Ч.ҮЛ-ОЛДОХ

АШУҮИС-ийн Монгол анагаах ухааны олон улсын сургуулийн дотрын өвчин судлалын тэнхимийн профессор багш, Монгол Улсын зөвлөх эмч, доктор Сүрэнжидийн Сээсрэгдоржийг “Амьдралын тойрог”-ийн зочноор урилаа. Тэрбээр АУДэС-д уламжлалтын ангийг  нээхэд элсээд төгссөн анхдагчдын нэг юм. Түүнээс хойш эрүүл энхийн төлөө тангараг өргөсөн эмч, монгол анагаах ухааны сурвалж судлалын түүхийн цуврал багц ном баринтагласан судлаач, уламжлалтын эмч нарыг  бэлтгэх багш гээд 30 гаруй жил энэ салбарт хөдөлмөрлөж иржээ. Түүний тухай “Жоншноос ясны сийрэгжилт, ходоодны шархыг анагаах бүтээгдэхүүн гаргаж авсан эрдэмтэн”  гэсэн мэдээ гарч байв. Жилийн өмнө багц номынхоо нээлтийг хийсэн. Дэлхий нийтийг донсолгосон цар тахлын үед тэрбээр “Covid-19 вирусаас хамгаалах вакцин нь хүн та өөрөө” гэж хэлсэн нь олон нийтийн  анхаарлыг  татсан. Энэ үеэс хөөцөлдсөөр саяхан олж уулзсан  юм.

Судар түшиж хөлд орсон  шинэ цагийн оточ

Сурвалж судлалын цувралын багц номын баяр.

Дэлхий нийтийг хамарсан цар тахал,  коронавирусын шинэ  хувилбарууд төгсгөл болоогүй байгааг эрдэмтэн, судлаачид хэлдэг. Тэгвэл түүнтэй дүйлгэж үзэх өвчин уламжлалт анагаах ухаанд байдаг уу. Ямар онцлогтой вэ” гэсэн асуултад С.Сээсрэгдорж эмч “Энэ вирусыг уламжлалт анагаах ухааны онолоор хижгийн халуун өвчин гэж үзнэ” хэмээгээд “Монгол уламжлалт анагаах ухааны эмнэл зүйгээр авч үзвэл гурван үе шаттай байна. Эхний эс боловсорсон үе 3-7 хоног. Энэ үеийг өвчний цус, тамирын цус хоёр сүү, ус нийлсэн мэт гэж тодорхойлж болно. Шууд хүчтэй эм хэрэглэвэл эрүүл эс ч, өвчтэй эс ч үхэж болох үе. Эмчлэхийн тулд боловсруулах зарчим баримтлах буюу энэ нь сүү, ус хоёрыг ялгаж, өвчнийг голомтлог байдалд оруулах анагах арга юм. Хоёрдугаар үе нь, боловсрох чөлөөгүй аньсанд буусан халуун буюу дүрэлзсэн гал шиг амь насанд аюултай үе болох хугацаа нь 6-9 хоног. Энэ үед "Хавцал газар өстөн дайсантай уулзсан мэт" зарчмаар анагаана. Өөрөөр хэлбэл, буцах газар, эргэх арга байхгүй, чи юу, би юу гэсэнтэй адил үе юмдаа. Иймд хижиг өвчнийг анагаадаг "хаан, ноён мэт хүчтэй" найрлага хэрэглэнэ. Үүнээс цааш уул талын завсрын үе байна. Хувь хүний бие махбодын онцлогоос шалтгаалаад 14 хоног. Эргээд халуун болох эсвэл өөр өвчин рүү шилжиж магадгүй эгзэгтэй үе учраас хийг нь анхаарч эмчлэх ёстой. Эдгээр эмчилгээг COVID-19-ийн халдварын үед зарим аргыг шууд заримыг орчин үеийн COVID-ийн стандарт эмчилгээний аргатай хослуулан хэрэглэж амжилтад хүрч байна” гэж хэвлэлд ярьсан нь одоо ч  анхаарал татсаар байна. Эмчилгээний энэ аргыг туршсан, үр дүн сайн байгааг хэлж буй уламжлалтын эмч нар ч  цөөнгүй. Түүнчлэн дэлхий нийтэд шинэ коронавирусын халдварын дараах “Удаан ковид”-ын эмчилгээ өнөө үед хамгийн гол асуудал  болоод байгааг олон зуунаар батлагдаж нотлогдсон уламжлалт анагаах ухааны оноштой дүйлгэн эмчлэх хамгийн цэгцтэй арга байгаа төдийгүй түүнийг АШУҮИС-ийн МАУТЭ-т хэрэглэж эмчилгээ нь үр дүнтэй байгааг нотолсон олон илтгэл хэлцэгдээд байгаа нь тус эмнэлгийн зөвлөх эмчээр ажиллаж байгаа профессор С.Сээсрэгдоржийн үүрэг оролцоо их нь ойлгомжтой юм.

