Б.ДЭМБЭРЭЛНЯМ

 

Холимог тулаан нь эр зоригийн спорт. Энэ л спортоор эх орныхоо нэрийг гаргаж яваа  Дундговь аймгийн Гурвансайхан сумын харьяат, “Ширэн бээлий” клубын тамирчин Х.Амартүвшинг “Амжилтын эзэн” буландаа урилаа. Тэрбээр 15 удаа мэргэжлийн тулаан хийснээс 10 ялсан амжилт үзүүлээд байгаа юм.

-Та 2019 онд сүүлийн тулаандаа ялалт байгуулсан. Түүнээс хойш цар тахал гээд завсарлах шиг боллоо. Дахин тулааны тов зарлагдсан уу?

-2019 оны арваннэгдүгээр сард АНУ-ын Индиана хотод мэргэжлийн дэвжээний 15 дахь тулаанаа хийж 10 дахь ялалтаа авсан. Түүнээс хойш гурван жил тулаан хийсэнгүй. Өнгөрсөн тавдугаар сард АНУ-ын Чикаго хотод тулаан товлосон байв ч тодорхой шалтгааны улмаас цуцлагдсан. Миний хувьд “One championship” холбоонд Монголдоо топ зэрэглэлийн тамирчинтай тулаан хийх хүсэлтэй байгаагаа илэрхийлж, санал тавьсан. Хэрэв зөвшөөрвөл Монголд болж байгаагүй том шоу болох байх. Миний хувьд ялах, ялагдах нь чухал биш.  Энэхүү шоуг амжилттай  зохиож чадвал Монголыг дэлхийд бага ч болов сурталчилна гэж бодож байна. Миний тулалдахаар саналаа өгсөн тамирчин бол “UFC” холбооны аварга Эдди Алварез. Гэхдээ тухайн тамирчин саналыг хүлээж авах эсэхээс шалтгаалж энэ асуудал шийдэгдэнэ.

-Холимог тулааныг зарим хүмүүс спорт гэдэг талаас нь хардаггүй. Энэ тал дээр та ямар бодолтой явдаг вэ?

-Холимог тулааныг анх би торон дотор хоёр хүн зодолдож байгаагаар л боддог байсан. Нийгэм ч энэ спортыг гудамжны нохой зодооноор л төсөөлдөг байлаа. Намайг анх холимог тулаанаар хичээллэнэ гэхэд гэр бүлийнхэн зөвшөөрөөгүй. Жүдогоороо л барилд гэдэг байлаа. Харин өнөө үед тулаан бол зодоон биш, урлаг гэж тодорхойлдог болсон. Дотроо нарийн дүрэм,  дэгтэй. Тулааны урлаг нь хүнд тэсвэр, хатуужил суулгаж, эр хүн болгодог. Хамгийн гол нь бусдыг хүндлэх хүндлэл, төлөвшлийг суулгадаг гэж би итгэдэг.

-Та жүдо суурьтай.  Жүдогоос холимог тулаан руу ороход хүндрэл байсан уу?

-Би 2000 оноос жүдо бөхөөр хичээллэсэн. Анх байлдааны самбо бөхийн ДАШТ-д оролцохын тулд тулааны спортоор хичээллэж үзсэн. Энэ үед өөрийгөө тулааны спорт тэр дундаа холимог тулаанд амжилт гаргах боломжтой юм байна гэж бодсон. Ингээд 2008 оноос холимог тулаанаар хичээллэж, тулаанч болсон. Олон жил жүдогоор хичээллэж  цаг хугацаа алдсан ч хэвтээ барилдаан болон бусад техникийг сурсан нь холимог тулааны ринген дээр надад давуу тал болдог.

-Таны техникийг харж байхад босоо байрлалаас илүү ажилладаг юм билээ?

-Би жүдо суурьтай ч  барилдахыг илүүд үздэггүй. Тулаан бол тулалдахын нэр гэж боддог. Босоогоос илүү тулалдаж, уран техник үзүүлэх хүсэлтэй. Тулааны явцад хэвтээд шилжиж барилдаан хийвэл бусдаас дутахгүй л дээ.  Холимог тулаан бол бокс, мутай бокс, бөх, жүдогийн техникүүдийг шаарддаг. Тэгэхээр бүжиглэхээс бусдыг хийж байж л ялна.

-Зарим үед тэвчээр барсан хүн таардаг байх. Иймэрхүү  тохиолдолд тэвчихийг илүүд үздэг үү?

-Хэрэв тулааны техник сурсан бол тэмцээнээс бусад үед хонь шиг номхон байх хэрэгтэй. Багш нар ч зодолдохгүй байхыг захидаг байсан. Би ч шавь нартаа үүнийг л захидаг.

-Монголд анхнаас нь тулааны спортоор суурийг нь тавьж хичээллүүлдэг мэргэжлийн клуб хэр олон байна?

-Дэлхийн холимог тулааны тамирчид ихэнхи нь бөх эсвэл бокс суурьтай байдаг. Их спортоор хичээллэж байгаад амжилт тааруу болох үед тулалдаг зарчмаар хөгжиж ирсэн. Харин сүүлийн жилүүдэд холимог тулаан хурдацтай хөгжиж байна. Манай Монголд ч тулааны дугуйлангууд нээгдсэн. Цөөнгүй хүүхэд хамрагдаж байгаа. Миний хувьд “Ширэн бээлий” клубтээ бэлтгэлийнхээ хажуугаар дасгалжуулагч хийж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ АРАВДУГААР САРЫН 13. ПҮРЭВ ГАРАГ. № 199 (6931)