг хоёр шанаа хавьд хөндлөн хийдэг. Туйвны толгойд шүр, хув, алт, алтан шармал хийж гоёдог бөгөөд туйвны модон голыг үсээрээ цэвэрхэн ороож утсаар татаад модон туйвыг ороогоод илүү гарсан гэзэгний үсийг гурваар сүлжин, үзүүрээс нь гоёл зүүлт зүүж чимдэг байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ АРАВДУГААР САРЫН 19. ЛХАГВА ГАРАГ. № 203 (6935)