Уламжлалт анагаах ухааны нэвтэрхий толь гэмээр эрдэм мэдлэгийн охь шимийг тэрбээр хаанаас хэрхэн хүртсэн юм бол гэсэн асуулт түүнтэй уулзахаар очиход аман дээр гарч ирээд байлаа. Энэ асуултад түүний бага насны тухай нэгэн  дурсамж хариу хэлэх шиг.

Тэрбээр Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын Баянтээг багийн нутаг Хан-Уулыг хормойдон нар зөв тойрч нутагладаг малчны гэр бүлд, Цагаан дэл хэмээх газар эхээс мэндэлжээ. Мянган өвөлжөөт Өшгөгийн нуруу гэж аргалийн сүрэг бэлчсэн, оройд нь гарахад хоёр аймгийн 7-8 сумын нутаг цэнхэрлэж харагддаг сүрлэг хайрханы өвөрт  хөдөөгийн бусад хүүхдийн адил ишиг хурга хариулж өссөн байна. Гэхдээ  хуучны дэг жаягийн дагуу гавьж цол хамгаалж,  амьдралын олон хүнд давааг давсан буурлын дэргэд түүний  бага нас өнгөрчээ. Буян  нүгэл, судар ном, болно болохгүйн учрыг  нэлээд эртнээс сонсож, бурхны номтой хэрхэн харилцах ёс, дэгийг багаасаа  мэдэрсэн нь бусдаас жаахан өөр байж болох юм. Хожим уламжлалт анагаах ухааны чиглэл рүү татагдаж, эргэлт буцалтгүй орсон нь нүүдэлчдийн  их өвийг  хамгаалах, судлан дэлгэрүүлэхэд сэтгэл зүтгэлээ зориулсан нь  тэр л өгөгдөлтэй  холбоотой мэт санагдана.

Зенит пуужингийн девизионд цэргийн алба хаасан эмч

Хугацааны цэргийг ахлагч цолтой хаалаа.

