Ч.ОЛДОХ
Зууны мэдээ” сонин Орфей театрын захирал, продюсер, урлаг судлаач, жүжигчин Т.Ариунчимэгийг “Leadership forum” буландаа урьж ярилцсан юм. Тус театрын хамт олон Ф.М.Достоевскийн зохиол “Гэм зэм” жүжгийг постдрам болгон тайзнаа тавьж буй эдгээр өдрүүдэд түүний хэлсэн онцлох эшлэлүүдийг хүргэж байна.
- Монголын театрын урлагийн салбарт ОХУ-ын ГИТИС-ийг төгссөн драмын найруулагч гэхэд л 40 жил завсарласны эцэст салхи хагалсан эхний хүн нь “Гэм зэм”-ийн найруулагч М.Батболд юм.
-Английн алдарт найруулагч, театр судлаач, онолч Питер Брук “Театрын хөгжлийн сүүлийн хөгжлийн үе шат нь найруулагчийн театр” гэж хэлсэн байдаг. Тэгвэл энэ байдал өөрчлөгдөж театр хамтын хэлбэрт шилжиж байна.
-Постдрам бол үндсэндээ драмын театрын нэн шинэ төрөл, нэн шинэ үеийн театр гэж болно. Гэхдээ шинэ театр уламжлалыг үгүй хийж байгаа юм биш, уламжлал нь тэр дунд оршиж л байгаа.
- Б.Брехт, К.Станиславский, Е.Гротовский, А.Арто, Эйзенштейн, Ханс-Тис Леман гэх мэтчилэн дэлхийн нэрт найруулагчдын онол дээр шинэ үеийн найруулагчдын ч онол арга зүй гарч ирж байна.
- Монголын театрын урлагийг хөгжүүлэх зорилготой Орфей театр залуу мэргэжлийн уран бүтээлчдээс бүрдсэн, олон улсад уран бүтээлээ сойх хүсэл эрмэлзлэл бий.
- “Фауст”-ыг тайзнаа тавьснаар бид маш том урам зориг авсан. Нэг ёсондоо тэр бидний шалгуур болсон.
- “Гэм зэм” бол нарийн төвөгтэй зохиол, түүнийг амжилттайгаар жүжиг болгож чадсан анхдагчид бол манай хамт олон.
-Манай хамт олон биеэ биеэ хамгийн сайн ойлгодог, зохиолч юу хүсч байгааг найруулагч маш сайн ойлгодог. Зохиолчийн дотор юу байгааг олж харж түүнийг нь хөгжүүлье гэсэн найруулагчийн алсын хараа бас сайн.
-Цаашид бид хоцроод байгаа театрын хөгжлийг эн зэрэгцүүлэх, олон улсын фестивалиудад жүжгээ сойхыг хүсч байна. Түүн дээр манай хөгжил хаана яваа нь харагдана.
- Орчин үед жүжигчдийг алиалагч мэт хардагт миний сэтгэл өвддөг. Уг нь жүжигчин хүн авьяасын хажуугаар маш их ухааныг өөртөө шингээж байж сая жүжигчин болдог. Авьяастай атлаа ухаангүй бол тэр дүрийг бүтээж чадахгүй. Ухаантай атал авьяасгүй бол тэр дүр мөн дутуу.
-Жүжгийн зохиолыг бичнэ гэдэг өөрөө бас агуу юм. Утга зохиолын салбарт энэ төрөл дээгүүрт ордог. Нэлээн юм үзэж харж, уншиж судалж байж жүжгийн зохиол бичнэ.
-Oюутан залуусын оюуны боловсролд хөрөнгө оруулахаар "IStudent" төслийг эхлүүлсэн.
-Урлагийн салбарыг Монголдоо хүчтэй байлгах нь эргээд хүнийг хүнлэг байлгах, нийгмийг эерэг сайхан болгох, өөдрөг үзэл, сайн сайханд дагуулна.
Ярилцлагын дэлгэрэнгүйг эндээс: https://www.polit.mn/a/93998
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2022 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 28. ДАВАА ГАРАГ. № 42, 43 (6774, 6775)