Гаалийн жинхэнэ зөвлөх, Монгол Улсын гавьяат багш, доктор, профессор, Халзад овогт Тогоочийн Лхагваа
Эрхэмсэг хэмээн өгүүлэхийн учир нь төр улс орших, төрийн бодлогыг хэрэгжүүлэх их үйлст гаалийн эзэлж ирсэн байр суурь, цар хэмжээний зэрэгцээ гаалийн гүйцэтгэдэг аюулгүй байдлын чиг үүрэгт голлон холбогдож байгаа болов уу гэж молхи би бээр мунхаглаж боддог.
Монгол төр үүссэн цаг үеэс гааль оршсон. Үнэндээ төр захиргаа оршихуйн үндсэн хүчин зүйл нь гаалийн гүйцэтгэж ирсэн чиг үүрэгт хамаарна. Үнэндээ төр гааль хоёр салгаж болшгүй шүтэлцээнд оршиж ирсэн. Төр хүчтэй, бүрэн эрхээ хэрэгжүүлж байх цагт гаалийн алба чадамжтай байсан. Гаалийн алба худалдаанаас татвар хураамж авахаас гадна дотоодын эдийн засаг, үйлдвэрлэлээ гадны худалдаа, бараа бүтээгдэхүүний их давалгаанд цохигдохоос хамгаална, энэ нь дотоодын үйлдвэрлэл ядмагхан улс оронд илүү ач тусаа үзүүлдэг ажгуу. Түүхээс үзэхэд, нэн эртнээс татвар хураамж, алба гувчуурыг бүхэлд нь гааль хэмээн нэрлэж ирсэн байдаг.
Гаалийн алба Их Монгол Улс байгуулагдах цаг үед биеэ даасан институци болон төлөвшжээ. Чингис богдын үед бүрэлдсэн гүрэн улсын бүрэлдэхүүн бүрд татвар, гаалийн цогц тогтолцоо үүсэж, төв засаг орших Монгол нутаг уруу эд баялаг урсан “Төрийн нэгдсэн сан”-д хуримтлагдаж байлаа. Энэхүү эд баялгийн зарцуулалт ч үнэнхүү ёс дэгтэй байсан нь ажиглагддаг.
Их хаан Өгөөдэй гааль, татварын нэгдсэн тогтолцоог эмхлэн бүрдүүлсэн юм. Их хаан 1229 онд “Хааны санд хураах нэгдсэн алба гувчуурын хууль”-ийг батлан хэрэгжүүлэв. Энэхүү хуулиар эзэнт гүрний хэмжээгээр гааль, татвар хураамжийн нэгдсэн тогтолцоо бүрэлдсэн байдаг. Урьдах засаглалын үеүдэд гадаадын худалдаачдаас хураадаг байсан алба гувчуур нь дотоод бөгөөд иргэний гааль болон өргөжсөн. Их Монгол Улсын үед Монгол газарт ирж суурьшсан гадаадын иргэдээс (лам нар, гар урчууд, бусад ажил мэргэжлийн хүмүүс) гааль хураах болов. Хэдэн зуун мянгаар тоологдох эдгээр хүмүүсийн эзэмшил газрыг шалгаж, данслаж, ажил үйлчилгээний хэмжээг нь харгалзан гааль авах болов .1
Их хаадын үед дэмжигдэж байсан чөлөөт худалдаа өргөжин монгол зоосон мөнгө төлбөрийн хэрэгсэлд ашиглагдан, наймаа эрхлэгчид гаальд бараагаа мэдүүлдэг байжээ. Ахмад гаальч Г.Пунцагдаш өөрийн судалгаандаа Мөнх хааны үед Дундад Азид (Тиблисс) дансан эвхмэлийн хөрөнгийг нээн байгуулахад “Гаалийн данс”-ыг хадгалах болов гэсэн сонирхолтой баримтыг өгүүлжээ .2
Эзэнт гүрнийг хамарсан гаалийн тогтолцоо нь Хувилай хаан Их Юань (Их язгуур) улсыг байгуулсан цагаас эзэн Богдын 4 хөвгүүний эзэмшил улс тус бүрийн хэмжээнд тусгайлан биеэ даасан алба болон өөрчлөгдсөн юм.
