П.АМГАЛАНБАЯР
Танхимд “Дэндүү үнэнч чи минь”, “Эрлийн үзүүрт”, “Бэрсийн нүүдэл” нэртэй самбар сэтгүүлчдийн гэрэл зургийн хамт байрлана. Дөрөв дэх засаглал гэх хэвлэл мэдээллийн салбарт “Оюунлаг ирээдүйн төлөө” гэсэн уриан дор дуу хоолой, үзэл бодлоо нийгэмд түүчээлэн буй Эргэлт.мн мэдээллийн сайт сэтгүүлч, уран бүтээлчдийнхээ түүвэр бүтээлүүдийг эмхэтгэн “Эргэлтийн номын сан“ цуврал 10 ном бүтээж, уран бүтээлийн нээлтээ хийлээ. Номын нээлтэд сэтгүүл зүйн салбарын үзэг нэгт нөхдүүд, тус мэдээллийн сайтын сэтгүүлчдийг сэтгүүл зүй хэмээх том айлын босгыг давах гүүр болсон багш нар, эрдэмтэд, ойр дотны хүмүүс нь уригдан ирж баярыг хуваалцлаа. Эргэлтийн номын сан цуврал нь тус сайтыг үүсгэн байгуулагч Э.Хүрэлбаатарын “Эрлийн үзүүрт”, ерөнхий редактор Б.Энхмартын “Дэндүү үнэнч минь”, сэтгүүлч Б.Бадралмаагийн “Бэрсийн нүүдэл”, Д.Чанцалдуламын “Харгуй”, Б.Цогтбаярын “Цагийн төрх”, Б.Гүнжидийн “Гэгээ түүсэн хавар”, Д.Бямбасүрэнгийн “Сул өвс ганхсан намар”, А.Азсайханы “Хязгааргүй”, гэрэл зурагчин Б.Бат-эрдэнэ, Т.Баярсайхан, Б.Намсрай, Э.Дашням нарын “Ертөнц”, Эргэлт.мн мэдээллийн сайтад ажиллаж байсан үе үеийн сэтгүүлч, уран бүтээлчдийн “Бид-Тэд” гэсэн 10 номоос бүрджээ.
Номын нээлтийг эхлүүлж Эргэлт.мн мэдээллийн сайтыг үүсгэн байгуулагч Э.Хүрэлбаатар, Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт сэтгүүлч Х.Цэвлээ, МЗЭ-ийн нэрэмжит шагналт орчуулагч, зохиолч, профессор.Н.Пүрэвдагва нар сэтгэгдлээ хуваалцав.
Э.ХҮРЭЛБААТАР: МЭДРЭМЖТЭЙ, МЭДЛЭГТЭЙ, ГАРЦ ГАРГАЛГААТАЙ БИЧДЭГ СЭТГҮҮЛЧДИЙГ БЭЛТГЭХ НЬ ЭРХЛЭГЧИЙН ҮҮРЭГ
-Манай сайт байгуулагдаад хоёр жил өнгөрч байна. Энэ бол сэтгүүл зүйн салбарынханд богино хугацаа юм. Гэхдээ бидний дундаас мэргэжлийн сэтгүүл зүйн салбарт цахиур хагалах түүчээ сэтгүүлчид төрнө гэдэгт итгэлтэй байна. Тиймээс сэтгүүлч, уран бүтээлч, гэрэл зурагчдынхаа оны шилдэг бүтээлүүдийг эмхэтгэн, уншигчдад уншууртай бүтээл, оюутнуудад мэргэжлийн сэтгүүл зүйн гарын авлага, орчин цагийн мэдээллийн сайтын сэтгүүлчдэд эрэл хайгуул сайн материал хэрхэн чанаржиж байгааг харуулах зорилгоор Эргэлтийн номын сан цувралыг эхлүүлж байна. Энэ нь манай редакцийн хувьд бүтээл бүр нь хадаас байх зорилгын эхлэл. Мөн уншигч, үзэгчдийн сэтгэлийг татахаар даацтай ярилцлага, сурвалжилга, аян замын тэмдэглэл нүдний гэм болж цөөрч байгаад харамсаж байна. Тиймээс мэдрэмжтэй, мэдлэгтэй оновчтой зүйрлэл, гарц гаргалгаатай бичдэг сэтгүүлчдийг бэлтгэн гаргах нь редакц удирдаж байгаа эрхлэгчийн үүрэг хариуцлага гэдгийг хэлмээр байна.
