Ч.ГАНТУЛГА

 

Энэ удаагийн дугаарын зочноор ЦДБЭЧ-ын Сургалт соёл, маркетингийн албаны дарга дэд хурандаа Р.Өнөржаргалыг урилаа. Тус чуулга энэ жил түүхт 90 жилийнхээ ойтой золгож байгаа юм.

 

-Цэргийн байгууллагын соёл урлагийн түүчээ болсон танай чуулга энэ жил 90 жилийнхээ ойг тэмдэглэж байна. Мэдээж санаж зорьсон зүйл их байгаа байх?

-Дайны талбарт дууны аялгуу таслаагүй гавьяатай гэж ард түмэн манай чуулгыг өргөмжилдөг юм. Чуулга маань “Байлдааны гавьяаны улаан тугийн одон”, “Байлдааны гавьяаны одон” гээд хос одонгоор тугаа мялаасан дайчин түүхтэй байгууллага. 90 жил гэдэг хүний амьдралаар бол бүхий л хугацаа нь. Нэгэн өрх айл болсон байгууллагын хувьд ч зузаан түүх гэж ойлгож болно. Энэ хугацаанд ЦДБЭЧ эх орноосоо гадна олон улсын тайзан дээр Монгол Улсаа сурталчилах үйлсэд манлайлан оролцсоор ирлээ. Дайны фронтоос эхлээд энх цагийн тайзан дээр ч бид уран бүтээлээ хүргэж, олон гавьяатныг төрүүлсэн түүхтэй. Тиймээс ойн хүрээндээ бид энэ жил олон ажил  хийхээр төлөвлөсөн. Хамгийн эхэнд орчин цагийн зэвсэгт хүчний 101 жилийн ой буюу нэгэн шинэ түүхийг бичиж буй энэ үедээ “Монгол цэргийн өдөр”-өөр хүндэтгэлийн тоглолт хийхээр төлөвлөөд байна. Үүний дараа Монгол Улсын дөрвөн зүг, найман зовхист суугаа үе үеийн цэрэг дайчиддаа зориулсан талархлын тоглолтыг зохион байгуулна. Мөн чуулгынхаа түүхийг өгүүлэх дуулалт жүжиг тавина гээд ундарсан их ажил бий.

-Энэ хугацаанд чуулгаас олон алдартан төрсөн байх даа?

-Цэргийн төв клубээс XX зууны манлай хөгжмийн зохиолч, Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Л.Мөрдөрж, Уртын дуучдын улсын анхдугаар уралдаанд түрүүлсэн В.Пунцаг, Улсын алдарт шүлэгч цол хүртсэн Ө.Лувсан гуай гээд алдартнууд манай чуулгын алтан үеийнхэн юм. Харин XX зууны манлай бүжиг дэглээч, Төрийн шагналт, Ардын жүжигчин Ц.Сэвжид, гавьяат жүжигчин Цэрэндулам, Гомбожав гээд 80 гаруй гавьяатыг нэрлэж болохоор байна. Эдгээр алдартнуудаас онцлон “Жаран хар 10 цагаан” гээд мэргэжлийн найрал дууг үүсгэн байгуулж, өнөөгийн хөгжлийн өнгийг тодорхойлсон нэрт хормейстер, Ардын жүжигчин Д.Миасүрэнг дурьдахгүй өнгөрч болохгүй.

-Таныг сэтгүүлч мэргэжилтэй гэж сонссон. Ямар хувь тохиолоор цэргийн байгууллагатай холбогдов?

-Би 1995-1999 онд Улсын багшийн их сургуулийг Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжлээр төгссөн. Миний аав, ижий хоёр минь хэл уран зохиолын багш мэргэжилтэй. Ялангуяа авга талд олон сайхан хэл уран зохиолын багш нар бий. Улсын багшийн их сургууль бол аав ээж хоёр минь анх танилцаж, хувь заяагаа холбож, алаг үрсээ тэврэх амьдралын замд хөтөлсөн газар. Сургуулиа төгсөөд Зэвсэгт хүчний төв хэвлэл “Соёмбо” сонинд сэтгүүлчээр орох хүсэлтэй сурвалжлаганд гүйж явлаа. Хүн яагаад ч юм хүссэн, сонирхолтой зүйлрүүгээ л тэмүүлдэг юм билээ. Би багаасаа урлаг, уран сайханд дуртай байсан. Тиймээс Бүх  цэргийн дуу бүжгийн чуулга буюу өнөөдрийн ЦДБЭЧ-ын сайхан уран бүтээлчдээс ярилцлага авч яваад тухайн үеийн чуулгын дарга, найруулагч Ё.Цэрэндолгор даргатай ярилцах боломж олдсон юм. Тэр хүн миний урлагт хайртай сэтгэлийг харж, хөтлөх өчүүхэн авьяасыг минь үнэлж, цэргийн хүн болох боломжийг олгосон.     

