С.САРУУЛ
“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл,санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ. Ээлжит зочин санхүүч Р.Сувдгэрэлийн хэлсэн онцлох эшлэлийг хүргэе. Тэрээр “Дэвжих Партнерс” компанийн үүсгэн байгуулагч бөгөөд үйлдвэрүүдэд санхүүгийн зөвлөгөө өгч, хөрөнгө оруулалт, зээлийн санхүүжилт татахад дэмжиж ажилладаг.
-Уул уурхайгаас гадна түүхий эдийн хувьд хараат бус, хямд өртгөөр чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж, экспорт хийж орлого олох боломжтой салбар нь мал аж ахуйн салбар байна. Үүний тод жишээ бол 2018, 2019 онд тус бүр 60, 70 мянган тонн мах, махан бүтээгдэхүүн экспортолж тус бүр 137-167 сая ам.долларын орлого олсон гаалийн мэдээ байна.
-Дотоодын эдийн засгийг сэргээхэд мал аж ахуйн салбар чухал нөлөөтэй. Учир нь Монгол Улсын ажиллах хүчний 30 орчим хувь нь мал аж ахуйн салбарт ажиллаж байна. Хөдөө орон нутгийн дундаж өрхийн орлогын 60 хувь нь мал аж ахуйгаас бүрддэг. Өрхийн орлогод хамгийн их нөлөөлдөг хүчин зүйл нь малын тоо толгойн өсөлт болон махны үнийн өсөлт. Үүнийг Монголбанкны судалгаа харуулдаг.
-Хотын дундаж өрхийн хувьд ч мөн адил мах, ноос ноолуур, арьс шир боловсруулах үйлдвэрийн өсөлт, цалин хангамж чухал нөлөөтэй. Учир нь аж үйлдвэрийн салбарын ажилчдын дийлэнх нь боловсруулах үйлдвэрт ажилладаг. Хэрэв мал аж ахуйд түшиглэсэн эдгээр үйлдвэрлэлийг хөгжүүлвэл орон нутгийн болон хот суурин газрын өрхийн орлогод ихээхэн нөлөөтэй.
-Үйлдвэрүүдийн хөрөнгө оруулалт, зээлийн төсөл дээр ажиллахдаа нэг зүйлийг ойлгож байна. Тухайлбал, үйлдвэр хөгжихөд нөлөөлөх хамгийн чухал хүчин зүйл нь зах зээлийн цар хүрээ юм. Шинэ Зеланд улсын хүн амын тоо, үхэр хонины тоо толгой манай улстай ойролцоо. Гэтэл Шинэ Зеланд жилд 750 мянган тонн мах, махан бүтээгдэхүүн экспортолж 3.8 тэрбум ам.доллар олдог. Энэ нь Монголын экспортын оргил үе 2018 онтой харьцуулахад 10 дахин их мах экспортолж, 23 дахин их орлого олдог гэсэн үг. Бидний гол ялгаа гэвэл Шинэ Зеланд дэлхийн бүх улс руу чөлөөтэй экспорт хийдэг. Хэрэв зах зээл нь хангалттай том байж чадвал гадаадын хөрөнгө оруулагчид, зээлдүүлэгчид хэрэгцээтэй технологи, санхүүжилтийг олгоход бэлэн байдгийг өөрийн туршлагаар баталж байна.
-2017 онд малын тоо толгой 61 сая байхад MICC гээд хөрөнгө оруулалтын сан тооцоолол судалгаа хийсэн байдаг. Монголын нийт малыг эрүүлжүүлж, вакцинжуулахад жилд 30 орчим сая ам.долларын зардал гарна. Малыг гурван жил системтэй вакцинжуулж 90 сая орчим ам.доллар зарцуулахад дэлхийн амьтны эрүүл мэндийн байгууллагад малын гоц халдварт өвчингүй бүс гэж бүртгэгдэх боломжтой. Өнөөдөр малын тоо толгой 70 сая хүрсэн тул энэ зардал жилд ойролцоогоор 35 сая ам.доллар болох болов уу. Тэгэхээр энэ ажлыг хийхийг төр засгаас шаардах хэрэгтэй.