Тэрбээр Нарийнтээл сумандаа наймдугаар анги төгсөж,1979 онд Өвөрхангай аймгийн I арван жилийн сургуулийг дүүргээд  АУСДуС-ийн  лаборантын ангид элсэн орж сангийн аж ахуйд ажилласан хоёр сард олон  нөхөдтэй болж хөдөлмөрийн амтыг мэдэрч, анх удаа ажлын хөлс багагүй мөнгө авч, анхны хайр, амьдралын ханиа олсон баян намар, амьдралын баярт  мөч байв. Харин  1981 онд АУСДуС-ийн лаборантын ангийг онц төгсөхөд нь  ангийн багш Бавуусүрэн “Чи анагаахын дээдэд орж  чадсангүй, Сайд нарын II  эмнэлэгт хуваарилагджээ. Гэхдээ тэндээс дээд сургуульд орох боломж их байдаг юм шүү” гэж зөвлөсөн ч  хөдөө явна гэж зүтгэжээ. Тэр нь багшаасаа зөрсөн хэрэг биш настай ээждээ ойртох  гэсэн санаа байж. Ингээд Баянтээгийн уурхайн хүний их эмчийн салбарт очлоо. Ажил эхэлсний үдээс хойш хүүхэд эх барьж авах болов. Эх барьж авах ч гэж лаборантын анги төгссөн түүнд энэ талаар мэдэх, чадах зүйл ховор, туршлага ч байсангүй. Харин хамт байсан сувилагч Долгор хэмээх настай  эгч дөнгөж төрсөн нярайг  эх барьж аваад “Эмч ээ,  та хүйг нь таслах ёстой” гэснээр анхны том давааны ард гарчээ. Шинэхэн эмчийг хэлэх үү, шөнө, өдөргүй олон дуудлага ирнэ. Эмнэлэгт  ч  олон өвчтөн ирж хэвтэнэ. Хүнд байсан ч тэрбээр сайн баг хамт олны түшгээр давж, өөрөө ч туршлага хуримтлуулж байлаа. Удалгүй Нарийнтээл сумынхаа II  багийн эмчээр томилогдов. Анх ирснээ бодвол нэлээд туршлага суучихсан байсан тул тийм ч хэцүү байсангүй. Тэнд жил  тойрон  ажиллаад цэргийн албанд мордож, ардын армийн 028 дугаар  анги буюу болзошгүй дайсны агаарын довтолгооноос Улаанбаатар хотыг эсэргүүцэн хамгаалах зенит пуужингийн девизионд гурван жилийн алба хаажээ. Халагдах жилээ ЗХУ /хуучин нэрээр/-ын Сибирийн цэргийн тойрогт очиж байлдааны буудлагатай хээрийн сургуулилтад  оролцож,  бүгд үүргээ онц гүйцэтгэсэн. Тэндээс С.Сээсрэгдорж  нэг орос хром,  тэр үеийн залуусын  гангараа болсон  “Комендерьский” гэдэг бугуйн  цаг, гэргийдээ  урт оосортой  жижиг цүнхтэй  сэтгэл дүүрэн ирж байжээ. Халагдаад Өвөрхангай аймгийнхаа Баруунбаян-Улаан сумын хүний их эмчийн салбарт гэр бүлээрээ томилолт өвөртлөн очсон байна. Энэ удаа ханьтайгаа хамт очсон болохоор их сандарч тулгамдаад байх зүйлгүй. Өөрөө дүн бүртгэл хариуцаж, гэргий Х.Нямсүрэн  нь эх баригч эмчээр ажиллаж хүн ардын эрүүл мэндийн төлөө зүтгэж мөн орон нутгийн олон талт ажилд гар бие оролцож ажил, амьдралын туршлага хуримтлуулсан байдаг. Удалгүй том хүү С.Ваанчигсүрэн нь мэндэлж, амьдрал аз жаргалаар  бялхаж  ажиллаж хөдөлмөрлөхөд ч урамтай байжээ. Харин тэнд тогтвор суурьшилтай ажилла гэж дээрээс  үүрэг өгсөн тул АУДэС-д орох мөрөөдлөө хойш тавихаас өөр зам  түүнд үлдсэнгүй. Ийнхүү хоёр жил ажилласны дараа өрхийн тэргүүн уралдаант шалгалтад орох эрх авч амжилттай дүн үзүүлснээр АУДэС-ийн өндөр босгоор алхан оржээ.

Монголын нэрийн хуудас болсон брэнд мэргэжлийг эзэмшсэн нь

Өвөр дээр нь тоглож өссөн өвөө Б.Сономдорж, төрүүлж өсгөсөн эмгэн буурал ээж Ц.Сүрэнжид.

Тэрбээр АУДэС-д хүүхдийн эмч болохоор суралцаж байтал 1990 оны эхэн гарч, ардчиллын салхи сэвэлзсэнээр нийгэм даяар аливаа асуудалд хандах хандлага, шинэ содон зүйлүүдийн эрэлхийллээр  дүүрээд ирэв. Тухайн  үед  Монголын анагаах ухааны  домог болсон багш нарын нэг  Н.Төмөрбаатар,  АУДэС-ийн удирдлагын  итгэл, дэмжлэгээр Уламжлалт анагаах ухааны тэнхим байгуулсан нь олон  хүний ажил амьдралд  содон сонин зүйлийн эхлэлийг тавьжээ.  Монгол Улсын эрүүл мэндийн салбарт  нэгэн их хүч бүрэлдэн бий болсныг  эхлэн хүртэгсдийн нэг болох аз завшаан түүнд ийнхүү  тохиосон. Тэд 29-үүлээ уламжлалт анагаах ухааны эмч мэргэжлээр төгсчээ.

