Д.ЦЭРЭННАДМИД

 

Говь руу томилолтоор яваад Өмнөговь аймгийн Ханбогд суманд очлоо. Явсан хүн олзтой байдаг болохоор тэнд Галбын говийн чимэг болсон ганган улаан тэмээний баяртай таарав. Монгол Улс өнгөрсөн оны жилийн эцсийн тооллогоор 455 мянган тэмээ тоолуулсаны 35 хувь буюу 163 мянга нь Өмнөговийнх. Тэр олон тэмээний 33.3 мянган тэмээ нь Ханбогдынх гэхээр аймагтаа төдийгүй улсдаа хамгийн олон тэмээтэй сум тэднийх юм л даа. Тэгвэл бас Монголд дөрвөн үүлдрийн тэмээ байдгийн хоёр нь Өмнөговьт бий. Галбын улаан, Ханын хэцийн хүрэн гээд ноос үс сайхантай, бие хаа нь том сүрлэг тэндхийн малчдын шүтээн сүрэг нь юм билээ.

Тус сумын нутгаар явахуйд намхавтар уулстайгаа ижилсэн бэлчих тэмээн сүрэг нь өвөл өнтэй орж тарга хүчээ алдаагүй болохоор бүгд туг ширээ зүйрлэн хэлэх юм бол хөлөг дээрээ өрөөстэй зандан шатар шиг харагдах юм. Эзэд нь гэвэл хэдэн үе дамжсан малчин түмэн. Тэдний дундаас гавьяат цолтон хэд хэд төрж байсан бол 32 жилийн дараа дахин хөдөлмөрийн баатартай болж. Нэг жилд алтан ботгоны эзэн гурваар нэмэгджээ. Тийм болохоор энэ хавар уламжлалт тэмээний баяраа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, мянгат тэмээчин Жаалдүүгийн Тогтохсүрэнгийн нэрэмжит болгон "Нутгаа мөнхөлсөн тэмээчид" нэртэйгээр зохион байгуулсан байна.

-Хөдөлмөрийн баатартай болжээ танай сум гэхэд сумынхаа даргаар 16 жил ажилласан гэх нэг хэнхэр өвгөн,

-Баярлалаа. Миний ойлгож байгаагаар тэмээн сүргээ 1000-д хүргэж жилдээ 200 гаруй ботго зэллэж байгаа хүн баатар бололгүй яахав. Мянган тэмээ маллана гэдэг жинхэнэ малч хүний хийх ажил. Бод л доо нэг тэмээ 60-70 литр ус уудаг гэхээр мянган тэмээг услана гэдэг ямархуу том ажил байхав дээ гэж бахархангуй ярив.

Тэмээчдийн баяр хөтөлбөрийнхөө дагуу болж байна. Сайхан ч юм. Цэнгэлдэхийнхээ цэлгэр талбайг тэмээгээр дүүргэчихэж. Тэрний манлайд нь нэг зэлэнд бүгд орсон буур. Зормол юм шиг шавж зогсох олон буурыг тэнд л бөөндөж харав. Тэнд очоод сурвалжлагч миний зорилго юу байв гэвэл нэг сайн тэмээчин залуу олж уулзах хүсэл төрсөн.

Харж байх нээ. Хар торгон дээлтэй, үнэгэн лоовууз хазгайдуу тавьсан нэгэн залуу хомтой тэмээдээ хөтлөн ирж харагдав. Тэр өндөр улаан атнаасаа шалавхийн бууж нэг тэмээгээ хэвтүүлэн хомыг нь буулгаж байх юм.

Уулзлаа түүнтэй. Аль багийнх вэ гэхэд Баян багийнх гэлээ. Энэ баярт хэдэн тэмээтэй ирэв гэвэл. 10-аад тэмээтэй гэж байх юм. Тэгээд түүнтэй тэмээний маллагаа, эдэлгээ гээд ярих үед мань хүн үг хэл нь уул уурхайн тухай л хазайгаад болдоггүй. Тэгсэн чинь малч удамтай тэр залуу одоо говь нутгийг сэргээн хөгжүүлж буй Оюу толгой дахь гүний уурхайн инженер юм байна л даа.

