Б.ОД

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр Европын сэргээн босголт, хөгжлийн банк /ЕСБХБ/-ны Бодлого түншлэл хариуцсан дэд ерөнхийлөгч Марк Бауманыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Хотын дарга “ЕСБХБ нь Монгол Улсын хувийн хэвшлийн салбарын олон төсөл, хөтөлбөрт санхүүжилт, зөвлөх үйлчилгээ болон техникийн тусламж үзүүлж ирсэн. Нийслэл Улаанбаатар хотын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах төсөл, хөтөлбөрийг дэмжин ажиллаж байгаад талархаж байна” гэв

 Тэрбээр гэр хорооллын дахин төлөвлөлт, замын дэд бүтцийг сайжруулах, нийтийн тээврийн хүрэлцээ, эко автобус нэмэгдүүлэх, инженерийн шугам сүлжээний дэд бүтцийг шинэчлэх хүрээнд шинэ төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа хэллээ.

ЕСБХБ-ны Бодлого түншлэл хариуцсан дэд ерөнхийлөгч Марк Бауман цаашид ЕСБХБ болон нийслэл Улаанбаатар хотын хооронд эдийн засаг, нийгмийн үр өгөөж ихтэй олон шинэ төсөл, хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэхэд дэмжин ажиллана гэдгээ илэрхийлэв.

Түүнчлэн хөрөнгө оруулалт, ногоон хот, ногоон орон сууц барих төсөл болон нийтийн тээврийн салбарт хамтран ажиллах өргөн боломж буйг онцоллоо.

Уулзалтын төгсгөлд талууд хамтран ажиллах боломжийг эрэлхийлж ажиллахаар тохиров.

Эх сурвалж:www.polit.mn