Шугатай Амангүл

ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн Бүс нутаг, олон талт хамтын ажиллагааны салбарын эрдэм шинжилгээний ажилтан

 

Оршил

 

Монгол Улсын олон тулгуурт гадаад бодлогын нэг чухал чиглэл бол ойр зэргэлдээ орших бүс нутгийн улс төр, эдийн засаг, аюулгүй байдал, нийгэм хүмүүнлэгийн салбарт өргөн хүрээнд хамтран ажиллах явдал юм. Ардчилал зах зээлийн харилцаанд  шилжиж эхэлснээс хойш олон тулгуурт гадаад бодлогын гол мөн чанар тусгаар тогтнол, аюулгүй байдлыг хамгаалан бэхжүүлэхэд чиглэсэн байна. Монгол Улс улс орны аюулгүй байдал, тусгаар тогтнол, эдийн засгийн аюулгүй байдлыг хангах үүднээс олон тулгуурт гадаад бодлого хэрэгжүүлдэг. Түүний тэргүүлэх чиглэл урт хугацааны зорилтуудын хүрээнд бүс нутгийн хамтын ажиллагааны олон талт механизмуудад санал санаачилгатай оролцохыг эрмэлздэг орон юм.

Монгол Улс газар зүйн байрлалаараа Ази тивийн стратегийн чухал түшиц нутаг, их гүрнүүдийн геополитик, эдийн засаг, соёл иргэншлийн ашиг сонирхлын уулзвар дээр оршдог билээ. Стратегийн түншлэлийн харилцаа тус тус хөгжүүлж буй хоёр хөршөөр хүрээлэгдсэн байдал нь нэг талаасаа геополитикийн таатай нөхцөл болдог (Batbayar Ts 2014 p.4) юм. Хоёр хөршийн улс төр, эдийн засгийн тогтвортой байдал манай орны эдийн засгийн тогтвортой хөгжлийн орчинг бүрдүүлж байна. Түүнчлэн дэлхий дахиныг хамарсан уламжлалт бус зарим аюул занал тухайлбал, олон улсын терроризм манай хил хязгаарыг даван нэвтрэх бололцоог тодорхой хэмжээнд хааж өгч байна. Нөгөө талаас хоёрхон хөрштэй байх нь эдийн засгийн хэт хамааралтай байх гэх мэт хүндрэл бэрхшээл дагуулдаг (Batbayar Ts 2014 p.4) талтай юм.    

Монгол Улс бүс нутгийн хамтын ажиллагааны олон талт механизмуудад оролцох талаар нэлээд хүч чармайлт гаргаж байгаа боловч гол төлөв эдийн засаг, зах зээлийн багтаамж бага, газар зүйн байршил алслагдмал гэх мэт шалтгааны улмаас ахиц дэвшил гарахад хүндрэл бэрхшээлтэй тулгардаг (Shurkhuu D 2014 p.4)  байна. 

Сүүлийн жилүүдэд дэлхийн улс орнуудын харилцан хамаарал улам бүр өсөж, олон улсын харилцаанд зарчмын томоохон өөрчлөлтүүд гарч, эрчимтэй хувьсан өөрчлөгдөж, улс хоорондын үл ойлголцол нэмэгдэж, зөрчилдөөн бий болж байна. Монгол Улс Азийн орнуудтай харилцаа хамтын ажиллагаагаа хөгжүүлж, бүс нутгийн интеграцид оновчтой оролцох нь Монгол Улсын гадаад бодлогын чухал зорилтуудын нэг юм. Иймд гадаад бодлогыг улс орны хөгжилд дэмжлэг үзүүлэхэд чиглүүлэх, таатай гадаад орчинг бүрдүүлэх нь ихээхэн чухал асуудал болоод байна.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 47 дугаар чуулганы үеэр буюу 1992 оны аравдугаар сарын 5-ны өдөр Бүгд Найрамдах Казахстан улсын (БНКУ) ерөнхийлөгч асан Н.А.Назарбаев Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурал (АХАИББХ) байгуулах санал дэвшүүлсэн (CICA 2022) байна. АХАИББХ нь Азид энхтайван, аюулгүй байдлыг хангах бүхий л талын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, итгэлцлийг бэхжүүлэх зорилготой бүс нутгийн томоохон яриа хэлэлцээний форум юм. Тус байгууллага эдүгээ 27 гишүүн, ажиглагч есөн орон, олон улсын таван байгууллагын төлөөлөлтэй (CICA 2022).  

