Р.ОЮУН
“Хүй омог” ТББ-ын тэргүүн, хуульч, эрхзүйч С.Содномдорж 2020 оны наймдугаар сарын 3-нд “Зууны мэдээ” сонинд Увс аймгийн Үүрэг нууранд усны үлэмж биет харсан талаар ярилцлага өгч байсан юм. Тэгвэл энэ удаа тэрбээр уг амьтан байдгийг нотлох олон баримт цуглуулсан. Түүгээр ч барахгүй нэг биш хоёр болохыг нотолсон талаар дахин манай сонинд хандсан юм.
-Хоёр жилийн өмнө та манай сонинд үлэмж амьтан харсан талаар ярилцлага өгсөн. Тэгвэл энэ удаа үүнийгээ баталж шинэ нотлох баримттай болсон гэлээ. Энэ талаараа танилцуулахгүй юу?
-Анх 2017 оны есдүгээр сарын 16-ны өдөр миний бие амьтныхаа хамгийн анхны видео бичлэгийг хийгээд олон нийтэд цацаж олон ч газартай холбогдож байсан. Сүүлд нутгийн иргэдээс Хөх бух гэх домогт амьтны тухай сонсоод олон сэжиг таамаг төрж байлаа. Тухайн үедээ би харсан хүнийхээ хувьд нууранд том амьтан байгаа гэдэгт бат итгэлтэй байсан. Гэвч энэ бичлэгээ бариад төрөл зүйл нь тодорхой бус, шинжлэх ухаанаар нотлогдоогүй үлэмж биетэй амьтан байна гээд эрдэмтэн, судлаачид, хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ярилцлага өгөхөд тоосон хүн байгаагүй, тодорхой үр дүнд хүрээгүй. Харин ч үгүйсгэсэн хүн байсан. Мэдээж тэгэх нь ч ойлгомжтой зүйл байсан байх.
Үүнээс хойш би уг амьтны байгааг нотлох баримтуудыг цуглуулах шаардлагатай юм байна гэдгийг ойлгосон. Нэгэнт харж, бичлэг хийсэн болохоор цааш нь үргэлжлүүлээд судалмаар санагдаад нуур, усыг ямар тоног төхөөрөмжөөр судалдаг вэ гэдгийг судалж байгаад загас илрүүлэгч төхөөрөмжтэй болсон. Үүгээр ч зогсохгүй усны гүний дрон, завь аваад жилийн дөрвөн улирал дамнан нийт 20 орчим удаа Үүрэг нууран дээр очиж судалгаа хийгээд байна. Энэ хугацаанд тодорхой хэмжээгээр нотлох баримтуудыг цуглуулжээ. Эхо лот буюу загас илрүүлэгч төхөөрөмжинд хэд хэд орсон. Энэ төхөөрөмж нь усан доорх биетийн зузааныг илрүүлэх чадвартай. Саяхан дөрвөн метр хүртэлх зузаантай биетийг илрүүлсэн. Дэлхийн хамгийн том хөхтөн амьтан болох цэнхэр халим дөрвөн метр зузаантай байдаг. Багадаа хоёр метр зузаантай гэж үзэхэд аварга том амьтан байгаа юм. Энэ төхөөрөмжийг мэддэг хүн бол бичлэгнээс нь хараад л том биет байна гэдгийг шууд уншина. Эхо лотыг ашиглахын тулд судалгаа сайн хийж ашиглаж сурлаа. Том загас болон загасны бөөгнөрлийг амархан ялгаж хардаг болсны үндсэн дээр 100 хувь итгэлтэй хэлж байна. Судалгааны явцад содон сонин нотлох баримт их цугларсан. Одоо бидний хувьд өөрсдийн хэмжээнд энэ амьтныг байгаа гэдгийг төхөөрөмжүүдээрээ тултал нь баталчихлаа. Цаашид яах вэ гэдэг л их чухал асуулт болоод байна даа.
-Энэ удаагийнхыг та ганцаараа биш багаараа харсан юм байна?