Монгол нутаг дахь их засаглал Хувилай, Аригбөх, Хайду зэрэг хаан, хангуудын мэдэлд хуваагдах эгшинд тэд эзэмшил нутаг бүртээ өөрийн гэсэн бодлого хэрэгжүүлсэнд гааль татвар ч мөн хамрагдах болов. Их Юань гүрэн алдарч Тогоонтөмөр хаан эх нутагтаа эргэн ирснээс Манжид дагасан, эзлэгдсэн үе хүртэлхи 300-аад жил гадаад, дотоод худалдаа, гааль татвар байгаагүй гэсэн үзэл нилээд түгээмэл байдаг ч энэ нь үнэнтэй үл нийцнэ. Бага хаадын үед ялангуяа Хятадын Мин улстай харилцаж, наймаа худалдаа явагдсаар л байсан. Худалдаа нь ихэнхдээ бараа солилцооны хэлбэрээр явагддаг байв. Мандуул, Тогтабуха, Эсэн, Батмөнх, Алтан, Лигдэн хаад бүгд л Мин улстай худалдааны гэрээ хийн хэрэгжүүлж байсан. Мин улсын зүгээс хил худалдаагаа хаахын цагт цэрэг дайны ажиллагаа явагдаж хил гаалиа нээх нь элбэг байсныг эх сурвалжууд нотолдог. Гэхдээ гаалийн нэгдсэн алба байгаагүй. Харин Манжид дагасан, эзлэгдсэн цаг үед гааль татвар бүхэлдээ харийн мэдэлд очиж, дотоод гаалийн шинж чанар өөрчлөгдөн мөлжлөгийн хэрэгсэл болов. Их дайчин улсын засгаас монгол дахь худалдааг хориглоогүй, харин хятад хүмүүст, худалдаа эрхлэгчдэд худалдаа эрхлэх (1 жилийн) эрх олгож гааль татварыг өөрсдөө хураан хэрэглэдэг байсан. Монголчууд энэ үед 40 гаруй алба татвар төлж туйлдан үгүйрч байсныг судлаачид нэгэнт тогтоосон байдаг.
Өөрийн гэсэн төр улс байхгүй нь уршигт үр дагаварт хүргэж, зөвхөн ард олныг туйлдуулснаас бус, эзэрхэг эрх мэдэлтнүүд, онцолбол засаглан захирагчдыг тэр болгон нэрвээгүй юм. Шат шатны засаг ноёд, лам нар, Манжийн төрөөс тогтоосон 5 төрлийн эрх ямбыг эрэмбэлэн эдэлж, бүх алба татвараас чөлөөлөгдөж байв. Ийм ангичилсан тогтолцоо 1921 оныг үзсэн. 1911 онд Монголчуудын ихээхэн хэсэг Манж чин улсаас салж туурга тусгаар төр улсаа тунхагласан цагаас биеэ даасан гаалийн бодлогоо хэрэгжүүлж эхэлсэн юм. Ард түмний нуруун дээрх өр зээл, алба гувчуурыг хүчингүй болгож, татвар гаалийг зөвхөн гадаад худалдаанд хамааралтай болгов. Ийнхүү ард олонд асар их буян болсон ч татварын ангич, ялгаварласан шинж хэвээр үлдсэн байдаг. Нэгэн жилийн дараа дотоод гааль ч сэргэв. Газар тариалан эрхлэх, ой мод ашиглах, алт олборлох зэргээс түрээс авах болов. Энэ үеийн чухал ололт нь Орос улстай харилцах гэрээ, хуралдааны протокол байгуулахад бүрэн эрхт улсын хувиар оролцсон улс төрийн онц ач холбогдол бүхий эрх зүйн баримт болох авч Оросын талд хэтэрхий давуу нөхцөл олгосон тэгш бус чанар байдалтай байлаа.
1913 оны зун Богд хааны зарлигаар Гаалийн хэрэг эрхлэх яамыг байгуулсан нь Өгөөдэй хааны эмхлэн байгуулсан гаалийн албанаас хойших 700 жилийн дараах хамгийн содон үйл явдал байлаа. Энэ үед засгаас 500 төгрөг авч нэг гэр, ойр зуурын эд хогшил авч тулгын чулуугаа тулж галаа өрдөж эхэлсэн гааль өдгөө хэдэн мянган байцаагчтай, эх орны хил, бүх нутаг дэвсгэрийг хамарсан бүтэц бүхий өнөр өтгөн их айл болжээ.
Сэхэж сэрвийх аястай болж байсан Монгол Улс 1915 оны 3 улсын Хиагтын гэрээгээр төрийн бүрэн эрхээ алдав. Хятадын наймаачдаас хураах гааль эрс хумигдаж, Орос улс давуу эрхээ хадгалан үлдсэнээр хөрөнгө мөнгөний хомсдол нүүрлэв. Энэ нь гаднаас үлэмж зээл авч амиа аргацаахад хүргэсэн төдийгүй дотоод улс төрийн зөрчил, хараат байдлыг нэмэгдүүлж 1920 онд Монголын эрх мэдэлтнүүд тусгаар тогтнолоосоо татгалзсан шившигтэй алхам хийхэд хүргэсэн гол шалтгаан болсон байдаг. Эх орноосоо урвасан үйлдлийнхээ шанд эзэрхэг ноёд тэр үеийн ханшаар хэдэн зуун мянган ам.доллартай тэнцэхүйц авилга авсан байдаг.
