З.БАТЦЭЦЭГ

Валдис Пельш нь ЗХУ, ОХУ-ын телевизийн хөтлөгч, продюсер, найруулагч, жүжигчин, хөгжимчин. “Несчастный случай” рок хамтлагийн үүсгэн байгуулагчийн нэг, 2001-2003 онуудад ОРТ-ын хүүхдийн нэвтрүүлгийн хэлтсийн дарга, “Аяыг таа”, “Шоглоом” нэвтрүүлгийн хөтлөгч гэдгээр олонд танигдсан. Баримтат киноны алдартай найруулагч.

 

-“Аяыг таа” нэвтрүүлэг таны нэрийн хуудас болсон. Анх 27 жилийн өмнө яаж эхэлж байсан бэ?

-Нэг удаа Влад Листьев над руу яриад нэгэн шинэ шоу хөтлөөч гэж дуудсан. Урьд нь би хэд хэдэн нэвтрүүлэг хөтлөөд амжилтгүй болсон. Тэгээд Владаас асуулаа “Би урьд нь зөндөө бүтэлгүйтсэнээс чи айхгүй байна уу? гэхэд Влад надад “Би шинэ шоу нээхдээ гараа сайн байдаг. Тэгэхээр хоёулаа хэн нь дийлэхээ үзье” гэж хэлсэн. Дараа нь Влад надаас цалин хэдийг авмаар байна? гэж асуулаа. Би ч нүд рүү нь харахгуйгаар нэг шоуг 200 доллар гэлээ. Уг нь тэр надад 100 доллар санал болгосон ч би зөвшөөрөх байсан л даа. Тэгэхэд Влад “Болноо. Гэхдээ хоёулаа тохиръё. Хэрвээ энэ шоу шилдэг эхний аравт орвол цалингаа нэмэх талаар яръя. Эхний гуравт орвол бүр огцом нэмэх талаар яръя” гэсэн. Шоу эхлээд 3 сарын дараа бид эхний байрт орсон. 132 сая хүн үзсэн үзүүлэлтээр Гиннесийн рекордын номонд бичигдсэн. Ер нь бол энэ их хэцүү түүх. Влад гуравдугаар сарын нэгэнд алуулсан. Бид 11-нд нь нэвтрүүлгээ эхэлсэн. Андрей Разбаш над руу утасдаад “Энэ Владын санаачилсан сүүлчийн төсөл. Хийх нь нэр хүндийн хэрэг. Бид заавал эхлүүлэх ёстой” гэсэн. Эхлэхэд хэцүү байсан, хариуцлага өндөртэй. Нэвтрүүлгийн уриаг Леша Кортнев бодож олсон: “Бүх хөгжилтэй шоун дундаас хамгийн хөгжимлөг нь, бүх хөгжмийн шоунаас хамгийн хөгжилтэй нь”.

-Та Москвагийн улсын их сургуулийн гүн ухааны анги төгссөн. “Несчастные случай” хамтлагийн гишүүн байсан. Яаж яваад телевизэд ирсэн бэ?

-Бид шөнөөр “хулгайн” камераар клипээ хийдэг байлаа. Ажлын цаг дуусангуут телевизийн техникийг аваад ашигладаг. Мэдээж бэлэн мөнгөөр. Манай найз Сережа Денисов телевизэд ажилладаг байсан. Тэр бидний бичлэгийг ерөнхий продюсер Анатолий Малкинд үзүүлсэн. Малкин бидэнд “Та нар авьяастай юм. Игорь Угольниковтой нийлээд нэг юм хий. Би мөнгийг нь гаргая” гэсэн. Бид “Оба-на” нэвтрүүлэг хийж эхэлсэн юм. Бид бүгдийг хамтдаа хийдэг байлаа. Найруулга, зохиол гээд. Хоёр дахь дугаар гарсны дараа Игорь бид хоёрын үзэл бодол зөрчилдөөд, бид шоунаас гарахаар шийдсэн. Бид өөрсдөө “Синие ночи” кабаре хийж эхэлсэн. Гэвч продюсер Малкинтайгаа зөрчилдөөд тэндээс бас явахад хүрсэн. Тэр кабаред Пугачёваг авчирч дуулуулна гээд. Үүний дараа намайг телевизэд дуудах болсон. Шоу “Год собаки”, “И всё” гээд дараа нь “Пилот” гээд шинэ дуу гаргадаг нэвтрүүлэг байсан. Энэ шоуны продюсер Антон Табаков бичлэгийг Влад Листьевт үзүүлсэн. Хэсэг хугацаанд би эфирт долоон шоу хөтөлж байлаа.