-Тийм ээ. Өмнө нь ганцаараа аппарат үүрээд явдаг үе байлаа. Анх усны гүний дрон явуулаад хардаг гэж ойлгосон. Гэтэл тэгдэггүй юм байна. Нуур, ус гэдэг чинь санаснаар харагдахгүй. Усан доорх амьтныг судална гэдэг газар дээрх амьтныг судлахтай адил биш. Энэ амьтныг домог болгон ярихдаа 60 жилд нэг үзэгддэг гэж ярьдаг. Ер нь л тэр болгон ил гарч ирээд байдаггүй. Ганц камер зоогоод хүлээх нь өөрөө утгагүй зүйл болж хувирсан. Иймд олон техник төхөөрөмжтэй болсон. Баг хамт олон гэдэг маш чухал. Нэг ч болов хүний тус их. Судалгаа бүрт хамт явсан багийнхан маань яг тэр үйл явц болгоны ард байж л байдаг. Чадлынхаа хэрээр л явж байна. Харин ч азтай. Амьтнаа төхөөрөмжиндөө оруулна гэдэг ховор тохиолдол. Нууран дээр өглөө гараад орой бууж иртэл орохгүй үе байна. Ингэж явж байгаад орвол баярлана, сэтгэл хөөрнө. Дахин орвол бүр ч их баярлана. Магадгүй энэ миний мөрөөдөл байсан байх. Би үүнийг тав эсвэл 50 хоног судлаагүй, таван жил болсон байна. Бид хамт олноороо нийлээд таван жил явсаныхаа үр дүнд ийм үлэмж биетэн хоёр байна гэдгийг нотолчихлоо. Төхөөрөмжинд хоёулаа ар араасаа орж ирсэн. Энэ төхөөрөмжийг уншиж чаддаг хүмүүс харвал үнэхээр гайхана. Одоо бүр л том хүн хүч хэрэгтэй. Би хүнд үзүүлэх нотлох баримтыг сайн цуглуулъя. Тэгвэл хүмүүс итгэж, нотолгоонуудад үндэслээд баг бүрдүүлж орох болов уу гээд эхэлсэн. Манай эрдэм шинжилгээний хүрээлэнгийнхэн, эрдэмтэд хоорондоо ярилцаж зөвлөлдөөд “Нээрээ ийм юм байна шүү” гээд зориглоод орвол энэ ямар зүйл төрлийн амьтан юм. Хэзээнээс үүсэж бий болсон, хөлтэй юм уу, үгүй юм уу. Сэлүүртэй юу, үгүй юу гэсэн олон юм бий. Цаашид энэ амьтдыг гүнзгийрүүлэн судлахад бидэнд том баг, нэмэлт техник технологи шаардлагатай.
-Энэ хоёр үлэмж биет нь биеийн хэмжээгээр адилхан байна уу?
-Юм ярихаар дандаа үгүйсгэлд орж ирсэн. Одоо надад үгүйсгээд байх шаардлага алга. Би ямар ч эрдэмтний нүүрийг улайлгаж, худлаа зүйл рүү оруулахгүй гэдэгтээ 100 хувь итгэлтэй байна. Эхо лотод орж ирж байгаа түвшингүүдийг нь харахад гарч ирсэн сэрвээ буюу хэлбэр хэмжээ, овгор, гүдгэр, нарийнаараа хоёулаа их төстэй. Манай төхөөрөмжинд нэг нь цаана, нөгөө нь наана давхардсан. Тэр бүү хэл нуурын ёроолд очоод хэвтчихсэн байдаг. Үүнийг хүн явж үзэж байж л мэднэ дээ.
-Үүрэг нуур 40 метрийн гүн бил үү?
-Бидний ашиглаж байгаа техникээр 46 метр гэж байгаа. Улсын бүртгэлд 42 метрийн гүнтэй гэж байдаг юм билээ. Манай энэ төхөөрөмж гүнийг нарийвчлалтай хэмжинэ. Гүнээс усны мандал хоёрын дунд хөвж яваа бүгдийг илрүүлдэг ийм багаж. Судалж байгаа хүний хувьд хэлэхэд энэ амьтан дуу чимээ, авианаас зугтдаг юм байна. Мотор унтраасан байх үед орж байгаа нь үнэхээр аз юм. Зарим хүний нүдэнд магадгүй Үүрэг нуур жижигхэн харагдаж болно. Гэхдээ том нуур юм шүү. Улсын бүртгэлд 19х20 км гэж байдаг.
-Та энэ амьтныг таван жил судаллаа. Энэ хооронд ямар нэгэн өөрчлөлт гарсан болов уу?