1921 оны Үндэсний ардчилсан хувьсгалаас инагш их 100 жил бол Монголын гааль тасралтгүй өсөн дэвшсэн он жилүүд юм. Энэ цаг үед гааль бүрэн утгаараа цэгцэрсэн, үүний үр дүнд гадаад, дотоод худалдаанаас хураах татвар хураамж хэлбэрэлтгүй өссөн, улс орны эдийн засаг, үйлдвэрлэлийг өсгөхөд чухал механизм болж үйлчилсэн, гаалийн мөн чанарт өөрчлөлт гарч тэгш байдлын зарчим хэрэгжсэн, ангичлан ялгаварлах зөрчил арилсан юм. Шинэ үеийн гаалийн байгууллага үүссэнээс өдгөө хүртэлх 110 жилийн хугацаанд хамгийн том ололт бол Гаалийн албаны менежмент тасралгүй боловсронгуй болсоор дэлхийн гаалийн хэмжээнд эрэмбэлэгдхээр хүрсэн явдал мөн.
Гаалийн албаны цар хүрээг илэрхийлэх гол үзүүлэлт бол татвар хураамж, энэ бол улс орны хөгжилд оруулж байгаа хувь нэмэр юм. Төсөв бүрдүүлэх үүргээ нэр төртэй гүйцэтгэснээрээ гааль төр захиргааны бүхий л үйл ажиллагаа тасралтгүй агаад өрнүүн үйлчлэлтэй байх нөхцөлийг бүрдүүлж ирсэн юм. Шинэ үеийн гааль үүссэнээс хойших жилүүд дэх гаалийн татварын хувь хэмжээний динамикаас харахад 1911-1918 онд 72.2-75.7, 1922-1923 онд 52.8-88.0, 1925-1926 онд 21.0-25.7, үлдсэн 100 жилд нь 0.9-17.0 хувь байжээ. Энэ нь дотоодын үйлдвэрлэл, эдийн засагт сөрөг нөлөө үзүүлэхээргүй байсныг илтгэнэ. Харин гаалийн байгууллагаас улсын төсөв бүрдүүлэхэд оруулж байгаа хувь нэмэр, цар хэмжээг үзвээс үлэмж нэмэгдсэн нь харагдана. Ялангуяа 2011 оноос гаалийн орлогын өсөлтийн динамикт үсрэлт гарсан байдаг. Монголын гааль 1996 онд 38.8 тэрбум, 1999 онд 195 тэрбум төгрөгийн татварын орлого бүрдүүлдэг, энэ нь улсын төсвийн 40 шахам хувь нэмэр оруулж байсан бол 2011 оноос 1 их наяд, 2018 оноос 2 их наяд, 2019 онд 3.5 их наядад хүрчээ. Энэ нь улсын төсвийн 40 шахам хувийг бүрдүүлж байна. Ковид цар тахлын хязгаарлалттай, 72 хоног бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж хөл хорио тогтоосон, ковидтой холбоотой 337.0 тэрбум төгрөгийн хөнгөлөлт, чөлөөлөлт хийгдсэн цаг үед ч төсөвт 3.56 их наядын орлого төвлөрүүлэхээс 3.509 их наяд төгрөгийн орлого оруулжээ. 2022 онд улсын төсөвт 4.25 их наядын орлого төвлөрүүлэхээр ажиллаж байна. Энэхүү орлого нь улсын татварын орлогын 30 гаруй хувийг бүрдүүлнэ гэсэн үг. Дээрх зарим баримт бол гаальчдын нөр их хөдөлмөрийн үр шим агаад Монголын гааль төр улсынхаа өсөлт хөгжилтөд жинтэй хувь нэмэр оруулж байгааг илтгэнэ.
Энд нэг зүйлийг тэмдэглэхэд гааль, татварын хувь өсөөгүй байхад бодит тоо хэмжээ ийнхүү үлэмж ихээр нэмэгдэж байгаа нь улс орны эдийн засаг, үйлдвэрлэл, гадаад худалдааны цар хүрээ өссөнтэй шууд хамааралтай байдгийн нэгэн илэрхийлэл болж байна. Гэхдээ энэхүү үндэслэл нь гаальчдын нөр их чармайлтыг үгүйсгэсэн хэрэг огтхон ч биш юм.
Гааль бол зөвхөн татвар хураадаг байгууллага бус, улс орны аюулгүй байдлыг хангах дотоодын үйлдвэрлэл, үйлчилгээний хөгжилд тус дэм үзүүлэхэд онцгой чиг үүргийг гүйцэтгэдэг алба юм. Үүнд гадаадын хөрөнгө оруулалт, дотоодын үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор хэрэгжүүлдэг татвар тарифын өөрчлөлт, хөнгөлөлт чөлөөлөлт голлон хамаарч байна. Энд хөнгөлөлт тарифын өөрчлөлттэй холбогдсон нэгэн жишээ татъя. Дотоод зах зээл, үнийн төлөв байдлыг зохицуулах зориулалтаар импортын автомашин зэрэгт оногдуулах онцгой татварыг нэмэгдүүлэх арга хэмжээ авсаар ирсэн. 2022 онд импортын суудлын автомашинаас 260 тэрбум төгрөгийн онцгой татварыг төсөвт төвлөрүүлэхээр тооцсон, энэ нь өнгөрсөн жилийнхээс 30 хувиар нэмэгдэж байгаатай холбоотойгоор нийслэлийн автозамын түгжрэл ачаалал нэмэгдэж байгааг харгалзан ОАТ-ын тухай хуулийн 6.8 дахь заалтад өөрчлөлт оруулах замаар хос тэжээлт болон шингэрүүлсэн хийгээр ажилладаг автомашин, цахилгаан тэжээлт автомашины 50 хувийн хөнгөлөлт хийж байна.