Х.ЦЭВЛЭЭ: СЭТГҮҮЛЧ БАЙХЫН ТУЛД ЭРСДЭЛТЭЙ НҮҮР ТУЛЖ, ДАВЖ ГАРДАГ БАЙГААРАЙ
-20 насанд мэдрэмж, 30 насанд авьяас, 40 насанд ухаан давамгайлдаг гэсэн үг бий. Миний шавь нарын авьяас нь цэцэглэж байгаа үе. Тиймээс үүнээс цааш улам хичээх байх гэж бодож байна. Үнэн үг хэлсэн хүнд хүн өстэй байдаг. Тиймээс сэтгүүлчиддээ хандаж хэлэхэд үнэний төлөө тэмцдэг хүмүүс эрсдэлээс айвал сэтгүүлч биш болно. Сэтгүүлч байхын тулд эрсдэлтэй нүүр тулж, давж гардаг байгаарай.
Н.ПҮРЭВДАГВА: НИЙГЭМД ӨРНӨЖ БАЙГАА ҮЙЛ ЯВДЛЫГ АЛГААРАА ТЭМТРЭХ БОЛОМЖ ОЛГОСОН НЬ БОТЬ НОМЫН ГАВЬЯА
-Эргэлт.мн мэдээллийн сайтын хамт олны эрлийн гараа нь нүд дүүргэн цэлийх тал нутаг, тэнгэр тулан дүнхийх уулс, тал дүүргэн налайх мал сүрэг, мянга мянган жилийг дамнах нүүдлийн соёл иргэншлээ манасан эцэг өвгөд байгааг хараад баярлан огших сэтгэл төрж байна. Бид ингэж л даяаршин ижилсэж байгаа цаг үед өөрсдийн өнгө төрхөө хадгалан ондоошиж амьдарна шүү дээ. Сураг нь тасрах шахсан тахь хэмээх адуугаа уугуул нутагтаа авч ирэн өсгөж үржүүлж байгаа, цагийн хатуу шуналын сэтгэлд ширвэгдэн мөхлийн ирмэгт тулж байгаа нулимстай бөхөнгийн тухай бичиж байгаа нь бахархууштай.
Тасралтгүй урсах мэдээллийн их урсгалд хүмүүн бид барагтайд цочихоо байж, цаг хугацаанд бурууг үүрүүлэн мартахыг илүүд үзэх болоод байгаа нь үнэн. Зарим улс төрчид, улстөрийн хүчин аргацаан мартуулахыг хүсэж байгаа. Аймшигтай хэрэг явдал, албан тушаалаа ашиглан түмний хөрөнгийг зувчуулсан эдийн засгийн гэмт хэргийг шуугиад өнгөрөх биш номонд гаргаснаар олон түмэн алгандаа барьж, тэмтрэх боломж олгосон нь энэ хэдэн ботийн гол гавьяа болжээ. Тиймээс энэ хамт олны эрэн сурвалжилж эргэцүүлэн дүгнэсэн бичвэр чухам л үнэн баримт аж. Сэтгүүлчийн микрофон, зураглаачийн камер хараад ухаантай царайлан учиргүй яриасаг болдог улстөрчдийн яриаг номонд буулган хэвлэснээр долоо хэмжиж нэг огтолдог мэргэн түмэндээ дараа дараагийн сонголт хийхэд их нэмэр болно байх. Баримтаа бүрэн олтол, баатараа зөвшөөртөл, гол үгээ сэхээртэл нийтлэл сурвалжилгаа дэлгэхгүй байх гэдэг хандлага энэ хамт олны өнгө төрх бололтой. Гэхдээ бас эхэлснээ гүйцээхийн тулд шаргуу тэмцэж зүтгэнэ гэдэг энэ хамт олны өөр нэг зарчим аж. Бас улсын Ерөнхийлөгчөөс эхлээд Ерөнхий сайдаар өртөөлсөн улс төрийн томчуудын хуудуутай шийдвэр, хууль бус томилгоог зүгээр өнгөрүүлэхгүй, баримтын сэжүүр атгавал учрыг нь олтлоо, үнэнийг хэлүүлтлээ санаа нь дэндсэн улстөрчдийн эрлэг байхыг энэ редакцийн сэтгүүлчид эрхэм зорилгоо болгодог болгож ажиллаж буй нь бахархууштай байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2022 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 22. БААСАН ГАРАГ. № 81 (6813)