Нэр нь Г.Цэдэн. Хэдхэн жилийн өмнө зэл дүүрэн тэмээн дундаа ботго, торомтой тоглож, догшин тайлга номхруулж явсан бол тэмээчин заяандаа үнэнч ч гэлээ одоо дэлхийд алдартай том уурхайд мэргэжлээрээ ажиллаж байгаа юм байна. Ингээд л түүний амьдралын тойргоор аялахаар шийдэв дээ.

 

* * *

 

Г.Цэдэн цагаан атаа тохошлоод баярт явах нь.

Гантөмөрийн Цэдэн дөрвөн жилийн өмнө ШУТИС-ийг уул уурхайн ашиглалтын технологич мэргэжлээр төгсгөж одоо Оюу толгойн гүний уурхайд ажиллаж байгаа юм байна. За тиймээ. олборлох хэсгийн инженерүүдийн нэг нь. Түүний ярих нь,

-Би их азтай хүн л дээ. Сумандаа дунд сургуулиа төгсгөөд мэргэжил сонгох дээрээ тулахад манай нутагт дэлхийн хэмжээний том уурхай бий болж олон мянган залуус тэнд ажиллаж байхад би хоцрох гэж үү гэж л бодогдсон. Тэгээд л уул уурхайн мэргэжлийг сонгосон доо.

ШУТИС-д суралцах хугацаандаа үйлдвэрлэлийн дадлагаа Оюу толгойд хийсэн. Хоёрдугаар дамжаанд байхдаа тус уурхайн тэтгэлэгт шалгарсан. Ингэж л тэр "их айл"-ын хүн болох эхлэл тавигдсан гэв. Гэтэл бас тийм амархан ажлын байртай болчихсонгүй.

Түүнийг төгсөх жил шинэ залуу боловсон хүчнийг сонгож авах хөтөлбөр гэж уурхайгаас зарласан байдаг. Тэр хөтөлбөрийн зорилго гэвэл хоёроос доошгүй жил туршилтаар ажиллуулах өндөр шалгууртай юм байж. Уг хөтөлбөр Г.Цэдэнг сургуулиа төгсөх жил зарлагдсан. Таван зуугаад залуу хөтөлбөрт тэнцсэний нэг нь Г.Цэдэн байв. Бас миний нэг аз тэр байсан гэж хэлнэ лээ.

Тэгээд Оюу толгойн уурхайд одоо 42 орны 14 мянган хүн ажилладаг. Тэдний 96 хувь нь  монголчууд гэдэг бол нэг гишүүн нь залуу инженер Г.Цэдэн гэхлээр үнэхээр чих дулаацам ажээ. Залуу хүнд бахархах юм зөндөө байдаг бол шинэ танил Г.Цэдэнд тоолж баршгүй олон аж.

Дэлхийд томоороо айргийн тавд багтдаг уурхайд ажилладаг гэдэг нь хамгийн том бахархал байж таарна даа. Бүр тэгээд саяхан нээлтээ хийсэн гүний уурхайн 1256 метрийн гүнд тэр ажиллаж байна. Уулчин хүн дэлхийн гадарга дээр тэр мэт өндөрт гардаг бол гүний уурхайн тээр дор буюу км илүүгийн цаана Г.Цэдэн болон тэдний багийнхан ажиллаж байгаа юм л.

