Ц.БАЯР

Саяхан Монгол Улсад айлчилсан Канад Улсын Парламентын Сенатын танхимын дарга эрхэмсэг ноён Жорж Ж.Фюри айлчлалынхаа хөтөлбөрийн дагуу “Оюу толгой”-н уурхайн цогцолборт зочилж, ажиллах үеэрээ “Уурхайчин цэцэрлэгт хүрээлэн”-д дурсгалын мод тарьжээ. Тэрбээр зочид, төлөөлөгчидын хамтаар “Elaeagnus moorcrofti” хэмээх говийн унаган мод тарьсан аж. Эдгээр модны суулгацыг Ханбогд сум дахь “Оюу толгой” компанийн “Байгалийн ургамлын үржүүлгийн газар”-т арван жилийн өмнө бэлтгэж эхэлжээ. Уг үржүүлгийн газарт говь нутгийн 50 гаруй зүйлийн унаган мод, ургамал тарьж ургуулж, тэдгээрийн суулгацыг бэлтгэдэг байна. Дурсгалын мод тарих саналыг “Оюу толгой” компани санаачлан эрхэмсэг ноён Жорж Ж. Фюрид хандаж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод үндэсний хөдөлгөөн”-д хувь нэмрээ оруулахыг урьжээ. Дурсгалын мод тарих ёслолд УИХ дахь Монгол, Канадын найрамдлын бүлгийн дарга Г. Дамдинням болон “Оюу толгой” компанийн удирдлага оролцжээ. “Оюу толгой”-н уурхайн цогцолборт өнгөрсөн хавар байгуулж эхэлсэн "Уурхайчдын цэцэрлэгт хүрээлэн" дээрх Үндэсний хөдөлгөөний хүрээнд тус компанийн зүгээс хэрэгжүүлж буй “Нэг зуун сая мод” төслийн төлөвлөгөөний дагуу гүйцэтгэж буй олон төрлийн ажлын нэг юм. Уг цэцэрлэгт хүрээлэнд говь нутгийн унаган бут сөөг, мод, ургамлаас гадна гацуур,буйлс зэрэг тарьж мод ургуулж, олон төрлийн жимс, жимсгэнийн мод тарьж нутагшуулахаар зэхэж буй аж.

Эх сурвалж: www.polit.mn