Б.НЯМСҮРЭН

 

Сүүлийн үед vape буюу электрон тамхийг залуучууд ихээр хэрэглэх болсон. Өсвөр насныхан, залуучуудын дунд гангараа шахуу болоод байгаа энэ тамхины хор хөнөөлийн талаар Нийгмийн эрүүл мэндийн Үндэсний төвийн Орчны эрүүл мэндийн албаны дарга, Анагаах ухааны доктор, дэд профессор Б.Сувдтай ярилцлаа.

 

-Сүүлийн үед электрон тамхины хэрэглээ залуучуудын дунд түгээмэл байдаг үзэгдэл боллоо. Та улсын хэмжээнд орчны эрүүл мэндийг хариуцсан албыг ахалж байгаа хүний хувьд энэ талаарх судалгаа мэдээлэл хэр байгаа талаар яриагаа эхэлье?

-Дэлхий дахинд дэгдсэн Коронагийн идэвхтэй үе намжсаны дараа л электрон тамхины асуудал нэлээд эрчтэй газар аваад байна. Электрон тамхи Монголд нэвтрээд төдийлөн удаагүй  байгаа учраас нарийвчилсан судалгаа хангалттай биш байна. Олон улсын сэтгүүлд эрдэмтэд электрон тамхины талаар судалсан судалгааны үр дүнг нийтлүүлсэн байгаа.

Манай байгууллагын зүгээс, ДЭМБ-ын тусламжтайгаар зөвхөн электрон биш ер нь тамхи, тамхин бүтээгдэхүүний хүний эрүүл мэндэд үзүүлэх хор хөнөөлийн талаарх мэдлэг олгох ажлыг зохион байгуулж байгаа. Сүүлийн үед электрон тамхитай холбоотой шинжлэх ухааны мэдлэгийг олон нийтэд аль болох түгээн таниулах, үнэн зөв мэдээлэл бүхий мэссэжүүдийг боловсруулах, сургалт сурталчилгаа хийх гэх зэргээр ажлууд хийж байна.

Гэхдээ нөгөө талаар бизнес хийж байгаа, тухайн бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, борлуулж байгаа хүмүүстэй харьцуулахад төрийн ажил удаашралтай, арай хойрго байгаа нь үнэн. Гол нь ийм төрлийн нийгэмд чиглэсэн ажил хийхэд санхүүжилт ихээр шаардагддаг. Ялангуяа залуучууд голдуу хэрэглэж байгаа энэ нөхцөлд тэдэнд зориулсан мэдээлэл өгнө гэдэг зүгээр нэг байгууллагын вэб сайтаар явчихдаг ажил биш юм. Харин ч эсрэгээрээ тэр барааг оруулж ирж, худалдан борлуулж байгаа хүмүүс нь QR кодыг уншууллаа гэхэд л электрон тамхитай холбоотой сурталчилгаа гарах жишээтэйгээр хурдтай ажиллаж байна.

-Янжуур тамхийг бодвол хор багатай, зарим нь никотингүй гэх  тайлбар их. Электрон тамхи үнэхээр хор багатай юм уу?

-Шинжлэх ухааны үндэслэлтэй хэлэхэд, электрон тамхи ч янжуур тамхи ч аль аль нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй. Та бизнесийн байгууллагын арга мэхэнд хууртагдаад байна л гэж хэлье. Янжуур тамхийг хортой гээд шахаад эхлэхээр үйлдвэрлэгчид хэлбэр дүрсийг нь өөрчилж электрон байдлаар гаргаж байна. Электрон тамхины сорох хэсгийн дунд хэсэгт никотин болон бусад олон төрлийн химийн бодис байгаа. Гоё үнэр, амттай байгаа нь тэр чигээрээ химийн бодис юм.

Ер нь электрон тамхи никотингүй байх магадлал маш бага, бараг боломжгүй. Тэгэхээр нотолгоотой мэдээлэл авах хэрэгтэй.

-Мөн тамхинаас гарахыг хүссэн хүмүүст зориулсан гэж их сурталчилдаг юм билээ?