-“Розыгрыш” шоунд та яаж хандаж байв?

-Зүгээр, гэртээ сууж байтал утас дугараад “Та гэртээ байна уу?” гэж байна. Тиймээ л гэлээ. 10 минутын дараа К.Эрнст утасдаад “Чи ирээд “Розыгрыш” нэвтрүүлэгийг хөтлөөч” гэж байна. Якубович хөтлөх ёстой байтал, тэр татгалзсан байна.Би 6 цагт студэд ирээд 8 гээд ажилдаа орсон. Бид одыг аюултай юм шиг хэрнээ инээдтэй байдлаас яаж гарч байгааг л харуулах зорилготой байсан. Зарим од үүнийг ойлгохгүй жаахан эвгүй зан гаргаж байв. Гэхдээ зүгээрээ олонх нь ойлгож байсан шүү.

-Та яагаад Москвагийн улсын их сургуулийн гүн ухааны анги сонгосон юм бэ?

-Би эмээгийндээ очих гээд 34 номерын троллейбусаар явах бүрд Москвагийн улсын их сургуулийн хажуугаар өнгөрдөг. Би үргэлж энэ Лениний, Октябрийн хувьсгалын, хөдөлмөрийн улаан тугийн, Сүхбаатарын одонт МГУ-д суралцахыг хүсдэг байлаа. Бид “Дэлхийн хамгийн ухаантай өндөр барилга” нэвтрүүлгийг хийж байхдаа энэ бүх одонг нь олсон. Тэгээд ч энэ чинь улсын шилдэг сургууль шүү дээ. Манай том охин Эйжена магистраа МГУ-ийн биологийн факультетэд хамгаална гэхэд би баярласан. Биологийн ангид жинхэнэ толгойтой хүүхдүүд байдаг. Нийгмийн ухааны факультетын үүдэнд очиход дан бизнес ангиллын машинууд. Харин биологи руу жинхэнэ сурах зорилготой нь ордог. Тэнд аргалаад гарчихна гэсэн ойлголт байхгүй, эхний өдрөөсөө шууд л хулгана, мэлхий дээр туршилт хийж эхэлдэг.

Би чинь сургуульдаа түүх, газар зүйдээ хамгийн шилдэг нь байлаа. 9 дүгээр ангид нийгэм судлалын хичээл орж эхлэхэд би ойлгодоггүй. Энэний учрыг олохоор шийдсэн юм. Тэр үед гүн ухааны ангид орох амаргүй байсан. Сургуулийн аттестатаас гадна коммунист намын хотын хорооноос тодорхойлолт авдаг. Надад тодорхойлолт өгсөн учир нь Литвад би буудлагаар 3-р байранд ороод, сургуулийхаа нэр хүндийг өргөсөн хүн байсан.

-Тэр үед Алексей Кортневтай “Несчастный случай” хамтлагаа байгуулсан. Яагаад хөгжмөөр явахаар шийдсэн бэ?

-Шууд 9 сарын 5-нд оюутны театрт жүжигчнээр орохоор очсон юм. Манай нагац эгч тоглодог байсан. Тэгээд надад тэр талаар их ярьж өгсөн байсан л даа. Энэ бол домогт дугуйлан- оросын хоёр дахь эртний театр, Москвагийн анхны нээлттэй театр. Би хүүхэд байхдаа “Ералаш”-ын шалгаруулалтын 3 үеийг давсан. Надад “Удахгүй чам руу Москвагаас ярина” гэсэн. Байхгүй. Хэн ч яриагүй. Хожим нь Грачевский намайг “Ералаш”-д тоглуулах гэхэд нь би “Үгүй, би чамаас болж хүүхэд насандаа сэтгэл зүйн гэмтэл авсан” гээд зөвшөөрдөггүй байлаа.