Гаалийн албаны олон талт, өргөн цар хүрээ бүхий эрхэм зорилгоо “Буяныг бүү гарга, бузрыг бүү оруул” гэсэн уриандаа шингээн эрхэмлэж ирсэн. Энд хүн ард, зах зээлээ гадаад худалдаагаар дамжин орж ирдэг хорт бодис, стандартын бус бараа бүтээгдэхүүнээс хамгаалах, үүний тулд хориглох, хязгаарлах, дотооддоо үйлдвэрлэж байгаа бараа бүтээгдэхүүнийг дэмжих үүднээс импортын татвар тогтоох, нэмэх хасах, түүх, соёлын үнэт зүйлээ хил давуулан алдахаас сэргийлэх, байгалийн болон амьтны гаралтай нэн ховор эд зүйлсийг хулгайгаар зөөвөрлөхийг зогсоох, олон улсын худалдааны луйвар, мөнгө угаах, терроризмыг дэмжсэн үйлдлүүд, садар самууныг сурталчилсан бараа бүтээгдэхүүн, цөмийн болон тэсрэх дэлбэрэх бодис, буу зэвсэг импортлохыг хориглох, хязгаарлах зэрэг гаалийн үйл ажиллагаа голлон хамаарч байгаа юм.
Дээр онцлон дурдсанаас харахад гаалийн алба зөвхөн татвар хураадаг байгууллага бус, аюулгүй байдлын нүсэр үүрэг хүлээж, нэр төртэй биелүүлдэг нь тодорхой байгаа юм.
Ингэхлээр “Гааль бол хүн арддаа буян түгээдэг онцгой алба, гаальчид нь нүгэл буяныг ялган шүүж явдаг эх орончид ажгуу”. Төр засаг ч гаальчдад онцгой эрх олгодог, үүнийг нэр төртэй хэрэгжүүлэхэд гаалийн менежмент онцгой үүрэгтэйг энд онцлон дурдах ёстой биз ээ. Менежмент гэгч нь төр түмний өмнө хүлээлгэсэн үүргийг гүйцэлдүүлэх чадварлаг тогтолцоо юм. Уг тогтолцоо дороосоо аваад дээрээ хүртэл цагийн цохилт лугаа хэмнэлтэй байх нөхцөлд үр ашигтай байдаг. Монголд гааль оршсон бүхий л үед удирдлагын механизм үйлчилж байсан ч суурь чадал чансаа нь тухайн үеийн улс орны чадавх, төрийн бодлогоос шууд хамааралтай явж иржээ. Онцолбол, Хиагтын 3 улсын хэлэлцээрээр Монгол Улсын бүрэн эрхт статус үгүйсгэгдэж, улмаар тусгаар тогтнолоо алдах агшинд гаалийн эрх хэмжээ ор нэрийн төдийд хүрч байхад Манж чин улсын эрхшээлд орсноор дотоод гааль бүрэн устсан. Энэ цагт худалдааны луйвар, эзэгнэл болон хар тамхи, стандартын бус архи, эмийн импорт хавтгайрч, дотоод зах зээл хамгаалалтгүй болсон байдаг. Монгол Улс Орос, Зөвлөлийн нөлөөнд байх цагт гадаад худалдаа бас л нэг талыг барин хязгаарлагдаж, үүнийг дагаад гаалийн ажил үйл ч хялбарчлагдсан. Харин 1990 оноос эхэлсэн Монголын шинэ сонголт нийгэм-эдийн засаг, түүний дотор гадаад худалдааг либералчилсан нь нэг талдаа үлэмж эерэг, нөгөө талдаа сөрөг үр дагавартай байлаа. Энэ үеийн гааль хүнд бэрх цаг үеийг туулж өнөөдрийн өндөрлөгт хүрчээ.
Энүүхэн зайнд миний бие Монгол гаалиас хоол хороож явсны хувьд товчхон дурдатгал хүүрнэсү. 1991 оноос орчин үеийн гааль биеэ дааж, нэлээд өргөн дэлгэр утгаар биежсэн юм. Гаалийн тухай биеэ даасан хуультай болж, дэлхийн гаальд гишүүнээр элссэн. Гэвч нөхцөл байдал дэндүү хүнд байлаа. Миний бие 1990-ээд оны эцсээр 2 жил шахам гааль гэх их айлыг авч явахад хүчин зүтгэсэн. Тэр цагийг өнөөдөртэй зүйрлэх ямар ч бололцоо байхгүй ч шинэ эхлэлүүдийг зүгшрүүлэх их ажил ундарч байсан. Монгол Улс Дэлхийн худалдааны байгууллагад элссэн үе таарсан бөгөөд түүнд элссэн нь үлэмж болзол нөхцөлтэй байсан ч ерөнхийдөө эерэг, дотоод бодлого, гаалийн бэхжилтээс их зүйл хамаарахаар нөхцөлийг бий болгосон юм.