-Энэ талаар тогтоосон судалгаа өнөөг хүртэл байхгүй байна. Ер нь нэг хортой зүйлийг өөр нэг хортой бүтээгдэхүүнтэй харьцуулах шаардлагагүй юм. Олон улсад шинжлэх ухааны байгууллагууд судалж шинжлээд хортойг нь хэлээд байгаа боловч залуучуудад тэр шинжлэх ухааны үндэслэлтэй мэдээлэл хүрч чадахгүй байгаа.

Тэгэхээр залуус маань үйлдвэрлэгчийн маркетингийн аргад л хууртаад байнаа гэсэн үг. Электрон тамхи хэрэглэдэг өсвөр насныхан, залуучууд бүтээгдэхүүний талаар тодорхой ойлголтгүй байдаг. Электрон тамхи нь залуучуудыг татах өнгө, үзэмжтэй, амттай, хэлбэр дүрстэй болсон нь асуудал дагуулж байна.

-Сүүлийн жилүүдэд олон улсад электрон тамхийг дотор орчинд татуулахгүй, хүүхдэд худалдахгүй байх зэргээр хязгаарлаад эхэлсэн.  Монголд гэтэл улам нэмэгдээд байх шиг?

-Одоогоор Бразил, Мексик, Тайланд, Турк, Шри Ланк зэрэг 32 орон хориглочихсон байгаа. Ер нь дэлхий хавтгай болчихсон. Хэн ч хаанаас ч ороод үзсэн ямар улс орон хориглочихоод байгаа, ямар хор хөнөөлтэй вэ гэдгийг олоод үзэх бүрэн боломжтой. Тамхины аюулгүй хувилбар гэж байхгүй. Янжуур ч байна уу, тамхи ч байна уу, аль аль нь аюултай.

-Дам тамхидалт гэж байдаг. Түүн шиг электрон тамхи татаж байгаа хүний хажууд байгаа хүн дам тамхидалтад өртөж, хордох боломжтой юу?

-Янжуур болон электрон тамхи татах нь ижилхэн байдлаар дам тамхидалт болон хоёрдогч тамхидалтыг үүсгэдэг. 2019 онд хийсэн халдварт бус өвчин, осол гэмтлийн тархалтыг тогтоох үндэсний дөрөвдүгээр судалгаагаар 15-64 насны 10 хүний гурав нь гэрийн дотод орчинд, дөрвөн хүний нэг нь ажлын байрандаа дам тамхидалтад өртөж байгааг тогтоосон. Энэ үед электрон тамхины хэрэглээ тийм ч түгээмэл байгаагүй. Бид нэг хэсэг тамхийг хаа сайгүй татдаг байсан бол сүүлийн үед уг нь зориулалтын хэсэгт татдаг болоод эмх журамтай байлаа. Гэтэл одоо электрон тамхийг хаа сайгүй татаж байгаа.

Энэ бол бидний шинжлэх ухааны мэдлэггүй, үнэн зөв мэдээлэлгүй байгаагийн хамгийн наад захын хор уршиг. Электрон тамхийг сороод буцаагаад амьсгалаа гадагшлуулахад аэрозол үүсдэг ба ингэснээр шингэн дэх химийн бодисууд дотоод орчинд дэгдэж дам тамхидалтыг үүсгэдэг. Жишээ нь, ажил мэргэжилтэй холбоотой судалгаагаар шоу, тоглолт зэрэг энтертайнмент салбарын ажилтнууд (баар, рестораны зөөгч нар, DJ, бармен болон бусад) бусад салбарын ажилтнуудтай харьцуулахад пропилен гликол агуулсан аэрозолд байнга өртдөгтэй холбоотойгоор амьсгалын замын цочрол, уушгины үйл ажиллагааны алдагдалд илүү их өртөж өвддөг байна. Иймээс ч ажлын байранд, дотоод орчинд янжуур ч бай, электрон тамхи ч бай татахгүй байх, ажилчид, бусад хүмүүсийг хамгаалах үйл ажиллагааг хэрэгжүүлэх хэрэгтэй юм. Ер нь дотоод орчинд янжуур татах нь багассан байгаа. Харин одоо нийтээрээ электрон тамхи татаж байгаа бие биедээ шаардлага тавьдаг байх хэрэгтэй. Янжуур тамхи ч, электрон тамхи ч хортой.