-Өмнө нь нутгийн домог яриа байсан. Үүрэг нууранд Хөх бух гэдэг амьтан байсан гэж 90, 100 настай хүмүүс ярьдаг. Мөн жаранд нэг удаа гарч ирдэг гэсэн домог яриа ч байдаг. Надаас хойш нутгийн иргэд энэ амьтныг олон харж байгаа. Харсан хүмүүстэй нь уулзаж өөрийнхөө авсан гэрэл зураг, бичлэгүүдээ үзүүлэхэд “Яг ийм төрлийн сэрвээтэй амьтан яваад байгааг харсан” гэж мэдээд байгаа юм. Магадгүй хааяа эрэг дээр гарч ирээд хэвтэж байсан ч юм билүү бид мэдэхгүй. Бусдад үүнийг таниулахдаа гол нь биш. Анх сонирхол татсан. Сонирхол нь сүүлдээ судалгаа болж одоо хамгаалмаар байна. Идэш хоол, тэжээл нь дутагдаад энэ амьтан маань наашлаад байгаа юм уу. Бид өнөөдрийг хүртэл үл итгэгчийн дунд явж байтал энэ амьтан маань мөхчихвөл яах вэ. Үхээд нуурын эрэг дээр гарч ирснийх нь дараа ийм юм байна гээд явах уу. Би үүнээс л айж байна.
Би судлаач биш, хуульч, эрхзүйч мэргэжилтэй. Харин одоо судлаач болсон гэхэд хилсдэхгүй. Юмыг шинжлэх ухаанч нүдээр харна гэж үздэг. Энэ нуурын ус жил ирэх тусам нэмэгдэж байна. Загасны нөөцийн судалгаа хамгийн сүүлд 2017 онд хийсэн байсан. Шууд хэлэхэд хожимдох шаардлагагүй, боломж нь байна. Одоо энэ амьтныг хамгаалах хүсэлтэй, судлах хүсэлтэй хүмүүс төр, засаг нь ч юм уу, санал нийлсэн хүмүүс нь нэгдэж төрөл зүйлийг нь тогтоох л хэрэгтэй байна. Би мэргэжлийн хүн биш. Гэсэн ч таван жилийн хугацаанд өөртөө таарсан мэдлэг, мэдээллийг техникээрээ болон өөртөө ажиглалт хийж цуглуулж авсан. Тиймээс үүн дээр үндэслээд хамт явж хараад, үзээд дараагийнхаа шатыг хийхэд асуудалгүй гэж бодож байна.
-Энэ талаар эрдэмтэдтэй уулзахаар яаж хүлээж авч байна вэ. Тэд энэ амьтны талаар ямар нэгэн зөвлөгөө өгч байв уу?
-Би хувиараа ус судлалын эрдэмтэд болон палеонтологийн хүрээлэн гэсэн шинжлэх ухааны хүрээлэнгүүдтэй очиж уулзсан. Сүүлдээ олон хүнтэй уулзахын хэрээр энэ тоо нэмэгдэж байна. Анх уулзахад үнэмшээд байгаа үгүйг мэдэхгүй, гайхсан байдалтай хүлээж авдаг байсан. Сүүлд хийсэн бичлэг, эхо лотонд орсон дүрсээ үзүүллээ. Зарим нь эхо лотыг мэддэггүй. Анх хоёр төрлийн эхо лот буюу загас илрүүлэгч төхөөрөмж авсан нь Монголын судалгаа шинжилгээний хүрээлэнд байдаггүй. Саяхан авсан байх жишээтэй. Монгол орны ус судлал яаж ч устай орныг гүйцэх билээ дээ. Би тодорхой хэмжээний баг болж ажиллая гэж хүссэн. Гэхдээ тодорхой хэмжээгээр намайг үгүйсгэсэн гэхэд хаашаа юм. Үгүйсгээгүй гэх нь ч юу юм. Уулзаад явахад нааштай ханддаг ч тодорхой үр дүнд хүрээгүй л байна. Сүүлийн хоёр жил цар тахлаас болж энэ хүмүүсийн ажил болоогүй байх гэж бодож байна. Гэхдээ олон зөвлөгөө авч байсан. Манай эрдэмтэд нууран дээр болгоомжтой яваарай. Салхи гарахад нуур тийм байдаг шүү гэсэн анхааруулга, зөвлөгөөг өгдөг. Мөн харьцуулалтуудыг сайн хийгээрэй