Монгол Улс 2001 оны зургадугаар сард “АХАИББХ-ын гишүүн орнуудын харилцааг зохицуулах зарчмуудын тухай тунхаглал”-д гарын үсэг зурж нэгдэн орсноос хойш АХАИББХ-ын арга хэмжээнүүдэд зохих түвшинд оролцсон байна.

Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хуралд Ази тивд итгэлцэл, аюулгүй байдал, байгаль хамгаалал, терроризм гэсэн дэлхийн нийтийн өмнө тулгамдсан асуудлуудыг ярилцаж шийдвэрлэх үндсэн механизм болох (Kairat Sarybay 2022)  үүднээс Монгол Улс тус механизмд  санал санаачилгатай оролцохыг эрмэлздэг байна. Ялангуяа, сүүлийн жилүүдэд дэлхий нийтийг хамарсан цар тахлын дараах шинэ нийгэмд бүс нутгийн орнууд хэрхэн харилцан ашигтай, хамтран ажиллах, нийгэм эдийн засгийн үйл ажиллагааг сэргээх, идэвхжүүлэх бүс нутгийн аюулгүй байдал, тогтвортой байдлыг хэрхэн хангах талаар санал солилцоход АХАИББХ-ын гүйцэтгэх үүрэг чухал болоод байна. Иймд ковидын дараах олон сорилтод үр дүнтэй хариу арга хэмжээ авахын тулд хамтын ажиллагааг бэхжүүлэх, илүү нягт хамтран ажиллах нь чухал болоод байгаа тул энэхүү АХАИББХ-ын гүйцэтгэх үүрэг нь өсөн нэмэгдэж, олон улсын тавцанд болон бүс нутгийн энхтайван, аюулгүй байдлын талаар оновчтой яриа хэлэлцүүлэг өрнүүлэх, нийгэм эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд их үр дүн өгөх тавцан болж байна.

Бүгд Найрамдах Казахстан улс нь 1991 оноос хойш өнгөрсөн 30 жилийн хугацаанд эрчимтэй хөгжиж байгаагийн нэг илрэл нь олон талт гадаад бодлогыг хэрэгжүүлэхийн зэрэгцээ, бүс нутаг олон улсын түвшинд олон талт хамтын ажиллагааны механизмуудад идэвхтэй, санал санаачилгатай оролцож, бодит ажил хэрэг болгон, тогтмол зохион байгуулж, өөрийн улс орныхоо хувь нэмрийг оруулж чаддаг орон болсон билээ. Үүний нэг тод жишээ нь энэхүү АХАИББХ. Аливаа хямралыг хэлэлцээр хийн даван туулахад өөрийн орны дуу хоолойг хүргэх, гишүүн орнуудын хүрээнд тус хурлыг үр дүнтэй амжилттай зохион байгуулдгаараа чухал ач холбогдолтой юм. 

 

Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурал дахь  Монгол Улсын оролцоо

 

АХАИББХ олон улс дахь нэр хүнд өсөж, үйл ажиллагааны цар хүрээ өргөжихийн хэрээр хамрагдах орны тоо нэмэгдэж байна. Үүний зэрэгцээ Ази тивийн энхтайван, тогтвортой, аюулгүй байдлыг хангах бүх талын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн, итгэлцлийг бэхжүүлэхэд тус бага хурал чухал үүрэг гүйцэтгэн төлөвшиж (Kairat Sarybay 2022)  байна.