-Тамхины тухай хуульд 21 нас хүрээгүй хүнд тамхи худалдахыг хориглосон заалт байгаа. Гэтэл электрон тамхийг хэрэглэж байгаа хүмүүсийг харахад ихэнх нь залуучууд байна?

-Электрон тамхины асуудлыг бүх талын оролцоотой ярьж хэлэх ёстой. Тухайн барааг худалдаж байгаа худалдагч хүртэл хариуцлагатай байх ёстой юм. Магадгүй таны өөрийн хүүхэд биш ч ирээдүйд таны хүргэн, бэр болох хүүхдүүд байвал яах вэ. Бусад улс орнуудад 21 нас хүрсэн бичиг баримтаа үзүүлж байж авдаг, худалдагчид нь ч сайн шалгадаг. Монголд болохоор сайн шалгаж байна уу, үгүй юу гэдэг бас л эргэлзээтэй.  Уг нь Худалдаа аж үйлдвэрийн танхимаас ч юм уу, бүх бизнес эрхлэгчдэд зориулаад уриалга гаргах, 21 наснаас доош худалдахгүй байх талаар нийтээрээ дагаж мөрдөх хэрэгтэй.

-Танай байгууллагын хувьд ямар, ямар тодорхой судалгаа хийв. Статистик мэдээлэл хангалттай байгаа юу?

-Электрон тамхины талаарх судалгаанууд олон улс орнуудад хийгдсээр байна. Никотины хэмжээг багасгаснаар тамхи бага хортой болдог талаар шинжлэх ухааны ямар нэгэн нотолгоо олон улсын хэмжээнд байхгүй бөгөөд энэ аргыг тамхи үйлдвэрлэгч өөрсдийн бүтээгдэхүүнээ олноор нь борлуулах нэг маркетингийн арга болохыг ДЭМБ-аас улс орнуудад анхааруулсан байна.

Тамхидалттай тэмцэх асуудал зөвхөн эрүүл мэндийн асуудал төдий бус бүхэл бүтэн улс, үндэстний төдийгүй дэлхий нийтийн хөгжлийн тулгамдсан асуудал. Тиймээс дэлхий дахинд тамхины тархалт, түүнтэй холбоотой өвчлөл, нас баралтыг бууруулах зорилгоор ДЭМБ-ын санаачлагаар 1999 оноос эхлэн “Тамхины хяналтын суурь конвенц”-ийг боловсруулан 2003 онд ДЭМБ-ын 56 дугаар чуулганаар гишүүн 192 орон санал нэгтэй баталсан билээ.

Манай улсын хувьд ДЭМБ-ын тамхины эсрэг суурь конвенцид нэгдсэн мөртлөө олон зүйл заалтуудыг хэрэгжүүлдэггүй. Тухайлбал, тамхийг олноор нь зэрэгцүүлэн ил тавьж худалдаалахыг хориглосон байгаа. Гэтэл янжуур тамхийг ч, электрон тамхийг ч кассны хажууд өрөөд тавьчихдаг. Кассны хажууд олноор нь өрж байршуулах нь хэрэглэгчдэд мартсан зүйлийг нь сануулж, тамхи татах сэдэл төрүүлдэг учир хориотой байдаг.

-Та ярианыхаа эхэнд Нийгмийн бодлогын байнгын хороонд болон холбогдох яамдад бүх судалгаа мэдээллээ явуулсан гэж байна. Ер нь электрон тамхины тухай асуудалд төрийн байгууллага, шийдвэр гаргагчид анхаарч эхлээд байна гэсэн үг үү?

