С.УЯНГА
Дэлхий нийтээрээ хөгжлийн гадна хэнийг ч орхилгүй хамтдаа тогтвортой хөгжихийн тулд байгалийн нөөцөө хэмнэх, дахин боловсруулах хэвшилд сурч байна. Энэ зорилгод хүрэх хамгийн үр дүнтэй хэлбэр нь байгальд ээлтэй, үүрэг хариуцлагаа ухамсарласан иргэдийг бэлтгэх юм. Үүнийг нийгмийн жижигрүүлсэн хэсэг болох сургуулийн орчноос эхэлж болохыг улс орнуудын туршлага харуулж байгаа. Тэгвэл Монгол Улсын хэмжээнд сургууль, цэцэрлэг нь эко орчин бүрдүүлснээрээ Сэлэнгэ аймгийнхан жишиг болж манлайлж байгаа юм.
СТРЕСС ТАЙЛАН “ӨРӨӨ”-ТЭЙ ЭКО СУРГУУЛЬ
Сэлэнгэ аймгийн ЕБС-ийн гуравдугаар сургууль тогтвортой хөгжлийн боловсрол төсөлд хамрагдаж мөнгөн гэрэгэ хүртжээ. Удахгүй ногоон тугтай болох бэлтгэл ажилдаа ороод байгаа аж.
Гуравдугаар сургууль гаднах гэрэлтүүлгээсээ эхлээд л эко орчин бүрдүүлжээ. Дээвэр дээрээ сэргээгдэх эрчим хүчээр ажилладаг нарны зайн панелууд тавьсан нь харанхуйд шөнийн Манжуур шиг л харагддаг гэж захирал Л.Уянга тодотголоо. Үүдээр оруут сургуулийн өнцөг бүрт эко булан тохижуулсан нь нүдэнд эрхгүй тусна. Сургуулийн багш нарынх 70 хувь нь залуучууд учраас лазер, 3D принтерээ ашиглаад бүх зүйлээ хийчихдэг. Анги тэнхимүүдээ онцлогт нь тохируулж бүрэн тохижуулснаас гадна тамирынхаа зааланд бойлуур тавьж халуун устай болохоор бэлтгэж байгаагаа бидэнд сонирхуулав.
Мөн зарим анги, сургуулийн өнцөг буланд стресс тайлах зориулалттай хэсэг тусгайлан засч тохижуулсан нь хүүхдүүдийн очих, чөлөөт цагаа өнгөрүүлэх дуртай газрын нэг болжээ. Энэ талаар захирал Л.Уянга “Гуравдугаар ангид стресс тайлах хэсэг байгуулсан. Энэ ангийнхан цар тахлын үеэр хичээлд бараг суугаагүй. Ер нь өсвөр насны хүүхдүүдийн бухимдлыг тайлах хамгийн чухал. Намар хичээл эхлэхэд дэлгэцийн донтолтоос сэргийлэх ажлыг нэлээдгүй зохион байгуулсан. Хичээлийн хоцрогдол бол арилгах нь тодорхой. Түүнээс наана дэлгэцийн донтолт их байсан. Тиймээс ардын тоглоомуудыг зааж сургаж, төрөл бүрийн уралдаан тэмцээн зохион байгуулдаг. Дэлгэцийн донтолттой холбоотой сургалтыг эцэг эх, хүүхдүүдийг хамтад нь суулгаж байгаад хийсэн. Хүүхдийг уурлахаар нь стресс тайлах буланд суулгаад хэсэг хугацаанд зөнд нь орхидог. Жаахан байж байтал хүүхэд ном уншиж сатаараад тайтгарчихдаг. Хөшигтэй тольтой байвал их зүгээр юм билээ. Ууртай байгаа төрхөө толинд харахаараа тайвширчихдаг.