Леша бид хоёр хамт МГУ-ийн театрт шалгуулаад тэнцсэн юм. Есдүгээр сарын 13-нд хоёулаа бэлтгэлдээ ирлээ. Тэгэхэд Леша надад “Ахлах ангид байхдаа “Несчастный случай” гэж хамтлаг байгуулсан. Хэзээ нэгэн цагт хамтлагаа сэргээнэ” гээд намайг хамтрах уу? гэсэн. Тэгж л 1983 оны 9 сарын 13-нд манай хамтлаг төрсөн юм. Кортневын сурч байсан механик-математикийн факультетын сайн дурынхны конкурс болоход манайх хоёр бэлэн дуутай байлаа. Манай гүн ухааныхан тийм юмыг тоож очих биш, тэдний факультет урлагт дуртай заал дүүрэн битүү. Бид хоёр гараад шууд гран при авсан. Бас МХАТ-ын 2 тасалбар. Леша цомыг аваад, надад тасалбараа өгөөд “Чи явж соён гэгээр” гэсэн. Дараа нь саксофончин Паша Мордюковыг хамтлагтаа аваад гурвуулаа болсон. Арменид фестивальд очоод хамгийн анхны бүтэлгүйтлээ сайн санаж байна. Манай хоёр их гоё дуу дуулах ёстой байлаа. Эхлээд хоёулаа гитараар тоглож байгаад дараа нь Паша саксофоноор их гоё ая тоглох ёстой байсан юм. Би ч үзэгчдийн царайг ойрхоноос харах гээд заал руу буулаа. Тэгсэн Паша саксофоны голыг нь чийглэхээ мартчиж. Гоё сайхан аяны оронд ямаа майлж байгаа юм шиг дуугарсан. Бидний 2 дахь бүтэлгүйтэл бол 1987 онд КВН-д хожигдсон. Энэ үед МГУ-д яг диско болж байсан юм. Хөгжмөө зогсоогоод бидний ялагдлыг зарласан чинь заал чив чимээгүй хэсэг байснаа хараалын үг урсаж эхэлсэн гэсэн. Азаар би тэнд байгаагүй. Сургуулийн түүхэнд анх ялагдсан баг нь манайх.

-Их сургуульд бүсгүйчүүдийн хараанд хэр өртдөг байв?

-Үүний чинь төлөө л бүх зүйлийг хийдэг байлаа. Стадион дүүрэн үзэгчид цуглуулж, охидын хараанд орох гэж л хөгжим зохиодог  байв. Олны танил байх, алдар нэр хүнд хоёр чинь ялгаатай. Олны танил байна гэдэг гудамжинд зөрсөн хүн бүр чамайг танихыг хэлнэ. Алдар нэр гэдэг өөр- нэг удаа онгоцонд намайг хөлгийн дарга нь урьж байсан юм. Надаас өмнө Гагарин, Макаревич нарыг л урьж байсан байх.  Энэ тухайгаа Макаревичд хэллээ. Тэр надад “Үгүй ээ, чи дөнгөж эхлэл дээр нь байна. Чамайг хөлгийн дарга дуудахад чи- “Ахмадаа ажлаа хий, харин надад архи аваад ир” гэж хэлэхэд чи алдартай хүн болно. Алдар нэр хүнд гэдэг бол амтыг нь мэдрэхийг хэлнэ. Энэ их тааламжтай зүйл биш. Үүнийхээ давуу талыг ашиглаад л, сөрөг талд нь ач холбогдол өгөхгүй байх хэрэгтэй.

-Та хамтлагаасаа гарсан ч гэсэн Кортневтай найзууд хэвээр байсан уу?

-Мэдээж. Бид ажил ихтэй тэр бүр тааралдаад байдаггүй. Тааралдахаараа дөнгөж өчигдөр салсан юм шиг уулздаг. Хагас жилийн өмнө Леша утасдаад “МузФак” гэсэн төсөл байна гэсэн. Маргааш нь хоёулаа уулзаад, 2 долоо хоногийн дотор 10 нэвтрүүлэг хийсэн. Нэг сэдвээр, хоёр өөр өнцгөөс хийсэн дууны тухай юм. Бид хоёр бие биенээ сайн ойлгодог болохоор хамтарч ажиллахад амар байдаг. Манай киноны дуунуудыг Сережа Чекрыжов, тэр хоёр л бичдэг. Үүний төлөө нэг л удаа арай гэж түүнд мөнгө өгсөн. Би “Полярное братство” киног хийхэд англи нисгэгчдийн тухай дуу хэрэгтэй боллоо. Эхний бадаг дээр нисгэгч аялалд гараад, дараагийн бадаг дээр гэртээ ирж байгаа дууг 2 хоногийн дотор бичиж өгсөн. Сережа гайхалтай хөгжмийг нь бичдэг. Кортнев бол манай улсын шилдэг дууны яруу найрагч гэж би боддог. “41 оны Берлин” дуунд Берлинийг анх бөмбөгдсөн шумбагч онгоцны сөнөөгч I багийн дууллын үг нь бидэнд байсан юм. Үүнд Сережа тухайн цаг үеэс ялгахын аргагүй ая хийсэн.