Азид энхтайван, аюулгүй байдлыг хангах замаар хамтын ажиллагааг өргөжүүлэх, хууль бусаар хар тамхи үйлдвэрлэх, наймаалах гэмт хэрэг, терроризмтэй тэмцэх, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжүүлэх, байгаль орчны салбарт хамтран ажиллах, хүмүүнлэгийн салбарт итгэлцлийг бэхжүүлэх зорилго бүхий АХАИББХ-ын үндсэн баримт бичгүүд нь 1999 онд Бүгд Найрамдах Казхстан улсын Алматы хотноо болсон гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нарын анхдугаар уулзалтаар баталсан “АХАИББХ-ын гишүүн орнуудын харилцааг зохицуулах зарчмуудын тухай тунхаглал” (Declaration on the Principles Guiding Relations between the CICA Member States) баталсан байна. Мөн АХАИББХ-ын дээд түвшний анхдугаар уулзалт 2002 оны зургадугаар сарын 4-нд БНКУ-ын Алматы хотод болсон анхдугаар Дээд хэмжээний уулзалтаар  АХАИББХ-ын дүрэм-Алматын Тунхаглал (Almaty Act, the charter of the CICA)  хэмээх үндсэн баримт бичгийг (CICA 2022) баталсан байна.

Өнгөрсөн  хугацаанд тус бага хурлаар “Залуучуудын зөвлөл”, “Ажил хэргийн зөвлөл” байгуулагдаж, Нарийн бичгийн дарга нарын газар НҮБ-ын Хар тамхи, гэмт хэрэгтэй тэмцэх газар болон Шанхайн хамтын ажиллагааны байгууллага хийгээд БНКазУ-ын ард түмний Ассамблей зэрэг нэр хүндтэй олон улсын байгууллагатай харилцан ойлголцлын санамж бичгүүдийг байгуулах ажлын хүрээнд  итгэлцэл, аюулгүй байдлыг хангаж чадахүйц байгууллагуудтай хамтын ажиллагаа, харилцан итгэлцэл дээр үндэслэсэн яриа хэлэлцээ хийж идэвхтэй үйл ажиллагаа явуулж  ирсэн байна.

АХАИББХ-ын дээд түвшний уулзалт дөрвөн жил тутамд (2002, 2006, 2010, 2014, 2019 он), Гадаад хэргийн сайд нарын уулзалт дөрвөн жил тутамд (1999, 2004, 2008, 2012, 2016 он), ахлах албан тушаалтны уулзалт жилд нэгээс доошгүй удаа зохион байгуулагддаг. АХАИББХ-ыг 2002-2010 онд БНКУ, 2010-2014 онд Турк Улс, 2014-2018 онд БНХАУ, 2018-2020 онд Тажикистан улс тус тус даргалсан бол 2020-2022 онд БНКУ даргалж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч АХАИББХ-ын дээд түвшний I, III, IV уулзалтуудад, Шадар сайд II уулзалтад оролцсон. Дээд түвшний V уулзалт 2019 оны зургадугаар сарын 15-ны өдөр Душанбе хотноо болж, Элчин сайд Л.Баттулга оролцсон байна. БНКУ-ын Нур-Султан хотноо 2021 онд болсон АХАИББХ-ын Гадаад хэргийн сайд нарын VI уулзалтад Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг оролцож, олон улс, бүс нутагт энхтайван, тогтвортой байдлыг бэхжүүлэх, эдийн засаг, нийгмийн хөгжлийг урагшлуулах талаар Монгол Eлсын байр суурийг илэрхийлж, тус уулзалтын гишүүн орнуудын зарим орны гадаад хэргийн сайд нартай цар тахлын дараах нийгэм, эдийн засгийг идэвхжүүлэх, бүс нутгийн аюулгүй байдлыг хангах асуудлаар (Battsetseg B 2021) санал солилцсон байна.

Монгол Улс итгэлцлийг бэхжүүлэх арга хэмжээний байгаль хамгааллын чиглэлийн зохицуулагчаар ажилладаг. (Бангладеш, БНХАУ хамтран зохицуулагч) 2011 онд цөлжилттэй тэмцэх асуудлаарх шинжээчдийн уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулсан байна. АХАИББХ-ын Мэргэдийн зөвлөлийн гишүүнээр ахмад дипломатч, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Бэхбат ажиллаж байна.

