Б.ДОЛЖИНЖАВ

 

Дэлхийд нэрээ дуурсгасан алдартнууд, олны танил урлагийнхан л зөвхөн хэвлэл мэдээллийн “гол дүр” байсан цаг саяхан. Гэвч цаг үе, нийгэм, хүмүүсийн сэтгэлгээ, амьдралын хэв маяг өөрчлөгдөхийн хэрээр уншигч, үзэгчидтэйгээ уулзуулдаг зочдын сонголт ч илүүтэй өргөжин тэлжээ. Амьдралын арвин намтартай, хийж бүтээсэн зүйл нь чамгүй их хөдөлмөр шингэсэн тун чиг шинэлэг ч бусдын хараанд тэр бүр өртдөггүй, чимээгүйхэн хөдөлмөрлөдөг эгэл хүмүүсийг гаргаж ирэхийг сэтгүүлчид зорьдог болсныг эрхэм уншигч та хэдийнэ анзаарсан болов уу. Сэтгүүл зүйн салбарын энэ нэгэн ололтыг дагадаг “Зууны мэдээ” сонин “Амьдралын тойрог “буландаа Завхан аймгийн Отгон сумын малчин, яруу найрагч Жигжидийн Аюурзаныг онцоллоо.

 

Цас түүний дэвтэр, шилбүүр үзэг нь байв

 

Зүүн хязгаарт төрсөн нэгний баруун хязгаарыг анх удаа зорих аяны зам. Цонхон талын суудал. Сүрлэг өндөр уулс, гол мөрөн, өвөрмөц бүтэцтэй хад цохио. Нартай, дулаахан хаврын өдөр хотоос гарсан биднийг цас шуурсан, хүйтэн өвөл угтлаа. Тэгснээ нэг толгод даваа бүртийх үүлгүй цэлмэг тэнгэр налайж, өөр нэг гүвээ даваад өтгөн бараан үүлс “гараараа даллана”. Хэсэг яваад дахиад л нүүр нүдгүй цас шуурна. НҮБ-ын төрөлжсөн байгууллагынхантай хамт Завхан аймгийн Улиастай хотод болсон малчдын зөвлөгөөнийг сурвалжлахаар яваа минь энэ. Зөвлөгөөнд зориулан дэлгэсэн малчдын гарааны бизнесийн шинэлэг бүтээлүүдтэй танилцаж явах үеэр “Цастын цагаан гэгээ” хэмээх ном нүдэнд туслаа. Хавтсыг нээж үзвээс “Жигжидийн Аюурзана. Завхан аймгийн Отгон сумын Дааган дэл хэмээх газар 1962 онд төрсөн. Бага наснаасаа эхлэн мал маллахын зэрэгцээ шүлэг найрагт дурлан сонирхож, өдгөө хүртэл шүлгээ бичсээр байна. Завхан аймгийн Утга зохиолын нэгдлийн гишүүн. Шүлгийн анхны түүврээ “Цастын цагаан гэгээ” нэртэйгээр та бүхэндээ өргөн барьж байна” хэмээн эхний хуудаснаа бичжээ. Томилолтоор баруун хязгаарыг зорьж ирсэн сэтгүүлч хүний хувьд малчин, яруу найрагч гэсэн “цол”-той эгэл эмэгтэйн тухай хөрөг бичихээр эрс шийдэн ном зарж буй эмэгтэйгээс холбогдох дугаар аван нийтлэлийн баатартайгаа уулзсан юм.

Сургуульд огт сураагүй атлаа биеэ даан бичиг үсэг сурж, улмаар шүлэг тэрлэсэн яруу найрагч тун цөөн. Ж.Аюурзана хэмээх энэ эмэгтэй ээж аавдаа тусалж мал маллахын тулд найман настайдаа сургуулиасаа гарчээ. Гэсэн хэдий ч бусдын сурсаныг би сурч чадна хэмээх оргилуун хүслээр бичиг үсгийг бие даан сурахаар шийдэв. Ийн зун нь аавынхаа өгсөн тал дэвтэр дээр үсгээ бичиж, өвөл нь цасан дээр шилбүүрээрээ бичсээр нэг мэдэхэд тэр өдрийн тэмдэглэл бичих, ном унших хэмжээнд хүртлээ дэвшсэн байлаа.

Тэрбээр “Оргил” нэгдлийн 450-500 хонийг төллүүлдэг байсан учир өглөө үүр цайхтай уралдан босч, орой нар шингэхээр малаа хотлуулаад амарна. Мал төллөх үеэр хоол идэх зав ч олдохгүй. Дүү нар нь сургуульд сурсан хүн хүч муутай үед  олон мал төллүүлэх түүнд тийм амар байсангүй. Гэвч тэр малдаа усны сайхныг уулгаж, өвсний сайхныг идүүлж хариулсан агаад “Эрүүл, саруул яваагаа малын  минь халуун буян гэж боддог” хэмээн сэтгэл тэнэгэр, инээмсэглэн итгэл дүүрэн хэлж байна. Энэ л завгүй өдрүүдэд тэрбээр бичиг, үсэг сурах “хоосон зай”-г эрэлхийлэн тэмүүлсээр 14 насандаа бичиг үсэг бүрэн тайлагджээ. Үүнээсээ хойш өдрийн тэмдэглэл бичиж, шүлэг тэрлэж эхлэв. Түүний туулсан энэ замнал хичээл зүтгэл, хүсэл тэмүүлэл байхад хүн юунд ч хүрч болдгийг баталж байна. Тэр үсгээ бичих дэвтэр, харандаа байхгүй гэж гомдоллож, үүрийн гэгээнээс үдшийн бүрий хүртэл мал дагаж явж байгаа надад бичиг сурах цаг хэзээ ч олдохгүй гэж хойшоо суусангүй.

 

Шүлэгтэй ханьсаж өнгөрүүлсэн өдрүүд

 

Хонины бэлчээрт явахад, уулс руу  хараа бэлчээн араг үүрэн аргал түүж явахад эсвэл шөнө нойр хулжаад, унтаж чадахгүй хэвтэж байхад нь шүлгийн  мөртүүдийг хэн нэгэн Ж.Аюурзанын чихэнд шивнэдэг гэлтэй. Яг ийм үед тэр үзэг, цаасаа гаргаж ирэн санаанд нь орж ирсэн мөртүүдээ бичдэг. Дараа нь түүнийгээ нэмж, засварласаар түүний шүлгүүд бүтэн болдог аж.

Энэ тухай тэрбээр “Шүлэг, найргийг уул усны өгөгдөл, өсгөсөн түмэн цагаан хонины буян гэж боддог. Наймдугаар сар гартал  уулын хяр цармыг дагуулаад хонь хариулах жигтэйхэн сайхан. Өнгийн цэцэгс харж, ус нь шуугихыг сонсож өссөн нь надад шүлэг найраг бичих сэдлийг өгсөн гэж боддог. Аргал түүж явсан ч хоёр мөрт ороод ирвэл гялс хариад дэвтэр дээрээ буулгана” хэмээв.

Яруу найргийн өгөгдлийг төрмөл, унаган авьяас гэж боддог түүний аавын нагац нь Ардын жүжигчин Ж.Лувсанжамц юм байна. Тиймээс энэ том,  алдартай хүний удмын хэлхээг нэр төртэй үргэлжлүүлэх юмсан гэсэн гэгээн хүслийг үргэлж зүрхэндээ тээж ирсэн Ж.Аюурзана анхны шүлгийн номоо гаргаж мөрөөдлөө биелүүлсэн юм. Түүний дүү нар ч богино мөртүүд тэрлэдэг нь яахын аргагүй удмын авьяас гэлтэй.

Бичиг үсэг тайлагдаж эхэлсэн цагаасаа уран зохиолын номуудыг шимтэн уншиж “Яаж ийм сайхан зохиол бичдэг юм бэ. Ийм уран яруу үгс хэрхэн хүнээс ундардаг юм бол” хэмээн гайхан биширч өсчээ. Монгол Улсын Ардын уран зохиолч, Соёлын гавъяат зүтгэлтэн, Төрийн соёрхолт Пунцагийн Бадарч, Төрийн шагналт, Ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдорж нар бол Ж.Аюурзанын шүтээнүүд. Эдгээрээс түүний уран зохиол, яруу найргийн талаарх мэдлэг, оюун ямар гүн гэдэг нь ойлгомжтой буй. Тэр хонинд явахдаа ч номоо авч яваад бэлчээрт уншдаг байжээ.