Монголын  үндэсний анагаах ухаан хоригдож, хэлмэгдэж, тасраад удсан мөн  хатуу ширүүн хяналттай байсан тул  эргэн сэргээхэд бэрхшээл их байсан  нь мэдээж. Тэр нь  уламжлалт анагаах ухааны тэнхим байгуулж анхдагч болж түүчээлсэн ачлалт багш нар болох Н.Төмөрбаатар, П.Хажидсүрэн, С.Өлзийсайхан, Д.Чулуунчимэг, Ж.Болормаа нарт илүү мэдрэгдсэн байж таарна. Харин суралцлагчдын хувьд  юу  мэдэгдэж байсан бэ гэвэл ном, сурах бичиг, хүний нөөц, хичээлийн хөтөлбөр төлөвлөгөө, хэрэглэх багаж, дадлага хийх  эмнэлэг дутагдалтай байжээ. Гэхдээ  уламжлалт анагаах ухаан эргэн сэргэх  нөөц, эрч хүч, хүсэл сонирхол  байгаа нь хаа сайгүй мэдрэгдэх болж, уламжлалтаар овоглосон олон кабинет, эмнэлэг, сургууль байгуулагдаж,  богино хугацаанд  гайхам үр дүнд хүрчээ. Эхний үед академич Ц.Хайдавын тэргүүлсэн “Ард эмнэлгийн хүрээлэн” суралцагчдын гол  түшиц газрын нэг болж, АУДэС-ийн  багш нарын зэрэгцээ тус хүрээлэнгийн Б.Болдсайхан, Б.Дагвацэрэн, М.Амбага, Б.Хүрэлчулуун нарын эрдэмтэд З.Мэндсайхан эмч гэсэн уламжлалт анагаах ухааны эрдэмтэн мэргэд, эмч нарын хүнлэг сэтгэл, олон талт мэдлэг, эрдмээс  оюутан залуус өвлөн авчээ. Улмаар уламжлалтаар овоглосон анхны эмч нар төгсөж гарсны зэрэгцээ  эмнэл зүйд олон жил ажилласан юм үзэж нүд тайлж ихийг таньж мэдсэн олон эмч  курс дамжаанд хамрагдаж төгссөнөөр  хүний нөөц  бий болж Монгол орны өнцөг булан бүрт уламжлалтын эмнэлэг, эмч мэргэжилтнүүд ажиллаж эхэлсэн байна. Үүгээр зогсохгүй тэд гадаадад олноороо очиж ажиллах болсноор Монголын нэрийн хуудас болсон анхдагч брэнд мэргэжил бий болжээ. 