2004 онд болсон Гадаад хэргийн сайд нарын хоёрдугаар уулзалтаар АХАИББХ-ын итгэлцлийг бэхжүүлэх арга хэмжээний үеэр үйл ажиллагааны чиглэлийг баталж, хүмүүнлэг, эдийн засаг, шинэ сорилт болон аюул занал, байгаль орчин, цэрэг-улс төрийн гэсэн таван үндсэн чиглэлийг тодорхойлсон байна. АХАИББХ-ын үндсэн чиглэлүүдээс байгаль орчны чиглэлд тухайлбал, цөлжилттэй тэмцэх болон бусад үйл хэрэгт хувь нэмэр оруулахын төлөө Монгол Улс хүчин чармайлт, санал санаачилга гаргаж (Battsetseg.B 2021), гишүүн болон ажиглагч орнуудын хүрээнд идэвхтэй хамтран ажиллаж, байгаль орчны чиглэлд зохицуулагч орны үүргийг гүйцэтгэж байна. АХАИББХ-д Монгол Улс дараах санал санаачилгыг дэвшүүлж ажиллаж ирсэн байна.

• Монгол Улсын хөгжлийн бодит хэрэгцээ, шаардлагыг хангахуйц эдийн засаг, нийгмийн ач холбогдол бүхий томоохон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд олон тулгуурт гадаад бодлого хэрэгжүүлдэг. Эдийн засгийн гадаад харилцаа, гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтын чиглэлд төрийн бодлого, үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, үр өгөөжийг нь дээшлүүлэх шаардлага улам бүр нэмэгдэж байна. Энэ хэрэгцээ шаардлагад нийцүүлэн гадаад харилцааны бодлогоо илүү оновчтой, үр дүнтэй хэрэгжүүлж ирсэн байна.

• Байгаль орчны чиглэлд цөлжилттэй тэмцэх чиглэлд гишүүн орнуудын хүрээнд хамтран ажиллаж (Battsetseg.B. 2021) байна. Бүс нутаг хийгээд дэлхийн уур амсьгалын өөрчлөлт, байгаль орчны асуудалтай тэмцэх нь зөвхөн нэг улс орны асуудал биш болоод байна. Зарим судалгаагаар дэлхийн эх газрын 40 гаруй хувь нь байгаль орчны доройтолд өртөж байгаа. Тус орчны доройтолд өртсөн бүс нутагт 1.5 тэрбум орчим хүн оршин суудаг байна. Тухайн ард иргэдийн амьжиргаа, эрх тэгш байдлыг бууруулах зэрэг эдийн засгийн сөрөг үр дагавар ихтэйд тооцогддогийг судлаачид тэмдэглэсэн (Байгаль орчны Яам. 2019) байдаг. Иймээс дэлхийн улс орнууд цөлжилттэй тэмцэх, түүний эрчийг сааруулах зорилгоор 1994 онд “Ган цөлжилтөд ноцтой нэрвэгдэж буй орнууд цөлжилттэй тэмцэх тухай” НҮБ-ын конвенцыг баталж, 195 улс орон нэгджээ. Монгол Улсын хувьд 1996 онд цөлжилттэй тэмцэх конвенцийг соёрхон баталсан эхний 50 улсын нэг юм. Монгол Улсын Засгийн газар 2010 онд Цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөр, 2012 онд Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх тухай хуулийг баталж газрын доройтол болон цөлжилттэй тэмцэж байна. Монгол орны нийт нутгийн 76 хувь нь цөлжилт, газрын доройтолд өртөөд байгаа. Түүний 56 хувь нь байгалийн үзэгдэлтэй, 44 хувь нь хүний үйл ажиллагаатай холбоотой гэж үздэг (Байгаль орчны Яам 2019) байна. Сүүлийн 75 жилд газрын гадарга орчмын агаарын жилийн дундаж температур 2.1 хэмээр дулааран, жилд орох хур тунадасны хэмжээ долоон хувь орчим буурчээ (Байгаль орчны Яам 2019). Уур амьсгалын өөрчлөлт, түүний нөлөө нь орчин үед хөгжлийн түвшингээс үл хамааран аль ч улс орны иргэдийн ахуй амьдрал, эдийн засаг, нийгмийн хөгжлийг бүхэлд нь хамарч нүүрлээд байгаа цар тахал шиг тарилгаар  сэргийлж болдоггүй дэлхий нийтийг түгшээх хэмжээний аюул болж хувираад байгаа нь улс орнуудын  өмнө тулгараад байгаа сорилт бэхшээлүүдийн нэг болоод байна.