Монголчууд худалдаа наймаа руу хошуурч, хууль журмыг үл хайхрах нь элбэг болсон. Хориглосон, хязгаарласан барааг хил давуулах, татвараас зайлсхийх оролдлого тоймоо алдав. Стандартын бус спиртийг хэдэн мянган тонноор нь хууль бусаар импортоор хил нэвтрүүлэхтэй бид цаг наргүй тэмцэж байв. Хаягдал төмөр, зэс, хөнгөн цагааныг хэлбэр дүрсийг нь өөрчлөн бүтээгдэхүүн гэх нэршилтэйгээр татвараас бултах зальт арга газар авч хүндрэл учруулах болов.
“Ер нь хулгай, луйвар тамтгаа алдсан байв. Ноолуур ноос болж, спирт ус болон хувирдаг” ид шидийг ч хэн хүнгүй харж байлаа.
Энд хойч үед сургамжтай байх болов уу гэж тэр үед авч хэрэгжүүлсэн ноос ноолууртай холбоотой зарим ажиллагааг арай түлхүү дурсая. 1999 оны хавар ямааны арьсны үнэ тэнгэрт хадаж, ямааны мах үнэгүй болчхов. Энэ үеэр ноолуурын үнэ эрс нэмэгдсэн тул ямааны ноолуурыг нь дотоод зах зээлээс үнэгүй авах гэж хятад голдуу худалдаачид арьсыг нь худалдаж авах болжээ. Ямаа зах зээл дээр 20.0 мянга байснаа арьсыг нь 6000 төгрөгөөр аваад эхлэхээр малчид ямаагаа алаад арьсыг нь зараад эхэлсэн, гулууз мах нь 1000 төгрөг болов. Түүгээр ч барахгүй ямаагаа алахаас залхуураад хотоор нь зарчихдаа хүрэв. Монгол ямаа дуусахнээ. Үүний учир нь ямааны нэг арьсыг бигнэж халаагаад самнахад 200-250 гр ноолуур гардаг тул татвараас (1 кг 4000 төгрөг байсан) бултах гэж арьс, эсвэл ямааны мах гэдэг ангиллаар хил давуулах гэсэн арга бульхай луйвар байлаа. Бүр Замын-Үүдийн гааль дээр вагонд ачсан 500.000 ширхэг арьс (алсан ямаа ихэнх нь) оччихсон, бусад боомт дээр ч дүүрчихсэн байв. Энэ үед гаалийн удирдлагын түвшинд зөвшилцөөд ер нь тарифын өөрчлөлт хийхээр шийдэж, Ерөнхий сайд Р.Амаржаргалд танилцуулаад Засгийн газрын хурлаар 1 ширхэг ямааны арьсанд 6000 төгрөгийн татвар тогтоолгож тарифын өөрчлөлт хийлгэв. Хил дээрх олон зуун мянган арьсыг зогсоож байгаад татвар тогтоож, хэрэгжүүлсэн. Бид татвараа ч авсан, ямаагаа ч аварсан, луйвраа ч зогсоосон юмдаг. Дээрх тарифын өөрчлөлтөөр Монголын түүхэнд анх удаа “тусгай татвар” гэж тогтоосон нь энэ юм.