 

“Дунд замынхан”-ы яруу найрагчдын түүчээн үргэлжлэл

 

Завханыхан Отгон сумыхныг “Дунд замынхан” хэмээн нэрлэдэг юм билээ.  Говь, хангайн хоорондох  энэ л нутагт МЗЭ-ийн шагналт, МУСГЗ яруу найрагч Л.Гаваасүрэн, МУСГЗ зохиолч, сэтгүүлч Д.Цэнд-Аюуш, МЗЭ-ийн “Утга зохиолын төлөө” шагналт яруу найрагч, шог зохиолч Л.Банзрагч, МЗЭ-ийн гишүүн яруу найрагч Н.Агваан, Р.Ишцог нарын зохиолчид төржээ. Тэдний түүчээ нь Жигжидийн Аюурзана гэдгийг МЗЭ-ийн шагналт, яруу найрагч, МУСТА Товуугийн Доржсүрэн итгэл дүүрэн хэлж байна. Тэрбээр “Ж.Аюурзанын шүлгүүдийг уншиж байхад нутгаасаа холдоогүй, нутгийн цэнхэр уулс, бор толгод дундаа мал маллан амьдарсан энэ бүсгүйн зүрх сэтгэлийн гэгээн уянга, харуусал, хайр сэтгэл анхны номонд дүүрэн багтсаныг хэлэх нь зүйтэй” гэсэн юм.

Харин МЗЭ-ийн гишүүн Б.Туяацэцэг “Ж.Аюурзана мөнх хөх тэнгэрийн таалалд Цастын цагаан гэгээн дор эрдэнэт мал сүргээ маллан борви бохисхийх чөлөөгүй ажиллаж хөдөлмөрлөхийн зэрэгцээ шүлгээ бичиж өвлийн урт шөнө, намрын налгар өдөр, зуны дэлгэр цаг, хаврын халаа бүлээнд шүлэгтэйгээ ханьсаж өдгөө хүрсэн. Амьдралын алаг эрээн, алдаа оноо, хайр харуусал, гомдол тунирхал, жаргал зовлон бүгд түүний бүтээлд бий” гэж ярилаа. “Цастын цагаан гэгээ” анхны номоо өлгийдөн авахдаа Ж.Аюурзана цэргээс хүү нь ирэх  гэж байгаа ээж мэт ихэд догдолсон юм билээ.

 

Өдрийн тэмдэглэл түүний хань байлаа

 

 “Хань ижилгүй, ярих хүнгүй болохоор аргал түүж ирээд дэвтрээ бариад суучихдаг. Тэгэхээр хүнтэй ярилцсан мэт сэтгэл амардаг. Өдрийн тэмдэглэлгүйгээр байж чаддаггүй” хэмээн ярих бидний нийтлэлийн эзэнд шүлгийн 10-аад өдрийн тэмдэглэлийн 100 гаруй дэвтэр бий. Өглөө боссон цагаас эхлээд унтах хүртлээ юу хийсэн, цаг агаарын байдал ямар байсан зэргийг бичдэг гэхээр түүний амьдралын түүх өдрийн тэмдэглэлд нь бүрэн эхээрээ бий.

Өрх толгойлсон малчны энэ их ажлын хажуугаар яаж шүлэг, өдрийн тэмдэглэлээ бичдэг вэ хэмээн асуувал “Өөрөө өөртөө чөлөө гаргаж, өөрийгөө дайчилж шүлэг, тэмдэглэлээ бичдэг. Үүний үр дүнд зохиолч болж ном хэвлүүлэх гэгээн алсын мөрөөдөл минь өнгөрсөн жил биеллээ. УИХ-ын гишүүн Б.Баярсайхан, Завхан аймгийн удирдлагуудаас хоёр дахь номоо хэвлүүлэхэд туслахыг “Зууны мэдээ” сониноор дамжуулан уламжилж байна. Эдийн засгийн боломж хүрвэл хоёр дахь номоо“Чиний минь эзгүй хорвоо” нэртэй гаргах чин хүсэл байна” гэж ярилаа.

Түүний анхны ном хайрын тухай, тэр тусмаа чин үнэнч, хэзээ ч мартагддаггүй дурлалын тухай шүлгээр дүүрэн юм билээ. Тиймээс хайрын тухай асууваас “Хүүхэд насны унаган хайр хэзээ ч мартагддаггүй. Нэг л хүнд тэр унаган хайраа өгсөн бол эргүүлээд авч болдоггүй юм билээ. Өөр хүнийг хайрлах орон зай үлдээгүй. Яаж ганцаараа хорвоог туулна даа гэж бодож явсан өдөр олон бий. Ганцаараа амьдарна гээд өөртөө амлачихсан учир сэтгэлийн тэнхээгээр бүхнийг даван туулсан. Амьдрал хайран дээр тогтдог. Хөрөнгө мөнгө чухал биш” гэж хариулсан юм.