• Монгол Улс далайд гарцгүй, хөгжиж байгаа орнуудын нэгэн адил олон улсын худалдаа, тээвэртэй холбоотой хүндрэлүүдийг багасгах асуудалд анхаарал тавьж ирсэн. Далайд гарцгүй хөгжиж буй улсуудын нэг бөгөөд далайн боомтоос хол оршдог байдал нь олон улсын зах зээлээс алслагдмал, гадаад худалдааны зардал өндөр, транзит улсуудаас хамаарал ихтэй нь олон тулгамдсан асуудалтай орны нэг юм. Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын нэн буурай хөгжилтэй, далайд гарцгүй хөгжиж буй болон арлын орнуудын асуудал эрхэлсэн алба хамтран “Дэлхийн худалдааны байгууллагын худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр: Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудад үзүүлэх нөлөөлөл” сэдэвт олон улсын өндөр түвшний хурлыг 2014 оны зургадугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулсан байна. Далайд гарцгүй хөгжиж буй орнууд бие биенийхээ ололт амжилтыг олж мэдэж,  улмаар эдийн засгаа хөгжүүлж, экспортоо төрөлжүүлэх тал дээр үр өгөөжтэй байх болно. Эдийн засгийн бүтцийн өөрчлөлт гэдэг бол далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын хувьд уул уурхайн экспортоо өөрчлөн, үйлдвэрлэлээ хөгжүүлэхэд тулгуурлах ёстой.

• Цөмийн зэвсэгтэй хоёр гүрэнтэй хил залган оршдог Монгол Улс нутаг дэвсгэрээ “Цөмийн зэвсэггүй бүс” хэмээн зарлаж, энэ статусаа механизм болгохоор шаргуу ажиллаж ирсэн (Элбэгдорж.Ц. 2014). Монгол Улс 1992 онд цөмийн зэвсэггүй бүс гэдгээ зарлаж, олон улсын энхтайван, аюулгүй байдал хурцадсан өнөө цагт манай улсын цөмийн зэвсэггүй статусын ач холбогдол улам бүр нэмэгдэж байна. 2021 оны арванхоёрдугаар сард Монгол Улс цөмийн зэвсгийг хориглох тухай гэрээг соёрхон баталсан. Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх, зэвсгээр хөөцөлдөхөөс сэргийлэхийн төлөөх олон улсын хамтын нийгэмлэгийн хүчин чармайлтаар хувь нэмрээ оруулахыг эрмэлзэж байгаа явдал нь цөмийн зэвсгээс ангид дэлхий ертөнцийг байгуулахад Монгол Улс  өөрийн хувь нэмрээ оруулах боломжтойг нотлон харуулж байгаа явдал юм.

• Зүүн хойд Азийн бүс нутгийн орнуудтай хоёр болон олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэх, яриа хэлэлцээг идэвхжүүлэх зорилтын хүрээнд Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилгыг дэвшүүлсэн (Элбэгдорж.Ц 2014) байна. “Улаанбаатарын яриа хэлэлцээ” нь тус бүс нутагт аюулгүй байдал, тогтвортой хөгжил бий болгоход өөрийн хувь нэмрийг оруулахад чиглэх бөгөөд талуудыг яриа хэлэлцээнд оролцуулахад дэмжлэг үзүүлэх зорилготой. “Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилгын хүрээнд ЗХА-ийн аюулгүй байдлын асуудлаарх олон улсын бага хурал, Монгол Улс тус бүс нутагт итгэлцэл бэхжүүлэх хэд хэдэн арга хэмжээг зохион байгуулсан байна. Тухайлбал, ЗХА-ийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт, ЗХА-ийн хотуудын дарга нарын уулзалт, залуучуудын уулзалт,  ЗХА-ийн орнуудын шинжээчдийн түвшний “Эрчим хүчний хэлхээ холбоо” уулзалтыг тус тус зохион байгуулсан (Ариунболд.Ч 2022) байна. ЗХА-ийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээ олон улсын бага хурал нь 2014 оноос эхлэн жил бүр зохион байгуулж байна. Өдгөө бага хурлын нэр хүнд өсөж, яриа хэлцлийн цар хүрээ өргөжин бүс нутгийн аюулгүй байдал, эрчим хүч, дэд бүтцийн сүлжээ, ногоон хөгжил, хүмүүнлэгийн хамтын ажиллагааны боломж зэрэг өргөн хүрээний асуудлыг хэлэлцдэг, дэд бүсийн бүх улсын оролцоог хангасан, албаны хүмүүс болон эрдэмтэн судлаачдын өргөн оролцоотой нээлттэй механизм болон төлөвшиж (Ариунболд.Ч 2022) байна.

