Б.БЯМБАЖАРГАЛ

Хэрэглэгчийн эрхийг хамгаалах өдрийн тохиолдуулан Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн үндэсний холбооноос мэдээлэл хийлээ. Энэ үеэр хуванцар савыг дахин боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагааг танилцуулж өрхийн хүлэмжийн аж ахуйг төрөөс дэмжих шаардлагатай байгаа талаар мэдээлэв. Тодруулбал, ХЭХҮНХ-ны ерөнхийлөгч Ц.Оюунбаатар “Сүүлийн жилүүдэд хуванцар савыг дахин боловсруулах үйлдвэр байгуулахад эрчимтэй ажиллаж өнгөрсөн оноос үйлдвэр үүд хаалгаа нээсэн. Энэ хуванцар сав дахин боловсруулах үйлдвэр нь олон улсын стандартад нийцсэн Итали улсын технологийн дагуу баригдсан. Жилд 5-20 мянган тонн хаягдал хуванцарыг дахин боловсруулах боломжтой. Тэгэхээр ус, ундаа, хүнсний болон бусад зориулалттай бүх хуванцар савыг боловсруулна. Ингэснээр байгаль орчинд сөрөг нөлөөтэй хог хаягдлын тоо багасна. Хуванцар савыг иргэдээс цуглуулах ажилд орон нутаг, нийслэлийн есөн дүүрэгтэй хамтран ажиллаж байгаа. Иргэд нэг кг хуванцар савыг 500 төгрөгөөр “TML” үйлдвэрт тушаах боломжтой. Хуванцар савны хог хаягдлын байгаль, экологид нөлөөлөх сөрөг нөлөөллийг хүн бүр мэднэ. Түүнчлэн хүлэмжийн аж ахуйг хөгжүүлж хүнсний ногооны аюулгүй байдалд анхаарч ажиллана. ЖДҮ, Хөгжлийн банкны эзнээ олоогүй олон чанаргүй зээл бий. Тэгвэл иргэдийн эрүүл мэнд, улс орны хүнсний аюулгүй байдалтай холбоотой асуудалд төрөөс анхаарал хандуулж өгөхийг хүсэж байна” гэв.

Эх сурвалж: www.polit.mn