Б.ОД
Автотээврийн үндэсний төв болон Тээврийн цагдаагийн албанаас хот хоорондын хүн тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллага, жолооч нарын дунд "Орон нутгийн замын нөхцөл байдал" сэдвээр өнөөдөр сургалт зохион байгууллаа. Өнөөдрийн байдлаар 64 ААН-ийн 1600 жолооч 770 автобусаар хот хооронд явж байна.
Энэ талаар ТЦА-ны Урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах зохицуулагч Г.Отгонтамир “Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад тухайн орон нутгийн замын нөхцөл байдал хамгийн чухал юм. Орон нутгийн замд бүртгэгдсэн ослын дийлэнх нь хурд хэтрүүлсний улмаас осолдсон байдаг. Уг нь орон нутгийн замд 80 км/цагийн хурдтай явах ёстой ч жолооч нар 100-120 км цагийн хурдтай явж зөрчил гаргаж байна. Ийм хурдтай явж байхад тухайн замд эвдрэл байвал жолооч шууд хурдаа сааруулж, саадыг тойрч гарах гэж оролдож, улмаар жолоодлого алдагдаж онхолдох ослын дуудлага их бүртгэгддэг. Иймд бид орон нутгийн замын нөхцөл байдалд тал бүрээс нь дүн шинжилгээ хийх шаардлагатай. Энэ сургалтад оролцож буй жолооч нар хамгийн холдоо Увс, Баян-Өлгий аймаг руу сард багадаа хоёр удаа явдаг. Тиймээс орон нутгийн замын огцом эргэлт, замын тэмдэг байгаа эсэхийг жолооч нартай хамтран орон нутгийн замын нөхцөл байдлын дүн шинжилгээг шинэлэг байдлаар биечлэн хийхээр боллоо” гэв.
2021 онд ТЦА-нд 79,00 орчим зам тээврийн осолтой холбоотой дуудлага мэдээлэл ирснээс 22925 зам тээврийн осол бүртгэгджээ. Энэ нь өмнөх оныхоос 2.4 хувиар өссөн үзүүлэлт юм.
Эх сурвалж:www.polit.mn