-Та яагаад хамтлагаасаа гарсан юм бэ?

-Бид нэг хотод тоглолтоор очиход томоос томоор Вальдис Пельш гээд, доор нь жижигхээн хамтлагийн нэр бичээстэй. Тэр үед чинь Кортнев хэд хэдэн кинонд тоглосон. Өөрийн гэсэн алдартай болсон байсан. Миний нэрээр тасалбар хурдан зарагддаг болkхоор зохион байгуулагчид нь тэгээд биччихдэг. Гэтэл манай залуучуудад энэ нь хэцүү. Тэгээд ч хөтлөгч хийгээд авч байгаа цалин хамаагүй илүү байсан. Би “Леша надгүйгээр хамтлаг алдах зүйл байгаа. Гэхдээ цаашаа оршин тогтносоор л байна. Надад ч бас та наргүйгээр хэцүү байна. Гэхдээ би цаашаа өөрийхөө ажлыг хийе” гэж хэлсэн. Би хамтлагийн лидер байгаагүй. Харин Кортнев явах юм бол хамтлаг оршин тогтнохоо болино. Ингэж л би өөрийн замаа хөөсөн.

-Та гүн ухаанчийн дипломтой?

-Тийм ээ, би гүн ухааны багш гэсэн мэргэжилтэй. Би бүр МГУ-ийн хүндэт профессор. Энийг жилд 2 удаа олгодог цол. Нэгийг нь орос хүнд, нөгөөхийг нь гадаад хүнд. Энэ дипломыг авах гэж тайзан дээр гарахдаа “Энэ цолыг хамтлагтаа зориулж байна. Тэд ч бас энэ сургуулийн төгсөгчид” гэж хэлсэн.

-Та яагаад баримтат кино хийж эхэлсэн бэ?

-Хөтлөгч Дмитрий Хаустовын эхнэр алдарт нисгэгч Байдуковын ач охин. Зусландаа засвар хийж байгаад өвөөгийхөө тухай бичиг баримтыг олсон юм. 1980-аад оны үед түүнийг дээрэмдэх гэж оролдоход тэр архив бичгээ хананд нуугаад, наагуур нь панераар хаагаад, шкаф тавьсан байж. Тэрийгээ хэнд ч хэлээгүй. 1994 онд тэр нас барсан. 2010 онд гэр бүл нь бичиг баримтыг олсон. Үүнээс 2 жилийн дараа Дима надад энэ баримт дээр тулгуурлаж кино хийхийг санал болгосон. Тэгж л “Дэлхийг бөөрөнхий болгосон хүмүүс” адал явдалт кино хийсэн. Хоёр дахь кино бол эхний кино хийж байх үед болсон цэвэр тохиолдол. 1936 оны нислэгийн өмнөх шөнийг хийх гэсэн зураг авалт хийх газар олддоггүй. Москвагийн ойролцоох офицерын нийтийн байранд болсон явдал л даа. Тэр байр байхгүй болсон юм. Найруулагч Кристин Козлов руу ярьсан чинь “МГУ руу залга. 1936 оныг амлаж чадахгүй. 1953 он бол болчих байх” гэсэн. Их сургуулийн дотуур байрны зарим хэсэг 1953 оны засал, тавилгатай хэвээрээ байдаг. Тэгсэн бидэнд татгалзсан хариу өглөө. Би тийм амархан бууж өгөх биш. Ректортой очиж уулзаад тохиролцож чадсан. Үүндээ талархаад “Төгссөн сургуулийхаа тухай кино хиймээр байна” гэдгээ хэллээ. Спонсор олоод киногоо хийгээд түүнд үзүүлтэл таалагдсан. Тэр киноноос хоёр л зүйлийг хасахыг хүссэн юм. Сургуулийн бөмбөгний нуувчинд Сталины хөшөө хайж байгаа хэсгийг хас гэсэн. Бас нэг нь сургуулийн номын сангийн цонхоор шүхэрчид үсэрч байгааг. Энэ үнэхээр болсон явдал. 2 үүргэвчтэй залуус харуулын хажуугаар зүгээр гараад 21 давхраас шүхрээр үсэрсэн. Бид “Сталинтай хэсгийн хасъя, харин шүхэрчдийг үлдээе” гэж хэлсэн. Бид өөрсдөддөө, үзэгчдэд сонирхолтой байх зүйлийг л хийдэг. Жишээ нь “Татарстан. Нээлтийн замаар” киног аяллын хэв маягаар хийсэн. Бараг 200 жилийн өмнө болсон Крымийн дайны тухай “Камчаткийн гвардууд” баримтат кино хийсэн. “Полярное братство” кино бол 1941 оны 9 сараас 11 сар хүртэл Англи, Зөвлөлтийн агаарын цэргийхний хамтын ажиллагааны тухай.