С.Сээсрэгдорж багшийг шавь нар нь өвөрмөц арга барилтай. Хүний хувьд ууч зөөлөн сэтгэлтэй, тэр нь буддын мэдлэг ухааныг илүүтэй таньж мэдсэнтэй  холбоотой байж болох талаар ярьдаг юм билээ. Харин өөрөө багш нараасаа юу өвлөснийг сонирхоход уламжлалтын багш нарынхаа тухай дээр дурдсан учраас хураангуйлж дурсамж сэтгэгдлээ хэлье. Намайг анагаахад дур сонирхолтой болгож эмнэлэг гэдгийг мэдрүүлж түүнчлэн мэргэжлийн хувьд нэлээд сайн ур чадвартай болгосон сургууль бол АУСДуСургууль юм. Манай ангийн багш Бавуусүрэн гэж ёстой жингийн нуруу шиг хүн байлаа. Биохимийн Нямсүрэн, микробиологийн Гандан, эрүүл ахуйн Долгор, клиникийн Лянхуа гээд олон сайхан багшаас суралцжээ. Харин генетикийн лабораторийн хичээлийг И.Пүрэвдорж гэдэг шавилхан биетэй, шар залуу ирж заасан нь АУДС-аас хамгийн анх таньдаг болсон одоогийн И.Пүүжээ багш юм. Пүүжээ багшийн биеийн галбир төрх, хөдөлгөөн, инээд, дуу хоолой, хошин зан чанар нь 1981 онд байсан хэвээр байгаад талархалтай байдаг юм. Суралцах хугацаанд анатомийн Д.Амгаланбаатар, гадаад хэлний Даньхүрэл, физикийн Гомбожав багш нар дотно сайхан сэтгэгдэл үлдээжээ. Мэдрэлийн Цагаанхүү багш хичээл дээр лаборант нь 2-3 үзүүлэн өлгөхөд багш араас нь ганцхан заагч мод барьж орж ирээд хичээлээ явуулахад мэргэжлээ ингэж бүрэн дүүрэн мэддэг болох юмсан гэсэн хүсэл төрдөг байж билээ. Анхдагчдын нэг Б.Рагчаа багшийн хичээл хэзээ ч мартагдахааргүй байдаг. Багш ганцхан өвчний түүхийн паспортын хэсэгт бичигдсэн овгийн талаар хоёр өдөр зааж байлаа. Тэрбээр тийм ч шулуухан биш хуруугаараа тогшилт хийж бүх дууг ялгаатай сонсгож чаддаг байлаа. А.Гүрбадам багшийг хаанахын ямар ч оюутан, төгсөгч нарын талаар нэвтэрхий толь мэт мэдэж байгааг нь гайхаад байдаг юм. Нэг сонирхолтой дурсамж хэлэхэд дотрын Г.Энхдолгор, мэс заслын С.Нэргүй багш нар шалгалт өгч дууссаны дараа баяр хүргэе гээд гар барьж байсан нь надад их том урам өгсөн дөө. Энэ уламжлалт аргыг би хааяа хэрэглэдэг юм” хэмээн дурссан.Түүний хувьд анагаахын эмнэл зүйн багшийн үндсэн үүргийг нэгдүгээрт, сайн хүн, хоёрдугаарт, сайн эмч, гуравдугаарт, сайн судлаач, дөрөвдүгээрт, сайн багш байх ёстой гэж ойлгодог хэмээгээд эдгээрийн алийг нь ч орхигдуулах эсвэл нэгийг нь хэт дөвийлгөх бус бүгдийг эн тэнцүүхэн эзэмших нь чухал. Эмч муу бол нэг хүн алдаг. Багш муу бол нэг үеийг алдаг гэсэн үг гашуун ч гэлээ  үнэн. Муу багш болохгүйн тулд дээрх зүйлүүдэд эн тэгш суралцах ёстой гэлээ.

Яамны мэргэжилтэн байхаас татгалзаж багшийн хөдөлмөрт  үнэнч үлджээ

С.Сээсрэгдорж гэр бүлийн хамт.