гэсэн. Эрдэмтдийн хэлсэн ярианаас нь олон зүйлийг тогтоосон. Тэр болгоныг нь авч чадсан. Тухайлбал, нуур доороосоо амьсгалдаг гэж ярьдаг. Тэгвэл ямар байдалтай харагддаг юм бэ. Амьтны гаргасан хөөс ямар байх вэ. Үе үе нууран доороос хөвд хөвөөд гарч ирдэг гэдэг. Энэ бүхнийг үндэслээд ялгааг нь харуулж байгаад л авдаг. Жишээлбэл, хар галуу нууран дээр бөөгнөрөөд эсвэл цувсан байхыг хараад камераа аваад гүйнэ. Ойртуулаад харахаар биш байх жишээтэй. Дараа нь нөгөө амьтан гарч ирсэн бичлэгтэйгээ харьцуулж үздэг. Хүмүүст үзүүлэхэд нуурын гүнээс хөөс яаж гардаг юм бэ гэдэг. Үүрэг нуурын хойд талд Цагаан шувуут хайрхан гэж бий. Энэ хайрханы ам болгоноос ус цутгаж харагддаг. Энэ цутгадаг ус явж байгаад нуур руу орохгүйгээр наана нь тасардаг. Гэтэл энэ хаачсан байх вэ. Шургаад нуур руу ордог, ингэхдээ доороос бөмбөлөг гарч ирдэг юм билээ. Энэ бүгдийг бичлэг болгож авсан. Судалж байх хугацаанд амьтны талаар ярихад сонирхолтой зүйл их болсон. Энэ амьтан тэдэн метрт явж байна гэдэг нь харагдана. Орж ирэхэд нь усны гүний дроноо тэр зүгт унагаадаг. Гэтэл хар ногоон битүү харанхуй явж байсан дрон битүү бөмбөлгөн дунд орох жишээтэй. Амьтан л болсон хойно хий аваад амьсгалдаг ч байж болох. Энэ мэтчилэн судалгаандаа олон зүйлийг харьцуулдаг. Эрдэмтэд бол эдгээрийг үзээд нэг юм бодох байх.
Увс аймаг Сагил сум. 2021.09.11-ны өдөр Garmen эхо лот техникт орсон Үүрэг нуурын үлэмж биет.
Эхо лотод орсон загасны бөөгнөрлийн зураг.
-Одоо цар тахал гайгүй болсон болохоор эрдэмтэд хамтарч ажиллах болов уу. Дахин уулзаж үзэв үү?
-Би өнгөрсөн сард явчихаад ирлээ. Ирээд уулзаж амжаагүй байна. Ийм амьтан байна шүү гэдгийг эрдэмтэн, судлаачид, БОАЖЯ, Соёлын яам, Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүдийг хараасай гэсэндээ өнгөрсөн оны хоёрдугаар сарын 6-нд “Үүрэг нуурын үлэмж биетэн” гэсэн нэвтрүүлэг хийж МҮОНТ-ээр цацсан. Өнгөрсөн оны есдүгээр сарын 11-нд миний эхо лотон доогуур орсон мэдээллээ тавьж байсан. Гэхдээ бичлэгээ тавиагүй. Энэ зурагаа би танай сонинд анх удаа өгч байна. Шулуухан хэлэхэд мэддэг хүмүүс нь худлаа биш юм байна гэдгийг мэдэх байх. Албан хүсэлтүүдийг ч тавиад явж байгаа. Ямар нэг үр дүнд хүрнэ гэж л найдаж байна.
-Энэ үлэмж биет амьтан өглөө, өдөр, шөнийн алинд нь төхөөрөмжинд орж байна?
-Эрсдэлээ бодоод шөнийн цагаар эхо лотыг ажиллуулж нууран дээр гардаггүй. Харин өдрийн цагаар нуур тогтуун үед гардаг. Оролтууд нь өдрийн цагаар орно. Тухайн амьтан нар бууснаас хойш зарим тохиолдолд аз гэдэг ч юм уу, удаан хүлээсний хүчин чармайлт гэх үү усны мандал дээр гарч ирдэг. Гэхдээ томоор биш. 2017 оны есдүгээр сарын 16-нд анх харсан тэр бичлэг шиг гарч ирэхгүй байна. Гэхдээ сэрвээнийх нь үзүүр цухуйгаад явж байгаа нь харагддаг.
