Ц.МЯГМАРБАЯР
НҮБ-ын “Ногоон эдийн засгийн төлөөх түншлэл” хөтөлбөрөөс хэрэгжүүлж буй “Гэр ба Байгаль” төслийн талаар судалгааны багийн ахлагч, профессор, доктор /Ph.D/ Д.Гансүхтэй ярилцлаа.
- Малчдын орлогыг нэмэгдүүлэх аялал жуулчлалын төслийнхөө зорилго, ач холбогдлын талаар тодруулж ярина уу?
- Монголын аялал жуулчлалын салбарыг эдийн засаг, байгаль орчин, соёлын хувьд тогтвортой нүүдлийн аялал жуулчлалын туршлагаар баяжуулан хөгжүүлэх хэрэгтэй болж байна. Орон нутагт “ногоон” ажлын байрыг нэмэгдүүлэх замаар малчдад нэмэлт орлогын эх үүсвэр бий болгож уламжлалт соёлын өв, зан заншил, байгаль орчныг хамгаалахад чиглэсэн бүх нийтийн аялал жуулчлалын боловсролыг хөгжүүлэх ач холбогдолтой.Малчин өрхийн амьжиргааг дээшлүүлэх, энэ хүрээндээ монгол зан заншил, ёс уламжлалаа хадгалах замаар байгаль орчноо хамгаалах, улмаар соён гэгээрүүлэх зорилготой. Өмнө нь манай улсад хэрэгжиж байсан төсөл хөтөлбөрүүд нь дотоодын аялал жуулчлалын салбарыг нийтэд нь хамруулан авч үзэж хөгжүүлэх буюу нэг сая жуулчин авах, тур оператур, бизнесийн байгууллагуудыг бэхжүүлэх зэрэгт чиглэж байсан. Энэ удаагийн төсөл нь малчин өрхийн амьжиргааг нэмэгдүүлдэг уламжлалт мах сүү, цагаан идээ зэрэг орлого олдог сувгийг өргөтгөж, аж ахуй эрхлэх арга барилыг нь салбарлуулах замаар гадаад, дотоод зах зээлийг нээж өгөхөд чиглэж буй. Тэгэхээр энэ бүхнийг эхлүүлэхийн тулд орон нутагтаа нэр хүндтэй, зочломтгой, аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлэх чадамжтай малчин өрхийг сонгох явдал юм. Өөрөөр хэлбэл, жуулчин авахдаа тухайн өрхийн гэрт тавигдах шаардлагагаас нэрлэвэл ор дэр, унтаж амрах нөхцөл, ширээ сандал, тавилга, тэдгээрийн ариун цэвэр гэх мэтийг зохицуулж таараа. Түүнчлэн тухайн өрх нь сум орон нутгаа сурталчилж чаддаг, байгалийн тогтоц, түүх уламжлалтай холбоотой домог сэлтийг хүүрнэчихдэг, морин болон тэмээн аяллыг ойрын зайнд зохион байгуулах чадвартай байх зэрэг шалгуурыг хангасан байх ёстой. Заавал мэргэжлийн байгууллага, хүмүүсийн оролцоогүйгээр аялал жуулчлалын үйлчилгээг газар дээр нь үзүүлээд, түүнийхээ төлбөр хөлсийг шууд гар дээрээ авдаг болно гэсэн үг. Ингэснээр малчин өрхийг дагаж зах зээл нь хөгжих юм. Өмнө нь аялал жуулчлалын салбарын ихэнх ашиг орлого тур опературууд руу ордог байсан бол одоо ногоон эдийн засгийг бий болгох замаар малчин өрх, орон нутаг руу чиглэж байгаагаараа онцлогтой. Мөн энэ төслийн нэг гол зарчим байгаль хамгаалал. Нийгмийн хөгжлийг дагаж юм уу, эсвэл жуулчдын нөлөөг дагаж байгаль орчин өөрчлөгдөх бус харин ч эсрэгээрээ бидэнд өвлөгдөж ирсэн тэр хэвээр хойч үедээ эх дэлхийгээ үлдээхэд малчид өөрсдийн хувь нэмрээ оруулдаг байх юм.
-Малчдыг ямар хэлбэрээр хамруулах юм. Тэдэнд хэр өгөөжтэй байх бол?