Нийтлэлийн баатрын маань  ажил хөдөлмөрийн гарааны гурав дахь томилолт нь  АУИС-ийг  төгссөн үе юм. Багшлах хүчний нөөц дутмаг байсантай холбогдуулан  Н.Төмөрбаатар багш нь өөрийн хашиж байсан алба болон нэр хүндээ ашиглаж, анхны төгсөгч нараасаа багш болгохоор сургуулийн удирдлагуудтай тохирсон тухайгаа шавь нартаа мэдэгдэж, санал хүсэлтийг сонсож байв. Төгсөгчдийн хуваарийг  дуудаж эхлэхэд сонсоод байтал түүний  нэр гарсангүй. Бүх аймгийн томилгоог зарлаж  дуустал “Сүрэнжидийн Сээсрэгдорж ЭМЯ-ны боловсон хүчний мэдэлд” гэх сонсогдов. Одоогоор бол ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалтай дүйцэхүүц алба хашиж байсан н.Оргил даргын өрөөнд ортол яамны уламжлалт анагаах ухааны мэргэжилтнээр ажиллах болсныг дуулгав. Тэр  албыг хаших боломжгүй гэсэн бодол төрсөн тул татгалзлаа. Учир нь эрдэм сургасан ачит багш нарын нэг  Д.Батчулуунаасаа  ажлыг нь авах, хоёрдугаарт,  яаманд ажиллахад өөрөө нэг л жижигдмээр, гуравдугаарт, эмч болох гэж ирсэн болохоос мэргэжилтэн, зөвлөх болох гэсэн биш гэж бодогджээ. Ингээд өөрийн байр суурийг хэлтэл “Гурав  хоног бодоод ир”  гэсэн үүрэг өгөв. Өөрийн гаргасан шийдвэртээ үнэнч хэвээр буцаж очтол удирдах албаныхан түүнийг  салбарын сайд дээр дагуулж оржээ. Тэнд олон  зүйлийг асууж, удирдлагуудын зүгээс  бага зэрэг шаардах өнгө аястай ярьж үзээд эцэст нь “Болохгүй гээд байгаа хүнийг бид  яах билээ. Тэр сургууль руу нь буцаагаад  явуул”  гээд гаргажээ. Тэрбээр анх багш болохдоо мэргэжил нэгт Д.Цэрэндагва, О.Батгэрэл, Г.Цэнд-Аюуш нарын хамт нэгэн зуныг ямар ч амралтгүй өнгөрүүлжээ. Хичээлийн сэдэвчилсэн төлөвлөгөөний дагуу конспектоо бэлдэхэд их цаг зарсан. Мөн бааз эмнэлэг дээрээ очиж дадлага хийнэ. Бааз эмнэлэг дээр ажиллаж байхдаа эмч нартайгаа нэг хамт олон болж сургууль, эмнэлэг үйл ажиллагааны хувьд нэгдмэл хамтаараа хөгжиж эхэлсэн мартагдахгүй хэзээ ч загвар болгож хэрэглэх таатай сайхан үе байсан юм. Ийм бэлтгэлтэйгээр хичээлийн шинэ жил эхэлж Н.Төмөрбаатар тэргүүтэй багш нарынхаа заавар зөвлөгөөгөөр 21:00 цагаас өмнө харих эрхгүй юм шиг ажиллана. Ямар сайндаа ажлаа тарж гэртээ ирээд юм   уншиж, тэмдэглээд суухад гэргий нь “Чи чинь ажил дээрээ юм хийдэггүй юм уу” гэж асууж байх вэ дээ. Энэ он цагийг тэрбээр залуу нас, хийж бүтээх гэсэн хүсэл эрмэлзэл хоёртоо хөтлөгдөн угтаж  үджээ. Өдгөө тэдний  том хүү нь  гэргийн хамт эмч мэргэжил эзэмшин эрүүл мэндийн салбарт ажиллаж байна. Дунд хүү С.Лхагвадорж нь банк, санхүүгийн мэргэжил эзэмшсэн бол охин С.Авидмаа нь  шим судлал мэргэжлээр гадаадад сурч байна. 

“Чулууны хаан”-аас гаргасан  хоёр бүтээгдэхүүн нь өндөр үнэлэгдэж байна 

Ковидын талаар зурагтын ярилцлагад оров.

Мэдээж сурвалж бичгүүдтэй холбоогүй уламжлалт анагаах ухааны ямар ч салбар  байх боломжгүй. Энэ тухай ярьж өгөхийг хүсэхэд тэрбээр “Бид эхлээд  зааж байгаа хичээлээ баяжуулах зорилгоор тухайн сэдэвтэй холбоотой хэсгийг уншиж мэдээллээ авдаг байж. Энэ нь лавширсаар улам гүнзгийрч  Аюурвед, Төвөд, Монгол мэргэдийн  олон ном бүтээл байдгийг мэдэрч эхэлсэн хэрэг. Тэгээд судалгааны шинж чанартай болж “Анагаах ухааны дөрвөн үндэс” гэдэг сурвалжийн эхний “Язгуур үндэс”-тэй холбоотой сэдвээр  боловсролын докторын зэрэг хамгаалсан. Энэ судар уул нь зургаан хуудас юм. Гэвч  дунд нь будилж, төөрч, мунгинаж явж  энэ талын эрдэм чадалтай Б.Болдсайхан, Н.Төмөрбаатар багш нарынхаа жолоодлогоор эвлүүлэн базаж, нарийн ойлголт  авч хамгаалсан. Энэ нь “Нэг үгнээс мянган утга цацарна” гэдэг шиг  уламжлалт анагаах ухаан алгоритм томъёоллоор  бичигдсэн цогц нэгдмэл мөн чанартайг харуулж байгаа хэрэг. Хамгаалсан энэ сэдэв нь уламжлалт анагаах ухаанд суралцахын оньсон түлхүүр болох арга зүй байсанд нь баярлаж явдаг аж. Сурвалж судлалын чиглэлээр  шавь нартайгаа болон өөрөө бичснээ нэг багц болгоод 14 номоо өнгөрсөн жил хэвлүүлж нийтийн хүртээл болгосондоо сэтгэл хөгжүүн байгаа” хэмээн өгүүлэв. Энэ эрэл хайгуулын дунд тэрбээр орчин үед ихээхэн асуудал болж байгаа ясны сийрэгжилт, ясны хугарал, ясны идээт үрэвсэл болон ходоодны сөөргөөт үрэвслийн чиглэлээр эрдэм чадлын хувьд “Чулууны хаан” гэж үздэг эмийн жоншинд суурилсан шинэ жоруудыг үүсгэж 10 гаруй жил судлан нотолж баталгаажуулан 2014 онд хэрэглээнд нэвтрүүлжээ. Ясны сийрэгжилт, ясны хугарал бэртлийн үед хам байдлаар хэрэглэдэг “Остеокальци-5 бүтээгдэхүүн нь  гадаадын ижил төстэй бүтээгдэхүүнүүдээс үндсэн үзүүлэлтүүдээрээ давуу байгаа төдийгүй тэдгээрийг хэрэглэхэд үүсдэг зарим сөрөг үр дагавар илрээгүй болох нь сорил туршилтын болон эмнэл зүйн судалгаагаар батлагджээ. Мөн үүнтэй адил нотолгоожсон ходоодны сөөргөө, шарх, олон янзын архаг өвчний үед цогц нэгдмэл үйлдэл үзүүлэх “Антацид кальци-6” бүтээгдэхүүн нь өргөн хэрэглэгдэж байна.

Нийтлэлийнхээ төгсгөлд  “Уламжлалт анагаах ухаан хүний бүх асуудалд цогцоор хандаж ерөнхий болон ялгавартай шүтэн барилдлагад нь авч үздэг нь их ээдрээтэй оньсон тоглоомыг эвлүүлэх мэт. Энэ арга зүйд бид суралцаж эзэмших ёстой юм. Монгол анагаах ухаан бол бидний өв их соёл, олон зуун жилээр батлагдаж нотлогдсон өвчнөөс сэргийлэх, эдгэрүүлэх анагаах урлаг. Цаашдын хөгжлийн гарц, нөөц, нууц увдис, мэдлэгт суурилсан эдийн засгийг хөгжүүлэх Монгол брэнд юм шүү” хэмээн хэлсэн эрхэм докторын үгийг онцолъё. Мөн Монгол Улсад минь “Нүүдэлчдийн соёлын их сургууль байгуулагдаасай. Хэрэв байгуулагдвал гар бие оролцох юмсан” гэсэн түүний мөрөөдөл биелэхийг ерөөе. Нүүдэлчдийн уламжлалт өв соёл, язгуур ухаан нь  ухаж судлах аваас ямагт  сайн сайханд хүргэх гэгээн зам байдаг билээ.

Ээлжит үзлэг хийж байгаа нь.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ТАВДУГААР САРЫН 9. ДАВАА ГАРАГ. № 92 (6824)