Т.САЙХАН

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа. Хуралдаанаар  2022 оноос 2023 онд биржийн төрийн мэдлийн хувьцааг олон нийтэд нээлттэй худалдах, төрийн өмчит хуулийн этгээдийн жагсаалт батлах тухай Засгийн газрын тогтоолыг баталжээ. Ерөнхий сайдын зүгээс "Шинэ сэргэлтийн бодлого"-д туссан төрийн бүтээмжийн сэргэлт буюу төрийн өмчит компанудыг олон нийтийн хяналтад оруулах ажлыг эрчимжүүлэхийг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгосон байна. Ингэснээр нийт Монголын хөрөнгийн бирж,  Монголын цахилгаан холбоо ХК зэрэг  нийт 25 байгууллагын 34 хүртэлх хувийг олон нийтэд нээлттэй арилжаална. 

 Энэ талаар Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл: -Төрийн болон төрийн өмчийн оролцоотой компаниудын засаглалыг сайжруулах, менежментийг боловсронгуй болгох, бүтэц орон тоог өнөөгийн нөхцөл байдалд нийцүүлэн цомхон, чадварлаг болгох нь чухал сэдвийн нэг болоод байна. Эхний ээлжид 25 компанийг олон нийтийн хяналтад оруулах бөгөөд өр төлбөрийн хувьд харьцангуй гайгүй. 

Тухайлбал:

  • Монголын хөрөнгийн бирж ТӨХК
  • Монголын цахилгаан холбоо ХК
  • Үндэсний давхар даатгал ХК
  • Мэдээлэл холбооны сүлжээ ТӨХК
  • Мэдээлэл технологийн үндэсний парк болон 20 төрийн өмчит АЗЗА компаниудын 34 хүртэлх хувийг олон нийтэд  нээлттэй арилжаална. 

Тэргүүн ээлжид Монголын хөрөнгийн бирж ТӨХК-ийг 2022 оны дөрөвдүгээр улиралд багтаан олон нийтэд нээлттэй болгоно. 2023 оны нэгдүгээр улиралд багтаан Монголын цахилгаан холбоо ХК, Үндэсний давхар даатгал ХК-ийг  олон нийтэд нээлттэй болгоно. Үлдсэн компаниудыг ирэх 2023 оны нэгдүгээр улиралд багтааж 34 хүртэлх хувьцааг олон нийтэд нээлттэй болгоно. Мөн "Цагаан шонхор" төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг "Бөртэ" төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газартай нэгтгэхээр болсон. 

"Цагаан шонхор" ТӨҮГ-ын хувьд Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяанд байдаг. Тухайн салбарын ажилчдын хувцас, хэрэглэлийг үйлдвэрлэдэг байсан.  "Бөртэ" ТӨҮГ-тай үйл ажиллагаа нь төстэй ч харьяалалын хувьд өөр байсан. "Бөртэ" ТӨҮГ нь Батлан хамгаалан яаманд харьяалагддаг. Тиймээс нэгтгэх шийдвэрийг Засгийн газраас дэмжлээ. Цаашид адил, төстэй үйл ажиллагаа явуулдаг компаниудыг нэгтгэхээр болсон гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn