Б.ДОЛЖИНЖАВ

 

Хонгконгийн Засаг захиргааны зургаа дахь тэргүүний сонгууль ням гарагт болж, 64 настай Жон Ли ялалт байгуулжээ. Хонгконгийн Засгийн газрын ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан тэрбээр сонгогчдын коллегийн 1500 гишүүнээс хаалттай санал хураахад 1416 гишүүний саналаар сонгогдсон байна. Түүнийг долдугаар сарын 1-ний өдөр буюу Хонгконг эх газрын харьянд шилжсэний 25 жилийн ойн өдөр Хонгконгийн тэргүүний хувиар тангараг өргөхөөс өмнө төв Засгийн газар томилох юм. Жон Лигийн томилгоог олон улсын хэвлэлүүд хэрхэн мэдээлж байгааг тоймлон хүргэж байна.

КЭРРИ ЛАМЫН ХАЛААГ ХЭН АВАХ НЬ ТОДОРХОЙ БАЙВ

Хонгконгийн сонгуулийн тогтолцоонд 2021 онд шинэчлэл хийснээс хойшх анхны засаг захиргааны тэргүүний сонгууль болж байгаагаараа онцлогтой. Энэ тухай Жон Ли “Миний бие энэ түүхэн үүрэг даалгаврыг үнэнчээр, тууштай гүйцэтгэж, Хонгконгт шинэ хуудсыг нээхийн төлөө Хонгконгийн 7.4 сая оршин суугчийг нэгтгэн манлайлах их үүрэг хариуцлагыг хүлээж байна” гэж сонгуулийн дараа сэтгүүлчидтэй уулзах үеэрээ мэдэгджээ.

Гэвч Жон Ли тэргүүн болсноор Хонгконгод үзүүлэх Хятадын нөлөө илүү ихэснэ хэмээн “BBC” тэргүүтэй барууны хэвлэлүүд мэдээлж байна.  Учир нь тэрбээр Бээжинг дэмжигч, ардчиллын төлөөх залуусын жагсаалыг хүчээр дарах үйл ажиллагааг удирдагч гэдгээрээ  олонд танигдсан байна. Жон Ли Засгийн газрын ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллахдаа дараагийн тэргүүн болох нь хэдийнэ тодорхой болсон байв. Учир нь Хонгконгийн улстөрчдөөс хоёрдугаарт эрэмбэлэгдэхийн сацуу Кэрри Лам хоёр дахь удаагаа тэргүүнээр ажиллахгүй гэдгээ эрт зарласан билээ.

Жон Ли нь жагсаалыг хүчээр дарахыг удирдсан төдийгүй улс төрийн эсрэг  жагсаал, цуглааныг гэмт хэрэгт тооцох Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийг дэмжсэнээрээ залуусын дургүйцлийг хүргээд байв. Тэрбээр энэ хууль эмх замбараагүй байдлаас сэргийлж, улсыг тогтвортой байлгахад тусална хэмээн тайлбарлаж байв.

“БҮХ НИЙТИЙН СОНГУУЛЬД САНАЛАА ӨГӨХ ЭРХ АРД ТҮМЭНД БИЙ”

Ардчиллын дэмжигч бүлгүүдээс үлдсэн ганц нь болох “Социал демократуудын лиг” намын гурван гишүүн санал хураалт явуулахаас өмнө эсэргүүцэн жагсав. Тэд “Бүх нийтийн сонгуульд саналаа өгөх эрх ард түмэнд бий”, “Хүний эрх эрх мэдлээс, ард иргэд Засгийн газраас илүү” гэсэн уриа лоозон барьж, хашгирч байсан юм.  Энэ үеэр жагсагч Ванесса Чан “Жон Лигийн Засгийн газар ямар байхыг бид харлаа. Тэд иргэний эрх чөлөөг хумих нь тодорхой бололтой. Бид ингэж жагсах нь ямар ч үр дүнгүй ч хонгконгчуудыг чимээгүй суугаасай гэж хүсэхгүй байна” гэж ярьжээ. Цагдаа нар жагсагчдыг нэгжиж, биедээ авч явсан зүйлсийг нь хураасан ч  баривчлаагүй өнгөрчээ.

БНХАУ 1997 онд Их Британиас Хонгконгийг буцаан авахдаа үг хэлэх, жагсаал цуглаан хийх эрхийг нь бүрэн олгоно гэж амласан байдаг. Гэвч жагсаал, цуглааныг хүчээр дарж байгаа нь хэлэлцээрийг зөрчсөн үйлдэл хэмээн ажиглагчид шүүмжилж байна.

Цар тахлын улмаас санхүүгийн хямрал нүүрлэсэн цаг үед Жон Ли төр удирдахаар боллоо. Тэгш бус байдал, орон сууцны хомсдол гэсэн олон асуудал түүнийг хүлээж байна. Сонгуульд нэр дэвшсэнээс долоо хоногийн дараа Жон Ли Хонгконгийн хамгийн баян хүн Ли Ка-шин, Хятадын зөвлөх хорооны тэргүүн Хэнри Тан, кино жүжигчин Жэки Чан тэргүүтэй хүмүүсийг багтаасан Зөвлөхүүдийн багийг бүрдүүлсэн юм. Жон Ли Хонгконгийг симфони найрал хөгжимтэй адилтган санхүүгийн төв хотыг удирдах туршлага муутай ч “удирдаач” болно хэмээжээ.

