Ч.ОЛДОХ
“Сэтгэшгүй” эмнэлгийн ерөнхий захирал, анагаах ухааны доктор С.Хүрэлбаатар “Монголын төр ба Covid-ийн эмчилгээ, хүндрэлийн шалтгаан” сэдвээр өчигдөр хэвлэлийн хурал хийлээ. Тэрбээр “Монголчууд цар тахалтай нүүр тулж гурав дахь жилийнхээ нүүрийг үзлээ. Энд эмчилгээний асуудал хурцаар тавигдсан. Харин шийдлийг нь дэлхийн эмч нар олж чадаагүй. Урьдчилан сэргийлэхийн тулд амны хаалт зүүнэ, вакцин хийнэ гэдэг асуудал л тавьсан. Өнөөдөр вакцин хүнд хэрэгцээтэй юу, үгүй юу гэдэг асуудал яригдаж байна. Коронавирусыг эмчлэх асуудлыг би цар тахлын ид үед урд хөршийн Засгийн газарт гурван удаа, Монголын Засгийн газарт дөрвөн удаа тавьсан. Огт хүлээж аваагүй. Хувийн эмнэлгүүд хувиараа л шийд гээд хаячихсан. Бид гаднаас орж ирж буй covid-ийн хандив, тусламжаас эмнэлгээ бага ч гэсэн өргөжүүлье, эргээд иргэддээ коронавирусын эмчилгээ хийж тус дэм болцгооё гэж бодсон. Энэ эмчилгээ уг нь маш амархан. Дотроо хоёр заагтай эмчилгээ явна, нэг нь хамрын нусгай хүрээд эдгэчихэж байна. Нөгөө нь бичил эргэлтийн системийн алдагдал буюу архаг өвчинтэй хүмүүс хүндэрч байна. Анагах ухаан өнөөдөр бичил эргэлтийн системийг ярихаас өөр замгүй. Эд эс дээр уулзаж буй цусны эргэлтийн системийг бид бичил систем гэдэг. Энэ систем эрүүл байгаа хүн ямар ч өвчин үүсэхгүй. Хавдраар өвчлөхгүй, ДОХ тусахгүй. Гэтэл энэ систем алдагдахаар дархлааны эс сулардаг. Дархлааны эс сударчихаар вирус эсэргүүцэх /вирус идэх/ чадваргүй болно. Бичил эргэлтийн систем муудахаар элэгний үрэвсэл үүснэ, зүрхний дутагдалд орно. Коронавирус гэлтгүй элгэнд байгаа В, С вирус цааш өссөөр элэгний цирроз, хавдар үүсгэдэг. Энэ өвчин ийм замаар дотроос үүсдэг. Ийм байхад номыг нь үзээд байгаа дэлхийн эрүүл мэндийн байгууллагын эмч нар ярьж чадахгүй байна” гэлээ. Коронавирусыг эмчлэх боломжийн тухайд биеийн эсэргүүцлийг дэмжих, далд ухамсарт нь суулгах эмчилгээ буюу био энерги, мэдрэлийн эсийн энергиэр удирдах эмчилгээ хэрэгтэй. Энергийн тэнцлийг бий болгох эмчилгээний гол арга нь бариа засал байдаг, дараа нь ховс орно. Өнөөдөр улс орнуудад пандемик стресс буюу стрессээ тайлж чадаагүйгээс сэтгэл гутралд орох, амиа хорлох, погибический синдром- айдсын синдром ба айдас гэх шинэ нэршил гарч байна. Айдсын синдромыг давж гарах эмчилгээ нь ховс. Манай эмнэлэг үүнийг хийж чадна. Био энергийн эмчилгээ харахад энгийн ч дэлхийн хаана ч хийж чадахгүй. Гэтэл ямар ч вакцинаас илүү дархлааг суулгаж чадах эмчилгээ нь энэ. Иймд Эрүүл мэндийн сайд, Засгийн газрын ХЭГ, Ерөнхий сайд болон холбогдох газруудад уулзах хүсэлт тавьсан. Харамсалтай нь хүлээж авахгүй, ковидоос айж байна гэцгээсэн” гэлээ.
Эх сурвалж: www.polit.mn