Түүний ажил өглөөний 07:00 цагт эхэлж нэгдсэн бүлгийн хуралдаа суугаад тухайн өдөр гүний уурхайнхаа аль хэсгээс олборлолт хийх төлөвлөгөөгөө гаргаж аваад доошоо "нисэх" бүхээгтээ сууна. Дисвик гэх программаар хийсэн төлөвлөгөөнийхөө дагуу аль хэсэгт тэсэлгээ хийхэв, хэр хэмжээний хүдэр олборлохов гэдгийг шийдвэрлэх, түүнийхээ гүйцэтгэлд хяналт тавих нь инженерүүдийн үүрэг. Уурхайн гүнд нэг ээлжийн зургаан инженер ажилладаг юм гэнэ.  Блокчлон олборлосон том том хүдрийг хацарт бутлуурт жижиглэн атгасан гарын дайтай болгоод баяжуулах үйлдвэрт шилжүүлнэ. Тэр нь аварга машинд бүр жижиглэгдэн угаагдаж метальтай хэсэг нь дээрээ хөөсрөн гарч ирнэ. Түүнийг хамж авсан нь үйлдвэрээс гарах баяжмал гэдэг үнэт зүйл болно. Уг баяжмалд агуулагддаг нь зэс болоод бага хэмжээгээр алт, молебдин бий.  Энэ нь Монголыг тэжээх баялагийн нэг. Түүнийг Г.Цэдэн мэтийн залуус үйлдвэрлэж  байгаа нь сайхан гэхээс өөрөөр сэтгэшгүй юм даа. Олборлолтын хэсэгт Г.Цэдэнтэй цуг Австралиас гурав, Энэтхэгээс нэг нөхөр ажилладаг.

Гүний уурхайд ажилладаг гадаад инженерүүдтэйгээ. 

Тэд өөр улс оронд байдаг Оюу толгойтой адилтгах том уурхайд ажиллаж байсан өндөр мэдлэгтэй, ур чадвар бүхий хүмүүс юм. Г.Цэдэн тэднээс их зүйл сурч байгаагаа ярьсан л даа. Хамгийн шадар нь монголчуудын Нара хэмээн авгайлан дуудацгаадаг Нараян гэдэг Энэтхэг эр бий. Австралид Рио-Тинтогийн нэг том уурхайд ажиллаж байсан гэх тэр хүн Г.Цэдэнд өдөр бүр алт шиг сургаалиа өгдөг. Зөвхөн Г.Цэдэн ч биш Монгол ажилчид бүгд түүнийг хүндэтгэнэ л дээ.

Оюу толгойд ажиллагсад өндөр цалинтай ч гадаадынхан нь монголчуудаас илүүг авдаг гэсэн үгс сонсогддог бол энэ тухай инженер Г.Цэдэн ойлгомжтой тайлбар хэлж байна лээ.

Яалт ч үгүй урьд нь дэлхийн түвшний том уурхайд ажиллаж байсан хүмүүсийг урьж авчирсан юм чинь бусдыг нь сургаж дадлагажуулахын тулд тэдэнд өмнө нь авч байсан цалин хөлсийг нь өгч байж мэдлэг чадварынх нь үр шимийг хүртэнэ. Тэдний үнэлэмж монголчуудаас өндөр гэдгийг хамт ажилладаг бид л ухаарч ойлгодог гэж хэлсэн үг үнэн биз ээ.

Тиймээс гадаадынхан илүү цалин аваад байна гэж зоргоороо ярьдаг нь буруу байж мэдэх юм. Одоогоор тийм ч яваа яваандаа монголчууд дадлагажиж тэднийг орлохуйц болох нь дамжиггүй биз.

Угийн малчин гаралтай монгол залуу орон орны мэргэжлийн хүмүүстэй хамтран ажиллаж байгаа нь хамтын хүчний давууг илтгэж тэгснээрээ Монголыг дэлхий дахинд харуулж байна гэдэг бахархалтай сайхан хэрэг. Залуу инженер Г.Цэдэнгийн ярианд манай уурхай, бидний ажил үйл гэсэн үг байнга давтагдах юм билээ. Аргагүй ч биз. Түүний ажилладаг гүний уурхай ашиглалтад орсноор Монгол Улс дэлхийд тавд эрэмбэтэй технологийн өндөр шийдэлтэй дижитал өнгө төрх бүхий гүний уурхайтай болсон гэдэг тэнд ажиллагсад төдий биш энэ тухай үзсэн дуулсан бүхэнд хүртэл сайхан байхгүй яахав.