Сонгуулийн кампанит ажлынхаа үеэр Жон Ли Хонгконгийн өрсөлдөх чадварыг сайжруулж, хөгжлийн бат бэх суурийг тавихаа амлаж байсан юм.  Мөн орон сууцны нийлүүлэлтийг нэмэгдүүлэхээ мэдэгдсэн.

ТҮҮНИЙ ҮНДСЭН АЖИЛ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ БАЙВ

Жон Лигийн намтрыг сөхвөл 20 настайгаасаа эхлэн Хонгконгийн цагдаагийн байгууллагад ажиллаж байсан. Түүний үндсэн ажил гэмт хэрэгтэй тэмцэх байжээ. Түүнийг Кэрри Ламын засаг захиргааны Аюулгүй байдал хариуцсан нарийн бичгийн даргаар 2012 онд томилсон. Үүнээс хойш өнгөрсөн жилийн зургадугаар сард Жон Ли Ерөнхий нарийн бичгийн дарга болтлоо дэвшсэн юм. Энэ албыг жил хүрэхгүй хугацаанд хашсаныхаа дараа тэрбээр өнгөрсөн сард огцорч, улмаар тэргүүнээр сонгогдоод байгаа юм.

Удирдагч болсноор Жон Ли  Хонгконгийн үндсэн хуулийн 23 дугаар зүйл болох аюулгүй байдлын тухай асуудалд анхаарлаа хандуулна гэдгээ мэдэгджээ. Энэ зүйлд “Бээжингийн эсрэг эх орноосоо урвах, салан тусгаарлах, үймээн самуун дэгдээх, урвахыг хориглоно” хэмээн заасан байдаг. Өмнөх үе үеийн удирдагч нар энэ хоригоос ангид байлгахыг хичээнэ гэж байсан Жон Ли өөрийн засаг захиргааны нэн тэргүүний зорилт хэмээн зарлалаа.

Хонгконгийн чөлөөт сэтгүүлч Жон Бернс “Жон Лиг сонгосноор Хятадын Коммунист нам Хонгконгийн аюулгүй байдалд итгэлгүй байгаагаа  харууллаа. Энэ нь Хятадын төв Засгийн газар Хонгконгийн Засгийн газар болон иргэдэд итгэж чадахгүй байгаагийн илрэл юм” гэж бичжээ. Харин Хонгконгийн сэтгүүлчдийн холбооны тэргүүн Ронсон Чан “Хүмүүс үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө гэмт хэрэгтэн болох вий гэхээс үнэхээр их сэтгэл түгшиж байна. Тиймээс хэвлэлийн эрх чөлөөний талаарх асуудлыг Лигийн Засгийн газарт мэдүүлнэ” гэж “BBC”-д ярьжээ.

Учир нь Үндэсний аюулгүй байдлын тухай хууль батлагдсаны дараа “Apple Daily”, “Stand news” тэргүүтэй бие даасан хэвлэлүүд хаагдаж, сэтгүүлчид болон удирдлагуудыг нь гадаадын хүчинтэй хамтарсан, үймээн дэгдээсэн хэргээр буруутгасан юм.

Европын холбоо Жон Лигийн томилгоог ардчиллыг зөрчсөн гэж мэдэгдэв

Зөвхөн Бээжинд үнэнч хүмүүс төрд албан тушаал хаших боломжийг баталгаажуулан  Хонгконгийн хуульд өөрчлөлт оруулсны дараа  сонгууль болж байгаа нь энэ юм.  Хуулиар сөрөг хүчний дуу хоолойг хаахын тулд хууль тогтоох байгууллагын бүтцийг дахин шинэчилсэн байдаг.

Үүнтэй холбоотойгоор Европын холбооны Гадаад бодлогын тэргүүн Жозеф Боррель Фонтелесс “Жон Лигийн томилгоог ардчиллыг зөрчсөн гэж мэдэгдэв. Тэрбээр “Европын холбооноос Хонгконгийн бие даасан, хараат бус байдлыг хадгалж, хүний эрхийг дээдлэх, ардчиллын суурь зарчим болох хэвлэлийн эрх чөлөө болон бусад үндсэн эрх чөлөөг хангахыг Үндсэн хууль болон олон улсын журмын дагуу чухалчлан үздэг. Энэ удаагийн сонгууль ардчиллын зарчим, улс төрийн олон ургальч байдлыг зөрчсөнд Европын холбоо харамсаж байна. Мөн сонгуулийн явцыг  “Нэг улс, хоёр систем” зарчмыг устгах нэг алхам гэж үзэж байна. Бид Хятад болон Хонгконгийн эрх баригчдыг улс үндэстний болон олон улсын амлалтаа биелүүлэхийг шаардаж байна. Ингэхдээ Хууль тогтоох зөвлөлийн гишүүдийг  бүх нийтийн санал хураалтаар сонгох хэрэгтэй” гэж ярьсныг “Aljazeera” дамжуулав.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ТАВДУГААР САРЫН 13. БААСАН ГАРАГ. № 96 (6828)