Б.ДОЛЖИНЖАВ

Иргэдийн шударга шүүх  ТББ-ын дэргэдэх Монголын худалдаачдын холбооноос ирэх сарын 8-нд хийх “Бидэнд баярлах шалтгаан байхгүй-3” жагсаалын талаар өөнөөдөр Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийлээ. Мөн тус холбооноос Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарт хандан Хөгжлийн банктай холбоотой асуудлаар шаардлага хүргүүлж байгаа юм.

Э.Урантөгс:Өндөр хүүтэй зээлийн дарамтаас худалдаачдыг хамгаалахыг шаардаж байна

Энэ үеэр Монголын худалдаачдын холбооны үүрэг гүйцэтгэгч Э.Урантөгс ”Манай холбоо 2017, 2018 онд ээжүүдийн эсэргүүцлийн нүцгэн жагсаалыг зохион байгуулсан. Энэ удаа гурав дахь удаагийн жагсаалаа хийх гэж байна. Өмнө нь жагсаал хийх бүртээ төрийн өндөрлөгүүдэд худалдаачдын нийгмийн асуудал доройтож байгаа тул бидэнд төрийн дэмжлэг хэрэгтэй гэсэн шаардлагыг хүргүүлж байсан. Бага хүүтэй зээл олгодоггүй юмаа гэхэд худалдаачдаа түрээсийн өндөр төлбөр, өндөр хүүтэй банк бус байгууллагын зээл, татвар, МХЕГ-ын торгуулиар дарамтлахаа болиочээ гэсэн шаардлагыг хүргүүлж байсан боловч хүлээн авсангүй. Тиймээс худалдаачдынхаа эрх ашгийг хамгаалахаар ээлжит жагсаалаа зохион байгуулж байна. Банк бусаас хамгийн өндөр хүүтэй зээлийг худалдаачид авч, баячуудын мөнгийг өсгөдөг. Шүүхийн шийдвэрийнхэн сая төгрөгийн зээлээ төлөөгүй худалдаачдыг дарамталж, байгаа бүхнийг нь авч, залилангийн хэргээр ял онооно гэж айлгадаг. Гэтэл Хөгжлийн банкнаас зээл авсан эрх мэдэлтнүүдэд яагаад хууль үйлчилдэггүй юм бэ. Тэгш эрх хаана байна. Худалдаачид цөхөрч, амиа хорлоход хүрч байна. Нийт худалдаачдын 70 хувийг эмэгтэйчүүд, өрх толгойлсон, олон хүүхэдтэй ээжүүд эзэлж байна” гэв.

Монголын худалдаачдын холбоо гуравдугаар сарын 7-нд ээлжит бус их хурлыг хуралдуулахаар товложээ. Тус ээлжит бус их хурлаар Худалдаачдыг дэмжих сангийн тухай, Өндөр хүүтэй зээлийн эх үүсвэрийн дарамтаас үүдсэн худалдаачдын эрх ашгийг хамгаалах тухай, Монголын худалдаачдын холбооны бүтэц зохион байгуулалтын асуудлуудыг хэлэлцэх юм.

Б.Зоригоо:Гадаадаас зээлсэн арав гаруй бондын өрийг иргэд төлнө

Харин “Иргэдийн шударга шүүх”  ТББ-ын тэргүүн Б.Зоригоо “Хөгжлийн банкыг анх Монгол Улсаа хөгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлнэ гэж байгуулсан байж таарна. Гэтэл  нэр бүхий улс төрчид барьцаа хөрөнгөгүйгээр их хэмжээний зээл авч, хувийн бизнесээ дэмжих байгууллага болгож ашиглаж байсныг зарлалаа. Энэ нь хуулийн цоорхойг ашиглаж мөнгө угаасан хязгаараас давсан явдал юм. Хэрэв анхнаасаа мөнгө угаах зорилгоор байгуулсан бол эздэд нь хариуцлага тооцъё. Харин зөв гольдрилоороо явж байсан бол хэзээнээс хэн өөртөө ашигтай болгож хууль, дүрмийг өөрчлөв, ямар аргаар энэ зээлийг авсан, зээлийг олгосон бүх хүнд хариуцлага тооцохыг Засгийн газар, АТГ, шүүх, прокуророос шаардаж байна. Зээлийг зориулалтын бусаар авч, эргэн төлөөгүйгээс шүүхэд шилжсэн эрх мэдэлтнүүд өөрсдөөсөө ичих хэрэгтэй. Эдгээр авлигачдыг баривчлаад дахин суллаад ард түмнийг хэдий хүртэл дээрэлхэх юм бэ. Ард, Зоос, Хадгаламж банкыг яг ийм аргаар дампууруулсан. Тэгээд хохирлоо ард түмний мөнгөөр төлүүлсэн. Гадаадаас зээлсэн арав гаруй бондын өрийг ард иргэд татвараараа, олсон баялагаараа төлнө. Улс төрчид төлөхгүй” гэж ярилаа.

Мөн Иргэдийн шударга шүүх  ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүн Б.Сайнбаяр “Манай Иргэдийн шударга шүүх  ТББ судлаад үзэхээр хувьдаа банк бус санхүүгийн байгууллагатай хүмүүс Хөгжлийн банкнаас жилийн зургаан хувийн зээл аваад банк бусаараа 36 хувийн зээлээр мөнгө хүүлж байна. Үүний өрийг худалдаачид, залуус бид төлж байна. Тиймээс АТГ, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Эрүүгийн цагдаагийн алба ажлаа хийхийг шаардаж байна. Хэрэв хариу арга хэмжээ авахгүй бол бид тэмцлийн өөр хэлбэрийг сонгоно” гэсэн юм.

А.Мөнхтуяа:Худалдаачид зээлийн хүүний боол боллоо

Худалдаачдын төлөөлөл А.Мөнхтуяа “Бизнес эрхлэгчид төрөөс олгож байгаа зээлүүдэд хамрагдаж чаддаггүй. Гэтэл баячууд Хөгжлийн банкнаас олон тэрбумын зээл авсан ч өрөө төлдөггүй. Бид банк бус санхүүгийн байгууллагын өдрийн зээл, ломбардын хүүнд нухчин дарагдаж, өрөө төлөх гэж гэр бүлээ умартан, нойр хоолоо хасан зүтгэдэг.  Худалдаачид өвдөх, үхэх эрх байхгүйгээр банкны боол болж амьдарч байна. Төрөөс олгож байгаа зээл зорилтот хүмүүстээ очдог байсан бол худалдаачид үлгэр жишээ хөгжих байсан. Гэвч одоо бид банк бус болон ломбарднаас 20,30 хувийн хүүтэй зээл авч амьжиргаагаагаа залгуулж байна. Худалдаачид ядарч, эцэж байна. Тиймээс бид өөрсдийнхөө төлөө, ирээдүйнхээ төлөө тэмцэх ёстой” гэлээ. Иймээс гуравдугаар сарын 8-нд  “Бидэнд баярлах шалтгаан байхгүй-3” ээжүүдийн нүцгэн жагсаалыг гурав дахь удаагаа зохион байгуулах юм.

Эх сурвалж:www.polit.mn