Би ер нь булан тохойг зүгээр байлгах дургүй. Аль болох хүүхдүүд амарч, хичээлээ хийж, хоорондоо ноцолдож байг гээд хаа сайгүй сандал, ширээ тохижуулдаг” гээд инээмсэглэлээ. Үүний нэг жишээ нь түлээний модноос худалдаж авч хэлбэр оруулж будаад жимсэн хэлбэртэй сандал хийсэн, охидын шивнээнд зориулж ягаан өнгийн "өрөө" гаргасан орчиндоо үзэмж нэмжээ. Хүүхдийг ухаалаг утаснаас холдуулахын тулд үндэсний хувцас, таван хошуу мал гээд монгол ахуйн мэдлэг олгосон таниулах самбар, эсгий урлалыг хаа сайгүй өлгөсөн харагдана.
КОРИДОРЫГ НОМЫН ТАВИУР, ТҮҮХИЙН МУЗЕЙ БОЛГОЖЭЭ
Сургуулийн захирал боловсролын салбарт 30 гаруй жил ажиллахдаа аймгийн технологийн олимпод 10 удаа тэргүүн байр эзэлжээ. Тиймээс мэргэжлийн онцлогоор зарим үед сургуулийнхаа тохижилтын загварыг өөрөө гаргадаг гэнэ. Сургуулийн гуравдугаар давхарыг бүхэлд нь түүх, шилдэг багш, төгсөгчдийн мэдээллийг агуулсан музейтэй. Багш нар нь ч бүтээлээ дэлгэдэг үзэсгэлэнгийн танхим болгож тохижуулсан байна.
Сургуулийг бүтэн тойрч харвал сонирхолтой, шинэ санаа шийдэл бараг л алхам тутам тааралдана. Өргөн коридорыг уншлагын танхим болгож тохижуулахдаа амьтны хэлбэр дүрсийг модоор хийж, сургуулийн баганыг тойруулж номын тавиурууд хийсэн байх жишээтэй. Тэнд хүүхдүүд чөлөөт цагаараа дэлхийн сонгодог зохиол уншиж, Англи хэлэнд шимтэж байна.
Технологи, Эх түүхийн хүндэтгэлийн кабинет бол онцгой хэсэг. Эх түүхийн танхимд Монголын түүхийг дэлхийнхтэй нь танилцуулахаас гадна Чингисийн есөн өрлөгийн нэрийг Монгол бичгээр бичиж зурагтай нь хамт байршуулсан байв.
Харин утсаараа QR код уншуулаад хичээлээ байгалийн дуу чимээ, дүрстэйгээр үздэг хэсэг бол тогтвортой хөгжлийг эрхэмлэгч сургуулийн хамгийн шинэлэг бүтээлч байдал аж. Сурагчид өмнөх жилүүдийн урлагийн номер, багшийн бүх хичээлийг AR технологиор үзэх боломжтой нь тогтвортой хөгжлийн боловсролыг хангах чиглэлээр цаас “үйлвэрлэх”-ээс татгалзахыг зорьсон гэж багш танилцууллаа.
Түүнчлэн биологийн кабинетыг орхигдуулж боломжгүй. Хүний бие махбодыг бодит мэт үзүүлэн ашиглан хичээлээ зааж байна. Тайван, эсвэл ачаалалтай үед зүрх хэрхэн цохилох вэ гэдгийг цахилгаанд залгасан үзүүлэн дээр туршиж байлаа. Ийнхүү сургуультай танилцаад буцахад давхар бүрийн шат болгоны хооронд тороос татаж аваарын бэхэлгээ хийсэн нь анзаарагдана. Энэ хэсгийг хүүхдийн аюулгүй байдлыг хангахын тулд сургуулийн удирдлагууд зориулалтын олсоор бэхэлж тохижуулсан гэнэ. XXI зууны хөгжилтэй хөл нийлүүлж, тогтвортой хөгжлийг эрхэмлэгч хөдөөгийн сургуулийн өнгө төрх ийм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2022 ОНЫ ТАВДУГААР САРЫН 18. ЛХАГВА ГАРАГ. № 99 (6831)