Ч.ГАНТУЛГА

 

Бидний цөөхөн монголчууд нэгэн цагт морин дээрээс дэлхийн талыг эзэлж, хөдсөн дээлтэй их хувьсгалыг эхлүүлж явсан зузаан намтартай үндэстэн билээ. Дөнгөж төрсөн нярай үрдээ өөрийн гараар баривч оёж, эрдэм сурахаар их аянд мордоход нь шинэхэн торгоор дээл урлаж өгдөг эртний уламжлал өдгөө ч бидний үед уламжлагдан иржээ. Тэгэхээр дээл гэдэг монголчуудын өв их соёл, түүхээс гадна амьдралын салшгүй нэг хэсэг юм. Дээлний үүсэл хөгжлийг судлаад үзэхэд өнөөгийн хийц маяг нь  МЭӨ II зуун буюу Хүннү гүрний хүчирхэгжин мандах үетэй холбоотой байдаг юм байна. Энэ үеэс л монгол үндэсний хувцасны нийтлэг шинж цэгцэрч бүрэлдсэнийг судалгаагаар нотолжээ. Дээл бол жилийн дөрвөн улиралд зохицсон, монгол хүний биед эвтэйхэн, хамгийн сонгомол хувцас юм.

 

Дээлэн хүрэмний хэрэглэгчид нь 17-35 насны залуус байна

 

Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр хэрэглэгчид үндэсний хувцасны үнэ цэнийг илүү мэдэрдэг болж байна. Үүнийг дагаад монгол дээлний хийц загвар шинэчлэгдэж, залуус өдөр тутмын амьдралдаа монгол загвартай хувцас өмсч байгаа нь сайшаалтай. Ялангуяа энэ жилийн хувьд өвлийн улиралд дээлний загварай хүрэм эрэлттэй байгаа юм. Зөвхөн энэ төрлөөр хүрэм үйлдвэрлэдэг  салон болон хувь хүн олширчээ. Тэдгээрийн гол төлөөлөгч нь “Сорхон”, “Солонго”, “Уламжлал” гэсэн брэндүүдийг нэрлэж болох. Мөн томоохон худалдааны төвүүдэд зөвхөн дээлэн хүрэм зардаг лангуу олширч байна. “Нарантуул”, “Дүнжингарав”, “Хар хорин” зэрэг томоохон захуудад энэ загварын хүрэм хамгийн эрэллттэй бараа болоод буй тухай худалдагчид нь онцолж байсан юм. Тухайн худалдааны төвүүдээр зарагдаж буй хүрэмнүүд нь хийц загвар, материалын чанараас шалтгаалаад 160.000-220.000 төгрөгийн хооронд байв. Тэгвэл “Уламжлал” брэндийн үүсгэн байгуулагч Б.Оюунгэрэл “Би анх монгол дээл хийж худалддаг байсан. Жилийн өмнөөс дээлэн хүрэм үйлдвэрлэж байна. Манай бүтээгдэхүүнүүд нэрийн дэлгүүрээс гадна орон нутагт зарагдаж байна. Худалдан авагчдын ихэнх нь 17-35 насны залуус байдаг. Монгол хувцас урладаг хүний хувьд ирээдүй хойч болсон залуучууд монгол дээлээрээ гангарах болсонд баяртай байдаг” гэсэн юм. Ийнхүү хэрэглээ өндөр болохын хэрээр Монголын зах зээлд хөлөө олж буй энэ дээлэн хүрэмний  үүсэл нь хаанаас эхтэйг судлаад үзэхэд “Flames” компанийн “Хадлан” брэндтэй салшгүй холбоотой байсан юм. Энэ хамт олон анх дээлэн хүрэм үйлдвэрлэж эхэлсэн нь өнөөдрийн зах зээлийн эхлэл нь байв.

 

“Хадлан” дээл 2006 оноос эхтэй 

 

