С.САРУУЛ

Нэгдүгээр сарын сүүлээр Хөгжлийн банкнаас 52 зээлдэгчийг шалгуулахаар АТГ-т хандсан. Энэ дагуу Авлигатай тэмцэх газраас Хөгжлийн банкны чанаргүй зээлийн асуудлаар мэдээлэл хийж байна.  АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн "Хөгжлийн банкнаас нэгдүгээр сарын 28-ны өдөр ирүүлсэн гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг үндэслэн хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна.  Хөгжлийн банкнаас ирүүлсэн хугацаа хэтэрсэн, чанаргүй ангилалд хамруулсан 52 зээлийг  хуулийн дагуу олгосон эсэх,  зээл олгосон албан тушаалтнууд нь эрх мэдлээ урвуулан ашиглаж зээлдэгчид давуу байдал олгосон эсэх, хахууль авсан эсэх,  улсад хохирол учруулсан эсэх зэргээр ажлын хэсэг байгуулан ажиллаж эхэллээ.

Хөгжлийн банкинд учирсан хохирлыг арилгуулахаар зээлийн зарцуулалтыг зориулалтын бусаар ашигласан бол гэрээг цуцлах, мөн зээлийг эргэн төлүүлэх,

Зээлдэгч компанийн болон тухайн компанийн хувьцаа эзэмшигчдийн хувийн хөрөнгө, дансыг захиран зарцуулахад хязгаарлалт тогтоох, зээлдэгч ААН-үүдийн эцсийн өмчлөлийг тогтоох, эздийн нууцлаг хөрөнгийг илрүүлэн битүүмжлэх зэргээр төрд учирсан хохирлыг барагдуулах чиглэлээр ажиллаж байна.  Мөрдөн шалгах ажиллагаа эхэлснээс хойш 8.5 тэрбум төгрөгийн зээл эргэн төлөгдсөн" гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn