З.Батцэцэг

Эпикур (МЭӨ 341-270) бо эртний Грекийн гүн ухаанч. МЭӨ 306 оноос Афинд гүн ухааны сургууль байгуулсан. Гүн ухааныг физик, оюун санаа судлал, ёс зүй гэж ангилсан. Эпикурын уриа- даруу амьдар. Амьдралын зорилго нь шаналалгүй, сэтгэлийн амар амгалан, эрүүл байх.

Эпикур эртний цаг үеийн хамгийн бараан үед амьдарч байсан. Цус, гал түймэр, аллага, дээрэм - энэ бол түүний цаг үе. МЭӨ 307-261 онд Афинд дайн, бослого тасардаггүй байсан. Тэрбээр ард түмний дунд хүмүүсийг Аврагч гэгддэг байжээ.

Эпикур МЭӨ 341 онд долоон хүүхэдтэй айлын том нь болж мэндэлжээ. Тэр 18 нас хүрмэгцээ бусад эрчүүдийн адил Афинд очиж цэргийн алба хаахаар болов. Афинд тэр Ксенократын сургуульд суун, Аристотелийн хичээлийг сонсож байлаа. Тэрбээр ирээдүйн алдарт яруу найрагч Менандртай найзууд болон яруу найраг, гүн ухааныг сонирхох болжээ. Хоёр жил цэргийн алба хашсаны дараа аав, өвөөгийхөө адил Афины бүрэн эрхт иргэн болов. Тэр үед аав нь Колофоний эрэгт суурьшсан байсан бөгөөд 20 настай Эпикур тийшээ явжээ. Түүний амьдралын энэ цаг үеийн мэдээлэл тун бага байдаг. Хэсэг хугацаанд аавындаа байж байгаад Лесбос арал дээр ирэн сургуулийн багш 18 жил хийжээ. Тухайн үед сургуулийн багш нэр хүндтэй ажил байгаагүй юм. Багшлахын хажуугаар чөлөөт цагаараа гүн ухааныг судалж байв. Залуу наснаасаа ходоод, давсагны өвчтэй болсон учир бүх цагаа гүн ухаанд зарцуулж бас чадахгүй байжээ. Хүчтэй өвдөлт намжиж завсарлах үед л тэрбээр гүн ухааныг судалж байв. Эпикурын хувийн амьдралын талаар ямар ч мэдээлэл байдаггүй. Түүний бичиж тэмдэглэснээс үзэхэд тэр хайр дурлалд төдийлөн ач холбогдол өгдөггүй байжээ. Эпикуо бичихдээ “ухаант мэргэн хүн дурлах ёсгүй”, “хайр хүнд бурхнаас олгогдоогүй”, “мэргэн хүн эхнэр хүүхэдтэй байж болохгүй” гэсэн байдаг.

Эпикурт ямар ч эдлэнт газар, мөнгө, байшин байгаагүй. Бас Пифагор, Платон, Демокрит шиг аялж үзээгүй. Түүнд сайн хоол авч идэх мөнгө ч байгаагүй. Тиймээс тэр энгийн хоолыг эрүүл мэндэд тустай гэж үздэг байсан байх. “Би талх усаар амьдарч байгаадаа баяртай байна. Үнэтэй тансаг хоолны үр дагавар муу” гэж бичиж байжээ.

Эпикурын физик үзэл Демокритээс ялгаатай нь атомын хөдөлгөөнд оршино. Атом хөдлөх явцдаа шулуун шугамын хөдөлгөөнөөс хазайж, муруйд шилждэг гэж үздэг. Түүний үзэж буйгаар атомын хазайлтын тухай ойлголт нь хүний эрх чөлөөний үзэл баримтлалын үндэс байх ёстой. Хүн эрх чөлөөтэй байх ёстой юм. Хэрэв хүн олон нийтийн амьдралд эрх чөлөөнд хүрч чадахгүй бол дотоод сэтгэлдээ эрх чөлөөнд хүрэхийг эрмэлзэж, өөрийгөө зовлонгийн айдсаас чөлөөлөх ёстой. Үнэн хэрэгтээ хүмүүсийн ухамсаргүй айдас, үндэслэлтэй айдас хоёрын хооронд ялгаа бий. Бид шалтгааныг нь ойлгохгүй, цаашдын үйл явцыг урьдчилан таамаглах боломжгүй үедээ айдаг. Энэ үед байгалийн шалтгаан, үр дагаврыг мэдэж байх нь хүнийг айдсаас ангижруулдаг гэж үзэж байсан юм.

 Эпикур хамгийн түрүүнд болж байгаа зүйлийг бодитоор хардаг. Дэлхийд зөвхөн атом, түүний хөдөлгөөн, хоосон орон зай л байна. Үүнээс л бид бүгдийн харж байгаа эд зүйлсийн бодит байдал, мөн нүдэнд үл үзэгдэх жижиг атомууд бүрдэнэ.

Эпикур өөрийн сургаалиа олон бичиг, өгүүлэл, найзууддаа бичсэн захиандаа тусгаж байсан ч бидний цаг үед цөөхөн хэд нь л үлдсэн. Гэхдээ Диогены бичсэнээр бол “Эпикур бидэнд маш их буюу ойролцоогоор 300 бичээс үлдээсэн” гэжээ.

Эпикур цэцэрлэгт байшин худалдаж аван сургуульд нээжээ. Хашаан дээрээ “Зочин танд таашаалыг мэдрүүлж, энд сайхан байх болно” гэсэн хаягтай байв. Энэ цэцэрлэг рүү хөгшин залуу, эрэгтэй эмэгтэй, баян ядуу бүгд ирдэг байсан гэдэг. Амьдралд итгэл алдсан хүмүүст туслах зорилго Эпикур өөртөө тавьсан байжээ. Цугласан бүхэнд тэрбээр хэлэхдээ “Эхлээд өөрийхөө амьдралын зорилгыг тодорхойлох хэрэгтэй. Дараа нь зорилгынхоо төлөө үйл хөдлөлөө чиглүүлэх хэрэгтэй” гэдэг байв. Эпикурын өөрийх нь хувьд эрх чөлөө байсан. Хуулийн эсрэг биш, ёс зүй зөрчихгүйгээр эрх чөлөөтэй хүссэнээрээ амьдрах.

Тэрбээр өлсгөлөн, дайн, бүслэлтийн үед сургуулиа орхиогүй. Энэ 40 жилийн хугацаанд найзуудтайгаа уулзах гэж хоёр удаа л хотоос явсан байдаг. Энэ бүх хугацаанд түүнийг сонсох гэж хүмүүс өнцөг булан бүрээс ирдэг болов. Хүмүүст энгийн хэлээр бүхнийг ойлгуулдаг авьяас түүнд байсан бололтой.

Эпикур МЭӨ 270 онд нас барсан. Гермархийн захиандаа бичсэнээр “Эпикур маш их өвдөж шаналсан. Тэр халуун ваннд хэвтээд, вино уугаад, найзууддаа өөрийх нь сургаалийг битгий мартаарай” хэмээн захиад амьсгал хураажээ.