Оюу толгойн ордын нөөцийн 80 гаруй хувь нь газрын гүнд буюу гүний уурхайн хэсэгт бий гэдэг. Тэгвэл эх орныхоо баялагийн их үүцийг задлах их хувь заяа инженер Цэдэнд оноогджээ гэж болно бизээ. Түүнийг ажилдаа жинхэнэ эзэн болж яваа хүн гэж хэл болох байх. Яагаад гэхээр уурхайнхаа тухайд тун сүрхий мэдэж байна лээ. Манай уурхайн үйлдвэрлэл жилээс жилд, сараас сард улам өсч байгаа. 2021 оны эхний улиралд баяжуулах үйлдвэрт 9.81 сая тонн хүдэр боловсруулж 201.9 мянган тонн баяжмал үйлдвэрлэж зэс олборлолт 45.4 мянган тонн байсан бол одоо гүний уурхайн нөөц нэмэгдснээр тэр амжилт бүрэн эвдэгдэх нь тодорхой болсон тооцоо бий. Түүний уурхай ашиглалтад орсноос хойш гэхэд хөдөлмөрийн бүтээмж хэд дахин нэмэгдсэн гээд л ярина лээ.

 

* * *

Г.Цэдэн аав Ё.Гантөмөр, ижий Ш.Таня нарын хамт.
Тэр сая уурхайн гүнээс гарч ирлээ.

Галбын говийн ганган улаан тэмээний баярт Г.Цэдэн аав, ижийтэйгээ иржээ. Аав Ё.Гантөмөр, ижий Ш.Таня нар нь бүр гурван үе дамжсан тэмээчид. Малчин гэдэг зүгээр нэг нэршил биш монгол өнгө төрх, өв уламжлалыг тодорхойлж байдаг үндэсний мэргэжил гэж болно. Тэгж үнэмлэхжүүлсэн баримт ч бий. Аав нь ярьж байна лээ. Би дөрвөн хүүхэдтэй нэг охин маань Анагаах ухааны их сургуульд оюутан. Дараагийнх нь Оюу толгойн уурхайд ажилладаг. Бага нь дунд сургуулийн аравдугаар ангид сурч байгаа. Энэ Г.Цэдэн чинь хамгийн том нь л доо. Малд нүдтэй. Уг нь тэмээчин байхаар хүн. Тэмээ гэдэг амьтан уян зөөлөн зантай, уул шиг түшигтэй, ашиг шим сайтай  ховорхон заяаны мал юм шүү. Манай хүү чинь тэмээний "хэл" ч мэдэх чадвартай цовоо цолгин хүн л дээ.

Даанч хаяанд маань Оюу толгой гэдэг аварга үйлдвэр босч үе тэнгийн залуус нь тэр зүг хошуураад тэгснээр говь нутгийнхаа өнгө төрхийг эрс өөрчилж байгаа цаг үе болохоор хүү маань тэр талын мэргэжилтэн болоод ажиллаж байгаа юм гэлээ. Баян багийн малчин Гантөмөрийнх 500 гаруй тэмээтэй Галба нутгийн байдаг л нэгэн айл. Тэднийхнийг мал маллагааны хувьд нэг онцлог нь хонхортоо номхон тэмээтийнх гэх юм билээ. Тэмээг ботго, торомноос эхлээд гарын болгон дасгаж гунж, тайлагнаас нь уналга эдэлгээнд оруулдаг учир нас насны тэмээд нь бүгд номхон аж. Сумынхан нь ердийн хөсөг ашиглах ямар нэг ажил гарвал Гантөмөрт хандана. Тэгэхэд энэ тэрийг гэх юмгүй тэмээнийхээ захаас л бариад өгнө. Энэ тухайд Г.Цэдэнгээс лавлахад манай аав, ижий хоёр тэмээ маллах нандин арга ухааныг удмаасаа өвлөсөн хүмүүс л дээ. Манай хотонд эмнэг догшин тэмээ ер байдаггүй нь онцлог юм даа гэж байна лээ.