-“Гэр ба байгаль” схемийн үзэл баримтлалыг 21 аймагт бүрэн хэрэгжүүлэхэд багагүй хугацаа шаардлагатай. 2021 онд төслийн тухай ойлголт, 2022-2023 туршилтын буюу эхний үе шат, 2024-2025 үндсэн үе шат гэсэн байдлаар хэрэгжүүлнэ. Орон нутгийн зохицуулагч томилох, сургагч, шинжээч бэлтгэх,сургалтанд хамрагдах үндсэн шалгуур сүлжээний стандартын нийцлийг үнэлэх, баталгаажуулах гэсэн менежментээр зохион байгуулна. Туршилтын буюу эхний үе шат нь 2022-2023 онд хоёр жилийн турш үргэлжилнэ. Жуулчны улирлын үеэр судалгааны багийн мэргэжилтнүүд нүүдлийн аялал жуулчлалын үзэл баримтлалыг түгээн дэлгэрүүлж, аймаг орон нутагт үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд сургалт зөвлөгөө өгч, хамтран ажиллана. Энэ үе шатанд төслийн үндсэн үйл ажиллагаа нь старт-ап буюу эхлэлийн бизнесийг дэмжиж, аймаг бүрт арав орчим малчин өрхийг бэлтгэхэд чиглэнэ. Эдгээр малчин өрхүүд дотоодын аялал жуулчлалын зах зээлд сурталчлахад анхаарах болно. Үндсэн үе шат нь нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, ялангуяа цар тахлын дараах сэргэлтийн стратегиас хамааран 2024-2025 онд 1-2 жил үргэлжилнэ. Орон нутгийн аялал жуулчлалын зохицуулагч нь схемийн хэрэгжилтийг хариуцах бөгөөд малчин өрхүүд тур оператуудтай хамтран эсвэл дангаараа олон улсын аялал жуулчлалын зах зээлд маркетинг хийнэ.
“Гэр ба байгаль” схемд нэгдсэн малчин өрх эхний жилдээ хөрөнгө оруулалтын зардлаа нөхөж ашигтай ажиллаж эхлэхээс гадна хоёр дахь жилээс сард дунджаар 1.5 сая төгрөгийн ашигтай ажиллаж болохоор байна. Сард нэг сая төгрөгийн орлоготой малчин өрхийн хувьд энэ өгөөж тэдний гэр бүлийн орлогыг бараг 50 хувиар өсгөх боломжтой.
- Удирдлага, зохион байгуулалтыг хаанаас хангах юм бол?
-Төслийг хэрэгжүүлэхийн тулд юуны өмнө Нүүдэлчин малчдын аялал жуулчлалын үндэсний зөвлөлийг /НМАЖҮЗ/ байгуулж, цаашид аймгуудад салбар бий болгох шаардлагатай Энэ хувилбараар зохион байгуулснаар нүүдлийн аялал жуулчлалыг тогтвортой хөгжүүлэх "Гэр ба байгаль” схемийн удирдлага, менежментийг хэрэгжүүлж улмаар үйл ажиллагаанд хяналт тавих боломжтой болно. Мөн нүүдлийн аялал жуулчлалын бүрэлдэхүүн өв, нөөцүүдийг зөв үнэлэх, сургалт, сурталчилгааны хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэхтэй холбоотой бусад олон ажлуудыг хэрэгжүүлэх үр дүнтэй тогтолцоо болж цаашид хөгжинө.
-Төслийг хэрэгжүүлснээр ямар үр дүнд хүрэх вэ?
-Төслийн үр дүнгээр малчид, малчдын нөхөрлөлүүд, олон талын ур чадвартай бизнес эрхлэгчид болно. Ингэснээр жуулчдад Монголын нүүдэлчин ахуй зан заншлыг хадгалсан малчин өрхийг танилцуулах боломжтой болно. Түүнчлэн Монголын аялал жуулчлалын салбарт чадварлаг ажиллах хүч нэмэгдэнэ. Мөн нүүдлийн аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээ сайжирч аялал жуулчлалын бүтэгдэхүүний төрөлжилт олширно. Малчид, төр, орон нутгийн байгууллагууд болон эдийн засгийн салбар хоорондын үр дүнтэй хамтын ажиллагаа нь “Гэр ба байгаль” схемд оролцогчдын хувьд оновчтой бүтэц зохион байгуулалтыг бий болгож, хоорондоо мэдлэг, туршлагаа солилцох өргөн боломжийг нээж өгч байна. Төр, орон нутгийн байгууллага нь малчдыг олон талын ур чадвартай аялал жуулчлалын бизнес эрхлэгчид болоход дэмжлэг үзүүлж, улмаар тэднийг аялал жуулчлалын бизнесийн байгууллага, мэргэжлийн холбооны үйл ажиллагаанд оролцон үндэсний онцлог бүхий аялал жуулчлалыг хөгжүүлж, олон улсын аялал жуулчлалын зах зээлд өрсөлдөх чадвар дээшилнэ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2022 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 18. БААСАН ГАРАГ. № 36 (6768)