С.САРУУЛ

Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл ээлжит хурлаа хийлээ. Хуралдаанаар нийслэлийн нутгийн захиргааны байгууллага бүр бүтэц, орон тооны хязгаартаа багтаан, шинээр орон тоо нэмэхгүйгээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хөдөлмөр эрхлэх боломжоор хангах буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 144 дүгээр зүйлийг мөрдөн ажиллахыг үүрэг болгов.

Мөн хөгжлийн бэрхшээл үүсэхээс урьдчилан сэргийлэх, эрт үед нь илрүүлэх, асаргаа, сувилгаа хийх талаар зөвлөгөө мэдээлэл, сургалт, сурталчилгааг нэмэгдүүлэхийг Нийслэлийн Эрүүл мэндийн газарт даалгалаа. Түүнчлэн нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын ажилтан, албан хаагчдыг дохионы хэлмэрч, орчуулагчийн сургалтад үе шаттайгаар хамруулан, сонсголын бэрхшээлтэй иргэд төрийн үйлчилгээг хүндрэл бэрхшээлгүй авах боломжийг бүрдүүлэх хэрэгтэйг онцолсон юм.

Эх сурвалж: www.polit.mn