Тус брэндийг зохион бүтээгч нь Т.Хонгорзул хэмээх бүсгүй ажээ. Тэрбээр “Анх энэ брэндийн санааг олоход гишүүн асан М.Зоригт их тусласан. Бидний хамтарсан бүтээл гэж хэлж болох юм. Зоригоо ах анх манай үйлчлүүлэгч байсан. Тухайн үед надад монгол дээлний загвартай хүрэм хийгээч гэсэн санал тавьсан. Дээлний уламжлалыг алдагдуулахгүйгээр, нэлээд олон янзаар туршиж үзсэний эцэст  Хадлан загварын дээл бий болсон. Ингээд зогсохыг хүсэлгүй жилээс жилд бид загвараа сайжруулсаар байгаа. Зөвхөн дээлнээс гадна олон бүтээгдэхүүн давхар үйлдвэрлэж эхэлсэн” гэсэн юм. Хадлан дээлний хувьд 2006 оноос суурь нь тавигдсан юм байна. Т.Хонгорзул дөнгөж анхны хүүхдээ төрүүлчихсэн нялх биетэй байхдаа унтах нойроо хугаслан байж дээлнүүдээ өөрөө оёдог байжээ.  Анх ганцаараа эхлүүлж байсан брэнд нь өнөөдөр дэлхийн зах зээлд худалдаалагдана гэж бүсгүй төсөөлөөгүй ажээ. “Flames” брэндийн хувьд зөвхөн дээл төдийгүй комбинзон, Монголдоо анхдагч болж буй аяллын зориулалтын цүнх, хувцасны брэнд, мишок гээд олон нэр төрлийн бүтээгдэхүүн бий.

 

ОХУ, Хятад, Өвөрмонгол, Тувагаас захиалга ирдэг

Хадлан дээлний материал нь хүний биеийн дулааныг 70 хувь барьдаг юм байна. Нарны хэт ягаан туяанаас хамгаалж, өөрөө дулаан үйлдвэрлэдгээрээ онцлог аж. Мөн угааж цэвэрлэхэд хялбар юм байна. Тус брэнд зөвхөн Монголдоо төдийгүй олон улсад нэртэй болжээ. Учир нь ОХУ, Хятад, Өвөрмонгол, Тувагаас захиалга авч, экспортолж эхэлсэн байна.  Т.Хонгорзул “Бид даавуу сонголтоо их чухалчилдаг. Дэлхийн брэндүүд ямар материалаар хувцас үйлдвэрлэж байна вэ гэж эрэл хайгуул хийдэг. Хамгийн сүүлд Японоос материал татах гэрээ хийсэн. Хадлан дээлний хувьд энэ хугацаанд хоёр удаа л загварын шинэчлэл хийгдсэн. Гэхдээ би харагдах байдлыг нь өөрчлөхийг хүсдэггүй. Хүмүүс харахад яг л үндэсний дээл хэлбэрээрээ шилбэ, товч, бүстэй байлгах учиртай гэж зорьдог. Харин илүү яаж баяжуулж болох вэ гэж боддог юм” гэв. Дээлний ганц дутагдалтай чанар нь эвхэгддэггүй байжээ. Яаж ч эвхсэн нэг л эвгүй, буцаад задарчихдаг байсан аж. Тэгвэл үүнийг залруулах арга нь яг аяны хөнжил шиг өөрийгөө хурааж, бүсэлдэг байхаар шийдэж өгчээ.

 

Материалаа Япон болон АНУ-аас татдаг

 

Тус брэнд нь харахад монгол дээлний загвартай ч эсгүүр нь европ хувцас руу нэлээд шилжсэн гэж үүсгэн байгуулагч нь ярьж байсан юм. Энгийн загварын дээлтэй харьцуулахад өөрийн онцлогтой. Тухайлбал, гарыг дааруулахгүйн тулд ханцуйндаа манжетка оруулж, эрэгтэй дээлнүүдэд нударга хийжээ.  Энэ эрүүл мэнд, дулаан байдал, тав тухыг хангахад бүх сэтгэлээ зориулсных нь ганцхан жишээ юм. Хадлан брэнд одоогоор өөрийн цехэд үйлдвэрлэл явуулдаг. Үндсэн 20 гаруй ажилтантай юм байна. Харин ачаалал ихтэй үед буюу өвөл нэмж 20 ажилчнаар хүч нэмдэг ажээ. “Flames” компанийн хувьд “Хадлан” дээлнээс гадна аяллын багц бүтээгдэхүүнүүд нь эрэлт ихтэй. Аяллын цүнх, мишок үйлдвэрлэх материалаа Япон болон АНУ-аас татдаг ажээ. Зохион бүтээгч Т.Хонгорзулын хувьд алсдаа  өөрийн брэндүүдээ илүү олонд таниулж, монгол гэсэн шошготойгоор дэлхийн өнцөг булан бүрт хүргэхээр  шаргуу хөдөлмөрлөж байгаа юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ  НЭГДҮГЭЭР САРЫН 21. БААСАН ГАРАГ. № 16 (6748)