Б.ДАРЬСҮРЭН

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн авто замаар 239 компани нүүрс тээвэрлэж байна. "Эрдэнэс Монгол" компанийн орлогын 90 орчим хувийг бүрдүүлдэг тус замаар зорчих тариф 2016 онд км тутамд 2650 төгрөг байсан бол одоо 3300 төгрөг байна. 

Тус замыг анх төрийн мэдэлд шилжүүлэхтэй холбоотойгоор Хөгжлийн банк “Эрдэнэс Монгол” ХХК-д 170.5 тэрбум төгрөгийн зээлийг олгожээ. 

"Эрдэнэс Монгол" компани Гашуунсухайт авто замаас өнгөрсөн хугацаанд 330 тэрбум төгрөгийн орлого олжээ. Үүнээс 2018, 2019 онд 80 тэрбум төгрөгийн орлого олж байсан ч Хөгжлийн банкны зээлээ төлөөгүйгээс зээл болон хүүгийн төлбөр хуримтлагдаж ирсэн аж. 

"Эрдэнэс Монгол" компани Гашуунсухайт замтай холбоотой Хөгжлийн банкны зээлийн үндсэн төлбөрт 2019-2022 онд 127.9, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 2015-2022 оны III улирлын байдлаар 97.1 тэрбум буюу нийт 225 тэрбум төгрөг төлжээ. Үүнээс 117.2 тэрбум төгрөгийг өнгөрсөн есдүгээр сард төлснөөр хэвийн зээлдэгчийн ангилалд шилжиж, 42.6 тэрбум төгрөгийн өрийн үлдэгдэлтэй үлджээ. Энэ мөнгийг хүүгийн хамт 2023 оны I улиралд төлж барагдуулахаар ажиллаж байгаа аж. 

Эх сурвалж: www.polit.mn