Ноолууртай холбоотой бас нэг операци зохион байгуулагдсан нь санаанд тодхон байна. Өмнөговь аймгийн Гашуун сухайт гэх боомтыг байгуулаад удаагүй, 10 шахам байцаагчтай, тэднийхээ ажиллах амьдрах нөхцөлийг сайжруулах санаатай Германаас хэдэн контейнер сууц аваачаад тавьчихсан, хөл хөдөлгөөн багатай, буйдхан боомт байв. Гэтэл энд түг түмэн машин, бөөн ноолуур цуглачихсан, сүйд болж байгаа мэдээлэл ирлээ. Шалгаж хянаж тодрууллаа. Хил 14 хоног нээгдээд хаах хугацаа нь болчихож. 7 хоногийн өмнө Гаалийн хорооны даргыг нь өөрчлөөд Жамсран гэдэг хүнийг шинээр томилчихсон байдаг. Ингээд 1999 оны 5 дугаар сарын дундуур (яг өдрийг нь санахгүй байна) Монгол ТВ-ээс хоёр сурвалжлагч аваад 5 дахийн өглөө өөрөө гараад давхичихав. 700 км давхиад орой нь боомт дээр очив. Миний очсон орой хил хаах ёстой байж. Нөхцөл байдалтай танилцав. Байдал үнэхээр хүндэрсэн бөгөөд бүр яадгаа алдсан байлаа. Бүрдүүлэлт хийж байгаа машин дээр гарч хяналт хийв. Дутуу, буруу бүрдүүлэлт хийж байх аж. Газар дээр нь 2 байцаагчийг ажлаас нь халав. Тоож байх ч шинж алга. Бүр тагнуул, эрүүгийн цагдаагийнхан надад эрүүгийн хэрэг үүсгэнэ, ноолуур хууль бусаар хил нэвтрүүлэх гэж ирсэн байна гэж айлгаж ичээв. За тэр ч яахав гээд боомтын хойд хамрыг даваад үзтэл тэнд бүхэл бүтэн хот үүссэн байна аа. Тэр үед тооцоолсноор 800 тэвш пресслэсэн ноолууртай ачааны машин, түүнийг дагасан лав л 2000 гаруй том, жижиг машин, хэдэн мянган хүн байх ажээ. Нэг машины кабинд нэг лам, бас хамгаалалтын бололтой бүдүүн залуус сууцгаасан байна. 1 тэвшинд пресслэсэн ноолуур 2 тонн багтдаг, энд нийтдээ 1600 тонн ноолуур цугларчээ. Энэ нь улсын хэмжээнд тэр үед бэлтгэгдсэн байсан ноолуурын бараг 80 хувь байв. Боомт дээр бүрдүүлэлт бараг байхгүй байхад энэ их ачаалал үүсгэж буй бараа, машин яагаад гарахгүй байгааг тодруулав. Гэтэл хил хаах үед шөнөөр улсын хил зөрчин дайрахаар төлөвлөсөн бололтой байв. Тэдний бодол нь 1 кг ноолуураас хураах 4000 төгрөгийн татвараас л бултах гэсэн хэрэг гэдэг нь тодорхой болов. Миний хувьд хэд хэдэн газарт хүмүүсийг цуглуулан яриа танилцуулга хийв, ойлгож байна аа. Тэгээд тохиролцоонд хүрэв, “Би улсын хил хаах хугацааг 2 хоногоор сунгуулах, тэд татвараа төлөх”-өөр болов. Би Хилийн цэргийн удирдах ерөнхий газрын дарга, генерал Сүндэвтэй ярьж тохироод амласнаа биелүүлэв. Ингээд Жамсран дарга болон байцаагч нартаа үүрэг өгөөд Өмнөговийн төв рүү бүрэнхийгээр хөдлөв. Гаалийн нөхдүүдтэйгээ байнгын мэдээлэлтэй байсан. Гэтэл тэр оройдоо баахан машин Хятад руугаа буцан баахан мөнгө ачиж ирээд ноолуурынхаа татварыг төлөөд хил гарцгаасан байдаг. Асуудал нэг мөр шийдэгдэх агшинд би хот руу хөдөлсөн. 3 хоногийн дараа Өмнөговиос хураагдсан их хэмжээний татварын мөнгийг яахав гэсэн асуудал үүсэв. Ерөнхий сайдад хэлээд онгоц явуулж авчирч байлаа.
Ийнхүү 1.0 тэрбум шахам төгрөг, хэдэн арван сая юань, бас их хэмжээний америк долларын татвар хураагдсан юм. Тэр үед дотоодын үйлдвэрлэл өөдтэй хөгжөөгүй, гадаадын хөрөнгө оруулалт, уул уурхайн олборлолт үндсэндээ байхгүйгээс төсөв бүрддэггүй, арга аашаа барж байсан цаг. Ийм үед дээрх ажиллагаа төсөв бүрдүүлэхэд их тус болсон доо. Цөвүүн гэж хэлж болохоор энэ хэцүү нөхцөлд шударга гаалийн байцаагчид л бүхнийг үүрч давж гарсан. Бид ч онцгой үүрэг гүйцэтгэсэн байцаагч нараа дэмжин алдаршуулдаг байсан. “Стандартын бус спирт”, “Ноолуур-99” гэх ажиллагаа, хятадуудыг нуувчинд халхлан хил зөрчин нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүлсэн байцаагч гээд содон соргог ажиллагаагаараа тодорсон хэдэн байцаагчид (Замын-Үүд дэх Гаалийн газрын гаалийн улсын байцаагч Д.Цэцэгсүрэн, Цогт-Очир, Өмнөговийн гаалийн хорооны дарга Жамсран зэрэг) нийслэл хотод орон сууцаар ханган урамшуулж байв. Энэхүү гаалийн зөрчилтэй тэмцэх ажлын үр дүнд бараа бүтээгдэхүүнээ гаальд шударгаар мэдүүлэх ажиллагаанд ахиц гарсан юм. Энд арай содон зарим арга хэмжээг тодруулсан болохоос гаалийн бүхий л ажил хэвийн үргэлжилж байсныг тэмдэглэе. Өдгөө үед дээр дурдсан шиг нийтийг хамарсан хууль бус үйлдэл байхгүй болсон ч хар тамхи тээвэрлэх, соёлын үнэт зүйл, байгаль, ан амьтны эд эрхтнийг хил дамнуулах, их хэмжээний валютыг мэдүүлэхгүйгээр зөөвөрлөх, бараа материалыг гаальд нэвтрүүлэхээс зайлсхийх зэрэг хулгай луйврын шинжтэй ажиллагаатай гаальчдын хийх тэмцэл байнгын агаад үр ашигтай түвшинд явагдаж байгааг тэмдэглэхийг хүсэж байна.
Төрийн бодлогоор гадаадын зайлшгүй хөрөнгө оруулалтыг татвараас чөлөөлөх, дотоодын үйлдвэрлэлээ дэмжих үүднээс гаалийн ялгавартай тариф тогтоодог бөгөөд үүнийг гаальчид гардан хэрэгжүүлдэг. Гадаад худалдаа бүхэлдээ л либеральчлагдсан нөхцөл дээрх бодлогын асуудалд нухацтай дүн шинжилгээ хийж, үр ашигтай санаа сэдэл гаргаж байх шаардлага гадаад худалдааны статистикийг хариуцдаг гаалийн албанд илүү хамааралтай гэж бодогддог.
* * *
Монгол гааль өдгөө дэлхийн түвшинд зэрэглэгдэхэд хүргэсэн тодорхойлогч хүчин зүйл нь үнэндээ чадварлаг менежмент яах аргагүй мөн. Гаалийн систем бүхэлдээ автоматчилагдана гэдэг нь гаалийн үйл ажиллагааны бүх талыг хамарсан том дэвшил, үүний ач холбогдлыг үнэлж баршгүй. Цахимжсан гааль бол гаалийн удирдлагын сүүлийн жилүүд дэх нөр их чармайлт, хөрөнгө оруулалтын үр дүн юм.
Сэтгэл гаргаж хэлмээр хэдэн санаа байгааг дурдъя.
Нэгд, ГЕГ-ын дарга Б.Асралтын санаачлан эхлүүлсэн Гаалийн шинэчлэлийн хүрээнд Гаалийн шуурхай удирдлагын төвийг байгуулсан нь гаалийн байгууллагын үйл ажиллагааг өндөр түвшинд хүргэж чаджээ. Уг төвөөс Монгол Улсын хил дээр байрладаг 22 боомт, тэдгээрт өрнөж байгаа ажил үйлчилгээ, хөдөлгөөнийг хянаж шууд харилцах боломж нээгджээ. Урьд нь бид Ховд, Баян-Өлгий, Дорнод, Хөвсгөл, Өмнөговь гээд уудам эх орны маань зах хязгаарт байрлах гаалийн газар хороо, боомтуудад очих гэж хэдэн мянган бээрийг туулдаг байсан бол өдгөө бүх боомтыг хэдхэн хоромд дуртай цагтаа алган дээр тавьсан мэт тольддог болсон байна. Уг шинэчлэлийн үр дүнд хяналт шалгалтын нүсэр ажил хөнгөвчлөгдөж, ачаа бараагаа гаалиас нуух ямар ч боломжгүй болжээ.
Хоёрт, Сүүлийн жилүүдэд боомтуудад ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт хийгдсэнээр ачаа барааны нэвтрүүлэх чадвар урьд байгаагүйгээр түргэсч, энэ хэмжээгээр улсын төсөвт төвлөрөх татвар хураамж нэмэгджээ.
Ковидоос улбаалсан хориглолт, хязгаарлалттай сүүлийн 3 жилд ч гэсэн экспорт, импортын хөдөлгөөн нэмэгдсээр байна. Гаалийн байгууллага улсын төсвийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж энэ оны 8 сарын байдлаар төсвийн орлогыг 104.7 хувиар буюу 133.3 тэрбум төгрөгөөр давуулан биелүүлжээ. Хил боомтын удирдлага, үйлчилгээний шинэ менежментийн оновчтой шийдэл нь давхардлыг арилгаж, үйлчилгээг шуурхай болгож, улмаар бараа бүтээгдэхүүний нэвтрэлтийг эрс нэмэгдүүлэх онцгой ач тусаа үзүүлэх болжээ.
Гуравт, Гаалийн лабораторийн шинэчлэлийг бахархан нэрлэмээр байна. Гаалийн байгууллагын ахмад, удирдах алба хашиж байсан нөхдүүд саяхан лабораторийн үйл ажиллагаатай танилцлаа. Анх 1999 онд байгуулж байсантай зүйрлэхийн аргагүй барилга байгууламж, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэлтэй болжээ. Үүнийг амь оруулж ажиллуулах чадварлаг хүний нөөц, удирдлагын багийг бүрдүүлсэн байна. Төр засаг, гаалийн удирдлагаас анхаарал тавьж их ч хөрөнгө оруулалт хийгджээ. Ийнхүү дэлхийн стандартад нийцсэн лабораторитой болсноор бараа бүтээгдэхүүний чанар, бүтэц, найрлагад бүрэн шинжилгээ хийж, ангилах кодлох системийг хэрэгжүүлэн боломжтой болжээ. Ингэж олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн лабораторийн шинжилгээ, үнэлгээ дүгнэлт хийх болсон нь Дэлхийн гаалийн болон худалдааны байгууллагуудын эрхэм зорилт болох худалдааг хөнгөвчлөхөд манай улсын оруулж байгаа томоохон хувь нэмэр болохын зэрэгцээ үүнийг хүн ардынхаа хэрэглэх бараа бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг хангахад тус хүргэсэн буянт үйлс гэмээр байна.