-Эверестийн талаар кино хийж яваад газар хөдлөлтөөс болж та нар багаараа амиа алдахаа дөхсөн?

-Хамгийн өндөрт орших хийдийн цорын ганц ламаас ярилцлага авах гээд бид дунд бүсээс буусан байсан юм. Зураг авалт  эхлэхээс 10 мин өмнө хийд рүү ямаанууд гүйлдэж ороод эхэлсэн. Яг хашааны голд байсан хар чулуун дээр бүгд гараад зогсчихлоо. Сүүлчийн ямаа үсэрч гармагц л, газар хөдлөж эхэлсэн. Бид тэр нарийн замаар өшөө жаахан удаан яваад 30 мин алдсан бол дуусаа. Ямаануудын ирсэн замнаас юу ч үлдээгүй. Хийдийн хажуугаар хэдэн 10 тонн чулуу унаж байсан. Уулын өмнөд хэсэгт 12 хүн амиа алдсан байсан. Бид анх эхлэхдээ бүх эрсдэлийг тооцож байсан гэхдээ хэн ч газар хөдлөнө гэж бодоогүй. Спонсорууд, Оросын газар зүйн хүрээлэнгээс ивээн тэтгэж байсан бүгд байхгүй, татгалзсан. Москвад буцаж ирээд шинэ спонсор хайсан чинь та нарын кино бэлэн биш, тэгээд дахиад очиход ямар нэгэн асуудал үүсвэл бид юу ч үгүй үлдэнэ гээд спонсорууд олддоггүй. Арай гэж спонсор олоод дахиад явлаа. Яг дээшээ гардагын даваан дээр маш их салхитай, майхан урагдаад тогтохгүй байна. Яг тэр хэсэгт үлдэж болохгүй, үхлийн бүс. Нэг бол дээшээ, нэг бол доошоо буу гэв. Би тэр үед буугаад, буцаад дахиад спонсор хайсан дээр гэж бодсон. Гэтэл шөнө дунд салхи тогтоод, бид хөдөлцгөөсөн. Анх энэ киног хийж байхдаа хүмүүс яагаад Эверест рүү авирах гээд байдгийг ойлгох байх гэж найдаж байсан ч ойлгоогүй. Ингэж авирахад тусгай бэлтгэл шаардлагатай. Зүгээр дээшээ авирч гараад текстээ хэлнэ гэж байхгүй. Үүний адил Антарктидад очоод туйлын судлаачидтай ярилцаад, идэж уугаад, хэдэн бичлэг хийгээд, гэртээ харина гэж байхгүй. Заавал тусгай бэлтгэл хийсэн байх шаардлагатай. Мэдээж аз туршилт байна. Бид цагаан акулын тухай хийж байхад тодорхой эрсдэл байсан. Үүнд Аня Ардова, Яна Чурикова, Леша Макаров оролцсон. Бид торон дотор ороод акултай хамт нэг түвшинд очсон. Леша тэр үед чихний гэмтэл аваад дахиж хэзээ ч шумбах боломжгүй болсон доо. Яг торноосоо задгай далайд гарах болсон чинь Аня татгалзсан, бид түүнийг хүчлээгүй, хүн акултай нүүр тулахад бэлэн биш байсан байж болно. Яна бол харин гарсан.

Жил бүр Эверест рүү авирсан уулчид амиа алддаг. Дээшээ өгсөж байхдаа эргэн тойрноо хараад ер нь л хэрэггүй дээ. Үе үе цогцостой их тааралдана. Бид ууланд авирахад надад ахлагчийн хувьд маш их хариуцлага тохогдсон. Бид анхнаасаа аюулгүй өндрийн хэмжээгээ тогтоосон- 7000м. Зураглаач Саша Кубасов ЗХУ-ын хамгийн өндөр цэгээс дээшээ гарч үзмээр байна гээд 7500 руу явсан. Өндрийн зураглаачид бол дуустал нь ажилласан.

-Та өөрөө өндөрт гарахыг хүсэж байгаагүй юу?