-Яг л өнөөдрийнх шиг ийм гал цогтой, ажилч хичээнгүй чанар тань эцэг эхээс тань л өвлөгдсөн байх гэж бодлоо. Та ер нь багадаа ямархуу охин байв?

-Намайг зургаан настай байхад аав минь тэнгэр болсон юм. Тухайн үед аавынхаа нутаг болох Баянхонгороос Хөвсгөл аймаг руу шилжиж байлаа. Аав ээж хоёр минь жаахан байхаас  л намайг дэмжиж, багахан авьяасыг минь хөгжүүлэх гэж хичээдэг байсан. Уран нугаралт, уран гимнастик, бүжгийн дугуйлан гээд яваагүй дугуйлан ховор доо. Энэ бүхэн хүүхэд насны нандин дурсамж болж сэтгэлд үлдсэн байна. Үүнээс хамгийн тод нь үсэглэлийн баяраараа “Намайг хараад инээмсэглэж байна. Надад Ленин багш хайртай байна” гэсэн шүлэг уншаад хоёдугаар байрт орж, баярын бичгээр шагнуулж байлаа. Тэр үед ээжийнхээ баярлаж байгаа нүдийг хараад дандаа ингэж баярлуулж амьдарна даа гэж билээ. Одоог хүртэл тэр дурсамжийн бичгийг нандигнан хадгалдаг.  

-Ээж тань юу гэж хэлж сургадаг байв. Аав ээжийнхээ захиас сургаалийг хэрхэн санаж, биелүүлж явна гэж өөрийгөө дүгнэдэг вэ?

-Аавыгаа би Сэгс цагаан богд уулын хүү гэж хэлэх дуртай. Харин ээж минь Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын уугуул Хотгойд бүсгүй. Аав минь ном их уншдаг байсан. Уншсан номоо тэмдэглээд л, хүүдээ охиндоо гээд өв үлдээдэг байлаа. Харин ээж минь амьдралын хатууг сөрж зогссон дайчин бүсгүй. Түмний хүүхдийг эрдмийн аянд хөтөлж, өөрийнхөө хүүхдүүдийг ч хөлийг нь дөрөөнд хүргэсэн дээ. Ээж минь “Өөрийн тусыг түрүүлж өгч, хүний тусыг дараа нь ав”, “Хүн чамд 10 ажил даалгасан бол чи дор хаяж 12 ажил хийж байгаарай” гэж хэлдэг байлаа. Эдгээр сургаалийг нь үргэлж санаж, алхам тутамдаа биелүүлж явахыг хичээдэг.

-Анх цэргийн цол авч, тангараг өргөхөд ямар мэдрэмж төрж байв?

-Би чуулгатаа найман жил ажиллаад ес дэх жилийнхээ босгон дээр цэргийн цолтой болсон. Анх тангараг өргөх үнэхээр сайхан мэдрэмж. Манай курсийн 20 эрэгтэй, хоёр эмэгтэй офицер тангараг өргөж байлаа. Үе үеийн мянга мянган дайчин эрсийн хөлс, хийморь шингэсэн тэр том талбайд зогсоод тангараг өргөнө гэдэг бүсгүй хүний хувьд олдошгүй хувь тавилан, асар их нэр төрийн хэрэг. Дүн хүйтэн арванхоёрдугаар сард тангараг өргөж байсан юм. Өөрийн эрхгүй хоолой зангираад л ирсэн. Тухайн үед асар их хариуцлага ирлээ шүү гэж бодогддог юм билээ.

-Цэргийн мөртлөө урлагийн хүн байхын давуу талыг та онцлооч?

