Б.БАЯРЖАВХЛАН

1943 онд БНМАУ-ын Ерөнхий сайд, БНМАУ-ын хошой баатар, өрлөг жанжин Х.Чойбалсангийн урилгаар Буриадын театр анх удаа манай улсад аялан тоглолтоо толилуулж байжээ. Түүний дараа 1978 онд манай улсад дахин бүрэн бүрэлдэхүүнээрээ ирж тоглолтоо хийж байжээ.

Тэгвэл энэ жил Буриад улсын 100 жил, Буриадын театрын 90 жилийн ойн давхацал дээр манай улсад аялан тоглолтоо хийхээр 40 жилийн дараа бүрэн бүрэлдэхүүнээрээ ирээд байна. Тодруулбал, Энэ  удаагийн театрын бүрэлдэхүүнд ОХУ-ын Ардын жүжигчин, Буриад улсын Ардын жүжигчин, Гавьяат жүжигчин тэргүүтэй 70 орчим жүжигчин, уран бүтээлчид багтаж байна. Түүнээс дурьдвал Буриад улсын ардын жүжигчин Саян Жамбалов, Лосолма Протасова, Баярто Ендонов, Жажан Динганорбоев нар иржээ.

Мөн Буриадын соёлын сайд  Соелма Дагаева ирсэнээрээ онцлог байлаа.  Тэрбээр хэлэхдээ “ Манай буриадын театрын хувьд Монгол Улсын театртай нөхөрсөг харилцаатай. Энэхүү тоглолтоо бид өнгөрсөн жилээс эхлэн бүтэж жилийн хугацаанд бэлдэж байж ирлээ. Мөн Монгол-Оросын найрамдалт төвөөс бидэнд орос хэл дээр хүүхдийн жүжиг тавих хүсэлт гаргасан. Түүний дагуу орос сургуулийн хүүхдүүдэд орос хэл дээр жүжиг тавьсан байгаа. Манай буриадын театрын хувьд дэлхий дээр буриад хэлээр жүжиглэдэг цор ганц театр байгаа. Тиймээс Монгол ахан минь бидний тоглолтыг ирж үзээрэй. Буриадын театрын ертөнцөөр аялаарай” гэсэн юм.

Жүжгийн найруулагч Саян Жамбалов хэлэхдээ “Монголчууд "Алдарын есөн хором" жүжгийг сайн мэднэ. Тус жүжигт 300 гаруй цэргийнхээ амийг авардаг ОХУ-ын баатрын талаар өгүүлдэг. Бодит явдлаас сэдэвлэсэн найрууллаа. Мөн Буриадын аман домог дамжин ирсэн "Улей нутгийн охид" жүжгийг Соёлын төв өргөөний тайзнаа өчигдөр тоглогдлоо. Улей нутгийн сүнслэг шинж чанарыг харуулсан, өвөрмөц шийдэлтэй жүжиг юм. Харин “Барлаг” жүжгийг Монголын хүүхдийн ордонд Орос хэлээр сурдаг сургуулийн сурагчдад зориулан нээлээ. "Үхэж ядсан хаан" бол абсурд төрлийн жүжиг юм. "Солонгост өнгөрүүлсэн хар өдрүүд" жүжигт хүний нутагт зовлон, жаргал туулж буйг харуулна. "Блогчин" жүжгээс хүүхдүүд цахим орчинд хэт их автах үзэгдлийг бодитой, хөгжилтэй байдлаар өгүүлнэ. Эдгээр зургаан жүжгийг Буриадын жүжигчид тайзнаа тоглохоос гадна энэ сарын 20-нд Буриадын театрын урын санд байдаг шилдэг жүжгүүдийн түүврийг үзэгчдэд толилуулна” гэв.

Тоглолтын нээлт өнөөдөр Үлей нутгийн охид жүжигээр эхэллээ.

Үлей нутгийн охид жүжгийн хувьд галын онгодоос хулгайлагдсан бүсгүйн тухай ардын домог болсон ярианаас сэдвэлсэн жүжиг юм. Хайрын улмаас хорвоог орхиж сүнс болон хувирсан Үлей бүсгүйн тухай аман яриа ард түмэнд үлгэр домог болон түгсэн байдаг. Тус жүжиг нь орчин үеийн сүйт бүсгүйн хайрын золиосоор эхэлдэг. Дуу, бүжиг, инээд хѳѳр, баяр баясгалангаас эхлэн үзэгчдийг хуриманд урьж буй нь хѳгжилтэй уур амьсгалыг бий болгодог. Тайзан дээр болж буй үйлдлүүд заримдаа аймшигтай, заримдаа инээдтэй санагдана. Мөн өнгөрсөн, одоо, ирээдүйн харилцан уялдаа, сүнсний ертөнц ба хүмүүсийн ертөнц хоорондын харилцааны тухай жүжигээс үзэж болох юм. Эрхүүгийн Буриадуудын ардын дууны урлаг, зан үйл, ардын аман зохиол, тоглоом, бүжиг өргөнөөр харагдана.

Энэхүү тоглолтууд нь энэ сарын 20-ыг  хүртэл ганцхан удаа зохион байгуулагдах тул амжиж үзээрэй.

Эх сурвалж: www.polit.mn