Аав нь хүүгээ, хүү нь аавыгаа магтах аястай ярианд их учир байнаа даа гэж бодогдом. За тэгээд л хэн хэн нь манай Ханбогд гээд хөврүүлэх. Говийнхоо чимэг болсон хадтай буттай, хайлаастай Ханбогд хайрхныхаа ар бэлд ээнэгшиж дассан сумын төв нь сүрхий гэхээр хөгжиж байгаа болохоор тэгж ярихаас ч яахав. Г.Цэдэн хэлэхдээ,

-Намайг сургуульд байхад сум маань жижигхэн байж дээ. Хойд захад нь тоглож гүйлдэж байгаад нэг мэдэхнээ урьд талд гарчихсан явдагсан. Одоо бол тэс өөр болж өргөжсөн гэж байв. Тун энгийн хэмжүүр энэ юм. Нээрээ ч өнөөдрийн Ханбогдын хувьд улсын нийслэлтэйгээ, аймагтайгаа тэгээд Оюу толгойн уурхайтай цардмал замаар холбогдож хэдхэн жилийн өмнө хол нутаг гэгдэж байсан бол одоо бүр ойрхон санагдам болжээ. Сумын төв нь хот гарын өнгө төрхийг нэгэнт олж говь нутгаа чимж байна. Говийн нэг буйдхан сум Оюу толгойн их уурхайн ивээл дор өөдөлж хөгжиж буй дүр зургийн товчлол энэ. Ам нээснийх "Амьдралын тойрог" булангийн зочин Г.Цэдэнгийнхээ амьдрал ахуйг лавхан сонирхлоо.

Тэр Оюу толгойн уурхай, малчин Гантөмөрийнх гэсэн хоёр гэртэй байсан бол өнөөдөр харахуйд инженер Г.Цэдэнгийнх гэсэн өөрийн гал голомтоо асаажээ. "Заяаны хань зам дээр" гэсэн үг бий. Яг л тэгж Г.Цэдэн амьдралын ханьтайгаа танилцаж. Түүний эхнэрийг Б.Санчир гэдэг. Нийслэл хотноо байдаг "Хобби" дунд сургуульд багшилдаг юм гэнэ.

Басхүү тэр хоёр өнгөрсөн намар анхны хүүгээ өлгийдөж авсан. Одоо эхнэр нь говьд буюу Оюу толгойд очоод байгаа юм. Уг нь Хэнтий аймгийн Баян-Овоо сумын унаган бүсгүй. Дээр "Заяаны хань зам дээр" гэж яагаад хэлсэн юм бэ гэвэл Г.Цэдэн оюутан байхдаа микронд сууж яваад нэг бүсгүйтэй зам нийлсэн нь Б.Санчир байж. Залуу улс суудал зэрэгцэхтэй зэрэг юу эсийг ярихав. Цаана нь бас нэг зураг тавилан байсан ч юмсан уу. Агшин зуур бие биенээ ойлгож дараа уулзахын болзоо тавьцгааж. Ингэж л тэр санамсаргүй учир ургалтаас хосын амьдрал эхэлсэн байгаа юм даа. Сайхан хэрэг шүү.

 

* * *

 

Оюу толгойн тосгоны өглөө говийн наран өлмий дороос ургах шиг улбар шар туяагаа цацруулан мандав. Үүнтэй зэрэгцээд уурхайнханы ээлж халаагаа солилцох дүр зураг мөн л нарны өнгөтэй гэмээр. Оюу толгойнхны ажлын хувцас яг өглөөний нарны тусгал шиг юм. Хэн ч надад хэлээгүй ч тэднийхэн нарны өнгийг хувцасандаа сонгосон нь санамсаргүй хэрэг биш байх хэмээн санагдуулсаан.

Монголын говийг сэрээж буй хөгжлийн нэг бэлгэ тэмдэг Оюу толгой шүү дээ. Тийм болохоор тэнд ажиллагсад их хөгжлийн хөтөч нь гэвэл энэ бяцхан хөргийн маань гол баатар инженер Г.Цэдэн тэдний нэгэн билээ. Тэр хомтой тэмээд хөтлөөд ирээдүйгээс ихийг тээж ирэхээр яваа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 14. ДАВАА ГАРАГ. № 52 (6784)