Сүүлийн жилүүдэд хийгдсэн гаалийн үр дүнтэй шинэчлэл нь Монгол Улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын содон соргог илэрхийлэл агаад эх орныхоо нэр төрийг, соёлжин дэвжиж байгаагаа дэлхий нийтэд харуулахад оруулж байгаа чухал хувь нэмэр гэж үнэлэхээс өөр аргагүй юм. Аливаа зүйлийг хэтрүүлэн үнэлж үл болохын зэрэгцээ дутуу үнэлбэл алдас болно. Би хэн нэгнийг магтан сайрхах гэсэнгүй, бодит үнэн нь л энэ юм. Гаалийн шинэчлэл, Боомтын шинэчлэл гэсний ард удирдлагын төдийгүй нийт гаальчдын нөр их зүтгэл оршиж буй, ийм чухал эхлэл, гүйцэтгэлийг төр засаг дутуу үнэлэхгүй байх гэдэгт гүнээ итгэж байна. Урмыг хугалахаар ууцыг нь хугал гэж мэргэн ард түмэн домоглон хэлэлцдэг нь учиртай. Тэгээд ч Шинэ үеийн гаалийн алба үүсэж хөгжсөний 110 ой болж байна.
Дээр ярьсан гаалийн шинэчлэлээр уг алба олон түмэндээ үйлчлэх чиг үүргээ чадварлаг гүйцэтгэж байгааг онцолж байна.
Гааль бол үйлчилгээний байгууллагын хувьд үйлчилгээ ил тод, хөнгөн шуурхай, оновчтой болсноор үйлчлэгчдэд хамгийн ихээр тус болж байгаа юм. Үүгээрээ гаалийн алба худалдааг хөнгөвчлөх, аюулгүй байдлыг нь хангах, гаалийн горимыг хялбарчлах, тодорхойлох, кодлох, уялдуулсан системийг үр ашигтай нэвтрүүлэх зэрэг Дэлхийн худалдааны гаалийн байгууллагын бодлогыг үр бүтээлтэй хэрэгжүүлэх, дэлхийн улс орнуудтай хоршин урагшлах боломжийг нээж байна.
Мэдээж бүхэлдээ цахимжиж, боомтуудын нэвтрүүлэх чадавх эрс нэмэгдсэнээр бүх асуудал шийдэгдэхгүй нь ойлгомжтой, дээрх хүрсэн үр дүнг ашигтай байлгахад хүний хүчин зүйлээ чадавхжуулах, ёс зүйтэй гаалийн хамт олныг бүрдүүлэх талаар хүрсэн ололтоо бататгах шаардлага тулгарч байгаа юм. Урьдын адил ухаж төнхдөг арга ядарсан арга хойно хоцорсон болохоор хүний тоо бус, чадвар тэргүүн ээлжинд тавигдаж таарна. Үүнд бүтэц зохион байгуулалт, ажлын арга, шинэ хандлага, эрх зүйн зохицуулалтыг цогцоор боловсронгуй болгох чиглэлээр гаалийн удирдлагаас хэрэгжүүлж байгаа эхлэл өөрчлөлтийг үр дүнд хүргэнэ гэдэгт итгэл төрүүлж байна.
Эцэст нь тэмдэглэхэд Монгол гааль Авилгатай тэмцэх газраас Шударга гэсэн өргөмжлөл хүртжээ. Гаалийн нэр төрийг өргөхөд үе үеийн гаальчид, удирдлагуудын хүчин зүтгэл орсон нь тодорхой ч шинэ үеийн удирдлагын зөв, ухаалаг менежмент голлон хамаарах биз ээ. Сайн нэрийг хүсэвч олддоггүй, муу нэрийг хусавч арилдаггүй гэдэг. Иймээс нэгэнт хүртсэн сайн нэрээ дараагийн үедээ нэр төртэй өвлүүлэхийг их ойг тохиолдуулан эрхэм гаальчдаасаа хүсэн, сайн сайхныг ерөөе.
1 Монгол улсын гааль, II боть, УБ., 2003, 153 дахь тал
2 Пунцагдаш. Г, Монгол гааль, УБ., 2006, 70 дахь тал
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2022 ОНЫ АРАВДУГААР САРЫН 17. ДАВАА ГАРАГ. № 201 (6933)