-Нутгийн иргэд хэр дэмжиж тусалдаг вэ?
-Дэмжиж байгаа хүн олон. Очихоор нутгийн иргэд ямар ч гэсэн оньсыг нь тайлаад өг. Ийм амьтан байна уу, үгүй юу. Насаараа нуурын захад байлаа, барааг нь харчихмаар байна гэсэн хүн ч байна. Үнэн, худал хоёрын дунд очсон хүмүүс чинь намайг судлаад ирэхээр хүлээцтэй, энэ залуу ямар уйгагүй явдаг юм бэ гэдэг. Би ч тууштай явлаа. Одоо очиход “Өө нөгөө залуу явж байна” гэж ярина. Нутгийн иргэд одоо туслая л гэдэг. Танай цахимаар дамжуулаад намайг дэмжиж байгаа нутгийн иргэдэд баярлалаа гэж хэлмээр байна. Олон хүний итгэл, тусламж дэмжлэгтэй өдийг хүртэл явлаа. Өмнө нь танай “Зууны мэдээ” сонин надаас яриа авч байснаас хойш хоёр жил өнгөрчээ. Энэ хугацаанд нэлээн амжилттай байлаа. Тиймээс танайд шинэ мэдээллээсээ хуваалцахаар ирсэн. Өмнө нь Үүрэг нуурын үлэмж биетэн гэсэн нэвтрүүлэг бэлдээд олон нийтэд хүргэж байсан. Хоёр дахь нэвтрүүлгээ хийгээчээ, хэзээ гарах вэ гэж хүмүүс над руу их холбогддог. Энэ хүмүүсийнхээ итгэлийг алдахгүйн тулд би явж амьтнаа судлах хэрэгтэй болж байгаа биз. Судалсныхаа хүчинд тодорхой хэмжээний материал цуглуулж байгаа. Одоо хоёр дахь нэвтрүүлгээ хийхэд хангалттай материал бүрдсэн. Надад итгэсэн хүмүүсийн итгэлийг хэзээ ч алдахгүйгээр шинэ техник, тоног төхөөрөмжинд орсон мэдээллүүдийг тавина.
-Таны зорилго юу вэ?
-Миний эцсийн зорилго бол шинжлэх ухааныхантай хамтрах. Нэг голдиролд орж нэг баг болж явах. Надад эрдэмтэн хүний мэдлэг, ур чадвар их хэрэгтэй байна. Адаглаад тэр нуур, загасыг судалдаг нэг эрдэмтэн хэрэгтэй байна. Судалгаанаас харахад Үүрэг нуурт нохой сугас, шар сугас гэсэн хоёр төрлийн загас байдаг. Монгол Улсынхаа нутаг дэвсгэрт бид ийм төрлийн амьтан байна гээд Содномдорж өдий хүртэл яваад ирсэн шүү. Одоо энэ хүүхдээс чинь ийм юмыг нь ингэчихье гээд хамтраад ажиллавал надад сайхан л байна. Миний хувьд их амжилттай явж байгаа. Би ийм их зүйл хийнэ гэж зүүдэлж, бодож, мөрөөдөж, төсөөлөө ч үгүй явсан. Одоо тэгсэн эндээ орж судлаач болоод явж байна. Заримдаа бараг үсрээд ормоор санагдтал сэтгэл, мэдрэмж төрдөг. Сая өнгөрсөн сард цухуйхад бичлэгийг нь хийчихлээ. Эхо лотод хэд хэдэн давтамжаар орсон. Намайг яриад явахаар хүмүүс итгэхгүй л дээ. Мэдээж эрдэмтэн хүмүүс нотлох баримт шаардана. Нотлох баримтыг хангалттай бүрдүүлсэн, үүндээ тулгуурлаад ярина. Энэ дүрс, бичлэгийг үзэж хараад нэг сайхан баг болбол бид Монгол Улсынхаа нутаг дэвсгэр тэр тусмаа Увс аймгийн Сагил сумын Үүрэг нуураас магадгүй Плестоценийн үеийн үлдэгдэл ч байж болно. Нэг бол хэдэн зуун жилийн настай ч байж болно. Тийм хоёр төстэй, хоёр төрөл зүйлийн амьтныг тогтооход ойрхон байгаа гэж хэлмээр байна.
Эх сурвалж www.polit.mn