-Гэхдээ бүх малыг эрүүлжихийг хүлээх хэрэг байхгүй. Хэдийгээр түүхий мах, малын гаралтай бүтээгдэхүүн экспортод гаргахгүй ч дулааны аргаар боловсруулсан бүтээгдэхүүнийг экспортлох боломжтой. Жишээлбэл малын ясыг боловсруулаад ясны шөл, тос, пептид, ясны уураг, эсвэл ясны үнс гаргаж авдаг. Түүхий эдээс эхлээд эцсийн бүтээгдэхүүн хүртэл чанарын шаардлага хангахаар үйлдвэрлэлийг барьж, зохион байгуулж чадвал хүнсний зориулалтын уураг, пептид нь олон улсын зах зээл дээр өндөр үнэтэй зарагддаг. Дотоодод ч гэсэн эдгээрийг ашиглаад дараагийн шатны олон бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой. Хүнсний нэмэлт, гоо сайхны бүтээгдэхүүн, аж үйлдвэрийн бусад бүтээгдэхүүн, саван зэрэг.
-Дэлхий дахинд мал аж ахуйн салбарын үйлдвэрлэлийн хөгжил нь малын цус, арьс, сүү, ихэснээс өндөр агууламжит сайн чанарын уургийн бэлдмэл гаргаж авах хэмжээнд хөгжөөд байна. Гэхдээ үүнийг бид чадахгүй гэж өөрсдийгөө голох хэрэггүй.
-Өнөөдрийн Монголын мал аж ахуйн салбарын нэг асуудал нь зөвхөн нэг төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг олон жижиг үйлдвэр салбар бүрт байна. Жишээ нь махны үйлдвэр, сүүний үйлдвэр, ноос ноолуурын үйлдвэр гэхэд л томоохон хот болгонд, аймгуудад олноороо байж зах зээлээ хэт жижиглэн хувааж, бүгд өөрсдийн брэнд нэр, шошготой бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Ингэсний сул тал нь өрсөлдөөн ширүүсч, бүтээгдэхүүний үнэ унаж, ашиг буурснаар үйлдвэр хөгжих, өсч томрох боломж буурдаг.
-Дэлхийн томоохон улс гүрнүүдийн хувьд улсаа төлөөлөхүйц хэдхэн том брэнд дэлхийд өрсөлдөж, цар хүрээгээ улам тэлж байдаг. Жишээ авбал БНХАУ-ын хувьд ноолууран хувцас үйлдвэрлэгч гэхэд "Ордос" брэнд л санаанд бууж байдаг. БНХАУ дотроо бол олон өөр үйлдвэрүүд франчайз маягаар нэг стандартын дагуу "Ордос" брэндийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг. Ийм учир их хэмжээний захиалгыг хүлээн авч, үйлдвэрлэн, дэлхийд нийлүүлэх чадамжыг бий болгодог. Мөн хятад ноолуурын үнийг тэд л тогтоох тул хангалттай ашиг олох, үнэ тогтоох давуу тал үүсдэг.
-Мал аж ахуйн салбарын хөрөнгө оруулалтаар дамжуулж салбарт тулгамдаад байгаа асуудлуудыг шийдвэрлэх, дотоодын томоохон үйлдвэрлэгч, брэнд бүтээгчийг үүсч бий болоход нь туслах юм. Энэ нь мэдээж өргөн цар хүрээтэй, далайцтай, олон талын хамтрал, нэгдэл, хөрөнгө мөнгө шаардах ажил. Ийм учир хамтарч ажиллах хүсэлтэй хөрөнгө оруулагчид, үйлдвэрлэгчид, эрдэмтэд судлаачид гээд сонирхсон бүх хүмүүст нэгдэхийг уриалж байна.
Эх сурвалж: www.polit.mn