- Манай зүгээс одоогийн байдлаар электрон тамхины судлагдсан байдлын талаарх мэдээллийг холбогдох байгууллага, албан тушаалтанд хүргүүлсэн байгаа. Мөн хүүхэд залуучуудад чиглэсэн мэдээлэл сурталчилгааны ажил хийж байна. Ер нь эмнэлгийн тусламж үйлчилгээ болон нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ гэж хоёр тусдаа ойлголт бий. Нийгмийн эрүүл мэндийн тусламжийн хувьд хангалттай төсөв байдаггүй. Яг үнэнийг хэлэхэд бидэнд сурталчилгааны материал бэлтгээд, хэвлээд түгээх зардал мөнгө асуудалтай байдаг. Уг нь энийг шийдээд хийгээд явахад боломж байгаа. Жишээ нь, Эрүүл мэндийг дэмжих сан архи, тамхины татвараас санхүүждэг. Тэгэхээр төсвөөс гадна иймэрхүү байдлаар зардлыг шийдэх боломж байгаа.

Мөн хөрөнгө мөнгөнөөс гадна үүнийг ойлгох мэргэжилтнүүд, дээд шатны удирдлагууд бас ойлгож хүлээж авах хэрэгтэй. Үйлдвэрлэгч нар болон гаднаас оруулж ирж зарж байгаа хүмүүсийн хувьд маш хурдтайгаар олон нийтэд хүргэж чадаад байна. Гэтэл бид үүний эсрэг явъя гэхээр тогтолцоо нь арай удаан л байна л даа. Ер нь архи, тамхины асуудлыг ярихаар олон лобби бүлэг бас ажиллаад эхэлдэг сөрөг талтай. Хортой гэж хэлээд байхад л шийдвэртэй арга хэмжээ авахгүй удаашралтай байгаагийн цаана лобби байхыг ч үгүйсгэхгүй. Ер нь зарим эмч нарыг ч лоббидоод авчихдаг. Монголын ирээдүй л хохирно.

-Төрийн болон төрийн бус байгууллагын хийх ажлаас гадна эцэг эхчүүдийн зүгээс хийх боломжтой боловч анхаарч чадахгүй байгаа асуудал юу байна?

-Эцэг, эхчүүдийн зүгээс хүүхдэдээ бас анхаарч сайн хэлж ойлгуулдаг баймаар байна. Манай хүүхэд татаагүй байх, надад хамаагүй гээд хажуугаар нь битгий дуугүй өнгөрөөч ээ. Хортой сөрөг нөлөөтэйг нь ярьж, ойлгуулаач ээ гэж хэлмээр санагддаг юм.

Нийгэмд энэ нь байж л байдаг үзэгдэл гэж ойлголт төрөөд байна. Өсвөр үеийнхэн харсандаа л итгэнэ.

-Саяхан уушги нь цоорсон хүүхэд ХӨСҮТ-д ирсэн, ирээгүй гэсэн янз бүрээр мэдээлэл цацагдаж байгаад намжчихсан. Ковидоос хойш электрон тамхитай хамааралтай  хүүхдийн уушгинд нөлөөлсөн гэсэн баримт байгаа юу?

-Ямар нэг өвчин байлаа гэхэд 100 хувь нэг зүйлээс болно гэж байхгүй. Гэхдээ сүүлийн үед хүүхдийн сүрьеэгийн өвчлөл нэмэгдэж байгаа. Сүрьеэгийн өвчлөл гэдэг уушги л гэсэн үг. Уушгины асуудал байгаа дээр тамхи татах нь нэрмээс л болно. Тамхи зүрх, уушгинд нөлөө үзүүлдэгтэй адил электрон тамхи ч зүрх судасны өвчлөл үүсгэнэ, уушгинд нөлөөлнө. Цаашлаад нөхөн үржихүй, бөөрний үйл ажиллагаа муудна. Химийн үнэр үнэртэж байгаа учраас хамар битүүрэх, хүчилтөрөгчийн дутагдалд орно. Дунд хугацаандаа сурлагын амжилт буурах, анхаарал сулрах, ой санамж, танин мэдэхүйн сулрал, нойр муудна. Алсдаа мэдээж хавдар, үргүйдэл үүсгэх зэрэг нь янжуур тамхитай ижилхэн л хоруу чанартай.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ АРАВДУГААР САРЫН 18. МЯГМАР ГАРАГ. № 202 (6934)