-Урлагийн хүн байна гэдэг бусдаад хоёр дахин илүү хариуцлага хүлээдэг гэж ярьдаг. Харин цэргийн хүн байна гэдэг нь түүнээс давуу хоёр дахин илүү хариуцлагатай байхыг шаарддаг юм. Тэгэхээр хариуцлагатай, зарчимч байх чанар. Бусдын төлөө нийтэч, хамтдаа урагшилахын төлөөх чин сэтгэл дээр л үнэ цэн нь оршдог юм болов уу. Амь нэгтэй, зорилго нэгтэй, үйлс нэгтэй байх энэ чанар цэргийн уран бүтээлчдийн нэн тэргүүнд байсаар ирсэн.

-Цэргийн чуулгын уран бүтээлч болсноороо ямар үед хамгийн их бахархдаг вэ?

-Чуулгын үе үеийн уран бүтээлчид жил бүр хамтарсан уран бүтээлийн тайлан тоглолт хийдэг. Тэр үед тайзны ард ахмад уран бүтээлчид маань яг л цэл залуухан 18 настай байсан шигээ баярлаж догдолж байхыг харах хамгийн сайхан. Энэ үед л энэ том айлын эд эс нь болсондоо чин сэтгэлээсээ баярладаг. Мөн цэргийн хүн болсон нь миний хувь хүнд их нөлөөлсөн. Учир нь би багадаа их бие султай, аавыгаа санаж гуньдаг охин байсан бол цэргийн хүн болсноор хувь тавилангийнхаа өмнө бат зогсож, өөрийнхөө үзэл бодолд үнэнч, зөв зүйлийн төлөө зүтгэж чаддаг болсон. 

-Та 4000 гаруй тоглолт  хөтөлсөн байдаг. Үүнээс одоо ч сэтгэлээс гардаггүй, тод үлдсэн арга хэмжээ бий юу?

-Монгол Улсын төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн парадыг тасралтгүй хөтөлсөн байдаг. Төр засгийн өндөрлөгүүд байраа эзлээд зогсчихсон, төрийн далбаа минь намирч, дайчин цэргүүд эгнээд зогсчихсон. Тэр үе үнэхээр бахархмаар сайхан санагдаж байсан шүү.

-Та энхийг сахиулагчийн гэргий. Магадгүй цэргийн амьдрал л та хоёрыг учруулсан байх гэж бодож байна?

-Миний ханийг Б.Эрдэнэчулуун гэдэг. Зэвсэгт хүчний барилгын инженерийн цэргийн удирдах газарт тэргүүн ахлагч цолтой алба хааж байна. Энхийг сахиулах ажиллагаанд байнга оролцдог хөдөлмөрч хүн бий. Би ахлагчийн сургуулийн жагсаалын дарга байхад нь анх танилцаж байлаа. Тухайн үед найзтайгаа уулзах гэж очоод заяаны ханьтайгаа учирсан.

-Та харьцангуй залуухан дэд хурандаа. Цолоо зүүхэд юу бодогдож байв?

-Миний хувьд Зэвсэгт хүчинд алба хаагаад 21 жил болж байна. 2020 онд дэд хурандаа цол хүртсэн. Энэ бол надад өгсөн итгэл, урам зориг, үүрэг хариуцлага гэж хүлээж авсан. Яг цолоо зүүж байхад аав минь л бодогдоод байсан. Аав минь энэ агшиныг харсан ч болоосой гээд санах сэтгэл төрсөн. Тиймээс аавыг минь орлож, гарыг минь ганзганд хүргэсэн ганц ахруугаа утасдаж илтгэсэн. Цол дагаж үүрэг хариуцлага ирнэ. Өнөөдөр Монголын зэвсэгт хүчинд бүсгүй хүн ховор. Тиймээс хоёр мөрөн дээр минь байгаа энэ итгэлийг хариуцлагатай дааж явах учиртай гэж өөрийгөө урамшуулсан. Үүний тулд залуу нас, ажил амьдралаа зориулсан ЦДБЭЧ-иийнхаа цаашдын хөгжил ирээдүйд өөрийн хүч чадал, авьяас билгээ харамгүй зориулах ёстой гэж бодож байна   

-Хэрэв танийг төвөөс алс хол хил дээр ч юм уу ажиллуулах тушаал гарвал та хэрхэн хүлээж авах вэ?

-Бид өргөсөн тангарагтаа үнэнч байх үүрэгтэй.  Тиймээс хил дээр дуудвал эргэлзээ байхгүй үүргэвчээ үүрээд гарна даа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ  ХОЁРДУГААР САРЫН 10. ПҮРЭВ ГАРАГ. № 29 (6761)