 

“Хүмүүжил та нарын толь шүү”

 

Ж.Аюурзана эхээс наймуулаа. Айлын хоёр дахь хүүхэд. Аав Жигжид нь Отгон сумын “Алаг”-ийн уулсаар олон жил нутагласан агаад тэнд “Жигжидийн өвөлжөө”-г нутгийнхан нь андахгүй болжээ. Жигжидийг нутгийн зон олон нь тулхтай, төлөв томоотой сайхан буурай байсан хэмээн дурсан сууна. Харин ээж Дамиран  нь ажилч, хичээнгүй,  бүсгүй байжээ. Ийм сайхан буянтай буурлуудынн гэрээс яруу найрагч төржээ.

Ж.Аюурзана аав ээжийгээ өөд болсноос хойш 2000 оноос өрх толгойлон мал маллаж байна.  Завхан аймгийн хамгийн хүйтэн цэг нь Тосонцэнгэл, Отгон гэдэг. Отгон суманд өвөл -47, -53 хэм хүрдэг. Хонины нэхий дээл, үнэгэн малгайтай явахад даардаг тийм л хүйтэн өдрүүдэд тэр гурван хүүхдээ сайхан амьдралд хүргэхийн төлөө, мал сүргээ эсэн мэнд онд оруулахын төлөө зүтгэж ирсэн юм.

Энэ тухай тэрбээр “Олон жил мал маллахдаа байгалийн гамшигт үзэгдлээс болж малаа алдсан үе олон бий. Тухайлбал,  1999, 2010 оны зуд их хүнд байсан. Ер нь малаа үхэхэд дагаад л уйлчихдаг. Үхчихээд байхад нь хаяад явж чаддаггүй. Даахгүйгээ үүрээд, даахыгаа өргөж босгоод хотондоо авчирдаг. Мал малчин хоёр хүйн холбоотой учир малаа гэсэн сэтгэлээр амьдарч байна” гэж хуучиллаа. Түүний энэ л яриа гэр бүлийн  гишүүн мэт хайрлаж, энэрч, бөөцийлж өсгөсөн сүргээ нэг шуурганд алдах ямар хэцүү байдгийг мэдрүүлэх шиг. Эхээс төрсөн цагаас нь эхлэн тонгочин тоглодог өхөөрдөм үед нь хамт байсан малаа цасанд дарагдаад хэдийнээ амьсгал хураасан байхыг харахад нулимс урсахгүй байхын аргагүй аж. Ийм л хатуу өдрүүдэд малчид дотны нэгнээ алдсан мэт шаналалд автаж, тэдний сэтгэл нэг хэсэгтээ гунигаар дүүрдэг биз ээ. Гэхдээ байгалийн ийм үзэгдлээс сэргийлэхийн тулд хонийг тогтвортой сайн хариулж, хүйтэн улиралд нөмөр газар бэлчээнэ. Өвөл хонио бэлчихээр  өтөг бууцыг нь малтаад овоолно. Орой хотлохоос өмнө өтгийг нь тараагаад бүлээн өтгөн дээр хэвтүүлдэг аав, ээжийнх нь туршлага Ж.Аюурзанад бий.

Малчны амьдрал хатуу, бэрх олон давааг гэтэлдэг ч түүний хоёр охин малчин болж өвөө, эмээгийнхээ удмыг үргэлжлүүлж байна.  Охид нь тав, таван хүүхэдтэй. Харин ганц хүү нь эсгийний үйлдвэрт ажилладаг. Хоёр ач, арван зээгийн эмээ болсон Ж.Аюурзана  хүүхдүүдээ хүн чанартай байхыг сургадаг. Хүүхэд эрүүл энх байх хамгийн том аз жаргал гэж боддог  тэрбээр “Хүн мэргэжилгүй байж болно. Хүмүүжил харин та нарын толь шүү”  хэмээн үрсдээ захидаг аж.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ТАВДУГААР САРЫН 2. ДАВАА ГАРАГ. № 87 (6819)