Б.ОД

Монгол Улсад өнөөдрийн байдлаар 1000 орчим барьцаалан зээлдүүлэх газар үйл ажиллагаа явуулж байгаа ч татвар төлдөг нь тун цөөн байна. Тухайлбал, 2020 оны хоёрдугаар сарын байдлаар 294 татвар төлөгчийн 33.5 тэрбум төгрөгийн борлуулалтын орлогоос 2.5 тэрбум төгрөгийн татвар төлжээ.

Эдгээр аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны чиглэлийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын албан ёсны сайтаас үзвэл барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа эрхэлдэг нэг аж ахуйн нэгж 3-10 орчим өөр төрлийн үйл ажиллагааг давхар эрхлэхээр бүртгүүлсэн байна.

 Тухайлбал, барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаанаас гадна амралтын газар, барилга, барилгын материал, газар тариалан, фермер, зуучлал, цайны газар, зочид буудал, дэлгүүр, автомашины худалдаа, сургалт, үсчин, гоо сайхан, спиртийн үйлдвэрлэл зэрэг салбарын үйл ажиллагаа давхар эрхлэх нь түгээмэл байна.Үүнээс харвал дээрх 294 аж ахуйн нэгжийн зөвхөн барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаанаас олсон орлого, түүнд төлсөн татварыг тодорхойлох боломжгүй нөхцөл байдал үүсээд байна.

Цагдаагийн ерөнхий газрын мэдээллээр 2020 оны наймдугаар сарын 3-ны байдлаар зээлийн гэрээнээс үүдэлтэйгээр гарсан залилангийн хэргийн тоо 2010 оноос 2020 оны эхний долоон сарын хугацаанд 1700 орчим болж өссөн байна. Үүнээс 2014 оноос энэ төрлийн гэмт хэргийн тоо огцом өсөж, жилд дунджаар 300 орчим гэрээнээс үүдэлтэй залилангийн хэрэг гарч байгааг Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын дарга Д.Цолмон Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төслийг танилцуулахдаа дурдав.

Дэлхийн улс орнуудын жишигт барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа болон иргэд хоорондын мөнгөн зээлийн үйл ажиллагааг бие даасан хуулиар зохицуулдаг байна.

Эх сурвалж:www.polit.mn