-Үгүй. Нэг бол та киногоо хийнэ, нэг бол авирна. Би Эверестэд авирвал камергүй явна. Зөвхөн авирах л бодолтой, өөр юунд ч анхаарал сарнихгүй. Бид дэлхийн хамгийн өндөр галт уул Охос-дель-Саладон тухай хийж байхад би 6200 м өндөрт гарсан. Миний дээр өшөө 600 м яваад орой нь байсан. Ханиад хүрсэн байсан болхоор хуурай агаараас болоод хамраас цус гоожоод. Ер нь өндөрт гарахаар өвчний шинж тэмдэг ихэсдэг юм билээ.

-Яагаад адал явдалд ийм дуртай байдаг юм бэ?

-Сонирхолтой. Би хүүхэд байхаасаа их уншдаг байсан. Ном уншихаараа кино үзэж байгаа юм шиг болдог байсан. Би баримтат кино хийж эхэлхээсээ өмнө аялж эхэлсэн хүн. Голдуу усанд шумбадаг байлаа. Хүний хамгийн бага очсон газар өмнөд туйлыг үзсэн. XV зууны худалдааны “Чиребон-2” завиар Явын тэнгист шумбасан. Хамт шумбасан гурван хүн давалгаанд цохигдоод шумбаж чадаагүй. Би ганцаараа шумбаж чадсан. Завь нь дүүрэн Хятад шаазантай.

-Хэдэн ширхэг шаазан авч чадсан уу?

-Тэр завь Индонезийн засгийн өмч болохоор хулгайн хэргээр шоронд суухыг хүсээгүй юм. Тэнд та эрдэнэстэй хөлөг онгоц олбол өөрийн хөрөнгөөр завийг гаргаад, дараа нь олсон эрдэнэсийхээ талыг нь Засгийн газарт нь өгдөг. Гэхдээ одоо Индонез ЮНЕСКО-д орсон тул далайн бүх эрдэнэс далайдаа үлдэх ёстой болсон.

-Та хэзээнээс шумбаж эхэлсэн бэ?

-1997 оноос. Андрей Макаревичийн сонирхолтой ярианы амтанд ороод. Одоо бол бага шумбадаг болсон. 1999 оноос шүхрээр үсэрч байна. Одоогоор 412 удаа үсэрсэн. Би дэлхийн нэг удаа, европын 2 удаа гээд 3 рекордын эзэн. Дахиад нэг рекорд тогтоосон бол спортын мастер болох байлаа.

-Таны охин Эйжен Антарктидад шумбасан хамгийн залуу хүн гэж Гиннесийн номонд орсон. Та үүнийг нь дэмждэг үү?

-Манай хүүхдүүд шүхрээр үсрэх хориотой. Яагаад гэдгийг нь тайлбарлая. Шумбах, ууланд авирах, цанаар гулгах, гүйх, уртад харайх бүгд зогсож болдог. Шумбахад ямар нэгэн юм болоход аваарын хөвөлт хийж болдог. Ууланд авирч байгаад зогсоод, буцаад бууж болно. Шүхрээр үсрэхэд зогсоох боломжгүй. Манай том охин л шумбадаг. Илва өөрөө дургүй байгаа. 2 бага нь арай жаахан байна. Гэхдээ Эйжена 14 насандаа Гиннесын номонд орсон. Алтан загас л гэсэн үг. 5 дахь удаагийн хичээллэлтээрээ 45 м гүн рүү орсон. Би шууд л бууралтсан. Ер нь би хүүхэдтэйгээ шумбадаггүй. Хажуугаас нь дуугүй байхгүй, үглээд буруу тийш нь эргүүлчинэ. Охиноо шумбаж байхад хол очоод зогсчихдог. Хөвөөд гараад ирсэнийх нь дараа л хамаг хараалаа амандаа хэлдэг дээ.

-Хүүхдүүд мэргэжлээ сонгож байна уу?

-Эйжена- биологийн магистр. Судалгааны хүрээлэнд ажилладаг. Уг нь Англид сэтгэл судлаачаар төгссөн ч, мэргэжлээрээ ажиллахыг хүсээгүй. Бага охин Илва эдийн засгийн их сургуульд сурдаг. Дизайн, моодоор  ажилладаг. Том хүү Эйнар дунд сургуулийн сурагч.  анги. Бага хүү Ивар нэгдүгээр анги. Хүүхэд 20 наснаас хойш л яг мэргэжлээ хүсэж сонгодог юм байна. Одоогоор том нь л сонголтоо хийсэн. Бусдыг нь харж л байя.  

Эх сурвалж: журнал Караван 1 сар.