 

Дүгнэлт

 

Сүүлийн жилүүдэд дэлхий нийтийг хамарсан цар тахлын уршгаар улс орнууд нийгэм, эдийн засгийн багагүй сорилт бэрхшээлүүдтэй нүүр тулж байна. Дэлхий нийтийн улс төр, нийгэм, эдийн засгийн байдал хурцдаж, тогтворгүй байдал ажиглагдаж, олон улсын харилцаанд бий болж буй тодорхойгүй шинэ нөхцөл хийгээд  цар тахалтай амьдралд дасан зохицож даван туулах, баталгаатай тогтвортой хөгжих шаардлага зүй ёсоор тулгарч байна. Иймд Азийн орнуудын бодит байдалд дасан зохицох, хямралыг зохицуулах, саад бэрхшээлийг даван туулж, энхтайвнаар аюулгүй байдлаа бататган, эрх тэгш хамтран оршиход АХАИББХ-ын харилцан итгэлцэл болон яриа хэлэлцээний гүйцэтгэх үүрэг оролцоо нэмэгдэх нь дамжиггүй юм. Цаашид энэхүү АХАИББХ-ыг олон улсын байгууллага болгож өргөжүүлэх нь чухал. Ингэснээр тус байгууллагын гүйцэтгэх үүрэг өргөн хүрээг хамарч, Азийн орнуудын дунд хөгжил дэвшил, ард түмнүүдийн сайн сайхан аж төрөх итгэлцлийг бэхжүүлэх, бүс нутгийн аюулгүй байдал, тогтвортойгоор энхтайвныг хангах, дэмжихийн төлөө хамтран хүчин чармайлт гаргахад үр өгөөж, ач холбогдолтой байгууллага болох юм. 

Цаашид Монгол Улс Азид энхтайван, аюулгүй байдлыг хангах, улс орнуудын үйл ажиллагаагаа явуулж буй тус бага хурлын гишүүн, ажиглагч орнуудтай цаашид ч өргөн хүрээнд идэвхтэй хамтран ажиллах нь чухал. Бүс нутгийн эдийн засгийн интеграци, хүрээлэн буй орчны хамгаалал, уламжлалт бус заналхийлэл зэрэг өргөн хүрээтэй асуудлаар санал санаачилгатай хамтран ажиллах зэргээр өргөн боломжийг ашиглах нь зүйтэй.

Ашигласан бүтээлийн жагсаалт:

1. Battsetseg B 2021, “Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурлын тухай”, Ministry of Foreign Affairs Mongolia https://mfa.gov.mn/64080 

2. CICA 2022, Conference on Interaction & Confidence Building Measures in Asia https://www.s-cica.org/index.php?view=page&t=member_states

3. Kairat Sarybay 2022, “Монгол Улс Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ”, https://montsame.mn/mn/read/288719  

4. Ариунболд Ч 2022 “Зүүн Хойд Азийн Аюулгүй байдлын асуудлаарх  Улаанбаатарын яриа хэлэлцээ санаачлага” олон улсын бага хурал, Montseme  https://montsame.mn/mn/read/299513

5. Байгаль орчны Яам 2019, “Монгол орны байгаль орчны төлөв байдлын тайлан 2017-2018 он”,Улаанбаатар 2019    

6. Батбаяр Ц 2014,  “Бүс yутгийн ба олон талт хамтын ажиллагаа”, Монгол Улс олон талт дипломат үй ажиллагаа ба бүс нутгууд эмхэтгэл, ШУА, Олон Улс Судлалын хүрээлэн Улаанбаатар 2014

7. Шүрхүү Д.  2014,  “Монгол Улс олон талт дипломат үй ажиллагаа ба бүс нутгууд” эмхэтгэл, ШУА, Олон улс судлалын хүрээлэн Улаанбаатар 2014 

8. Элбэгдорж Ц 2014, “Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурлын үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хэлсэн үг”  https://www.arslan.mn/politics/president/3315.shtml_history

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ АРАВДУГААР САРЫН 10. ДАВАА ГАРАГ. № 196 (6928)