Ч.ОЛДОХ
Монгол Улсын Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн, “Болор цом”-ын эзэн Тангадын Галсангийн 90 насны ой энэ онд тохиож байгаа билээ.
Ардын уран зохиолчийн 90 насны ойд зориулан түүний үр хүүхдүүд, Улаанбаатарын их сургууль, Баянхонгор аймгийн нутгийн зөвлөл, Хүүхдийн номын сан, МҮОНРТ хамтран "Оюунлаг сэхээтэн Тангадын Галсангийн намтар, уран бүтээл" эрдэм шинжилгээний хурлыг энэ сарын 24-нд зохион байгуулах юм байна.
1932 оны хаврын тэргүүн сарын шинийн 9-нд Цэцэрлэг Мандал аймгийн Чандмань уулын хошуу (өнөөгийн Баянхонгор аймгийн Заг гол сумын нутаг) Бумбат хэмээх газар малчин Тангадын гэрт мэндэлсэн тэрбээр өөрийн тухай нэгэнтээ “Монхор Галсангийн нэрийн өмнөөс биш Монгол үндэстний нэрийн өмнөөс хүн төрөлхтний соёлд орох өв бүтээлд биеэ зарцалж явна” хэмээсэн нь бий.
Их утга зохиолын ертөнцөд Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал хүртэхээсээ өмнө “Өнөр хүний зүрх”, “Үртэй хүний сэтгэл”, Өссөн нутгийн хур”, “Үлэмж хайрын дуулал” зэрэг бүтээлээрээ дуулиан тарьсан тэрбээр “Үүл нүүсэн хөх тэнгэр”, “Үндэс сүлжсэн хөх судар” нэртэй ботиудаараа Ардын уран зохиолч цолыг хүртэж байсан юм. Монголын утга зохиолын нэрт судлаач, шүүмжлэгч Х.Сампилдэндэв, Төрийн шагналт, доктор Д.Цэнд, Д.Галбаатар зэрэг олон мэргэд түүний бүтээлийг “Яруу найргийн төрөлд шинэ үзэгдэл боллоо” гэж шүүмж бичсэн байдаг. Тэр байтугай В.Инжиннашийн романуудыг эх хэлэндээ орчуулсан Оросын эрдэмтэн Лида Скородумова “Жирмийн сүлжээ бол Оросын четверостыши биш, Дорнын рубай биш, Төвдийн “Субашид” биш, онхи өөр бүтэцтэй яруу найргийн шинэ төрөл зүйл” хэмээн тэмдэглэж байсан билээ.
Ардын уран зохиолчийн 90 насны ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал хоёр салбар хуралдаанаар өрнөх юм. Эхний салбар хуралдааны ерөнхий илтгэлийг Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Цэдэв “Оюунлаг сэхээтэн Тангадын Галсангийн уран бүтээлийн өв сан” сэдвээр хэлэлцүүлнэ. Түүнчлэн УБИС-ийн багш, доктор Ц.Эрдэнэбат “Сэтгэлийн түмэн цогц, мянган увдис хийгээд дуун утгын яруу утгач”, МУБИС-ийн багш, доктор Р.Чүлтэмсүрэн “Тоталитар дэглэмийн үеийн уран зохиолд хандах хандлага”, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, доктор Д.Норовсүрэн “Ардун уран зохиолч Т.Галсангийн нийтлэлийн бүтээлд хийсэн шинжилгээ”, Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн Ажлын албаны дарга Н.Нарангэрэл “Өв соёл, эх хэл бичгээ өмгөөлөн хамгаалагч”, МУБИС-ийн багш, доктор Б.Энхээ “Ардын уран зохиолч Т.Галсангийн шүлгийн логик, танин мэдэхүйн гайхамшиг” сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүлнэ.
Хоёрдугаар салбар хуралдаанд Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, УБИС-ийн багш, доктор С.Байгалсайхан “Өгсүүр замын дуу” шүлгийн уран сайхан”, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, доктор Ж.Саруулбуян ”Арвай хээр” найраглалын хувь заяа, УБИС-ийн багш, доктор А.Мөнх-Оргил “Яруу найргийн сэтгэлгээний үнэт зүйл хэрхэн бүтдэг вэ”, МУИС-ийн багш, доктор Г.Галбаяр “”Жирмийн сүлжээ I-IV” бүтээлийн туурвил зүйн онцлог, доктор Д.Баттогтох “Т.Галсангийн “Монгол Жангар”-ын туулийн Жангарын дүрийг Халимаг Жангарын дүртэй харьцуулах нь”, МУИС-ийн багш, доктор Б.Хишигсүх “ЕБС-ийн уран зохиолын хичээлийн сурах бичиг дэх Т.Галсангийн зарим шүлгүүд”, МУБИС-ийн багш, доктор П.Яньдий “Т.Галсангийн хүүрнэл зохиолын тухайд”, ШУА-ийн хэл зохиолын хүрээлэнгийн ЭШАА Ж.Ууганбаатар “Т.Галсангийн дэлгэцийн бүтээлийн туурвил зүй”, УБИС-ийн багш, доктор Э.Батжавхлан “Т.Галсангийн орчуулгын зохиол” сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүлэх юм байна.
Эрдэм шинжилгээний хурал Монголын Хүүхдийн төв номын сангийн уншлагын танхимд энэ сарын 24-ний 11.00-16.00 цагт товлогджээ.
Эх сурвалж: www.polit.mn