Б.ОД
Өнөөдрийн байдлаар 16 аймгийн 98 сумын 181 голомтод мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний хорио цээрийн арга хэмжээ хэрэгжиж байна. Сар шинийн баярын өдрүүдээр хөл хөдөлгөөн ихэссэнээс шүлхийн тархалт нэмэгдэх эрсдэлтэйг Мал эмнэлгийн ерөнхий газрын ахлах мэргэжилтэн Х.Бодьсайхан анхаарууллаа.
Тэрбээр “Тухайн 181 голомтод өвчний ил шинж тэмдэгтэй 22300 гаруй мал байгаа. Үүнийг 2021 оны арванхоёрдугаар сарын мэдээтэй харьцуулж үзвэл өвчний ил шинж тэмдэгтэй малын тоо 10 мянга гаруйгаар буурчээ. Гэхдээ өвчний тархалт бүрэн зогсоогүй. Цаашид халдвар тарах эрсдэлтэй. Цагаан сарын үеэр хөдөлгөөн ихэссэн учир тархалт нэмэгдэх магадлалтайг анхааруулмаар байна. Хамгийн гол нь малд өвчний шинж тэмдэг илэрсэн даруйд л мал эмнэлэгт яаралтай хандаж, тухайн орон нутгийн захиргааны байгууллагуудтайгаа хамтран хорио цээрийн арга хэмжээ бусад холбогдох арга хэмжээг хэрэгжүүлээд явах шаардлагатай.Учир нь бид өвчнийг эрт илрүүлэх тусам халдварыг өргөн хүрээнд тархахаас сэргийлэх боломжтой" гэсэн юм.
Эх сурвалж:www.polit.mn